| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/02349/И |
| Дугаар | 101/ШШ2022/01402 |
| Огноо | 2022-03-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2022/01402
2022 03 29 101/ШШ2022/01402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,
хариуцагч- Сонгинохайрхан дүүрэг,*******,*******,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,,,,,
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22.944.800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг,
Хариуцагч Б.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал,
Хариуцагч С.Одончимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бат-Очир нь С.Одончимэг, Б.Энхжаргал нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22,944,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. С.Бат-Очир нь Б.Энхжаргал, С.Одончимэг нартай харилцан тохиролцож Энканто барилгын суурийн 37.965 метр куб газрыг өөрийн эзэмшлийн экскаватороор ухаж хүлээлгэн өгөхөөр тохирч, уг ажлыг 47.944.800 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцож, уг ажлыг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр барилгын суурийг ухаж С.Одончимэг, Б.Энхжаргал нарт хүлээлгэн өгсөн. Ажил гүйцэтгэх хугацаанд дөрвөлжин дэвтэр дээр эксковаторын ресь болон ажилд зарцуулах түлшийг литр тутамд бодож гарын үсэг зурж байсан.
Ажлаа хүлээлгэж өгсний дараа 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг экскэ энканто суурийн хөлс, газар шороо гэсэн гүйлгээний утгаар, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөгийг Б.Энхжаргалаас гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн.
Үүнээс хойш үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан тул 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б.Энхжаргал, С.Одончимэг нартай уулзахад 22.944.800 төгрөгийн үлдэгдэл байгаа, энэ төлбөрийг гүйцэтгэгч Б.Энхжаргал, С.Одончимэг нар хариуцан барагдуулна гээд тухайн өдрөө гараараа бичиг хийж гарын үсэг зурж, иргэний үнэмлэхээ канондож өгсөн гэв.
2. Хариуцагч Б.Энхжаргал хариу тайлбартаа Алтанмалгайт ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэгт байрлах Энканто трейд цент болон Энканто паркинг-2 хотхоны төслийн суурийн шороог ухаж, шороог зайлуулах ажлыг хийж гүйцэтгэх, уг ажлыг 442,896,500 төгрөгөөр бүрэн хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон. Мөн нэмэлтээр 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдийг хүртэлх хугацаанд 500 метр куб шороо, хайргыг 20 км түрж агуулах саванд байршуулахаар харилцан тохиролцсон.
Тухайн ажлыг гүйцэтгэх явцад машин техник болон хүн хүч шаардлагатай болсноор захиалагч Алтанмалгайт компаний захирал Одончимэгт хэлэхэд туслан гүйцэтгэгчээр С.Бат-Очирыг санал болгосон. С.Бат-Очир нь гэрээнд заагдсан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн байдаг.
Гэтэл захиалагч Алтанмалгайт ХХК-ийн захирал С.Одончимэг нь гэрээний дүнгээс 325.000.000 төгрөгийг төлж, 117.000.000 төгрөгийг төлөөгүй, үлдэгдэлтэй байна. Тиймээс төлсөн төлбөрөөс С.Бат-Очирын хийж гүйцэтгэсэн ажлыг хөлсийг цаг хугацаанд нь шилжүүлсэн. Үүний дараа гэрээний талууд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, Алтанмалгайт ХХК-ийн үлдэгдэл 117.896.500 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч нягтлан бодогч Д.Амаржаргал нь санхүүгийн тамга тэмдгээр баталгаажуулсан байдаг. Энэ үлдэгдэл аваагүй байгаа 117.896.500 төгрөгт С.Бат-Очирын хийж гүйцэтгэсэн ажлын 22.944.800 төгрөг багтсан бөгөөд үүнийг С.Одончимэг нь С.Бат-Очирт төлөхөөр хүлээн зөвшөөрч, тухайн үед амаараа тайлбар хэлсэн.
Тиймээс Б.Энхжаргал нь нэхэмжлэгч С.Бат-Очиртой ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй, түүнд төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн захиалагч нь Алтанмалгайт компаний С.Одончимэг учраас нэхэмжилж буй мөнгөн дүнг хариуцах нь зүйтэй байх. Энэ хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд нь Б.Энхжаргал биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч С.Одончимэг хариу тайлбартаа Алтанмалгайт ХХК болон Б.Энхжаргал нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр байгуулагдсан. Энэ гэрээний дагуу 442.896.500 төгрөгийн төлбөр бүхий үүрэг гүйцэтгэхээр тохиролцож, ажил гүйцэтгэснээс нийт 325.700.000 төгрөг авсан талаар ярьж байна. Гэтэл 325.700.000 төгрөг дээр 80.000.000 төгрөгийг өгсөн талаарх баримтыг өнөөдөр гаргаж өгсөн. Тиймээс гэрээгээр тохирсон 442.896.500 төгрөгийн үлдэгдэл 3.500.000 төгрөг гардаг. Энэ нь С.Одончимэгийн нөхөр нь бэлнээр Б.Энхжаргалд мөнгө өгсөн учир 3.500.000 төгрөгийн зөрүү гардаг. 442.896.500 төгрөгийн НӨАТ-нь 40.263.318.18 төгрөг байдаг. Монгол улсын иргэн, аж ахуй нэгж нь татварын тухай хуульд захирагдаж НӨАТ-ыг заавал суутган төлөх үүрэгтэй.
Үүний дагуу 442.000.000 төгрөгийн ажил үүрэг гүйцэтгүүлж НӨАТ-ын 10 хувийг суутгаж үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа.
Хариуцагчаар татах этгээд нь С.Одончимэг биш. Алтанмалгайт ХХК болон Б.Энхжаргал нарын хооронд гэрээний харилцаа үүссэн. С.Одончимэг нь гүйцэтгэсэн ажил үүргийн төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байгаа тул хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд С.Одончимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гараар бичсэн бичвэрт С.Одончимэг, Энхжаргал гэж гарын үсэг зурсан баримт, иргэний үнэмлэх хуулбар /хх-5/, Б.Бат-Очирын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6-13/, хоёр нүүр дээр бичвэр бичигдсэн дэвтэр 1 ширхэг /хх-1730/,
хариуцагч Б.Энхжаргалаас 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-47-49/, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актын хуулбар /хх-50/, суурийн нүх ухаж гүйцэтгэсэн актын хуулбар /хх-51/,
хариуцагч С.Одончимэгээс 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Алтанмалгайт ХХК-иас тээврийн хөлс Энхжаргалд 80,000,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр шилжүүлсэн Голомт банкны мемориалын GB17847 дугаартай баримт /хх-86/, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Алтанмалгайт ХХК, Б.Энхжаргал нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ /хх-87-91/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч Б.Энхжаргал, С.Одончимэг нартай харилцан тохиролцож Энканто барилгын суурийн 37.965 метр куб газрыг өөрийн эзэмшлийн экскаватороор ухаж хүлээлгэн өгөх, уг ажлыг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгөх, уг ажлыг нийт 47.944.800 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирч ажлыг хүлээлгэн өгсний дараа 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн уулзалтаар Б.Энхжаргал, С.Одончимэг нар 22.944.800 төгрөгийг хариуцан барагдуулахаа илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй гэж тодорхойлсон.
Хариуцагч Б.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Алтанмалгайт ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэгт байрлах Энканто трейд цент болон Энканто паркинг-2 хотхоны төслийн суурийн шороог ухаж, шороог зайлуулах ажлыг хийж гүйцэтгэх, уг ажлыг 442,896,500 төгрөгөөр бүрэн хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсноор ажлыг гүйцэтгэх явцад машин техник болон хүн хүч шаардлагатай болсноор захиалагч Алтанмалгайт компаний захирал Одончимэгт хэлэхэд туслан гүйцэтгэгчээр С.Бат-Очирыг санал болгосон. Захиалагч Алтанмалгайт ХХК нь гэрээний үүргээс 325.000.000 төгрөгийг төлж, 117.000.000 төгрөгийг төлөөгүй, энэ төлөөгүй байгаа төлбөрт С.Бат-Очирын хийж гүйцэтгэсэн ажлын 22.944.800 төгрөг багтсан, үүнийг С.Одончимэг нь С.Бат-Очирт төлөхөөр хүлээн зөвшөөрч, тухайн үед амаараа тайлбар хэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.
Харин хариуцагч С.Одончимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Алтанмалгайт ХХК болон Б.Энхжаргал нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр байгуулагдаж, гэрээний дагуу 442.896.500 төгрөгийн төлбөр бүхий үүрэг гүйцэтгэхээр тохиролцож, ажил гүйцэтгэснээс нийт 325.700.000 төгрөг төлсөн ба нэмж 80.000.000 төгрөгийг төлснөөр 3,500,000 төгрөг үлдэгдсэн нь С.Одончимэгийн нөхөр бэлнээр Б.Энхжаргалд мөнгө өгснөөр зөрүү гарч, 442.896.500 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг суутгаснаар Б.Энхжаргалд гэрээний төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. С.Одончимэг Б.Бат-Очиртой гэрээний харилцаанд оролцоогүй, энэ хэргийн хариуцагч биш учраас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлав.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1. Алтанмалгайт ХХК, Б.Энхжаргал нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч Б.Энхжаргал нь өөрийн тоног төхөөрөмж, машин механизмаар захиалагч талын Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Их монгол Улсын гудамж хаягт байрлах Энканто трейд центр болон Энканто паркинг-2 төслийн суурийг ухаж, шороог зайлуулах ажлыг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэж 2019 оны 8 дугаар сарын 30-ны дотор бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөх, гэрээт ажлыг 442,896,500 төгрөгөөр бүрэн хийж гүйцэтгэх, уг төлбөрт гэрээт ажлыг гүйцэтгэх машин, механизм, хүн хүч, байр сууц, шатахуун, хүнд машин механизм болон шороо тээвэр, хоол хүнс, хөдөлмөр хамгаалал гээд бүх зардал багтахаар тохирсон байна /хх-87-91/.
2. Нэхэмжлэгч Б.Бат-Очирын Хаан банкны 5020173983 тоот дансанд 2019-07-18-ны өдөр 10,000,000 төгрөг экскэ энканто суурийн хөлс газар шороо гэх гүйлгээний утгаар 5046334784 тоот данснаас, 2019-08-25-ны өдөр 15,000,000 төгрөг нь суур 500э...к, Энжаргалаас гэх гүйлгээний утгаар 5005745272 тоот данснаас тус тус орлого болж орсон байна /хх-6-12/.
3. Хэргийн 5-р талд авагдсан гараар бичсэн бичвэрт ...72,773 метр куб том суурь, 7155 метр куб жижиг суурийн ажлын гэрээний дүн 442,896,500 төгрөгийн тооцооны 33,566,500 төгрөг нь төлөгдөөгүй байгаа нь үнэн болно. Энэ ажлын гүйцэтгэлийн явцад Базарсад овогтой Бат-Очир /ВЮ76101915/ нь 47,944,800 төгрөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд үүнээс 7-10-10,000,000 төгрөг, 8-15-15,000,000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлж үлдэгдэл 22,944,800 төгрөгийн санхүүжилт үлдсэн. Уг төлбөрийг гүйцэтгэгч Б.Энхжаргал, С.Одончимэг /Алтанмалгайт ХХК/ нар хариуцан барагдуулна, 2019-12-16-нд ...гэжээ /хх-5/.
4. Дээрх тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн баримтын талаар шүүх хуралдаанд оролцсон талууд маргаагүй, Алтанмалгайт ХХК, Б.Энхжаргал нар 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн талаарх хэрэгт авагдсан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй, канондсон хуулбар байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.
5. Тиймээс Алтанмалгайт ХХК, Б.Энхжаргал нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
6. Харин нэхэмжлэгч Б.Бат-Очир нь хариуцагч Б.Энхжаргал, С.Одончимэг нартай хамтран барилгын суурийн ажлыг ухаж, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон талаар тайлбарласныг хариуцагч Б.Энхжаргалын зүгээс Алтанмалгайт компаний захирал Одончимэгийн санал болгосноор нэхэмжлэгчийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан гэж, хариуцагч С.Одончимэгийн зүгээс нэхэмжлэгчтэй гэрээний харилцаанд оролцоогүй, үүрэг хүлээгээгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.
7. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж, 347.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж зохицуулсан.
8. Тиймээс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Их монгол Улсын гудамж хаягт байрлах Энканто трейд центр болон Энканто паркинг-2 төслийн суурийг ухаж, шороог зайлуулах ажлын захиалагч нь Алтанмалгайт ХХК, гүйцэтгэгч нь Б.Энхжаргал байх бөгөөд тэрээр уг ажлыг гүйцэтгэхдээ өөрийн тоног төхөөрөмж, машин механизмаар гүйцэтгэх, гэрээт ажлын 442,896,500 төгрөгийн төлбөрт нь гэрээт ажлыг гүйцэтгэх машин, механизм, хүн хүч, байр сууц, шатахуун, хүнд машин механизм болон шороо тээвэр, хоол хүнс, хөдөлмөр хамгаалал гээд бүх зардал багтахаар тохирсон.
9. Хариуцагч Б.Энхжаргал нь захиалагч компаний захирал С.Одончимэгийн санал болгосноор нэхэмжлэгч Б.Бат-Очирыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан болохыг тайлбарлаж байх боловч захиалагч Алтанмалгайт ХХК-ийн ажлыг хариуцагч Б.Энхжаргал гүйцэтгэхээр гэрээгээр үүрэг хүлээсэн байх боловч уг үүргээс 37,965 метр куб газрыг ухах ажлыг нэхэмжлэгч Б.Бат-Очироор гүйцэтгүүлсэн, түүний гүйцэтгэсэн ажлын талаар маргаагүй, түүнд ажлын хөлсөнд 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар нотлогдож байна.
10. Нэхэмжлэгч Б.Бат-Очир болон хариуцагч Б.Энхжаргал нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүссэн ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөхөөр хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д заасан тул нэхэмжлэгч нь хариуцагч Б.Энхжаргалаас 22,944,800 төгрөгийг шаардах эрхтэй байна.
11. Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Энхжаргалаас гэрээний үүрэгт 22,944,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч С.Одончимэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 359 дүгээр 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Энхжаргалаас 22,944,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бат-Очирт олгож, хариуцагч С.Одончимэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 272,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхжаргалаас 272,680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бат-Очирт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ