Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 156/шш2020/00790

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

156/2020/00752/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч Т.Эрдэнэтунгалаг, Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороонд оршин суух М.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суух, С.Б-т холбогдох гэм хорын хохирол 1,079,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Б.Марина илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, иргэдийн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгч М.Г, хариуцагч С.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өөрийн өмчлөлийн 86-35 УЕА улсын дугаартай Тоёота приус -30 маркийн суудлын машинтай Баянзүрх дүүргийн Өгөөмөр захын зүүн тал Өлзий төвийн урдуур явж байтал 28-80 ХЭҮ улсын дугаартай ISTANA маркийн микро автобус араас хүчтэй мөргөж, худалдаж аваад 6 сар болж байсан шинэ машинд маань ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Тээврийн цагдаад дуудлага өгч Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн газрын цагдаа Ч.Баясгалан зөрчил гарсан газарт ирж үзлэг хэмжилт хийж, иргэн С.Бийн буруутай нь тогтоогдож түүнд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан. Миний бие хохирлын үнэлгээг Ашид Билгүүн ХХК-иар хийлгэхэд 1,990,000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Мөн Бодь даатгалаас хүн ирж үзлэг шалгалт хийж маягт бөглүүлээд үнэлгээний бичиг, албан бичиг аваад таны нөхөн төлбөр 2-3 хоногт гарна гэж хэлсэн. 28-80 ХЭҮ дугаартай машины жолооч С.Б нь ахаа би хүн нас бараад ажил явдалтай байна, миний бичиг баримтыг өгөөч таны мөнгө даатгалаас ороод ирнэ гээд гуйгаад байхаар нь даатгалаас мөнгө 100 хувь ороод ирнэ гэж бодоод бичиг баримтыг нь өгчихсөн юм. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр миний дансанд 947,797 төгрөг орж ирсэн. Бодь даатгалаас утсаар асуухад 28-80 ХЭҮ дугаартай машины жолооч С.Б нь мэргэшсэн жолоочийн даатгал хийлгээгүй тул ийм мөнгө гарлаа, та үлдэгдэл зөрүү мөнгө 1,050,000 төгрөгийг 28-80 ХЭҮ дугаартай машины жолоочоос гаргуулж ав гэж хэлсэн. Дуудлагаар очсон Бодь даатгалын ажилтан 28-80 ХЭҮ дугаартай автомашины даатгалын бичгийг үзэж шалгаад ослын маягт бөглүүлж гарын үсэг зуруулахдаа иргэн С.Б та мэргэшсэн жолоочийн даатгал хийлгээгүй байна нөхөн даатгал чинь 100 хувь олгогдохгүй гэж хэлээгүй учир миний бие машинаа засуулж чадалгүй хохирч байна. Ослын үед миний толгой дүүрч өвдөж байхад би энэ жолоочийг өрөвдөөд гайгүй байх гэж бодоод эмнэлэгт үзүүлэх мөнгө нэхээгүй. Одоо үе үе толгой бага зэрэг өвдөх болсон. Миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй тул машинаараа амьдралаа залгуулдаг. 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл орлого тасарч орлогогүй болсон, мөн машинаа ч гүйцэт засуулж чадаагүй маш их хохирч байна. Иймд С.Баас хохирол 1,050,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 29,750 төгрөг, нийт 1,079,750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Улсын тэмдэгтийн хураамж нь тусдаа хуулиар шийдэгдэх бол хохирол 1,043,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Улаанбаатар хотод Өгөөмөр захын зүүн урд явж байгаад эгнээ байр шилжих гэж байгаад приус-30 маркийн 86-35 УЕА улсын дугаартай машины араас мөргөж осол гаргаж бид хоёр яриад тохиролцъё гэтэл цагдаа дуудна гээд би даатгалаа дуудсан. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаа за болсон гээд бичиг баримт өгтөл М.Г аваад чи надаа мөнгө өг гээд барьцаалаад надаас 200,000 төгрөгийг авсан. Уг нь засварын газар очиход 1,000,000-1,200,000 төгрөг болно гэсэн. Тэгээд М.Г нь энэ ч муу, тэр ч муу гээд би тэнд очиж засуулна гээд найзтайгаа хоёулаа яриад байсан. Тэгснээ надаас 5429262884 гэсэн данс руу 200,000 төгрөгийг хийлгээд за болсон одоо яв гээд явсан. Ийм тиймээ юм байхгүй гээд явчхаад гэнэт 2 сарын дараа мөнгө нэхэхээр нь би гайхаж байна. Хэлж ярьсан бол шүүх энэ тэр гэлгүй шийдэж болох байсан асуудал юм. Цагдаа болон даатгалаас одоо болсон гэсэн, М.Г нь надаас мөнгө аваад боллоо гээд шийдэгдсэн. Тэгээд нэг удаа ч над руу яриагүй, би М.Гыг машинаа янзлаад болсон юм байна гэж бодсон. Одоо нэхэмжлэлийн шаардлагаас 873,750 төгрөгийг зөвшөөрч байна. Учир нь засварын мөнгөнд 200,000 төгрөгийг өмнө надаас авсан гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Цэгмэд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Өгөөмөр захын зам дээр гарсан ослын тухай албан ёсоор дүгнэлт гараагүй юм байна. Хоёр жолоочийн хэн нь буруутай, маргаантай байна. Хоорондоо зохицоод төлсөн нь дээр гэж үзэж байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч С.Бт холбогдуулан гэм хорын хохиролд 1.079.750 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1.049.750 төгрөг болгож багасгасан болно.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч С.Б нь 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Өгөөмөр захын зүүн талд 28-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 86-35 УАЕ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан, энэ талаар зохигчид маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

86-35 УАЕ улсын дугаартай toyoto prius маркийн автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч М.Г мөн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 20/ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул тус автомашины эвдрэл гэмтлийг машины өмчлөгч М.Г нэхэмжлэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч М.Г нь 86-35 УАЕ улсын дугаартай toyoto prius маркийн автомашины сэлбэг хэрэгсэлд нийт 1,043,750 төгрөгийг хариуцагч С.Баас нэхэмжилсэн. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заалтад Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байна.

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн жолоодож явсан 86-35 УАЕ улсын дугаартай toyoto prius маркийн автомашинд учирсан хохирлыг Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ гаргуулж, тус үнэлгээнд автомашины баруун хойд их гэрэл, баруун хойд буферийн тогтоогч зам, хойд буферийн дотор зөөлөгч, багажны хаалга, дунд хойд буфер, баруун хойд крило, баруун хойд кузовын булан, баруун хойд багажны гажаа гаргах, будах зэрэг зардалд нийт 1,990,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан байна. Хариуцагч С.Б нь энэхүү үнэлгээ хэт өндөр тогтоогдсон гэж шүүх хуралдаанд тайлбарлах боловч тэрээр үнэлгээг дахин гаргуулах хүсэлт гаргаагүй, дээрх хэмжээний хохирол учраагүй болохыг тогтоосон баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь хохирлын үнэлгээ эргэлзээтэй, бодит үнэлгээ биш гэж маргаж байгаа боловч татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байна.

Иймд хариуцагч С.Б нь нэхэмжлэгч М.Гын нэхэмжлэлийн шаардлагаас шүүх хуралдаанд зөвшөөрсөн хэмжээ болох 843,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь нэхэмжлэгч М.Г нь хариуцагч С.Баас өмнө нь 86-35 УАЕ улсын дугаартай toyoto prius маркийн автомашинд учирсан хохиролд 200,000 төгрөгийг авсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна. Тус 200,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Г нь хариуцагч С.Баас ямар баримтыг үндэслэн авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх ба нэхэмжлэгчээс энэхүү нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг мөн хэмжээгээр нэхэмжлэгч М.Г, хариуцагч С.Б нарт хариуцуулах нь зүйтэй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баас 843,750 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 24,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Год олгохоор шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 6-9 дугаар хуудаст авагдсан Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуулбар, 10 дугаар хуудаст авагдсан Замын цагдаагийн тасгийн тэмдэглэлийн хуулбар, хавтаст хэргийн 11-12 дугаар хуудаст авагдсан гэрэл зургийн хуулбарууд, хавтаст хэргийн 13 дугаар хуудаст авагдсан жолоочийн үнэмлэхийн хуулбарууд, хавтаст хэргийн 14 дүгээр хуудаст авагдсан жолоочийн мэдүүлэгийн маягтын хуулбарууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С.Баас 843,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг мөн хэмжээгээр нэхэмжлэгч М.Г, хариуцагч С.Б нарт хариуцуулах нь зүйтэй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баас 843,750 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 24,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Год олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.МАРИНА

ШҮҮГЧИД Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ

Х.ТАСХЫН