Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/2022/0922

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.А***,

Хариуцагч: Улсын Дээд Шүүхийн тамгын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Н.А***ын гаргасан “Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд С.Э***-ийг намын даргаар томилсныг бүртгэв” гэснээс хойш Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлд Улсын дээд шүүхээс өөрчлөлт оруулсан бүртгэл хийгдсэн талаарх мэдээлэл авахыг хүссэн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, зохих мэдээллийг өгөхгүй байгаа эс үйлдэхүй хуульд нийсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М***, Г.Д***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Н.А***оос Улсын Дээд Шүүхийн тамгын газарт холбогдуулан гаргасан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд С.Э***-ийг намын даргаар томилсныг бүртгэв” гэснээс хойш Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлд Улсын дээд шүүхээс өөрчлөлт оруулсан бүртгэл хийсэн талаарх мэдээлэл өгнө үү” гэсэн хүсэлтийг  хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, зохих мэдээллийг өгөхгүй байгаа Улсын Дээд шүүхийн Тамгын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлт шийдвэрлэж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд С.Э***-ийг намын даргаар томилсныг бүртгэв” гэснээс хойш Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлд Улсын дээд шүүхээс өөрчлөлт оруулсан бүртгэл хийгдсэн талаарх мэдээлэл авахыг хүссэн хүсэлтийг гаргажээ.

3.Дээрх хүсэлтэд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мессежээр хариу өгсөн талаар бүртгэл хяналтын картад тэмдэглэжээ.

4.Нэхэмжлэгч Н.А*** шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

1/“Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Содномзундуй овогтой Эрдэнэ-г намын даргаар томилсныг бүртгэв” гэснээс хойш буюу 2017-03-15-ны өдрөөс хойш Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд /дарга/-ийн бүртгэлд Улсын дээд шүүхээс өөрчлөлт оруулсан бүртгэл хийсэн талаарх мэдээлэл өгнө үү” гэсэн мэдээллийг дээд шүүхийн Тамгын газраас авахаар хүсэлт гаргасан.

Учир нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13.2-т “Нээлттэй мэдээлэл авах бол хүсэлтийг амаар болон бичгээр, хязгаарлалттай мэдээлэл авах бол хүсэлтийг бичгээр гаргана.” гэж заасан.

Гэвч хүсэлт гаргасан өдрөөс хойш сар гаран хугацаа өнгөрсөн боловч уул мэдээллийг өгсөнгүй.

Энэ нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15.6-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүсэлтийг хүлээн авсан мэдээлэл хариуцагч мэдээллийг дараах хугацаанд өгнө” 15.6.1-д “шууд өгөх боломжтой мэдээллийг хүсэлтийг хүлээн авсан даруй”; 15.6.2-д “энэ хуулийн 15.6.1-д зааснаас бусад мэдээлэл авах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор” гэсэнд нийцэхгүй гэж үзэж байна.

2/Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.2-т “Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн дараах мэдээлэл нээлттэй байна... 12.2.3...итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр... талаарх мэдээлэл” гэж заасан. Өөрөөр элбэл улс төрийн нам гэх хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн мэдээлэл нээлттэй мэдээлэл юм.

Нэгэнт хуулиар тогтоосон хугацаанд нээлттэй мэдээллийг дээд шүүхийн Тамгын газар иргэнд өгөөгүй учир Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 14.1-д “Хүсэлт гаргагч мэдээлэл авах талаар дараах эрх эдэлнэ....14.1.6.....дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол шүүхэд гомдол гаргах” гаргах эрхийн дагуу дээд шүүхийн Тамгын газрын дээд шатанд байгууллага байхгүй учир харьяаллын дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

3/Аливаа этгээд тэр дундаа иргэн төрийн байгууллагад өргөдөл гаргавал төрийн байгууллага нь хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй. Тодруулбал иргэний 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдөл /хүсэлт/-ийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй. Хүсэлт гаргасан асуудлаар төрийн байгууллага урьд шийдвэрлэж байсан бол энэ талаараа ч мөн хариу өгч өргөдлийг шийдвэрлээгүй.

4/Н.А***ын нэхэмжлэлтэй Дээд шүүхийн Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг хэлэлцэх явцад талууд эвлэрч, Дээд шүүхийн Тамгын газраас мэдээлэл өгсөн байдаг. Тухайн эвлэрлийн гэрээ, шүүгчийн захирамжийн дагуу Дээд шүүхийн Тамгын газраас "Ардчилсан намын даргаар С.Э*** сонгогдсоныг Улсын Дээд Шүүхийн 2017 оны 03 дугаар сарынн 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэсэн”-ээс хойш “цахим бүртгэлд өөрчлөлт орсон" талаар тодорхой мэдээлэл өгсөн.

Дээд шүүхийн Тамгын газрын хариунд цахим бүртгэлд өөрчлөлт орсон гэж нэр зааж хариу өгсөн тул цаасан буюу Ардчилсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэл мэдээлэл, өөрчлөлтийн талаар мэдээлэл авах хүсэж өргөдөл гаргасан.

5/Улсын дээд шүүхийн хариу өгсөн мэдээлэлд “цахим бүртгэл” гэж дахин дахин тодруулсан байсан тул дээд шүүхийн үйл ажиллагаанд цахимаас гадна цаасан бүртгэл байдаг, тэр нь цахимаас өөр мэдээлэл байж болзошгүй учир тухай асуудлаар хүсэлт гаргасан болно.

6/Одоогийн байдаар Улсын дээд шүүхээс улс төрийн намын цахим бүртгэлээс гадна улс төрийн намын өөр ямар нэг бүртгэл /жишээ нь цаасан/ байдаг тэдгээр нь хоорондоо "ижил эсхүл өөр” гэсэн талаар дээд шүүхээс тодорхой хариу өгөөгүй байгаа учир мэдээлэл авахээр дээд шүүхэд хүсэлт гаргасан.

Иймд хуульд заасан хугацаанд зохих хариуг өгөөгүй эс үйлдэхүйд холбогдуулан гаргасан гомдлын дагуу захиргааны хэрэг үүсгэн нэхэмжлэлийн шийдвэрлэж өгнө үү. Нээлттэй мэдээллийг хуульд заасан хугацаанд өгөхгүй байгаа үйлдлийг эс үйлдэхүй гэж үзэж байгаа ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т "Захиргааны актыг... байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн Захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;" гэсний хүрээнд дараах гомдлын шаардлага гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Монгол Улсад ямар ч хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу даргын мэдээлэл нь ил тод байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан байдаг. Улсын дээд шүүхээс хуульд заасны дагуу 5 хоногийн дотор хүсэлтийг шийдвэрлэх ёстой гэж заасан байхад өнөөдрийг хүртэл хүсэлтийг шийдвэрлээгүй. Хэрэв хаалттай мэдээлэл эсхүл хязгаарлагдмал мэдээлэл гэдэг ч хариуг өгөөгүй учраас эс үйлдэхүй байна гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний хүсэлтийг шийдвэрлэж, шаардагдах захиргааны акт буюу шаардагдах мэдээллийг өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би өмнө нэлээдгүй олон удаа мэдээлэл авахаар Улсын дээд шүүхэд хандаж байсан. Улсын дээд шүүхийн Тамгын газраас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариу албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт”...Таны гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мэдээлэл авах тухай хүсэлттэй танилцлаа” гэсэн байдаг. Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөн мэдээлэл авах тухай хүсэлт гаргасан. Харин 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 25.8.8-д “улс төрийн намын бүртгэл хөтлөх” гэж заасны дагуу Улсын дээд шүүх нь улс төрийн намыг үүсгэн байгуулсан болон өөрчлөн байгуулах, үйл ажиллагаа зогсоосон, мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах зэрэг хууль тогтоомжид заасан бүртгэлийг хөтөлдөг.

2/Монгол Улсын дээд шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Оролцогч захиргааны актаар бий болсон эрх, үүргийн талаар тайлбар хүсвэл захиргааны байгууллага амаар, эсхүл бичгээр тайлбарлах үүрэгтэй”  гэж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.” гэж, 5-д “Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.” гэж заасны дагуу иргэн Н.А***ын өргөдлийн хариуг 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр түүний харилцах утсаар /93205233 дугаар/ хариу өгсөн талаар бичиг хэргийн ажилтанд тэмдэглүүлсэн байна.

Өмнө нь уг хүсэлттэй холбогдуулан Монгол Улсын дээд шүүхийн тамгын газрын дарга С.А***-ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/4494 дугаартай албан бичиг, Тамгын газрын дарга С.З***-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05/1114 дугаартай албан бичиг, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 дугаартай албан бичгүүдээр тус тус хариу хүргүүлсэн байна.

3/Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой гаргасан шийдвэрүүдийг Улсын дээд шүүхийн www.supremecourt.mn цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулсан тул танилцах боломжтой байдаг. Хууль тогтоомж болон шүүхийн тогтоолд шийдвэрлээгүй асуудлаар Тамгын газар дур мэдэн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд улс төрийн намтай холбоотой аливаа шийдвэр /захиргааны акт гаргах/ гаргах эрхийг хууль тогтоомжид тусгайлан заагаагүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Улсын дээд шүүхийн тамгын газраас уг асуудлаар иргэн Н.А***од хууль тогтоомжийн хүрээнд зохих хариуг өгсөн бөгөөд үүнтэй холбоотой харилцаа нь захиргааны актын шинжийг агуулахгүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбртаа: . Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д “улс төрийн намын бүртгэл хөтлөх” гэж заасны дагуу Улсын дээд шүүх нь Улс төрийн намын бүртгэлийг хөтлөхдөө Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Улсын дээд шүүх намыг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш энэ хуулийн 6; 9.2- 9.3-т заасан зүйлийг нягтлан үзэж, ажлын 30 хоногийн дотор тухайн намыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох бөгөөд энэ тухай нийтэд мэдээлнэ”, тус хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, 15 дугаар зүйлийн 15.1-д  заасны дагуу намыг хуульд заасны дагуу нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулсны бүртгэл, 15.7-д бүртгэх байгууллага өөрчлөн байгуулагдах замаар үйл ажиллагаагаа зогсоосон намын гэрчилгээг хүчингүйд тооцож, уг нам улсын бүртгэлээс хасагдсаныг нийтэд мэдээлэх, 21 дүгээр 21.12-т заасны дагуу намын дүрэм, мөрийн хөтөлбөр, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх, 23.1-т заасны дагуу нам үйл ажиллагаагаа зогсоосны дагуу бүртгэлээс хасах,  24 дүгээр заасны дагуу намыг тараах тухай шийдвэр гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт хуралдаанаар шийдвэрлэн тогтоол гаргаж, бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Улсын дээд шүүхээс нэхэмжлэгч Н.А***од хариу хүргүүлсэн. Уг хариуг хүргүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Оролцогч захиргааны актаар бий болсон эрх, үүргийн талаар тайлбар хүсвэл захиргааны байгууллага амаар, эсхүл бичгээр тайлбарлах үүрэгтэй”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ”, мөн хуулийн 5-д “Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ”  гэж заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хүсэлтийн хариуг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн харилцах утас 93****** дугаарт тухайн үед томилогдон ажиллаж байсан Эрх зүй, дотоод асуудал хариуцсан ахлах шинжээч н.Б*** утсаар мэдэгдсэн талаар бичиг хэргийн ажилтанд тэмдэглүүлсэн байна. Энэ талаарх бүртгэл хяналтын карт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Өмнө нь уг хүсэлттэй холбогдуулан Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.А***-ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/4494 дугаартай албан бичиг, Тамгын газрын дарга С.З***-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05/1114 дугаартай албан бичиг, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 дугаартай албан бичгүүдээр тус тус хариу хүргүүлсэн байдаг. Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой гаргасан шийдвэрүүдийг Улсын дээд шүүхийн цахим хуудас болох www.supremecourt.mn цахим хуудаст  Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуульд заасан олон нийтэд нээлттэй байх мэдээллийг тухай бүр байршуулж, олон нийтэд танилцуулах ажлыг хангаж ажилладаг. Хууль тогтоомж болон шүүхийн тогтоолд шийдвэрлээгүй асуудлаар Тамгын газраас дур мэдэн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд улс төрийн намтай холбоотой аливаа шийдвэр гаргах эрхийг хууль тогтоомжид тусгайлан заагаагүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Улсын дээд шүүхийн Тамгын газраас уг асуудлаар иргэн Н.А***-д хууль тогтоомжийн хүрээнд холбогдох хариуг өгсөн. Энэ хариу нь хууль ёсны бөгөөд захиргааны байгууллагаас гаргасан захирамжилсан шинжийг агуулахгүй байна гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд С.Э***-ийг намын даргаар томилсныг бүртгэв” гэснээс хойш Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлд Улсын дээд шүүхээс өөрчлөлт оруулсан бүртгэл хийгдсэн талаарх мэдээлэл авахыг хүссэн хүсэлтийг гаргажээ.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “"өргөдөл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно” 5 дах хэсэгт “"өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ” гэжээ.

2.Нэхэмжлэгчээс “хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэж, түүний гар утас руу мессеж илгээсэн”  гэж тус тус маргажээ.  

3.Улсын дээд шүүхийн тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06/4647 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн бүртгэл хяналтын картад 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мессежээр хариу өгсөн талаар тэмдэглэжээ.

4.Гэтэл уг хариу нь нэхэмжлэгчийн хүсэлтэд дурьдсан мэдээллийг агуулсан эсэх нь тодорхойгүй, ямар мэдээлэл агуулсан нь ойлгомжгүй зөвхөн “мессежээр хариу өгсөн” гэж тэмдэглэсэн нь нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

5.Учир нь нэхэмжлэгчээс тухайн өдөр хэдэн хэдэн хүсэлтийг хариуцагчид гаргасан байх бөгөөд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл ил тод, нээлттэй байх”, 5.1.4-д “мэдээлэл, үйлчилгээ нь ойлгомжтой, үнэн зөв, бүрэн байх” зарчимд нийцээгүй байна.

6.Өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгч буй хариу, мэдээлэл нь тухайн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх боломжтой бол хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг бүрэн агуулсан, шийдвэрлэх боломжгүй бол энэ талаарх шалтгаан нөхцлийг дэлэгрэнгүй дурьдсан байх шаардлагатай бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “мессежээр хариу өгсөн” гэх хариу нь дээрх шаардлагыг хангахгүй байх тул эс үйлдэхүй хууль бус гэх үзэхээр байна.  

7.Нөгөөтэйгүүр тухайн бүртгэл хяналтын картад тэмдэглэгээ хийсэн албан тушаалтан нь ажлаас чөлөөлөгдсөн, гадаад улсад суралцаж байх тул тухайн мэдээлэлд юу агуулж буйг тодоруулах боломжгүй байна.

 8.Иймд нэхэмжлэгчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд С.Э***-ийг намын даргаар томилсныг бүртгэв” гэснээс хойш Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлд Улсын дээд шүүхээс өөрчлөлт оруулсан бүртгэл хийгдсэн талаарх мэдээлэл авахыг хүссэн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, зохих мэдээллийг өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-д “Дараахь төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гээд 112.4.3-д “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан” гэжээ.

10.Дээрх маргаан нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиудын хүрээнд хянан шийдвэрлэгдэх бөгөөд тухайн хуулиудад уг маргааны төрлийг тусгай журмаар хянан шийдвэрлэх талаар тухайлан хуульчлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар байна.

11.Иймд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.    

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дах хэсэг, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4 тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А***ын нэхэмжлэлтэй, хариуцагч Улсын дээд шүүхийн тамгын газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд С.Э***-ийг намын даргаар томилсныг бүртгэв” гэснээс хойш Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлд Улсын дээд шүүхээс өөрчлөлт оруулсан бүртгэл хийгдсэн талаарх мэдээлэл авахыг хүссэн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, зохих мэдээллийг өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхийг хариуцагчид даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ