| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2014000000369 |
| Дугаар | 2021/ДШМ/009 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2021/ДШМ/009
Ж.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор В.Дэлгэрмаа
Яллагдагч Ж.Н , түүний өмгөөлөгч Л.Бор
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/22 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлээр Ж.Н ид холбогдох эрүүгийн 2014000000369 дугаар хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, овогт Ж.Н , 1992 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 5, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Ж.Н нь 2020 оны 8 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын “Түүхийн хөндий” гэх газарт 0.0076 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 236.523 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.Н ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлснээр хэрэгт дараах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзлээ.
Үүнд: Яллагдагч Ж.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэбаяр, гэрч Д.Чимидцэрэн, М.Жамбалдорж нарыг мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөөгүй тэднийг мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, мөн иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэбаяр нь өмнө нь шийтгүүлж тэнсэн харгалзаж байсан тул худлаа мэдүүлэг өгсөн гэж мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлд зааснаар прокурорын хянан шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Мөн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.Эрдэнэбаяр нь хэзээ, ямар хэргийн учир шийтгүүлсэн талаарх нотлох баримтыг авч хэрэгт хавсаргах, Г.Эрдэнэбаяр нь тусгай зөвшөөрөлгүйгээр газар ухаж өөрөө шүүхээр тэнссэн шийдвэр хугацаа дуусаагүй учир Ж.Н ийг гүтгэсэн эсэхийг шалгаж тогтоох,
Яллагдагч Ж.Н оос 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Прокурорын газарт хандаж гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулах, яллагдагч Ж.Н ид Г.Эрдэнэбаяр гэмт хэрэг үйлдсэн талаарх бичлэг байгаа гэж мэдүүлсэн тул уг бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох шалгалтыг явуулах нь зүйтэй байна.
Мөн яллагдагч Ж.Н нь Г.Эрдэнэбаяраас техник хэрэгсэл түрээсэлсэн эсэхийг нарийвчлан шалгаж тогтоосны дараа түүний гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор В.Дэлгэрмаа тус шүүхэд гаргасан 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар эсэргүүцэлдээ:
Г.Эрдэнэбаяр нь тусгай зөвшөөрөлгүйгээр газар ухаж өөрөө шүүхээр тэнссэн шийдвэр хугацаа дуусаагүй учир Ж.Н ийг гүтгэсэн эсэхийг шалгаж тогтоох, яллагдагч Ж.Н оос 2020 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр Баянхонгор аймгийн Прокурорын газар хандаж гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулах, яллагдагч Ж.Н ид Г.Эрдэнэбаяр гэмт хэрэг үйлдсэн талаарх бичлэг байгаа гэж мэдүүлсэн тул уг бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох шалгалтыг явуулах нь зүйтэй байна.
Мөн яллагдагч Ж.Н нь Г.Эрдэнэбаяраас техник хэрэгсэл түрээсэлсэн эсэхийг нарийвчлан шалгаж тогтоосны дараа түүний гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх нь зүйтэй” гэж дүгнээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хэргийг буцаасан шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Учир нь анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээрх нэр бүхий иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийг оролцуулан мөрдөгчийн мэдүүлэг авсан мөрдөн шалгах ажиллагаа нь үнэн зөв, үндэслэлтэй эсэхийг тодруулж асуун яллагдагч Ж.Н ийн хүсэлтэд дурдагдсан асуудлын эргэлзээгүй, үнэн зөв болохыг бусад нотлох баримт болох Г.Эрдэнэбаярыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож авсан мэдүүлэг, гэрч М.Жамбалдорж, Д.Чимидцэрэн нараас дахин авсан мэдүүлэг зэргийг үнэлэх эсэхийг шийдвэрлэх байтал дан ганц яллагдагч Ж.Н ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт, өгсөн мэдүүлэг зэрэгт үндэслэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзнэ.
Мөн яллагдагч Ж.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар “..өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлаар нотлох үүрэг хүлээхгүй...” эрхтэй этгээд бөгөөд “...яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч дангаараа нотлох баримтын шаардлага хангахгүйг шүүх анхаараагүй болно.
Иймд шүүхээс дээрх нэр бүхий этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан нотлох баримтыг бусад баримтуудтай харьцуулан шалгасны дараа үнэлж, яллагдагчийн хүсэлтэд дурдагдсан асуудал үнэн зөв эсэхийг нягтлах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасан. Яллагдагч Ж.Н ийн шүүхэд гаргасан хүсэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15-д заасан үндэслэлүүдэд хамаарч байх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч Ж.Н ийн гаргасан хууль бусаар нотлох баримт цуглуулсан талаарх хүсэлт, мэдүүлгийг гэм буруугийн хурал хийж бусад баримтуудтай харьцуулах, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг хуралд оролцуулж дахин мэдүүлэг авах байдлаар нотлох баримтуудыг харьцуулан судалж, шалгасны үндсэн дээр үнэлэх байтал шууд үнэлж хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.
Мөн иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэбаярын өөр гэмт хэрэг үйлдсэн эсэх, өөр хэрэгт шийтгүүлсэн эсэх нь энэ хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй ба энэ нь “...шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэн заалтыг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн байна.
Иймд шүүхээс хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулан шийдвэрлэх боломжтой тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуулийн үндэслэлгүй гарсан, хүчингүй болгож, дахин хэлэлцүүлнэ үү гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Л.Бор тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй зөв гарсан.Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Хэвээр үлдээнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл:
Ж.Н ийг 2020 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын “Түүхийн хөндий” гэх газарт 0.0076 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 236.523 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ./ хэргийн 99-100,130-132 дугаар тал/
Яллагдагч Ж.Н нь “Баян хангайн хийморь” бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 9 гишүүнтэйгээр, хугацаагүйгээр үүсгэн байгуулж, ахлагчаар нь томилогдож улмаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны чиглэлээ улсын бүртгэлд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлсэн талаарх Монгол улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000138760 тоот гэрчилгээ, “Баян хангайн хийморь” нөхөрлөлийн үүсгэн байгуулагчдын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ зэрэг баримтуудын хуулбар хэрэгт авагдсан байна/хэргийн 40,89-91 дүгээр тал/
Дээрх баримтуудаас үзэхэд Ж.Н нь “Баянхангайн хийморь” нөхөрлөлийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлэн улмаар 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргатай бичил уурхайн чиглэлээр,тухайн сумын “Түүхий хөндий” гэх газарт ашигт малтмал олборлох гэрээг нөхөрлөлөө төлөөлөн байгуулжээ.
“Баянхангайн хийморь” нөхөрлөлийн 2020 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд тухайн газрын, эвдрэлд орсон байсан 0.0076 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхэд зөв дүгнэлт хийх ингэхдээ Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд болон ашигт малтмал олборлох, ашиглахтай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын холбогдох тогтоол журмыг анхаарч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт тооцох үндсэн шалгуур, мөн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнийг хангасан эсэхийг шалгаж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Мөн түүнчлэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн “эвдрэлд оруулсан талбайг баруун талаас нь эхлэн булангийн цэгүүдийг байршил тогтоогч багажаар тойрч авахад N46044”10.1, E098056”38.2, N46044”10.8, E098056”38.7, N46044”10.7, E098056”39.3, N46044”10.6, E098056”40.4, N46044”10.2, E098056”40.6, гэсэн байршлыг зааж байв гэх 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 7/6104 тоот албан бичиг, шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулах замаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл баримтыг бодитойгоор тогтоон, дүгнэлт хийвэл зохино.
Харин анхан шатны шүүх нь “...Г.Эрдэнэбаяр нь тусгай зөвшөөрөлгүйгээр газар ухсан, ...Ж.Н ийг гүтгэсэн эсэхийг шалгаж тогтоох... Г.Эрдэнэбаяраас техник хэрэгсэл түрээсэлсэн эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох ...” зэрэг агуулгаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн прокурорын эсэрүүцэл үндэслэлтэй, зөв байна.
Иймд Прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн” хэсгийг хэрэгсэхгүй болгон, харин хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дээрх үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3 -т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/22 дугаар захирамжийг хэвээр үлдээж, хэргийг Прокурорт буцаасугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ