| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0035/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/142 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/142
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************** овогт **************ын **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408019691653 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 20-ний өдөр ***************** аймгийн *************** суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт ****************** дүүргийн ****************** дүгээр хороо, *********** дүгээр гудамж ***************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ************** овогт **************ын ************** /РД:***************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************** нь 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн **************ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар хохирогчийг согтоод унтсан хойгуур түүний эзэмшлийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 725.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт: “...би энэ үйлдэлдээ харамсаж байна, одоо ахиж алдаа гаргахгүй, оны өмнө хөдөө явж байгаад цаасанд сууж хөлөө гэмтээсэн, одоо хагалгаанд орох гэж байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас: “...шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч ************** нь: “...гэмшиж байна” гэсэн санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч ************** нь 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн **************ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар хохирогчийг согтоод унтсан хойгуур түүний эзэмшлийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 725.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
2. Хохирогч **************ын: “…Би 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр буюу хагас сайн өдөр ************************ тоот гэртээ байж байгаад өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орж архи авах гээд гудамжиндаа явж байтал зүс таних ************** гэх залуутай тааралдаад мэнд ус мэдэлцээд ойр зуурын юм ярьж, хамт архи уухаар болсон юм. Бид хоёр дэлгүүр орж архи аваад /гэрийн хаягийг мэдэхгүй байна/ зүс таних хаус **************гийн гэрт очсон, тэндээ ууж байгаад тасраад унаад өгсөн. Тухайн үед би өөрийн Рэдми нөүт-11про маркийн гар утас, самсунг галакси А-60 маркийн хоёр ширхэг гар утсаа куртикны халаасанд хийгээд үлдээсэн байсан ба хэсэг унтаж байгаад босоход гар утас байхгүй болохоор нь **************ыг авсан байж магадгүй гэж бодсон. Намайг сэрэхэд ************** явчихсан байсан, би хаус **************гийн гэрийн гадаа хүлээж байгаад ************** ирэхээр нь халаасыг үзэхэд өмдний халааснаас миний самсунг А-60 маркийн гар утас гарч ирснийг би өөрөө авсан, нөгөө утсаа асуухад мэдэхгүй гээд байсан. Тухайн үедээ нилээн согтсон болохоор тоолгүй гэртээ харьж амраад 2 хоног хайж 2024 оны 5 дугаар сарын 20-ний өдөр **************ыг олоод уулзахад гар утсыг чинь Сувдан төвийн утас засварын газарт 150.000 төгрөгөөр зарсан гэж хэлж байсан. Би гар утсаа 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Тэди худалдааны төвөөс 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилуулах шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
3. Гэрч **************ын: “...2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн орчимд би ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошууны тойргийн Сувдан төвд байж байтал тухайн өдрийн 13-14 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үл таних залуу орж ирээд гар утас авах уу гэхээр нь би ямар гар утас юм гэсэн чинь Рэдми Нөүт 11про маркийн гар утас гаргаж ирсэн. Тэр үл таних хүн надад хандаж энэ гар утас минийх байгаа юм, та 150.000 төгрөгөөр авчих гэхээр нь би тэгье гэж хэлээд тэр үл таних хүнээс тухайн Рэдми Нөүт 11про маркийн гар утсыг 150.000 төгрөгөөр авсан. Тухайн үед тэр залуу руу би дансаар 150.000 төгрөг шилжүүлэх гэсэн чинь бэлнээр өгчих гээд байхаар нь би тэр залууд бэлэн 150.000 төгрөг өгсөн. Тэгсэн тэр үеэс 3-4 хоногийн дараа тухайн Рэдми Нөүт 11про маркийн гар утасны эзэн гээд өөр нэг залуу ирээд надад 150.000 төгрөг өгөөд тухайн гар утсаа аваад явсан. Би тухайн гар утсыг огт ашиглаагүй байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал)
4. Тэргүүн үнэлгээ ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 24/008 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “... Redmi Note 11 pro маркийн гар утас 505.500 төгрөг” гэх (хавтаст хэргийн 25 дахь тал)
5. Тэргүүн үнэлгээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24/009 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “... Самсунг галакси А-60 маркийн гар утас 220.000 төгрөг” гэх (хавтаст хэргийн 31 дэх тал)
6. Шүүгдэгч **************ын: “... Би 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бууч дэлгүүрийн гадна зогсож байхад зүс таних ************** таараад бид 2 ярьж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр болоод би дэлгүүрээс 0.33 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг, харин ************** 2 том шилтэй архи авсан. Тэгээд ************** бид 2 архиа уух гээд **************гийн гэрт очиход ************** байсан ба бид 3 архи хувааж уугаад архиндаа согтоод **************, ************** нар унтаад өгөхөөр нь би **************ын куртикнийх нь халаасанд байсан 2 ширхэг гар утсыг авч яваад Сувдан төвийн 3 давхарт гар утас засварын газарт би нэг гар утсыг нь 150.000 төгрөгөөр өгөөд цайны газар ороод 10 хуушуур аваад **************гийн гэрт очиход ************** байхгүй явчихсан байсан. ************** бид 2 хуушуур хувааж идчихээд би дахиж дэлгүүр орж 1 шил архи аваад **************гийн гэрт архи ууж байхад ************** орж ирээд миний халаасанд байсан 2 гар утас байхгүй байна гэхээр нь би **************т нэг гар утсыг нь буцааж өгөөд нөгөө нэг гар утсыг чинь Сувдан төвийн гар утас засварын газарт 150.000 төгрөгөнд өгчихсөн гэж хэлсэн. Тийм л зүйл болсон. Надад **************ын 2 ширхэг гар утсыг захиран зарцуулах эрх байхгүй. Би тэр үед архи авч уух мөнгөгүй байсан учраас авчихсан юм. Би 150.000 төгрөгийг гар утас завсарын газраас бэлнээр авсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүй нууц, далд аргаар, бусдын эд хөрөнгийг авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.
Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, иргэн ************** нь дэлгүүр орох замдаа зүс таних шүүгдэгч **************тай тааралдан улмаар нийлж архи уусан ба **************ыг тасраад унтсан хойгуур Самсунг галакси А-60 маркийн гар утас,
Рэдми нөүт-11про маркийн гар утсыг авч яван өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр тухайн гэмт хэрэг төгссөн байна.
Шүүгдэгч ************** нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдсэн, тэрээр хохирогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд атлаа хохирогчийн эд зүйлийг авч өөрийн мэдэлд шилжүүлж авсан байдал нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Иймээс шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч ************** нь хохирогч **************т нийт 725.500 төгрөгийн хохирол учруулсан байх ба шүүгдэгч **************аас Самсунг галакси А-60 маркийн гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн, мөн хохирогч ************** нь Сувдан төвд гар утас засварын газрын ажилладаг **************с 150.000 төгрөгийг өгч өөрийн Рэдми нөүт-11про маркийн гар утсыг буцаан авсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.
Хохирогч ************** Сувдан төвд гар утасны засварын газарт төлсөн 150.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүгдэгч нь шүүхийн шатанд төлж барагдуулсан, улмаар хохирогч нь гомдол саналгүй талаарх хүсэлтийг гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. (хавтаст хэргийн 71, 85 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамтрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч ************** нь “...хүлээн зөвшөөрч байна, тусгайлан гаргах саналгүй ” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Шүүгдэгч **************ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлын хэмжээ, цаашид төлөх төлбөргүй байдал, мөн шүүгдэгч **************ын хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************т хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамтрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************** овогт **************ын **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************т хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамтрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ