2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Энхбаяр,

хохирогч ******************,

шүүгдэгч ******************, түүний өмгөөлөгч Ц.Галбадрах /ҮД-3491/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ****************** овогт ****************** ******************т холбогдох эрүүгийн 2308031251869 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр *********** аймгийн ************** суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, баяд, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, ***************** ажилладаг, ам бүл 1, ************ дүүргийн ************* дугаар хороо, *************** байрны ********************* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****************** овогт ****************** ****************** /РД:*****************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****************** нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн ******************ны ******************хорооллын ****************** тоотод оршин суух хохирогч ******************ы Хаан банк дахь эзэмшлийн ******************тоот данснаас 26 удаагийн гүйлгээгээр 319,876 төгрөгийг, уг данстай холбосон хохирогч ******************гийн Хаан банк дахь эзэмшлийн ******************тоот данснаас 28 удаагийн гүйлгээгээр 370,830 төгрөгийг буюу нийт  690.706  төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Мөн дээрх хугацаанд Хаан банк дахь хохирогч ******************ы интернет банк  руу нууц үг, кодыг ашиглан хууль бусаар нэвтэрч, улмаар зарлагын гүйлгээний мэдээлэл илгээдэг тохиргоог унтрааж кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч ****************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би анх 2023 оны намар буюу намайг их сургуулийн 4 дүгээр дамжаанд орох жилийн 8 дугаар сард ****************** ахтай танилцаад, барилга дээр 14 хоног хамт ажилласан. Нэг өдөр ****************** ах намайг 100 айл Барилгын зах дээр хавтан зүсүүлэх гэсэн юм, хүрч ирээд туслаад өгөөч гээд дуудсан. Тухайн үед бид хоёр хавтангаа зүсүүлж байхад ****************** ах Хаан банкны интернэт банк нь болохгүй блоклогдчихсон байгаа гэхээр нь би нэвтрэх нууц үг болон гүйлгээний нууц үгийг сольж, шинээр янзалж өгсөн. Энэ явдлаас хойш би барилга дээр ажиллахаа больчихсон, дадлага эхлэх гэж байсан үед миний амьдарч байсан нийтийн байрны түрээсийг 2023 оны 8 дугаар сарын 24-нд төлөх гэхэд 20.000 төгрөг төлөх дутсан. Би тухайн үед оюутны байр биш, нийтийн байранд амьдардаг байсан. Түрээсээ төлөх гэтэл 20.000 төгрөг дутаад байна гээд ****************** ахаас 20.000 төгрөг өгөөч гэж асуутал ****************** ах надад байхгүй гэсэн. Би ****************** ахын удирдлага дор хэд хоногийн өмнө ажиллаж байхдаа ажлын гүйцэтгэлийн мөнгө орно гэдгийг сонсчихсон байсан бөгөөд түүний Хаан банкны интернэт банкны нэвтрэх болон гүйлгээний кодыг өмнө сольж өгсөн нууц үгээр нэвтэртэл түүний данс руу нь орчихсон. Эрдэнэ****************** ахын дансанд 30.000.000 гаруй төгрөг байсан. Би үүнээс эхлээд 20.000 төгрөгийг авсан. Дараа нь 4500 буюу 5000 мянгаас доош үнийн дүнтэй гүйлгээг өдөр болгон авдаг болчихсон. Сүүлдээ энэ үйлдэл маань даамжраад ****************** ахын хийсэн гүйлгээтэй адил дүнгээр, адил гүйлгээний утгыг бичиж авдаг болчихсон. Эхэндээ би 5000 төгрөгөөс доош үнийн дүнтэй гүйлгээ хийдэг байсан боловч сүүлдээ 30.000, 60.000 төгрөг гэх мэт үнийн дүнтэйгээр буюу дээшээ ахих маягтай гүйлгээг хийж байсан. Би эхлээд 20.000 төгрөгийг авах үедээ 1 удаа тохиргоог унтрааж байсан. Гэтэл Хаан банкны интернэт банк нь тухайн мессеж ирэх тохиргоог унтраасан боловч И-Мэйлээр мэдэгдэл ирдэг байсан тул цаашид тохиргоог унтрааж байгаагүй. Мөн анх 20.000 төгрөгийг авсан, дараа нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаатай даамжраад үнийн дүн өсөх маягтай авч байсан. Би гүйлгээг хийхдээ тухайн үед үерхдэг байсан найз охин буюу ******************гийн данс руу хийж авдаг байсан. Тухайн мөнгийг би өөртөө ашигладаг байсан. ****************** надаас өдөр болгон бага үнийн дүнтэй, ямар учиртай мөнгө орж ирээд байгаа юм бэ гэхэд нь би ээж, аав өгсөн эсхүл цалингийн мөнгө гэж худлаа хэлдэг байсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

2.Хохирогч ****************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ******************т урьд нь итгэж явсан, тэр байр суурь маань хэвээрээ байгаа. Залуу хүүхэд алдсан байх гэж бодож байгаа. Би ******************т өөрт нь хэлэхдээ ахад нь гомдол, санал байхгүй. Чи одоо төгсөх дамжааны оюутан, ах нь чамд тусалъя гээд маш их итгэж байсан. Одоо ч би түүнд итгэж байгаа. Би хүүхдийг өөрийн хайхрамжгүй, дансаа хамгаалж чадахгүй, буруутай байдлаасаа болж айхтар зүйлд холбогдуулчихсан. Би тухайн үед интернэт банк ашиглаж эхлээд буюу эрх нээлгээд 7 хонож байсан. Нэвтрэх болон гүйлгээний нууц үгээ мартчихаад өөрийн байнга дагуулж явдаг, итгэдэг ****************** дүүгээрээ солиулсан. Би ******************ыг мөнгө аваад байна гэж мэдэхгүй, санахгүйгээр өөрийн эхнэрийн хоёр дүүг авчихлаа гэж бодоод, цагдаагийн байгууллагад хоёр хадам дүүгээ дагуулж очоод гомдол өгч байсан. Миний утас болон эхнэрийн утсыг оролддог байсан хүмүүс бол тэр хоёр хадам дүү нар маань байсан. Гэтэл цагдаагийн мөрдөгч миний дансыг үзэж шалгаад ****************** гэх данс руу мөнгө орж байгааг надад хэлсэн. Би орой нь ******************ийг дуудаж ирээд, ийм зүйл хийж болохгүй, би чамд итгэсэн гэж өөрт нь хэлсэн. Одоо надад ямар ч гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Шүүгдэгч ******************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч ****************** : “хохирлоо барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэж,

Шүүгдэгч ******************ийн өмгөөлөгч Ц.Галбадрах: “...Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцов.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ******************т холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:

Шүүгдэгч ****************** нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн ******************ны ******************хорооллын ****************** тоотод оршин суух хохирогч ******************ы Хаан банк дахь эзэмшлийн ******************тоот данснаас 26 удаагийн гүйлгээгээр 319,876 төгрөгийг, уг данстай холбосон хохирогч ******************гийн хаан банк дахь эзэмшлийн ******************тоот данснаас 28 удаагийн гүйлгээгээр 370,830 төгрөгийг буюу нийт  690.706  төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Мөн дээрх хугацаанд Хаан банк дахь хохирогч ******************ы эзэмшлийн интернет банк руу нууц үг, кодыг ашиглан хууль бусаар нэвтэрч, улмаар зарлагын гүйлгээний мэдээлэл илгээдэг тохиргоог унтрааж кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

 

1. Гэмт хэргийн  талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

2.Хохирогч ******************гийн: “...Би Хаан банкны ******************тоот дугаарын дансыг эзэмшдэг бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш миний данснаас хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 370.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд би өөрийн нөхрөөсөө асуухад "би чиний данснаас мөнгө хэрэглээгүй” гэсэн бөгөөд манай нөхрийн хаан банкны ******************тоот дугаарын данснаас 400.000 гаруй төгрөгийн зарлага гарсан байсан ба хэн бид хоёрын данснаас зарлага хийснийг нь мэдэхгүй байна. Миний болон манай нөхрийн данснаас ******************дугаарын ************************************ гэсэн данс руу удаа дараа гүйлгээ хийж, нийт 770.000 гаруй төгрөгийг шилжүүлсэн байсан. Анх миний болон манай нөхрийн хаан банкны интернет банкийг манай төрсөн эгч ******************гийн хоёр хүүхэд буюу ****************** нар нээж, жимэйл, нууц үгийг тохируулж өгч байсан ба нөхөр бид хоёрт интернет банктай холбоотой мэдэхгүй зүйл гарвал ******************хоёроос асуудаг байсан. Тийм болохоор бид хоёрын банкны нууц үгийг мэдэж байх боломжтой. Гэхдээ би энэ хоёр дүүгээ сэжиглэхгүй байна. Гомдол саналгүй, сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоолгох шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 141 дэх тал),

 

3. Хохирогч ******************ы: “...Би хаан банкны ******************дугаарын дансыг эзэмшдэг. Миний энэ данс нь манай эхнэр ******************гийн хаан банкны ******************дугаарын тоот данстай холбоотой байдаг бөгөөд мобайл болон интернет банкаараа эхнэр бид хоёр бие биенийхээ данс руу нэвтэрч орж болдог. 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш миний данснаас бага багаар мөнгө хасагдаад байсан, манай эхнэр авч байгаа байх гэж бодоод нэг их тоолгүй яваад байсан. Тэгсэн чинь 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ажлаасаа тараад явж байтал миний гар утсанд 20.000 төгрөгийн гүйлгээний зарлага гарсан зурвас ирсэн байсан бөгөөд тэр өдөр би Зайсангийн "Дөлгөөн хангай" гэх дэлгүүрээс 13 цаг 22 минутад 20.000 төгрөгийн юм виза картаа уншуулж худалдаж авсан бөгөөд орой 19 цаг 24 минутад Дөлгөөн хангай дэлгүүрт 20.000 төгрөгийн юм худалдаж авсан зарлага ирснийг өдөр худалдаж авсан зарлагын зурвас одоо ирж байгаа юм байлгүй гэж бодож байсан. Тэр өдрөөс хойш миний данснаас зарлага гарсан мөртлөө зурвас ирэхээ больсон байсан. Тэгээд тэр үеээс сэжиг төрөөд эхнэрээсээ асуусан чинь миний данснаас мөнгө аваагүй ээ гээд байсан. Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өглөө сэрээд интернет банкаа шалгасан чинь шөнийн 04 цагийн үед 60.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд би интернет банкаа нягтлаад үзэхэд миний нэг өдөрт хийсэн гүйлгээнүүдийн утга болон мэдээллийг хуулбарлаад өөр нэг хүн мөнгө авдаг байсныг мэдсэн бөгөөд миний данснаас хаан банкны ************************************ ****************** гэдэг данс руу олон удаагийн гүйлгээ хийж зарлага гарсан байсан. Тэгээд үүнийгээ эхнэртээ хэлээд бид хоёр дансаа тулгаж, нягталж шалгахад манай эхнэрийн данснаас 370.000 орчим төгрөг, миний данснаас 390.000 орчим төгрөг буюу нийтдээ 700.000 гаруй төгрөг тус тус гарсан байсан. Тэгээд бид хоёрын данснаас мөнгө авахдаа ихэвчлэн 4850 төгрөгөөр гарсан байсан ба сүүлдээ 20.000, 40.000, 60.000 төгрөгөөр хулгайлдаг болсон байсныг мэдсэн. Тэгээд хэн бид хоёрын данснаас мөнгө аваад байгаа нь тодорхойгүй байсан болохоор бид хоёр цагдаагийн байгууллагад хандсан. Миний хаан банкны ******************тоот данс болон манай эхнэрийн ******************тоот данснаас хаан банкны ******************тоот ****************** ****************** гэх данс руу 700.000 гаруй төгрөг шилжүүлэгдэж орсон байсныг мэдсэн ба яг нийт хэдэн төгрөг гарсныг дансны хуулгаасаа харж байж мэднэ.

…Би 2023 оны 7 сард өөрийн хаан банкны ******************тоот дансандаа интернет банкны аппликейшн холбуулж суулгасан. Тэгээд удалгүй би уг дансныхаа интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг мартсан, интернет банк руугаа яаж нэвтэрч орохоо мэдэхгүй байсан тул тэр үед миний машин дотор манай ажлын танил дүү болох ****************** гэх залуу сууж байхаар нь  би интернет банк руугаа яаж нэвтэрч орох талаар асуутал ****************** "Та өөрийнхөө интернет банкны нэвтрэх нууц үгийн үсэг хоорондох байрлалыг нь солиод хийчихсэн юм шиг байна, эдгээр үсэг тоонуудын байрыг сольвол орох боломжтой байх" гээд ******************ийн заасны дагуу хийхэд интернет банк руугаа нэвтрээд орчихсон. Тухайн үед ****************** миний банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгийг цээжлээд авчихсан байх гэж би бодож байна. Эхнэр бид хоёрын данснаас мөнгө гараад эхэлсэнээс хойш эхнэр бид хоёр интернет банкаа хаалгасан ба тухайн үед миний интернет банкны нэвтрэх нэр ямар нэртэй байсныг мартсан байна, харин нэвтрэх нууц үг нь "eh800610", гүйлгээний нууц үг нь "800610eh" байсан гэж би санаж байна. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа би ******************аас "чи яаж миний данс руу ордог байсан юм бэ?" гэж асуухад "таны интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг хийж оруулж өгч байх үедээ мэдээд авчихсан байсан юм, харин гүйлгээний нууц үг нь нэвтрэх нууц үгтэйгээ төстэй байх гэж бодоод бичиж оруулахад гүйлгээ хийж болж байсан, тэгээд би таныг цагдаад хандсан гэдгийг сонссон ба би танд үнэнээ хэлэхээс айгаад хэлж чадаагүй юм" гэж надад хэлсэн. Эхнэр бид хоёрын данс холбоотой байдаг болохоор миний эсхүл манай эхнэрийн интернет банк руу нэвтэрч орох үед бид хоёрын данс хоёулаа гарч ирдэг. Харин манай эхнэр өөрийн төрсөн эгч ******************гийн хүү О.******************нараас гар утас дээрх мэдэхгүй байгаа зүйлсээ асууж, янзлуулж байдаг ба анх данснаас мөнгө гарсаныг мэдсэн үед бид хоёр тэр хоёр хүүхдийг сэжиглэж байсан ч бид хоёрын данснаас мөнгө аваагүй байсан. ****************** надад үнэнээ хэлж уучлалт гуйсан бөгөөд залуу хүүхдийн цаашдын амьдралыг бодоод би гомдолгүй байна, ****************** надад их тусалдаг байсан, их ажилсаг, төлөв даруу, сайн хүүхэд ба нэг удаа гаргасан алдааг нь миний зүгээс уучилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23, 26-27,137 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

4.Хаан банк дахь ******************гийн эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “...иргэн ******************гийн ******************дугаартай данснаас 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ******************дугаартай данс руу 28 удаагийн гүйлгээгээр нийт 370,830 төгрөг шилжиж орсон” байна. (хавтаст хэргийн 38-48 дахь тал),

 

5. Хаан банк дахь ******************ы эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга:  “...иргэн ******************ы ******************дугаартай данснаас 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ******************дугаартай данс руу 26 удаагийн гүйлгээгээр нийт 319,876 төгрөг шилжиж орсон...” (хавтаст хэргийн 59-69 дэх тал),

 

6. Гэрч Ц.******************ий: “...Би одоогоор уг дансаа өөр ямар нэгэн хүнд ашиглуулдаггүй. Харин 2023 оны 7 дугаар сарын үед би өөрийн хуучин найз залуу ******************т уг дансаа ашиглуулж эхэлсэн. Бид хоёр үерхэж байгаад хамт амьдардаг болсон ба бие биенийхээ дансыг солилцож шаардлагатай үед мөнгө оруулах шилжүүлэх зорилгоор нэвтрэх нэр, нууц үгээ солилцсон. Тэгээд бид хоёр бие биенийхээ ХААН банкны данснуудыг интернет банкуудаа солилцож ашиглаж байгаад 2024 оны 02 сард бид хоёр салсан, түүнээс хойш бие биенийхээ дансыг ашиглахаа больсон. Миний гар утас дээр гүйлгээ хийсэн мэдэгдэл ирдэггүй байсан ба би интернэт банк руугаа ороод гүйлгээ хийх гэхэд миний дансанд сонин сонин гүйлгээний утгын үгтэй, 60.000, 40.000, 50.000, 4000, 2500 гэх мэт янз бүрийн мөнгөн дүнтэй орлого орсон байдаг байсан.  ******************аас эдгээр мөнгөний талаар асуухад "миний цалин байгаа юм, найзаасаа авсан юм, аав ээжээсээ бас авсан, энэ мөнгийг би мэдэхгүй" гэж надад тайлбарладаг байсан. Би бас цагийн ажил хийдэг байсан болохоор миний цалин, цагийн ажлын мөнгө орж байгаа юм болов уу гэж бодоод нэг их тоож, анзаардаггүй байсан. Тэдгээр мөнгөн дүнтэй гүйлгээнүүдийг харахаар ихэнх гүйлгээний утга нь ижилхэн байдаг байсан ба миний санаж байгаагаар EZPAY гэсэн утгатай гүйлгээ их орж ирсэн байдаг шиг санаж байна. Тэдгээр мөнгөнүүд миний данс руу орох үед нь би заримдаа ******************аас асуухад "цалин орсон, аав ээж өгсөн, найз өгсөн" гэдэг тайлбар өгдөг байсан. ****************** тухайн мөнгөөр хоол хүнсний зүйл авдаг байсныг санаж байна. Харин би өөрөө цагийн ажил хийдэг болохоор ****************** надад хэлэлгүйгээр миний данс руу шилжүүлсэн мөнгийг би ашигладаггүй ба ****************** тухайн мөнгөө өөрөө л ашигладаг байсан. Мөн тухайн орж ирсэн мөнгөнүүд нь ихэвчлэн 30 минутаас 1, 2 цагийн дараа миний данснаас өөр данс руу шилжүүлэгдсэн байдаг байсан. Би ******************ийн шилжүүлсэн тухайн мөнгийг өөртөө ашиглаж байгаагүй, харин ганц, хоёр удаа тухайн мөнгөөрөө ****************** өөрөө хоол хүнсний бүтээгдэхүүн авч байсан. Миний дансанд орж ирж байсан дээрх мөнгөнүүдийг би нэг хүний данснаас шилжүүлэгдэж байгааг огт анзаараагүй ба ихэвчлэн миний дансанд орж ирсэн мөнгөн дүн, тэдгээрийн гүйлгээний утгууд ижил байгааг анзаарч байсан. Тухайн мөнгөнүүд ямар шалтгаантай, эх үүсвэртэй эсэхийг би ******************аас лавшруулан асууж байгаагүй. Би ******************т итгэдэг байсан. Тэгээд 2023 оны 12 сард ****************** бид хоёр хамт байж байхад цагдаагийн газраас ****************** руу залгасан ба тэдгээр мөнгөнүүдийг хулгайн мөнгө байсан болохыг би мэдсэн. Тэгээд түүнээс хойш би ******************ийг хүнээс хулгай хийснийг мэдээд харилцаагаа тасалж, би түүнээс салахаар шийдсэн. Өмнө нь 2023 оны хавраас эхлээд 2024 оны 01 сар хүртэлх хугацаанд ****************** бид хоёр үерхэж, 2023 оны 7 сараас хойш хамт амьдардаг байсан. Одоогоор бид хоёр харилцаагаа тасалсан байгаа. Би ******************ийг миний дансыг ашиглаж хүнээс хулгай хийнэ гэж огт бодоогүй, мэдээгүй ба ****************** өөрөө төлөв даруу, зөв бодолтой, ажилсаг хичээнгүй залуу байсан болохоор би түүний хэлсэн үгэнд итгэдэг байсан. Би тэр талаар ******************тай ярилцахад тухайн мөнгөний эзний банкны нэвтрэх нэр нууц үгийг мэддэг байсан ба мөнгөний хэрэгцээ гарах болгонд хэлэхгүйгээр мөнгө аваад байсан, тэгээд бага багаар мөнгө авсаар байтал миний авсан мөнгө ихэссэн байсан, тэгээд тэр ахдаа үнэнээ хэлж чадаагүй гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

7. Хаан банк дахь Ц.******************ий эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “...иргэн Ц.******************ий ******************дугаартай данс руу 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн ******************гийн ******************, иргэн ******************ы ******************дугаар данснуудаас нийт 53 удаагийн гүйлгээгээр нийт 690,706 төгрөг орлогын гүйлгээ хийгдсэн” (хавтаст хэргийн 85-88 дахь тал),

 

8. Шүүгдэгч ******************ийн: “...Миний бие ****************** ахтай хамт ажиллаж байхдаа хаан банкны нууц хэрэг үгийг сольж өгөөд мэддэг болсон. Тэгээд хэсэг ажилгүй байж байхдаа мөнгөний хэрэг гарахаар нь ****************** ахын хаан банкаар орж үзтэл 2 ширхэг данс бүртгэлтэй байсан. Тэгэхээр зарлагын мэдээлэл очдог үйлчилгээг нь болиулж байгаад найз охин ******************гийн дансаар нийт 600 орчим төгрөг олон гүйлгээгээр авсан. Би энэ мөнгө авсан тухайгаа хохирогчид огт хэлээгүй. Миний бие энэ хэргийг өөрийн ухамсаргүйн үүднээс хийсэндээ харамсаж байна. Надад нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй бөгөөд надаас банкны нууц үг өөрчлөөд өгөөч гээд л гуйсан. Би нийт 54 удаагийн гүйлгээр мөнгө авсан. Яг хамгийн сүүлд хаана байснаа санахгүй байна. Миний зүгээс барагдуулсан зүйл байхгүй бөгөөд би ****************** ахтай эвлэрч ажил хийж өгөхөөр тохирсон байгаа…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 125 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иргэн ******************, ****************** нарын хохирсон асуудлын тухайд, хохирогч ****************** нь шүүгдэгч ******************ийг таньдаг төдийгүй хааяа хамтарч ажилладаг харилцаатай хүмүүс байх бөгөөд ****************** нь өөрийн интернэт банкны нууц үгийг мартсанаа сэргээлгэх,  хэрхэн солиулах талаар ******************аас асууж, нэвтрэх нэр, нууц үгээ солиулснаар шүүгдэгч ****************** нь хохирогчийн интернэт банкны мэдээллийг олж авсан, мэдсэн  байна. Хохирогч ****************** нь өөрийн эхнэр ******************тай харилцах дансаа холбуулснаар хэн алинд нь дансны мэдээллүүд харагддаг байсан төдийгүй шүүгдэгч ****************** нь хохирогч ******************ы интернет банк руу нэвтэрч орсноор түүнд хохирогч ****************** болон хохирогч ****************** нарын аль алины данснаас мөнгө шилжүүлэн авах боломж, нөхцөл нээгдсэн байх ажээ. Улмаар шүүгдэгч нь мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан үед хохирогч ******************, ******************гийн данснаас удаа дараагийн үйлдлээр увуулж цувуулж мөнгө шилжүүлэн авах бүртээ хохирогч нарт гүйлгээний мэдээллийг очихгүй, харагдахгүй болгож өөрчилснөөр хохирогч нар нь хэдийд ямар хэмжээний гүйлгээнүүд хийгдсэнийг хянах боломжгүй байдалд хүргэсэн байх ба шүүгдэгч ****************** нь тухайн мөнгийг өөрийн дансаар бус харин тухайн үед хамтран амьдарч байсан Ц.******************гийн дансаар шилжүүлэн авч байсан нь хохирогч нарын мэдүүлэг болон гэрч Ц.******************гийн мэдүүлэг, дээрх хүмүүсийн дансны хуулга зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч ******************ийн энэхүү хууль бус үйлдэл нь дараах нийлмэл гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэхээр байна. Тодруулбал,

Цахим аюулгүй байдал нь нууцлал,  бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал гэсэн 3 элементээс  бүрддэг. Нууцлал гэдэг нь хамгаалагдсан мэдээллийг  зөвшөөрөлгүйгээр  олж авахаас  сэргийлэх тухай ойлголт бол бүрэн бүтэн байдал  гэдэг нь нууц өгөгдөл, мэдээллийн бүрэн бүтэн байдал болон мэдээллийг зөвшөөрөлгүй этгээд өөрчлөхөөс  хамгаалахыг  хэлнэ.

Цахим орчин гэдэг нь мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломжийг олгож буй мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг хэлнэ гэж тодорхойлжээ.

Интернэт банк нь мэдээллийн системд хамаарах ба үүнд тусгай арга хэрэгслээр, нууцаар халдлага хийж нэвтэрсэн тохиолдолд кибер орчинд хууль бусаар халдсан, түүнд нэвтрэх нууц үгийг засварлаж өөр болгосон бол мэдээллийн агуулгыг хувиргаж өөрчилсөн гэж ойлгоно.

Интернэт банк хэрэглэгч нь тухайн мэдээллийн системд агуулагдсан хувийн мэдээлэл, орон зайг эзэмших эрхтэй бөгөөд кибер орчинд мэдээлэл эзэмших эрх, мэдээллийн сүлжээний аюулгүй байдалд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, мэдээлэл нэмж оруулсан, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хуулбарлаж авсан идэвхтэй үйлдэл хийгдсэнээр тухайн гэмт хэрэг төгссөн.

Шүүгдэгч ****************** нь бусдын интернэт банк руу хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж буй үйлдлийг үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч ******************ийн бусдын интернэт банк руу хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж буй үйлдлийг хулгайлах гэмт хэргийн нэг үндсэн шинж болох “нууцаар үйлдсэн” гэдэгт хамааруулан үзэх боломжгүй, харин тухайн үйлдэл нь  бие даасан өөр гэмт хэргийн шинжийг хангаж буй тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...шүүгдэгч ****************** нь хохирогчийн данснаас мөнгө шилжүүлэн авахдаа хохирогчид мэдэгдэхгүй байх зорилгоор мэдээллийг 1 удаа өөрчилсөн нь хулгайлах гэмт хэргийн нууцаар үйлдсэн гэдэгт хамаарна, иймээс Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн  зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгох” тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд прокуророос шүүгдэгч ******************т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тухайд,

Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

“Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч ****************** нь хохирогч ******************ы интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан нэвтэрч хохирогч ******************, ****************** нарын эзэмшлийн ХААН банкны ...дугаар бүхий данснаас нийт 690,706 төгрөгийг хохирогч нарт мэдэгдэлгүйгээр иргэн Ц.******************ий ******************дугаартай данс руу шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна.

 Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ******************ийн үйлдэл нь хохирогч ******************ы эзэмшлийн интернет банкийг ашиглан шунахай сэдэлтээр, хохирогч нарт мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хохирогч нарын холбосон данснаас нийт 690,706 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч ******************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь  сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч ****************** 370,830 төгрөгийн, хохирогч ****************** 319,876 төгрөгийн тус тус хохирол учруулсныг шүүгдэгч ****************** нь төлж барагдуулсан, цаашид төлөх төлбөргүй, улмаар хохирогч ******************, ****************** нар сэтгэцэд учирсан гэм хорын зардлыг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч нь “...шүүгдэгч ******************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх  зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 1 сар 5 хоногоор тогтоох тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч ******************ийн өмгөөлөгч Ц.Галбадрах: “...Шүүгдэгчид оногдуулах ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байх ёстой. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж харж байна.  Прокуророос санал болгож буй зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хүрээгээр тогтоож өгнө үү. Учир нь, ****************** нь Их засаг сургуульд ажилладаг ба нааш цааш явах ажил ихтэй байдаг тул энэ байдлыг харгалзан үзнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******************ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдаж, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”  гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.  Учир нь, шүүгдэгч ****************** нь давтамжтай байдлаар дээрх нэр бүхий хохирогч нарын интернет банк руу нэвтэрч мөнгө шилжүүлэн авч байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул түүний үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн байдал, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байдал, шүүгдэгч ******************ийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, оршин суугаа хаягаа өөрчлөх тохиолдолд эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, оршин суугаа хаягаа өөрчлөх тохиолдолд эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг 1 (нэг) жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч ******************т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын хүрээнд зорчих явах, амьдрах нөхцөл байдалтайгаар шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд нь тохирохгүйгээс гадна эрүүгийн хариуцлагын зорилгод үл нийцэх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “******************т оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хүрээгээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байгааг тэмдэглэв.

 

Шүүгдэгч ****************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****************** овогт ****************** ******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кебир орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, оршин суугаа хаягаа өөрчлөх тохиолдолд эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг 1 (нэг) жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, оршин суугаа хаягаа өөрчлөх тохиолдолд эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг 6 (зургаа) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ