Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/04336

 

2021 12 21

101/ШШ2021/04336

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,

хариуцагч- Хан-Уул дүүрэг,,,нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 112,974,470.49 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунтунгалаг, хариуцагч Х.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Х.Хүрэлбаатарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 112,974,470.49 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд

500 292 9312 дугаартай зээлийн шугамын гэрээг 2019-6-14-ний өдөр байгуулж, хариуцагч Х.Хүрэлбаатарт 97 сая төгрөгийн зээлийг 365 хоногт жилийн 24 хувийн тогтмол хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2,4 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэгч Х.Хүрэлбаатарын 500 292 9312 тоот зээлийн шугамын дансанд 2019-6-17-ны өдөр 97,000,000 төгрөгийг шилжүүлж олгосон.

Зээлдэгч гэрээний хугацаанд хүүд 29,820,143.91 төгрөг, үүрэг хүлээсэн шимтгэлд 73,557.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 73,713.47 төгрөг төлсөн. Зээлдэгч нь гэрээний дагуу зээлээ төлөөгүй, 2020-11-16-ны өдрөөс хойш 142 хоногийн хугацааг хэтрүүлсэн тул банкны зүгээс төлөгдөөгүй үндсэн зээлд 97,000,000 төгрөг, 2021-11-2-ны өдрийн байдлаарх хүү 24,482,143 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,798,619 төгрөг, нийт 123,280,762 төгрөгийг хариуцагч Х.Хүрэлбаатараас гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч Х.Хүрэлбаатар нь уг зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч Б.Бэхбатын өмчлөлийн хөрөнгө буюу барьцааны гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, нэгж талбарын 18636314191539 дугаартай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201001679 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхтэй газар, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037481 дугаарт бүртгэгдсэн, 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 28А тоотод байрлах, нэгж талбарын 1802400550 дугаартай, 602 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй газар, хариуцагч Х.Хүрэлбаатарын өмчлөлийн 99-93 УНА улсын дугаартай, Ford Explorer маркийн суудлын зориулалттай автомашин зэргээр зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч Х.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Бэхбатын гуйлт, хүсэлтээр Хас банктай гэрээ байгуулж, Бэхбатын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан. Хас банкнаас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн 97,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг Х.Хүрэлбаатарын нэр дээр нээсэн 5002929312 тоот данс руу шилжүүлсэн бөгөөд Х.Хүрэлбатаар нь тухайн өдөр Хэнтий аймагт ажлаар явж байсан тул Б.Бэхбатын хүсэлтээр түүний эхнэр Ж.Хонгорзулын Хас банкны 5002468299 тоот данс руу 97,000,000 төгрөгийг бүтнээр нь шилжүүлэн өгсөн.

Б.Бэхбат нь анх 2019 оны 05 дугаар сард өөрийн нэрээр зээл гарах боломжгүй болсон тул Х.Хүрэлбаатарыг өөрийн нэр дээр зээл авч өгөхийг, барьцаа хөрөнгөө өөрөө гаргах болон зээлийн төлбөрийг өөрөө төлж барагдуулах саналыг гаргаснаар эхнэр Хонгорзулын эзэмшлийн Ford Explorerer маркийн 99-93 УНА улсын дугаартай суудлын автомашиныг хариуцагч Х.Хүрэлбаатарын нэр дээр шилжүүлж өгсөн байдаг. Х.Хүрэлбаатар нь Хас банкнаас олгосон зээлийн 97,000,000 төгрөгөөс өөртөө нэг ч төгрөг авч ашиглаагүй. Мөн зээлийн хүү, үүрэг хүлээсний шимтгэл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй, эдгээр төлбөрийг хариуцагч Б.Бэхбат төлсөн байдаг. Тиймээс Хас банкны нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн тооцоог сайн мэдэхгүй байна.

Хас банкны Х.Хүрэлбаатарын нэр дээр нээсэн зээлийн дансны гүйлгээ хийх эрхийг Б.Бэхбатад шилжүүлж өгсөн тул интернет гүйлгээг Б.Бэхбат хийсэн байх. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Бэхбат нь тухайн зээлийн дансаар 60,000,000 төгрөгийг бэлнээр авах хэрэгцээ шаардлага гарсан гэх тул тухайн өдөр 5002929312 тоот зээлийн данснаас 60,000,000 төгрөгийг бэлнээр авч эхнэр Хонгорзулын Хас банкны 5002468299 тоот данс руу 60,000,000 төгрөгийг бүтнээр нь шилжүүлсэн байдаг. Х.Хүрэлбаатарт Хас банкнаас зээлээ төлөхийг шаардсан нэхэмжлэл ирэхэд зээлээ төлж барагдуулахыг Б.Бэхбатаас удаа дараа шаардсан боловч төлөөгүй өдийг хүрсэн тул эдгээр үйл баримт нь тогтоогдох байх гэж бодож байна.

99-93 УНА улсын дугаартай автомашин нь хариуцагч Х.Хүрэлбаатарын нэр дээр байгаа гэх боловч хариуцагч Б.Бэхбат өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Б.Бэхбат 2021 оны 12-р сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Би тус дүүргийн шүүхээс Хас банкны нэхэмжлэлтэй Хүрэлбаатарын хэрэгт шууд хариуцагчаар оролцуулах шийдвэр гаргаад байгааг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд барьцаа хөрөнгийн эзний хувиар гуравдагч этгээд болж өөрийн хөрөнгийн эрх ашгийг хамгаалах ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс 2019 оны 6-р сарын 14-ний өдрийн зээлийн шугамын 5002929312 дугаартай гэрээ /хх-11-13/, 5002929312-01, 5002929312-02 дугаартай барьцааны гэрээ /хх-14-16, 18-21/, барьцаа хөрөнгийн жагсаалт /хх-17/, хариуцагч Б.Бэхбатын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, нэгж талбарын 18636314191539 дугаартай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201001679 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхтэй газрын гэрчилгээ /хх-22/, Б.Бэхбатын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037481 дугаарт бүртгэгдсэн, 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-23/, Б.Бэхбатын нэр дээрх Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 28А тоотод байрлах, нэгж талбарын 1802400550 дугаартай, 602 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн 000009376 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-24/, иргэн Ч.Бямбаагийн Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Ногоочин 4-р гудамжны 21А тоотод байрлах, нэгж талбарын 1802403148 дугаартай, 345 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн 000010837 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-25/, иргэн Ч.Бямбаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Ногоочин 4-р гудамжны 21А тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201054709 дугаарт бүртгэгдсэн, 63,5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-26/, хариуцагч Х.Хүрэлбаатарын өмчлөлд бүртгэлтэй 99-93 УНА улсын дугаартай, Ford Explorer маркийн суудлын зориулалттай автомашины техникийн тодорхойлолт /хх-27/, Х.Хүрэлбаатарын Хас банкны 5002929312 дугаартай дансны хуулга /хх-28, 51-52, 65-66/, Хас банкны 1370029481 дугаартай дансны хуулга /хх-29, 53-54, 67-68, 139/ зэрэг баримтуудыг,

хариуцагч Х.Хүрэлбаатараас 2019-9-10-ны өдрийн 60,000,000 төгрөгийн Хас банкны орлогын баримт /хх-39/, 2019-9-10-ны өдрийн 60,000,000 төгрөгийн Хас банкны зарлагын баримт /хх-40/, 2019-6-17-ны өдрийн 97,000,000 төгрөгийн Хас банкны зарлагын баримт /хх-41/, 2019-6-17-ны өдрийн 97,000,000 төгрөгийн Хас банкны орлогын баримт /хх-42/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-79/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлээс 112,974,470.49 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 10,306,291.51 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Х.Хүрэлбаатартай 2019 оны 06-р сарын 14-ний өдөр 5002929312 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж, 97,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 365 хоногт жилийн 24 хувийн тогтмол хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2,4 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй байхаар зээлдүүлсэн байна.

 

Дээрх зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд хариуцагч Б.Бэхбатын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, нэгж талбарын 18636314191539 дугаартай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201001679 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхтэй газар, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037481 дугаарт бүртгэгдсэн, 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 28А тоотод байрлах, нэгж талбарын 1802400550 дугаартай, 602 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй газар,

иргэн Ч.Бямбаагийн нэр дээрх Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Ногоочин 4-р гудамжны 21А тоотод байрлах, нэгж талбарын 1802403148 дугаартай, 345 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй газар, иргэн Ч.Бямбаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Ногоочин 4-р гудамжны 21А тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201054709 дугаарт бүртгэгдсэн, 63,5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

хариуцагч Х.Хүрэлбаатарын өмчлөлийн 99-93 УНА улсын дугаартай, Ford Explorer маркийн суудлын зориулалттай автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байх бөгөөд дээрх барьцааны гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна /хх-14-16, 18-20/.

 

Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй гэж, мөн 35.3.6-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх гэж, 38 дугаар зүйлийн 38.5-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус зааснаар хариуцагч Б.Бэхбат, иргэн Ч.Бямбаа нарын нэр дээрх эзэмшлийн газар эзэмших эрхийг барьцаалах тухай гэрээг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд бүртгүүлсэн байна /хх-16, 17/.

 

Зохигчид дээрх зээлийн шугамын гэрээний мөнгөн хөрөнгө болох 97,000,000 төгрөгийг хүлээн авсан болон зээлийн, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тус тус маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлно.

 

Тиймээс зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч Х.Хүрэлбаатарт 97,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 365 хоногт жилийн 24 хувийн тогтмол хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2,4 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, зээлийн шугамын эрх нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор нээгдэж, зээлийн шугамын эрх нээсэн өдрөөс эхлэн тооцох бөгөөд энэхүү хугацааны эцэст гэрээний хугацаа дуусгавар болохоор, гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, үндсэн хүү, үүрэг хүлээсний шимтгэл, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, зээлдэгч энэхүү гэрэний хугацаанд зээл авах, эргэн төлөх харилцааг хэдэн ч удаа үүсгэж болох ба зээлдэгчийн ашиглсан зээлийн үлдэгдэл энэхүү гэрээний 1.1, 1.3-т заасан хэмжээнээс илүүгүй байхаар гэрээний талууд тохирчээ.

 

Талууд гэрээг 2019 оны 6-р сарын 14-ний өдөр байгуулж, хариуцагч Х.Хүрэлбаатарын Хас банкны 5002929312 тоот данснаас 2019-6-17-ны өдөр 97,000,000 төгрөгийн бэлэн зарлага гарч /хх-28, 41/, Х.Хүрэлбаатар нь тухайн өдрөө Янжив Хонгорзул гэх иргэний данс руу 97,000,000 төгрөгийг бэлэн орлого гүйлгээний утгаар шилжүүлсэн /хх-42/ байх тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн хариуцагч Х.Хүрэлбаатарт үүрэг үүссэн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан.

 

Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул хариуцагч Х.Хүрэлбаатар нь гэрээний хугацаанд зээлийн хүүд 29,820,143.91 төгрөг, үүрэг хүлээсэн шимтгэлд 73,557.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 73,713.47 төгрөгийг тус тус төлсөн болохыг нэхэмжлэгч тал тайлбарлаж, нотлох баримтаар 5002929312 дугаартай дансны хуулга гаргасныг хариуцагч Х.Хүрэлбаатар үгүйсгэж, маргаагүй тул тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хариуцагч Х.Хүрэлбаатар нь дээрх зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө болох 97,000,000 төгрөгийг өөрөө захиран зарцуулж, ашиглаагүй, хариуцагч Б.Бэхбатын эхнэр Я.Хонгорзулын данс руу шилжүүлсэн гэж татгалзсан тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Х.Хүрэлбаатарын зээлийн 5002929312 тоот шугам дансны хуулгаас үзэхэд гэрээний хугацаанд 2019-7-31-нд 1,000,000 төгрөг, 2019-8-19-нд 3,000,000 төгрөг, 2019-8-19-нд 50,000,000 төгрөг, 2019-9-5-нд 45,000,000 төгрөг, 2019-10-31-нд 1,400,000 төгрөг, 2019-11-12-нд 300,000 төгрөг, 2019-11-30-нд 2,000,000 төгрөг, 2019-12-30-нд 2,000,000 төгрөг, 2020-4-12-нд 750,000 төгрөг, 2020-4-12-нд 2,500,000 төгрөг, 2020-4-27-нд 1,000,000 төгрөг, 2020-4-30-нд 1,200,000 төгрөгийн орлогын гүйлгээг Бэхбатаас, Цэндсүрэнгээс, Хүрэлбаатараас, Наранхүүгээс гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн байна /хх-28, 51, 66/.

 

Дээрх дансанд орсон орлогоос 2019-8-19-нд 1,000,000 төгрөг, 2019-8-28-нд 2,500,000 төгрөг, 2019-9-02-нд 450,000 төгрөг, 2019-9-3-нд 1,000,000 төгрөг, 2019-9-3-нд 11,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, 2019-9-4-нд 3,000,000 төгрөг, 2019-9-6-нд 1,000,000 төгрөг, 2019-9-8-нд 1,000,000 төгрөг, 2019-9-10-нд 1,200,000 төгрөг, 3,800,000 төгрөг, 60,000,000 төгрөг, 2019-9-20-нд 500,000 төгрөгөөр тус тус internet орлого, 94119399, 99119399, бэлэн зарлага гэх гүйлгээний утгаар зарлага, зээлийн хүү, үүрэг хүлээсний шимтгэл, банк хоорндын шилжүүлгийн зарлага мөн гарсан байна.

 

Харин Х.Хүрэлбаатарын зээлийн шугамын 5002929312 тоот дансны зарлага гаргах эрхийг хааж, дансны дугаарыг 1370029481 болгож өөрчилсөн бүртгэл 2020-4-27-ны өдөр хийгдсэн байна /хх-28, 29/.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлаж болно гэж тус тус заасан.

 

2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн шугамын гэрээний хугацаа 2021 оны 6-р сарын 14-ний өдөр дуусахаар байхад нэхэмжлэгч тал 2021 оны 6-р сарын 2-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэгч нэг талын санаачилгаар дээрх зээлийн гэрээг цуцалсан байх бөгөөд хариуцагч талууд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн хариуцагч Х.Хүрэлбаатартай байгуулсан зээлийн шугамын гэрээний 4.3-т зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл банк гэрээний 5.1 болон 5.2-т заасны дагуу гэрээг цуцалсан тохиолдолд авах арга хэмжээний талаар болон гэрээний 5.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй бол банк нэг талын санаачилгаар энэхүү гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг төлөхийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардана гэж тохирсон байна.

 

Иймд нэхэмжлэгч зээлийн шугаман гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй бөгөөд хариуцагч Х.Хүрэлбаатартай 2019 оны 6-р сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн шугамын гэрээг нэг талын санаачилгаар 2021 оны 6-р сарын 2-ны өдөр цуцалснаар зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Зээлдэгч Х.Хүрэлбаатар нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан талаар маргаагүй боловч нэхэмжлэгч гэрээг цуцалсан 2021 оны 6-р сарын 2-ны өдрөөс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж заасан.

 

Дээрх дансны хуулгаас үзэхэд хариуцагч Х.Хүрэлбаатар нь 2019-6-17-ны өдөр 97,000,000 төгрөгийн бэлэн зарлага гаргасан, 2019-7-31-ний өдрөөс 2020-4-30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 110,150,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдснээс 2019-8-19-ний өдрөөс 2019-9-20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 94,450,000 төгрөгийн зардлагыг internet орлого, 94119399, 99119399, бэлэн зарлага гэх гүйлгээний утгаар хийж, зээлийн хүүд 22,033,857.38 төгрөгийг, үүрэг хүлээсний шимтгэлд 73,552.87 төгрөгийн тус тус зарлага гарсан байна.

 

Харин гэрээний үүргээс зээлийн гэрээний хугацаанд төлөлт хийсэн дүнгийн талаар талууд маргаагүй бөгөөд дээрх зээлийн гэрээний төлбөрийн үүргээс хариуцагч Х.Хүрэлбаатарыг чөлөөлөх үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэг буюу гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр юм.

 

Гэрээнд 97,000,000 төгрөгийн зээлийн 365 хоногт жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай гэж тохирсоноос үндсэн хүүг тооцвол 1 өдрийн хүү 63,780,8 төгрөг /97,000,000х24%=23,280,000:365/ байх бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021-6-2-ны өдрийг хүртэлх хугацааны 718 өдрийн хүү 45,794,614,4 төгрөг байх тул төлөгдсөн 29,820,143.91 төгрөгийг хасаж тооцон зээлийн хүүд 15,974,470.49 төгрөгийг үндсэн зээлийн төлбөр 97,000,000 төгрөгийн хамт төлөх ёстой байна.

 

Талууд гэрээний 4.1-д зээлдэгч нь гэрээний хугацаа дуусгавар болох үед ашигласан зээлийн үлдэгдэлтэй, эсхүл зээлийн шугамыг хумих үед ашигласан зээлийн үлдэгдэл нь хумьж тогтоосон зээлийн шугамын хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүү нь хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байхаар тохиролцсон байна /хх-12/.

 

Гэвч Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Тодруулбал, нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй тохиолдолд бодогдох хүү байх бөгөөд зээлдэгчийн 97,000,000 төгрөгийн үүргийг гүйцэтгэх хугацаа нь 2021-6-14-ний өдөр байхад нэхэмжлэгч 2021-6-2-ны өдөр гэрээг дангаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй байна гэж үзлээ.

 

Дурдсан үндэслэлээр зээлдэгч Х.Хүрэлбаатараас үндсэн зээлийн 97,000,000 төгрөг, зээлийн хүү 15,974,470.49 төгрөг, нийт 112,974,470.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,306,291.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд 

 

Хариуцагч Х.Хүрэлбаатарын зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь барьцааны 5002929312-01, 5002929312-02 дугаартай гэрээг 2019-6-14-ний өдөр барьцаалуулагч Б.Бэхбат, Ч.Бямба, Х.Хүрэлбаатар нартай байгуулсан /хх-14-16, 18-20/ байх боловч Б.Бэхбат, Х.Хүрэлбаатар нарын өмчлөл, эзэмшлийн хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

 

Дээрх шаадлагатай холбогдуулан барьцааны гэрээнд барьцаалуулагчаар оролцсон Б.Бэхбатыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 11-р сарын 30-ны өдрийн 101/ШЗ2021/20891 тоот захирамжаар хангаж шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Бэхбат нь хамтран хариуцагчаар оролцсон.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэнэ... гэж зааснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болохоор байх тул зохигчдын хооронд 2019-6-14-ний өдөр байгуулагдсан 5002929312-01 тоот барьцааны гэрээг 2019-6-17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө болон эзэмших эрхтэй газар нь зээлийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй, уг хэрэгт оролцоогүй иргэн Ч.Бямбаагийн өмчлөлийнх байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар барьцаалуулагч нь гуравдагч этгээд байж болно гэсэнтэй нийцэж байх боловч нэхэмжлэгч тал дээрх иргэний өмчлөл, эзэмшлийн хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болно.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зохицуулсан.

 

Харин Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй гэж, мөн 35.3.6-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх гэж, 38 дугаар зүйлийн 38.5-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.Бэхбатын эзэмшлийн 602 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг барьцаалах тухай гэрээг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд бүртгүүлсэн хүчин төгөлдөр байна.

 

Иймд зээлдэгч Х.Хүрэлбаатар нь зээлийн шугамын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан тул хариуцагч Б.Бэхбатын өмчлөлийн

Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, нэгж талбарын 18636314191539 дугаартай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201001679 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхтэй газар,

Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037481 дугаарт бүртгэгдсэн, 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 28А тоотод байрлах, нэгж талбарын 1802400550 дугаартай, 602 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй газар,

хариуцагч Х.Хүрэлбаатарын өмчлөлийн 99-93 УНА улсын дугаартай, Ford Explorer маркийн суудлын зориулалттай автомашин зэрэг барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй тул хэргийн оролцогч болох хариуцагч талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...татгалзлын үндэс болж буй байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй оролцоно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан гурван баримтаар төлсөн 1,072,704.76 /768,909.76+233,595+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Хүрэлбаатараас хангагдсан шаардлагад ногдох хураамжид 722,822.3 төгрөгийг, хариуцагч Б.Бэхбатаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Хүрэлбаатараас 2019 оны 6-р сарын 14-ний өдрийн 5002929312 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн 97,000,000 төгрөг, зээлийн хүү 15,974,470.49 төгрөг, нийт 112,974,470.49 /нэг зуун арван хоёр сая есөн зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун далан төгрөг 49 мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,306,291.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бэхбатын өмчлөлийн

Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, нэгж талбарын 18636314191539 дугаартай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201001679 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхтэй газар,

- Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037481 дугаарт бүртгэгдсэн, 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 28А тоотод байрлах, нэгж талбарын 1802400550 дугаартай, 602 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй газар,

хариуцагч Х.Хүрэлбаатарын өмчлөлийн 99-93 УНА улсын дугаартай, Ford Explorer маркийн суудлын зориулалттай автомашин зэргийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1,072,704.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Хүрэлбаатараас 722,822.3 төгрөгийг, хариуцагч Б.Бэхбатаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ