Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/323

 

 

 

 

 

 

   2021            03              30                                         2021/ДШМ/321

                                                       

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

яллагдагч Д.Бгийн өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны шүүгчийн 2021 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн 289 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай прокурорын эсэргүүцлээр Д.Бд холбогдох 2008000001572 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Дгийн Б, 1970 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч, бага эмч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт чих хамар хоолойн сувилагч ажилтай, ам бүл 4, охин, зээ нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Яллагдагч Д.Б нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2/58 байрны 00 тоот өрөөнд Г.Гтэй маргалдан түүний цээжний зүүн хэсэг, баруун дал, гуян тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Яллагдагч Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Нэгдүгээр хавтас хэргийн 89-91 дүгээр хуудсанд авагдсан баримтаас үзвэл, амь хохирогч Г.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 90 дугаартай шийтгэврээр “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Бг зодсон. ...” буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” зөрчил үйлдсэн тул 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл эдэлжээ. Талууд шүүхийн хэлэлцүүлэгт энэ хэргийн улмаас яллагдагч Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар хэн аль нь танилцуулах бөгөөд хоёрдугаар хавтас хэргийн 131 дүгээр хуудсанд авагдсан хуулбар баримтаас үзвэл, Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан асуудлыг шалгуулахаар холбогдох баримтын хамт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн байна. Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай эсэх нь тодорхойгүй байхад тусад нь үлдээж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, яллагдагч Д.Бгийн эрүүл мэндэд хохирол учирсан тэрхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тусгасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарах эсэх, зүйлчлэлд нөлөөлөх эсэх, эсхүл эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох эсэхийг ялгаж салгах, хууль зүйн дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой юм.

Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас дуудлагын лавлагааны хуудсыг гаргуулан авч, тэмдэглэл үйлдэн нэгдүгээр хавтас хэргийн 47-50 дугаар хуудсанд хавсаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар лавлагаа гаргасан газрын баталгаажуулснаар нотлох баримт болно.

Энэхүү лавлагаагаар яллагдагч Д.Бгийн - дугаарын гар утаснаас нийт 28 удаагийн дуудлага бүртгэгдсэн байх бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл гэж бүртгэгдсэн, “нөхөр зодоод байна” гэсэн агуулгатай дуудлага олон байна. Эдгээрээс зарим дуудлагын шийдвэрлэлтийн хэсэгт “...материалаар шалгаж байна, баримтжуулан ажиллав, Бг 103-т, нөхөр Гийг эрүүлжүүлэв, дуудлага өгсөн Бг хамтран амьдрагч Г гэгч зодож байсныг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөв, Гийг сэлбэ-120-д хүлээлгэн өгөв. ...” гэсэн тэмдэглэл хөтлөгдсөн байх тул зөрчлийн болон эрүүгийн хэрэг бүртгэлт явагдсан эсэх, хэрэв ажиллагаа явуулсан бол ач холбогдолтой материалыг хэрэгт бэхжүүлэх шаардлагатай. Эцэст нь, мөрдөгч хэргийн газрын үзлэг хийхдээ “ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй байсныг тэмдэглэлд тусгав” гэж тэмдэглэл үйлдээд ажиллагаа явуулсан нь хуульд нийцэхгүй байна. Зүй нь, мөрдөгч хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх ёстой байсан. Одоо хэргийн газар нөхөн сэргээгдэхгүй, хэргийн газрын үзлэгийн 79 ширхэг гэрэл зургийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир яллагдагч, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хэрэг гарсан байранд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулж, гэрэл зураг, бүдүүвч схемээр бэхжүүлэн хэргийн болон байршлын нөхцөл байдлыг сэргээн дүрслэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр яллагдагч Д.Бд холбогдох эрүүгийн 2008000001572 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, прокурорт очтол яллагдагч Д.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг хэвээр үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэр бүхий эд зүйлсийг хэргийн хамт буцаан хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Р.Очирсүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар хохирогч Г.Г, яллагдагч Д.Б нарын хэн алиных нь Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчлийн лавлагаагаар хэдэн удаа ямар зөрчил гаргасан, түүнд оногдуулсан захиргааны болон зөрчлийн шийтгэлийн талаарх баримтыг авсан. Хэрэгт авагдсан баримтаар яллагдагчийн гэх утаснаас “зодоон болоод байна, манай нөхөр зодоод байна, согтуу бололтой эмэгтэй хүн дуудлага өгсөн” гэх өгүүлэмжтэй дуудлага мэдээллүүд ирүүлсэн баримт байгаа боловч уг дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, зөрчил гаргасан этгээдэд торгуулийн арга хэмжээ авах, шүүхийн шийдвэрээр баривчлах, эрүүлжүүлэх арга хэмжээ авсан. Цагдаагийн байгууллагын АСАП санд торгуулсан хүн, саатуулсан хүн гэх бүртгэлд бүрэн бүртгэгддэг бөгөөд тус санд орсон зөрчлийн баримтууд хэрэгт авагдсан Тухайлбал, 2019 оны 02 дугаар сарын 9-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үндэслэлээр хэв журмын алба хаагч Б.Ангараграгчаа Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулсан. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хориглосон газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үндэслэлээр торгуулсан, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд гэмтэл учруулахгүйгээр халдсан үйлдэлд шүүгчийн захирамжаар 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэсэн баримтууд хэрэгт авагдсан. Тиймээс шүүгчийн захирамжид дурдсан “Зөрчлийн болон эрүүгийн хэрэг бүртгэлт явагдсан эсэх, хэрэв ажиллагаа явуулсан бол ач холбогдолтой материалыг хэрэгт бэхжүүлэх шаардлагатай” гэсэн заалтыг хүлээн авах боломжгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд “Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.7-д “...хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, цуглуулж бэхжүүлэх, аливаа зүйлийг бүхлээр нь, эсхүл хэсэгчлэн хураан авах, битүүмжлэх, хадгалах;”, мөн зүйлийн 3.10-д “хэргийн газар, түүний дотор байгаа зүйлийн байр байдлыг бэхжүүлэхийн тулд дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах;” зэрэг арга хэмжээг авч, энэ талаар тэмдэглэлд тусгана гэж хуульчилсан бөгөөд ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Банзрагч нь хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт хэргийн хэргийн газрын үзлэгийг хийж, тэмдэглэл үйлдэн гэрэл зургийг аргаар бэхжүүлж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эд зүйлийн мөрийг бэхжүүлэн авч шинжилгээг хийлгүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд “Нотлох баримт” гэж юуг ойлгох талаар хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж нарийвчлан зааж өгсөн байна. Иймд мөрдөгчийн үйлдсэн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн 79 ширхэг гэрэл зургийн үзүүлэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн шүүгчийн захирамжийн заалтыг хүлээн авах боломжгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалтын дагуу яллагдагч Д.Бгийн гэм буруутай эсэхийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 289 дугаартай захирамжид заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

            Яллагдагч Д.Бгийн өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, шинжээчийн дүгнэлтэд дурдсан Д.Бгийн биед учирсан гэмтлийг хэн учруулсныг зайлшгүй шалгах шаардлагатай. Мөрдөгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлд заасныг үндэслэсэн гэх боловч хойшлуулшгүй ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хийх ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйл нь хэргийн оролцогчдын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангах тухай заалт юм. Тиймээс нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй учраас шүүгчийн захирамж үндэслэлтэй. Түүнчлэн, мөрдөгч хэргийн газрын үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу оролцуулаагүй. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Шалны ирмэг дээр бохирдол тоос тогтсон байсан ханын цаасыг зүсэж авав”, “6х8, 6х6 хэмжээтэй улаан өнгийн бохирдол үүссэнийг шинжээч хөвөнт бамбарт хийж авав”, “үсний сэвийг хураан авав” гэсэн байдаг. Эд мөрийн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд заасны дагуу эд мөрийн баримтаар тооцож, мөн хуулийн 24.4 дүгээр зүйлд зааснаар хураан авах ёстой. Амь хохирогч, яллагдагч нарын биеэс олдсон эд мөрийн баримтаас илэрсэн цусыг харьцуулах ажиллагааг огт хийлгүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Д.Бг согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2/58 байрны 00 тоот өрөөнд Г.Гтэй маргалдан түүний цээжний зүүн хэсэг, баруун дал, гуян тус газар нь хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Д.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд “амь хохирогч Г.Гэд холбогдох зөрчлийн болон эрүүгийн хэрэгт холбогдсон хэргийн материалыг хэрэгт хавсаргах, хэргийн газрын үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй тул дахин нөхөн үзлэг явуулах зэрэг үндэслэлээр “хэргийг прокурорт буцаах тухай” захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Дэлхий нийтийг хамарсан “Ковед-19” цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөн цагдаагийн болон бусад эрх бүхий байгууллагын 7 хүний бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гарсан гэх Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2/58 дугаар байрны 00 тоот өрөөнд хэргийн газрын үзлэг хийсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3.10 дахь хэсэгт зааснаар “хэргийн газар, түүний дотор байгаа зүйлийн байр байдлыг бэхжүүлэхийн тулд дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах” заалтын дагуу гэрэл зургаар бэхжүүлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хэргийн газрын үзлэг”-ээр хураан авсан хананы цаас, үс зэрэг эд зүйлд шинжээч томилж, шинжилгээ хийлгээгүй гэх боловч “бусад эд зүйлд цус болон биологийн ул мөр илрээгүй” талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6208 дугаартай дүгнэлт гарсан байна.

Прокуророос яллагдагч Д.Бд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Яллагдагч Д.Бгийн цагдаагийн байгууллагад удаа дараа өгсөн дуудлагын талаарх жагсаалт, Цагдаагийн газрын дуудлага, мэдээлэл бүртгэлийн сангийн лавлагаа, дуудлагын хуудасууд, шүүхийн шийтгэвэр зэрэг баримтууд хангалттай авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүх, амь хохирогчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэх нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, тухай цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хөндлөнгийн гэрчийг оролцуулахгүйгээр тухайн байдлыг гэрэл зургаар бэхжүүлсэн баримтыг анхан шатны шүүх нотлох баримтаар тооцох эсэх, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч, шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Түүнчлэн, яллагдагчийн биед хөнгөн гэмтэл учирсан асуудалд прокурор холбогдох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд Д.Бд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн 289 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Д.Бд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцтэл Д.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ