Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/00589

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг,*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,

22,189,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Батсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

 

Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас тулгат цамхаг ХХК нь хариуцагч Хас эрдэнэ роуд ХХК-нд холбогдуулан бараа материал худалдан авах гэрээний үүргээ зөрчсөнөөс нийлүүлээгүй бараа материалын үнэ болох 22,189,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хас эрдэнэ роуд ХХК нь бараа материал худалдан авах гэрээний дагуу нийт 60,040,000 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материалыг манай компанид нийлүүлэх үүрэгтэй байснаас 25,810,300 төгрөгийн бараа материалыг хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 22,189,700 төгрөгийн бараа материалыг одоо болтол хүлээлгэн өгөөгүй байгаа.

Дээрх 60,040,000 төгрөгийн гэрээний үүргээ манай компани биелүүлэхдээ хариуцагч компаний захирал Батжаргалын нэрлэн заасан хүн рүү 28,000,000 төгрөгийн үнэ бүхий 84-23 УАА улсын дугаартай улаан хүрэн өнгөтэй, Toyota Vanguard маркийн автомашин, 20,000,000 төгрөгийн үнэ бүхий 49-70 УНИ улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй Toyota sai маркийн автомашиныг тус тус шилжүүлж өгсөн.

Харин манай компаний гэрээний үүрэгт бэлнээр төлөх 12,000,000 төгрөгийн төлбөрөө төлөөгүй байсан тул 48,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг шилжүүлсэн боловч 22,189,700 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хүлээн аваагүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс Хас эрдэнэ роуд ХХК-ийн 2020-9-9-ний өдрийн 1,257,000 төгрөг, 2020-8-28-ны өдрийн 7,581,000 төгрөг, 2020-8-26-ны өдрийн 2,050,000 төгрөг, 2020-8-25-ны өдрийн 30,000 төгрөг, 6,663,800 төгрөг, 2020-8-20-ны өдрийн 3,054,500 төгрөг, 2020-08-18-ны өдрийн 3,249,000 төгрөг, 2021-01-15-ны өдрийн 1,185,000 төгрөг, 2020-12-22-ны өдрийн 240,000 төгрөг, 2020-10-27-ны өдрийн 13,000 төгрөг, 2020-10-24-ний өдрийн 487,000 төгрөгийн дүн бүхий зарлагын баримтууд /хх-5-15/, Хас тулгат цамхаг ХХК, Хас Эрдэнэ роуд ХХК нарын хооронд 2020-8-27-ны өдөр байгуулагдсан бараа материал худалдан авах 20/32 дугаартай гэрээ /хх-16-20/, БСБ финанс ББСБ-н О.Батсүрэн нь 49-70 УНИ улсын дугаартай автомашиныг барьцаалан зээл авсан, зээлээ төлж барагдуулаад уг автомашиныг Б.Анхбаярын нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан тухай албан бичиг /хх-45/, 49-70 УНИ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр Б.Анхбаяр бүртгэгдсэн тухай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-48/, 84-23 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчдийн лавлагаа, дугаар өөрчилсөн талаарх лавлагаа /хх-47/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Хас тулгат цамхаг ХХК нь хариуцагч Хас Эрдэнэ роуд ХХК-нд холбогдуулан 2020 оны 8-р сарын 27-ны өдөр байгуулсан бараа материал худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 22,189,700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч компаний 6073166 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар томилогдсон гэж бүртгэгдсэн Ж.Батжаргалд шүүх 2021 оны 12-р сарын 2-ны өдөр гардуулан өгсөн байна /хх-33/.

 

Мөн өдөр хариуцагчийн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-34/ боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг 88062697 дугаарын утас руу 2022-01-13, 2022-01-25-ны өдрүүдэд залгаж мэдэгдсэн, нэхэмжлэл гардаж авсан хаягаар хүргэгдсэн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт баталгаат шууданд буцаагдсан төлөвтэй гэх хариуг өгснөөр хариуцагчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч Хас эрдэнэ роуд ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх болно.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ж.Батжаргалд түүний шүүхэд мэдэгдсэн утсаар шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдэж, баталгаажуулсан, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Зохигчдын хооронд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 20/32 дугаартай бараа материал худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан, нэхэмжлэгч Хас тулгат цамхаг ХХК нь худалдан авагч, хариуцагч Хас эрдэнэ роуд ХХК нь ханган нийлүүлэгчээр оролцохоор тохирсон байна.

 

Дээрх гэрээний 1.1-д ханган нийлүүлэгч нь худалдан авагчийн ажил гүйцэтгэж буй Жаргалант хаус хотхоны С2 загварын 509, 510, 511, 512 тоотын дотор заслын материал ханган нийлүүлэх, гэрээний ажлын нөхцөлийг хавсралт 1-р тохирох, гэрээний хавсралт 1-д гэрээний нийт үнийг 60,040,000 төгрөг гэж, үүнээс бартерт 48,000,000 төгрөгийн үнэ бүхийн Toyota Vanguard, Toyota Sai маркийн 2 ширхэг автомашин, үлдэгдэл 12,040,000 төгрөг бэлнээр тооцох гэж тохиролцжээ /хх-16-19/.

 

Талуудын байгуулсан гэрээний дагуу зарлагын баримтаар нийт 25,810,3000 төгрөгийн бараа материал хүлээн авсан болохыг, бартерт 84-23 УАА улсын дугаартай улаан хүрэн өнгөтэй, Toyota Vanguard маркийн автомашин, 20,000,000 төгрөгийн үнэ бүхий 49-70 УНИ улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй Toyota sai маркийн автомашиныг тус тус шилжүүлсэн болохыг нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь барилгын дотор заслын 60,040,000 төгрөгийн бараа материалыг нэхэмжлэгчид бэлнэ нийлүүлэх, нэхэмжлэгч нь 48,000,000 төгрөгийн үнэ бүхий хоёр автомашиныг шилжүүлж, 12,040,000 төгрөгийг бэлнээр төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

 

Гэтэл хариуцагч Хас Эрдэнэ роуд ХХК нь 25,810,300 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн талаар нэхэмжлэлд дурдсан байх боловч хариуцагчийн зүгээс дээрх гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэгэн тайлбарыг шүүхэд гаргаагүй ба нэхэмжлэгч тал 2021 оны 11р сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгчээс шаардлагаа бараа материал худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг гэж тодорхойлсон тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчимтай тул дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Хас эрдэнэ роуд ХХК-иас 22,189,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 268,898.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 268,898.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Хас эрдэнэ роуд ХХК-иас 22,189,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас тулгат цамхаг ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 268,898.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хас эрдэнэ роуд ХХК-иас 268,898.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас тулгат цамхаг ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ