Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 146

 

М.Ж-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Ад холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

         Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/01124 дугаар шийдвэртэй,

         Нэхэмжлэгч: М.Жы нэхэмжлэлтэй

         Хариуцагч: Б.А-д холбогдох,

         Зээлийн гэрээний үүрэгт 112.587.500 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 05 сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга У.С нар оролцов.

Нэхэмжлэгч М.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие М.Ж нь Б.Ад 5 500 000 гегрөг 2017 оны 05 сарын 02-ны өдрөөс 2017 оны 05 сарын 17-ны өдрийг хүртэл хоногийн 0,33% буюу (сарын 10%) хүүтэй түүний гуйсны дагуу зээлдүүлсэн. Уг мөнгийг зээлэхдээ гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа мөнгө шилжүүлгийн 2% шимтгэл төлөх мөнгө хэрэгтэй байгаа юм, удахгүй гэж хэлж авсан юм. Зээлийн гэрээг бичгээр хийж нотариатаар батлуулсан мөнгийг бэлнээр өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад уг мөнгийг хүүгийн хамт гаргуулж төлөөгүй бөгөөд гэрээний хугацааг 2 сараар сунгасан. Сунгасан хугацаа 2017 оны 07 сарын 17-нд дууссан боловч уг мөнгийг гэрээний дагуу анх зээлдүүлсэн 65 000 000 төгрөг 2 сар 15 хоногийн хүү      16.087.500 төгрөг "гэрээний 3 заалтын дагуу хугацаа хэтэрсний хариуцлага болох алдангид 32 500 000 төгрөг хуулинд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй гэсэн заалтын дагуу нийт 65 000 000 төгрөг хүү 16 087 500 төгрөг, алданги 32 500 000 төгрөг нийт 112 587 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг үүргийн гүйцэтгэлийн зээлийн барьцаанд Орхон аймаг Жаргалант суман дахь 3197 м2 газар эзэмших эрхийг, Булган аймгийн Бугат сум мааньт дах 52 га, 29,7 га газар, гэр бүлийн хэрэгцээний Орхон аймгийн Жаргалант сумын 7200 м2 газрыг эзэмших эрхийг барьцаалсан байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч М.Жы нэхэмжилсэн 112 857 500 төгрөгийн нийт дүнг зөвшөөрөхгүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Талуудын хооронд байгуулагдсан 65.000.000 төгрөгийн зээлийн гэрээ нь эхнээсээ Иргэний хуульд заасны дагуу зээлийн харилцааг бий болгох зорилгогүй хэлцэл юм. Тодруулбал, Б.А нь Орхон аймгийн нутаг дэвсгэрт өөрийн Эрх ХХК-ийн эзэмшлийн газар дээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар төсөл боловсруулж. энэ төсөлдөө хөрөнгө оруулалт хайж байсан. Энэ үед Хонконгоос хөрөнгө оруулалт олох боломжтой гэсэн хэсэг хүмүүстэй уулзаж өөрийн боловсруулсан төслийг танилцуулахад хөрөнгө оруулах боломжтой гэсэн хариуг өгсөн. Улмаар хөрөнгө оруулалт олж өгөх хүмүүстэйгээ Зуучлалын гэрээ байгуулж хөрөнгө оруулалтын ажлыг хөөцөлдөж эхэлсэн. Хөрөнгө оруулалтын ажил нааштай байна гэх мэдээ Хонконгоос ирсэн бөгөөд хөрөнө оруулах мөнгөний банкны шимтгэл төлөх шаардлагатай болсон тул өөрт ногдох 65 сая төгрөгийг хайж байхдаа М.Жтай уулзсан М.Жд өөрийн хийх гэж байгаа ажлаа танилцуулж, Хонконгоос их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх болсныг тайлбарлаад хэрэв хөрөнгө оруулалт орж ирвэл үйлдвэрлэлийн барилга барихад барагцаагаар 5 тэрбум төгрөгийн барилгын ажил гарна гэж хэлсэн. Энэ төсөлд хамтран ажиллах бол хөрөнгө оруулалтаар орж ирэх мөнгөний банкны шимтгэлээс 65 сая төгрөгийг төлж, хамтран ажилбал үйлдвэрлэлийн барилгын ажлыг өгч болох юм гэж санал болгосон Гэтэл М.Ж миний саналыг хүлээн авч болно гэхдээ барилгын ажил гүйцэтгэх гэрээг урьдчилан байгуулна, гэрээний үнэ 6-7 тэрбум төгрөг байхаар тохиролцвол 65 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж болно гэсэн. М.Жы саналыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулахаар болтол 65 сая төгрөгийг авах бөлтөл хуулийн зөвлөхөөсөө асуусаи чинь зээлийн гэрээ байгуулж байж мөнгөө өг гэж байна гэсэн. Яагаад заавал зээлийн гэрээ байгуулах ёстой юм бэ? Нэгэнт энэ бизнест хамтран ажиллах гэж байж гэтэл зүгээрээ санаа зоволтгүй мөнгө өгсөн авснаа баталгаажуулж байгаа юмаа гэж хэлсэн. Ингээд 2017 оны 5 сарын 1-ний өдөр зээлийн гэрээг барьцааны гэрээний хамт нотариат дээр очиж байгуулсан. 2017 оны 5 сарын 2-ны өдөр М.Ж өөрийн Эрин гүрэн ХХК-г төлөөлж, Б.А өөрийн Эрх ХХК төлөөлж Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсны дараа 65 сая төгрөгийг Б.Ад хүлээлгэн өгсөн байдаг. Б.А нь 65 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын ажилд хамтарч байгаа Д.Атарсайханд шилжүүлж, Д.Атарсайхан өөрийн оруулах хөрөнгө болох 40 сая төгрөгийг нэмээд 105 сая төгрөгийг Хонкогд байгаа хөрөнгө оруулалтын ажил хөөцөлдөж байгаа хүн рүү шилжүүлсэн юм. Анхнаасаа М.Жаас 65 сая төгрөгийг авахдаа Орхон аймагт Цардуулын үйлдвэр барих төсөлд хамтран ажиллах, түүнд хөрөнгө оруулахаар тохиролцсноос биш 65 сая төгрөгийг зээлдэж авах гэсэн хүсэл зориг огт байгаа юм. Түүнээс 65 сая төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлнэ гэдэг бол бизнес хийж байгаа хүний хувьд маш их алдагдалтай тохиролцоо юм. Үнэндээ М.Жтай байгуулсан зээлийн гэрээ нь Цардуулын үйлвэрлэлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, энэ бизнест хамтран ажиллахаар тохиролцсон хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн хэлцэл юм. Иймд 2017 оны 5 сарын 2-ны өдрийн Зээлийн гэрээ нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Ж сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

М.Ж намайг Б.Аын үйлдвэрийн барилга барих төсөлд хамтран ажиллахаар тохиролцож 65 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн болно. 65 сая төгрөгийг өгөхдөө 2017-05-01 өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж өгсөн юм. Би түүнээс мөнгө зээлэх хүсэл зориг огт байгаагүй. 65 сая төгрөгийг хүүтэй зээлнэ гэдэг нь их алдагдалтай тохиролцоо юм. Иймд дээрхи зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ. Миний хувьд Б.А гэдэг хүнийг урьд нь огт таньдаггүй бөгөөд танил ах Д нь утасдаж Б.А-д мөнгө төгрөг зээлж туслахыг гуйсан. Ингэж гуйхдаа гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, тэр нь бүтэх магадлал ихтэй, бүтээх гээд байгаа би чамтай уулз гээд хэлсэн гэсэн. Хөрөнгө оруулалт нь орж ирвэл үйлдвэрлэлийн барилга барих ажил ч гарна тэгвэл чи барилгын ажлыг нь гүйцэтгэж болно гэсэн. Ингээд А нь утасдаж түүнтэй уулзахад Гонкогоос 17 сая долларын хөрөнгө оруулалт орж ирэх юм. Банк хоорондын шилжүүлэг нь их тул эхний ээлжинд 1 сая доллар орж ирнэ. Үүний шимтгэл 2,5% буюу 65 сая төгрөг хэрэгтэй байна. Энэ мөнгийг шилжүүлвэл хөрөнгө оруулалт орж ирэх гэж байна гэсэн. Би түүнтэй уулзаад надад хангалттай итгэл төрөөгүй тул Д ахын гуйснаар түүнд 65 сая төгрөгийг зээлээр өгөхөөр болж мөнгөний зарим хэсгийг нь хүнээс зээлэн олж өгч байгааг хэлээд зээлийн гэрээгээр өгнө гэхэд А зөвшөөрсөн А-ын хэлснээр 14 хоногийн хугацаанд мөнгө орж ирнэ гэсний дагуу уг мөнгөний хүү, хугацааг тохирч хугацаа хэтэрвэл алданги тооцох хариуцлагын нөхцөлтэйгээр гэрээ хийж мөнгийг өөрт нь шилжүүлж өгсөн. Бид хамтран ажиллах гэрээний талаар ярилцаагүй. Учир нь би А-ыг огт мэдэхгүй, тэгээд ч уулзахад надад бизнес хамтарч хийх итгэл төрөөгүй юм. Харин хөрөнгө оруулалт орж ирвэл хэрэгжүүлэх төслийнхөө үйлдвэрлэлийн барилгыг манай Эрин гүрэн ХХК-р гүйцэтгүулнэ учир нь хэрэгтэй үед нь мөнгө зээлж авч буй тул хариу манай компаниар барилгаа гүйцэтгүүлнэ өөр компани сонгохгүй гэсэн яриа байсан. Тиймээс барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Ад уг мөнгийг хүнээс зээлж авч өгч байгааг хэлсэн тул яагаад ч зээлнэ гэдгээ тодорхой илэрхийлсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагчийн материалаар тохирсон ажлыг хийж захиалагч нь ажлын хөлс төлөх үүрэгтэй байдаг. Гэтэл Д.Аын хийсэн ажил гүйцэтгэх энэ гэрээ биелэгдэх ямар боломжгүй байсан юм. Учир нь хөрөнгө оруулалтаа орж ирсэний дараа барилга бариулах гэрээний үүргүүдийг талууд гүйцэтгэх ёстой байсан юм. Хамтран ажиллахаар тохирсон бол өөр нөхцөлтэй, хэдэн % хөрөнгө оруулж хэдий хэмжээний ашиг хуваах зэрэг хүсэл зоригийг бид илэрхийлэх ёстой байсан юм. А нь хүүтэй зээлэх хүсэл зориг байгаагүй гэж байсан бол зээлийн гэрээнд гарын үсэг зурж, хүсэл зоригоо баталгаажуулах шаардлагагүй байсан. Бид хамтран ажиллахаар тохирсон бол хамтран ажиллах гэрээг байгуулах байсан. Б.А нь өөрөө ч зээлийн гэрээнд зурахгүй байх байсан Б.А нь Д.Атарсайхан гэдэг хүнтэй хамтарч байгаа гэж байсан бөгөөд энэ хамтран ажиллах гэрээнийхээ хувь өөрийн зүгээс оруулах мөнгөө биднээс зээлж авч өгсөн гэж ойлгож байгаа. Иймд зээлийн гэрээ өөрөө бодитой, уг гэрээгээр илэрхийлсэн хүсэл зориг тодорхой байсан тул Иргэний хуулийн 56-р зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус болох хэлцэл биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/01124 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Жы Б.Ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 112 587 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн М.Ж Б.А нарын хооронд байгуулагдсан 65 000 000 төгрөг шилжүүлсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Б.Ааас 64 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Жд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 725 887 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 483 000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Жаас 483 000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Ад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх 112 587 500 төгрөг Б.Ааас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг барилгын ажил гүйцэтгэх гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг тухайн өдөр шилжүүлэх боломж байтал 2017 оны 05 дугаар сарын 02-нд барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэний дараа шилжүүлж байна. Барилгын ажил гүйцэтгэх гэрээ 2 компаний хооронд, зээлийн гэрээ нь иргэний хооронд хийгдсэн ч ашиг сонирхол нь нэг байсан гэж үзэх боломжтой. Иймд Иргэний хуулийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зохиогчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.3-д заасныг баримталж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, бүх зүйлээ харшцан буцаах үүрэгтэй тул хариуцагчаас 64 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Жд олгож шийдвэрлэв” гэсэн дүгнэлтийг хийлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолд тайлбаруудыг шийдвэр гаргах үндэслэл болгожээ. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл болгосон зээлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзсэн. Уг зээлийн гэрээгээр 65 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, үүнийг нөгөө тал зээлж авч байгаа хугацаа, хүүг тохирч зээлээр мөнгө авч байгааг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь зээлийн гэрээгээр илэрхийлсэн хүсэл зорилго нь хүчин төгөлдөр болох нь Иргэний хуулийн 42-2, 43-2-1-т нийцэж байгаа юм. Уг зээлийн гэрээгээр илэрхийлсэн хүсэл зорилгын илэрхийлэл болгож, гэрээний зүйл болох мөнгийг хариуцагч Б.Ад шилжүүлсэн нь Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-д заасан хуулийн шаардлагыг хангаж байна. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3, 282.4-т зааснаар бичгээр хийх шаардлагыг хангаж байгаа юм. Гэтэл зээлийн гэрээний бодит хууль зүйн үндэслэлийг огт дүгнэсэнгүй. Зээлийн гэрээ нь өөр хэлцлийн халхавчлах зорилгоор хийгдсэн бол мөнгө бодиттойгоор шилжүүлэх үр дүн гарахгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56-р зүйлд заасан дүр үзүүлэн хийж буй хэлэлцээр ямар нэг үр дүн бий болгох хүсэл зорилго байдаггүй билээ. Барилгын ажил гүйцэтгэх гэрээг халхавчлах ямар ч шаардлага байхгүй. Уг гэрэээгээр ажил гүйцэтгэх компани нь захиалагч талын шилжүүлсэн мөнгө хөрөнгө, эд материалаар тодорхой ажлыг гүйцэтгэдэг. Прокурорын тогтоолд дурьдсан нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд М.Ж нь мөнгийг 14 хоногийн хугацаатай зээлийн гэрээг үндэслэн 31 сая төгрөгийг бэлнээр, банкаар 34 сая төгрөгийг шилжүүлсэн мөн хариуцагч Аын тайлбарт ''...барилгын ажлыг давуу эрхээр авах нөхцөлтэй зээл гаргаж өгсөн...” мөн А нь Б.Лхагвасүрэн, П.Бат-Очир, Б.Бээжин нартай хөрөнгө оруулах гэрээ байгуулсан зэрэг нь Б.А нь М.Жтай гадны хөрөнгө оруулалт оруулж ирэх талаар хамтарч байсан гэж үзэх үндэслэлийг бий болгож чадахгүй байна. Б.Ааас энэ өнгөрсөн хугацаанд зээлсэн мөнгийг гэрээний дагуу төлөхийг шаардаж удаа дараа уулзаж байхад төлнө, өгнө, хугацаа өгөөч, гаднаас одоо удахгүй мөнгө орж ирэх гэж байна гэдэг хариуг байнга өгч байсан. Мөн 2 сарын хугацаа сунгаж гэрээн дээр гарын үсгээ зурж байсан. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01124 тоот шийдвэрийн 1-р заалтанд нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Б.Ад холбогдуулан үндсэн зээл 65.000.000 төгрөг, хүү 16.087.500 төгрөг, алданги 32.500.000 төгрөг нийт 112.587.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.А нь нэхэмжлэгч М.Жд холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Ж-ы Б.Ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 112.587.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн М.Ж Б.А нарын хооронд байгуулагдсан 65.000.000 төгрөг шилжүүлсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Б.Ааас 64.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Жд олгож шийдвэрлэжээ.

Зохигч нар  65.000.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 02 ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 17 ны өдрийг хүртэл хоногийн 0.33 хувийн хүүтэй, зээлийг эгүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр, 65.000.000 төгрөгийг бэлнээр 5 сарын 2 нд хүлээлцэж өгөхөөр тохиролцож, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулжээ.

Энэхүү зээлийн гэрээний дагуу 65.000.000 төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь тогтоогдож байна.

Зохигчид 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Зохигч нар 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч тухайн өдөр 65.000.000 төгрөг шилжүүлээгүй , 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр  “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ“ байгуулагдсаны дараа 65.000.000 төгрөгийг шилжүүлж байгаа үйлдэл нь барилгын ажил гүйцэтгэх гэрээг халхавчлах зорилгоор зээлийн гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж “нэхэмжлэгчийг дээрхи гэрээний дагуу шаардах эрхгүй, дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байна гэж" үзэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул Б.Ааас 64.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ж-д олгож, нэхэмжлэгчийн 112.587.500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй зөв, иргэний хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул тэдний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402.237 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/01124 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402.237 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.УРАНЧИМЭГ

                       ШҮҮГЧ                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР