Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/01602

 

2022 04 08 101/ШШ2022/01602

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Тайм таур 219 байрны 42 тоотод оршин суух, Сарлагт овогт Цагааншүхэр Сарантуяа /ТЖ79112161/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс дундгол гудамж 30а байр 76 тоотод оршин суух, Цагаандай овогт Хөххүү Цогт-Очир /ЧЕ81082014/-д холбогдох,

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, нэмэлт зардал 1,705,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Сарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

Хариуцагч Х.Цогт-Очир хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Сарантуяа нь хариуцагч Х.Цогт-Очирт холбогдуулан 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Ц.Тэнүүнд тэтгэлэг тогтоолгох, сургалтын нэмэлт зардалд 1,705,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Х.Цогт-Очиртой 2007 онд танилцаж, хамт амьдарснаар хүү Ц.Тэнүүн төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2014 оноос тусдаа амьдарч, хүү Тэнүүн миний асрамжид өсөж, хүмүүжиж байна. Тусдаа амьдарсан хугацаанд Х.Цогт-Очир нь хүүхдийг тэжээн тэтгэх, өсгөж хүмүүжүүлэхэд оролцоогүй, ямар ч дэмжлэг үзүүлээгүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох. Ковидын нөхцөл байдал үүсэж сургууль танхимаар хичээлээгүй удсантай холбоотой хүү Ц.Тэнүүний хичээлийн хоцрогдол арилгах зорилгоор Цөм сургалтын төвд суралцуулсан зардал 580,000 төгрөг, энэ хичээлийн жилийн 4 дгээр улиралаас хүү Ц.Тэнүүнийг лицей сургуульд суралцуулахаар болсон тул 4 дүгээр улиралын сургалтын төлбөрт 1,125,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа танилцсан цаг хугацаа, хүүхдүүд төрсөн цаг хугацаанд маргахгүй. Бид 2014 оноос тусдаа амьдарсан, хүүхэд ээжийнхээ асрамжид байсан тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нөхөн төлбөрийг зөвшөөрөхгүй байна. Бид тусдаа амьдарснаар би энэ хаягтаа амьдарч байсан, миний ах дүүсийн ажил албан тушаалыг мэдэж байсан хэрнээ тухайн цаг хугацаандаа хуулийн байгууллагад хандах эрхтэй байсан. Сургалтын төлбөрийг талсан талаарх баримтгүй байна, нотолгоо байхгүй байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн 26-р хорооны засаг даргын тодорхойлолт, Ц.Тэнүүн 8-р ангид суралцдаг тухай сургуулийн тодорхойлолт, Ц.Тэнүүн эрүүл бойжиж буй талаарх тодорхойлолт, Ц.Тэнүүн 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн тухай төрсний гэрчилгээний хуулбар, Их засаг лицей сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн 4-р улирлын сургалтын төлбөр 1,125,000 төгрөг болно гэсэн тодорхойлолт, Цөм сургалтын төв, Ц.Тэнүүн нарын хооронд байгуулсан сургалтын гэрээ, Цөм сургалт судалгааны төвийн Ц.Тэнүүн 580,000 төгрөг төлсөн үнэн болно гэх тодорхойлолт, 2022-2-13-ны өдрийн 580,000 төгрөгийн орлогын падаан зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

1. Нэхэмжлэгч Ц.Сарантуяа нь хариуцагч Х.Цогт-Очирт холбогдуулан хүү Ц.Тэнүүнд тэтгэлэг тогтоолгох, сургалтын нэмэлт зардалд 1,705,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, энэхүү шаардлагын үндэслэлээ 2014 оноос тусдаа амьдарч, коронавирусын цар тахал гарснаар танхимаар сургууль хичээлээгүйтэй холбоотой хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгахаар сургалтанд хамруулсан, хүүхдийн өөрийнх нь сонгосон лицей сургуульд суралцуулах болсон гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, сургалтын нэмэлт зардлын талаар нотлогдохгүй байна гэж татгалзсан тайлбарыг гаргасан байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Тэнүүний 0154544 Г-1622 дугаартай төрсний гэрчилгээнд эцэг нь хариуцагч Х.Цогт-Очир, эх нь нэхэмжлэгч Ц.Сарантуяа гэж бүртгэгдсэн, хариуцагч тал маргаагүй.

 

4. Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Ц.Тэнүүн эхийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, маргаагүй бөгөөд хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Х.Цогт-Очироос хүү Ц.Тэнүүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр байна.

 

6. Мөн хүүхдийн эцэг, эх тусдаа амьдарсан ч үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг хэн алинд нь хэвээр үлддэг бөгөөд эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг болохыг нэхэмжлэгч Ц.Сарантуяа, хариуцагч Х.Цогт-Очир нарт 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

7. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эцэг, эх байх үүргээ биелүүлж, хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ц.Сарантуяа, хариуцагч Х.Цогт-Очир нарт даалгах нь зүйтэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.Сарантуяад даалгаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулах, 38.7-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэх, асрамжийн талаар хариуцагч нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдав.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан. 

 

10. Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахалын улмаас улсын хэмжээнд хөл хорио тогтоож, үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосноор сургууль танхимаар хичээлээгүйтэй холбоотой нэхэмжлэгч нь хүү Ц.Тэнүүнд хичээлийн хоцрогдол арилгах нэмэлт сургалтад хамруулж, 580,000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул зохигчийн хүү Ц.Тэнүүний Цөм сургалтын төвд хамрагдсан сургалтын төлбөрийн 50 хувь болох 290,00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

11. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

12. Харин Их засаг лицей сургуульд 2021-2022 оны хичээлийн жилийн 4-р улиралд суралцахад төлөх 1,125,000 төгрөгийн зардал нь зайлшгүй гарах зардалд хамаарахгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс бодитоор гарсан зардал болох нь тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,220 /70,200+25,010+25,010/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 47,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс илүү төлсөн 32,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Ц.Тэнүүнийг 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Цагаандай овогт Хөххүү Цогт-Очир /ЧЕ81082014/-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Ц.Сарантуяад даалгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахаар, хуулийн 38.7-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэхээр хариуцагч Х.Цогт-Очир шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ц.Сарантуяа, хариуцагч Х.Цогт-Очир нарт үүрэг болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Цогт-Очироос 290,000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Сарантуяад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,415,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Цогт-Очироос 47,350 төгрөгийг гаргуулан,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын төвсийн орлогоос илүү төлсөн 32,200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Сарантуяад олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ