Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/04021

 

2021 12 03 101/ШШ2021/04021

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг,*******,*******,*******, одоо Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,*******,,

хариуцагч- Хан-Уул дүүрэг,,,,

650,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хулан, хариуцагчийн төлөөлөгч Ж.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хос билгүүн эмнэлэгийн Батсайхан эмчид өмнөх давхарааг гоё болгох зорилгоор 2020 оны 7-р сарын 22-ны өдөр хандсан. Давхараа засуулах буюу арагш доошоо хавсарсан сэтгэлгээ хийлгэхээр хандаж, үйлчилгээний хөлс 650,000 төгрөгийг төлсөн. Хагалгааны явцад надад маш их тариа хийж, хараал хэлсэн, хагалгааны дараа өөрчлөлт ороогүй байсныг анзаарсан тул энэ эмчид удаа дараа гомдол гаргасан, 7 хоногийн дараа очиж үзүүлэхэд өөрчлөлт ороогүй байна гэснээр хоёр дахь хагалгааг маш сайн засаж өгье гээд 2020 оны 9-р сарын 2-ны өдөр хийлгэсний дараа 3 хоногийн дараа оёдол авахуулахад нүдэнд өөрчлөлт ороогүй байсан тул дахин гомдол гаргасан тул хүлээж аваагүй. 2 дах хагалгаа хийснээс хойш миний нүдэнд ямар ч өөрчлөлт гараагүй. Одоо амжилтгүй болсон хагалгааг Солонгос улсад очиж засуулахад 7-8 сая төгрөгийн зардал гарахаар байгаа тул энэ эмнэлэгт төлсөн 650,000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 7-р сарын 22-ны өдөр Баттулгын Хулан гэх үйлчлүүлэгч манай эмнэлэгт ирж урьд өмнө нь хийлгэсэн байсан хоёр нүдний давхрааг засуулах, зовхины гадагш сэтэлгээ хийлгэх хүсэлт гаргаснаар эмнэлгийн зүгээс мэс заслын өмнөх үзлэгийг хийж, хагалгааны талаарх мэдээлэл, эерэг болон сөрөг үр дагавар гарч болзошгүй хүндрэлийн талаар үйлчүүлэгчид нарийвчлан тайлбарлаж өгсөн. Үйлчлүүлэг Хулан нь өөрөө хөндлөнгийн нөлөөгүйгээр сайн дурын үндсэн дээр хагалгаанд орохыг зөвшөөрч, зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурснаар тухайн мэс заслыг хийсэн болно. Хагалгааны өмнөх үзлэгээр дээд зовхины арьс унжилттай, ухархайн ирмэг яс болон нүдний гадаад өнцөг хоёрын хооронд 5 мм зайтай, хуучин давхраа хийсэн сорвитой, нүдний босоо тэнхлэг 8 мм нүдний дотор болон гадна өнцөгийн хооронд буюу нүдний нийт урт нь 27 мм бөөрөнхий хэлбэртэй нүд байсан. Хуланд хоёр төрлийн хавсарсан хагалгаа хийсэн, хуучин хийлгэсэн давхарааг өндөр болгож, дээш татаж, илүүдэл арьсыг авсан талаар Хуланд үзүүлсэн.

Дараагийн хагалгааг хийхдээ журмын дагуу явц хүндрэлийг диталчилан бичдэг тул ямар хагалгаа хийсэн талаар бичиж, танилцуулснаар Хулан гарын үсэг зурсан. Мөн зовхины арьс татах үйлчилгээ хийсэн. Б.Хулан нь нүдээ том, урт болгох зорилготой ирсэн тул сэтлэх хагалгааг хийхийг зөвшөөрсөн. Ингээд хагалгаанд орсноос хойш 8 хоногийн дараа утсаа авч, түүнээс хойш 1 сарын хугацаанд Хулангийн царайг хараагүй.

Би ээлжийн амралтаа авч хөдөө явсан байхад миний фэйсбүүк хаягаар Хулан намайг доромжилж хандсан мессеж захиа илгээж сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлсэн тул намайг ажилдаа орохоор ирээрэй гэдгийг хэлсэн. Хулангийн ярьж хэлээд байгаа шиг зүйл огт болоогүй. Ингээд бид 2020-9-2-нд уулзаж үзэхэд хажуу талын сэтгэлгээ нь ухархайн ясны эрмэгт нүдний гадаад өнцөгийн бүтэц байгаа, сорив үүссэн, нүдний уртын хэмжээ хэвэндээ орсон, хажуу талын ясны гадна арьсанд барьж оёсон даралтад оёдол тавьсан байсан тул дахин засаж өгөх болсон.

Өөрөөр хэлбэл эвдэрсэн зүйлийг засаж өгье гэж хэлсэн. Тэрхүү оёдол тавигдсан нь миний буруутай үйлдлээс болоогүй, оёдол задалсан тохиолдолд мөнгө авалгүйгээр засаж өгдөг, дахин сэтэлээд оёдлоо тавиулсан учир 14 хонож байгаад оёдолоо авсан, давхараа зассан оёдол нь хэвийн эдгэрэлттэй байсан, хажуу талын сэтгэлгээний оёдол задарсан болохыг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн, шинэхэн хагалгаа хавантай, улаан байсан, тэр өдрөөс хойш нэхэмжлэгч Хулантай дахин уулзаж байгаагүй. Иймэрхүү төрлийн хагалгааны 65 хувь мэс ажилбар байдаг бол үлдсэн хувь нь арьчилгаа, үзлэг оношлогоо хийгддэг байгаа.

Мөн арьсны зүслэг 6-12 сарын дараа эдгэрдэг тул нэхэмжлэгч Б.Хуланд энэ бүгдийг танилцуулж, өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан. Ингээд хоёр хагалгаанд орсноос хойш Хулантай дахиж уулзаж, эмнэлгээр ирж үйлчлүүлээгүй. Гэтэл сая шүүхэд хандсан талаар шүүхээс дуудахад л мэдсэн. Үйлчлүүлэгч эмчээ өөрөө сонгож ирсэн, эмч хүн хүний үгэнд орж хүний биеийн анатом бүтэцэд өөрчлөлт оруулах эрхгүй. Хэрвээ нэхэмжлэгчийн хүссэнээр 2,5 мм сэтгэлгээ хийлгэсэн тохиолдолд доод зових нь доошоо буюу гадагш эргээд нүд дорвоочихдог, нүүрний тэгш хэмийг алдагдуулдаг хэт их сэтгэлгээ хийх боломжгүй. Иргэн юу хүсэх нь хамаагүй, гагцхүү хагалгааны дараа ийм болно гэдгийг хэлж тайлбарлаж өгснөөр гарын үсэг зуруулсан. Сүүлийн 9-р сарын 2-ны хагалгааны оёдолыг 9-р сарын 16-нд авахад нэхэмжлэгчийн нүдний хэмжээ 27 мм байсан нь 31 мм болсон байсан. Өвчтөн өөрөө эмчид үзүүлэх үүрэгтэй байсан, мөн өвчтөнийг фэйсбүүкээр үзэх боломжгүй. Соривжилт үүссэн байж болно, хутгаар зүсээд утсаар оёсон сорив үүссэн хэзээ ч толигор болдоггүй, нэхэмжлэгчийн нүдийг харахад бомбоосон соривжилт үүссэн гэж харагдахааргүй байна. Анатом бүтэц эвдэж, нүдэнд эмгэг байдал үүсгэсэн зүйл байхгүй, анатом бүтэцийн гэмтэл учруулсан зүйл байхгүй, хүний арьсны онцлогоос бүх зүйл шалтгаална, өмнөх оёуулсан давхрааг дахин оёдол хийлгэсэн, бодит анатомын байдлаа нэхэмжлэгч хэтрүүлэн төсөөлсөн байх.

Тиймээс давхараа засах нь 400,000 төгрөг, сэтэлгээ нь 250,000 төгрөг болсон. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар доошоо хажуу тийш нь сэтэлээд давхараа засаад мөнгө авсан гэж яриад байгаа зүйл байхгүй. Төлбөр төлсөн баримт дээр нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурсан. Эвлэрье гэсэн бол надад эвлэрэх боломжтой, нэхэмжлэгч надтай ярилцах боломжгүй гэж байгаа бол ойлгоно. Тиймээс шүүхээр шийдвэрлүүлье гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Хулан нь хариуцагч Жирфалкон ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өмнөх давхарааг засуулах, нүдээ том болгох зорилгоор арагш, доош хавсарсан сэтэлгээ бүхий гоо сайханы мэс ажилбар хийлгэснээр нүдэнд ямар ч өөрчлөлт гараагүй тул үйлчилгээний хөлсөнд төлсөн 650,000 төгрөгийг буцаан гаргуулах гэж тодорхойлсон.

 

Хариуцагч тал ...үйлчлүүлэгч эмчээ өөрөө сонгож ирсэн, эмч хүн үйлчилгээ авах гэж буй иргэний үгэнд орж хүний биеийн анатом бүтэцэд өөрчлөлт оруулах эрхгүй. Хэрвээ нэхэмжлэгчийн хүссэнээр 2,5 мм сэтэлгээ хийсэн тохиолдолд доод зових нь доошоо буюу гадагш эргээд нүд дорвоочихдог, нүүрний тэгш хэмийг алдагдуулдаг, үйлчилгээ авч буй иргэнд хагалгааны дараа ийм болно гэдгийг хэлж тайлбарлаж өгснөөр үйлчлүүлэгч гарын үсэг зурсан, хүний арьсыг хутгаар зүсэж утсаар оёж байгаа тул сорив үүснэ, хэзээ ч толигор болдоггүй, нэхэмжлэгчийн нүдийг харахад бомбоосон соривжилт үүссэн гэж харагдахааргүй, анатом бүтэц эвдэж, нүдэнд эмгэг байдал үүсгэсэн зүйл байхгүй, анатом бүтэцийн гэмтэл учруулсан зүйл байхгүй. Давхараа засахад 400,000 төгрөг, сэтэлгээ хийхэд 250,000 төгрөг болсон гэж тайлбарлаж, 2020-9-2-ны өдрийн хагалгаа хийлгэснээс хойш нэхэмжлэгч Б.Хулан дахин ирж үзүүлээгүй тул 250,000 төгрөгт эвлэрэх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нүдний зовхины хагалгаанд орсон Б.Хулангийн товч анкет 2020 оны 7-р сарын 22-ны өдөр хөтлөгдсөн, түүнд нэхэмжлэгч гарын үсэг зурсан, санал болгож буй мэс засал ажилбарын нэр хэсэгт гадагш доош сэтэлгээ, давхраа засвар гэж бичигдсэн, мэс ажилбарын өмнөх болон дараах тэмдэглэл 2020-7-22-ны өдрийн огноотой /хх-32, 34/,

2020 оны 9-р сарын 2-ны өдрийн товч анкетад мөн Хулан гэж гарын үсэг зурж, санал болгож буй мэс засал ажилбарын нэр хэсэгт 2020-7-22-нд гадагш доош сэтэлгээ, давхраа засвар хийлгэсэн, гадна сэтэлгээний оёдол мултарсан тул гадна сэтэлгээг сэргээх мэс засал дахин хийж байна гэж бичигдсэн /хх-33/ байна.

 

Мөн бэлэн мөнгөний 650,000 төгрөгийн орлогын баримт нь 2020-7-22-ны өдрийн огноотой байх бөгөөд нэхэмжлэгч Б.Хулан нь хариуцагч Жирфалкон ХХК-ийн Хос билгүүн нүдний эмнэлэгээр үйлчлүүлж үйлчилгээ авсан, үйлчилгээний төлбөрт 650,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар болон хариуцагч компани нүдний эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг талаар зохигчид маргаагүй.

 

Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд уг гэрээний үр дүн нь хөдөлмөрлөж байгаа процесс байдаг бол хөлс нь хөдөлмөрлөсний өртөг буюу хөлс юм.

 

Тиймээс гэрээгээр тохиролцоогүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д зохицуулсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн нүдний давхараа засах үйлчилгээнд 400,000 төгрөг, нүдний сэтэлгээ хийх үйлчилгээнд 250,000 төгрөг, нийт 650.000 төгрөгөөр гүйцэтгэсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дээрх бичгийн баримтаар нотлогдож байна.

 

Зохигчийн байгуулсан гэрээний субъект болон гэрээний агуулга, гэрээний хэлбэр болон гэрээ байгуулах зорилго түүний илэрхийлэл буюу субъектив шинжийн хувьд хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг өмнөх давхарааг засуулах, нүдээ том болгох зорилгоор арагш, доош хавсарсан сэтэлгээ бүхий гоо сайханы мэс ажилбар хийлгэснээр нүдэнд ямар ч өөрчлөлт гараагүй тул гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулна гэж тодорхойлохоор байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан боловч зохигчдын хэн алиных нь тайлбараар хариуцагч үүргийн зөрчил гаргасан буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирол шаардах эрхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нүднийхээ давхарааг засуулсан болон нүдээ том болгохоор зорилгоор хийлгэсэн сэтэлгээ нь өөрт таалагдаагүй, хэтэрхий их соривжилт үүссэн гэх үндэслэлээр үйлчилгээний хөлсөнд төлсөн төлбөрийг буцаан шаардаж буй шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Иймд дурдсан үндэслэлээр хариуцагчаас 650,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 20,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Жирфалкон ХХК-иас 650,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Хулангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ