Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/00274

 

2022 01 11 101/ШШ2022/00274

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Консул 3-р гудамж 81 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо мөн дүүрэг 7 дугаар хороо, 15-р хороолол, 2 дугаар байрны 31 тоотод оршин суух, Бэсүд овогт Нарантуяа Бадамгарав /УШ91050129/-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 3 дугаар гудамж, 81 тоотод оршин суухСахлагууд овогт Сүхбаатар Зоригтхүү /УГ85052938/-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Бадамгарав, хариуцагч С.Зоригтхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Бадамгарав нь С.Зоригтхүүд холбогдуулан 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн баталгааг цуцлуулах, 2010 оны 07-р сарын 3-ны өдөр төрсөн, охин З.Билгүүнзул, 2015 оны 02-р сарын 10-ны өдөр төрсөн, хүү З.Билгүүндалай нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд

Би 2008 онд Оточ маарамба сургуульд элсэн орж оюутан болсноор нөхөр болох С.Зоригтхүүтэй танилцан үерхэж байхдаа нэг, хоёр дотно харилцааны үр дүнд жирэмсэн болсон. Жирэмсэн болсноо нэг сарын дараа мэдээд хоёр талын ээж нартаа хэлэхэд манай ээж анхны хүүхэд болохоор авахуулаад хэрэггүй гэсэн, хадам ээж маань та 2 цаашдаа амьдрахгүй юмуу, цаашид хамт амьдарна гэж бодож байвал хүүхдээ гаргаад амьдар гэж хэлсэн.

Тухайн цаг үед амьдрал мэдэхгүй байсан болохоор, нөхөр маань надаас 5 насаар ах учраас нөхөрийгөө амьдарлаа аваад явах чадалтай, ухамсартай байх гэж итгэж, найдан хүүхдээ төрүүлэх болсон. Ингээд том охин З.Билгүүнзул 2010 оны 07-р сарын 3-нд төрсөн. Тухайн үед гэр бүлийн харилцаа гоё сайхан байсан.

Ингээд хоёр дахь охин З.Билгүүндоммиг 2012 оны 07-р сарын 10-нд төрүүлсэн боловч охин маань 4 сартайдаа нас барсан. Жирэмсэн байхад нөхрийн зүгээс ямар ч хайр халамж байгаагүй, гэртээ байдаггүй, өглөө хичээлдээ яваад тараад ажил руугаа явчихдаг, тэгээд орой 23, 24 цаг заримдаа 03 цагийн үед ирдэг болсноор охин бид хоёрт анхаарал халамж тавьдаггүй байсан. Хоёр дахь охин маань төрчихөөд жин нэмэхгүй байгаад хүүхдийн эмчид үзүүлэхэд зүрхэндээ гажигтай байж магадгүй эх нялхсад үзүүл гэснээр онош нь тогтоогдож хагалгаа хийх боломжгүй гээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн боловч онош нь хүндэрсэн байгаад нас барсан. Охин маань нас бараад бид хоёрын харилцаа бүүр хөндийрч эхэлсэн, тус тусдаа унтдаг болж, гэр бүлээ яаж авч явах уу цаашдын ирээдүйн талаар ерөөсөө ярилцдаггүй байсан. Зоригтхүү нь 4 дүгээр курсээсээ хойш лам болно гээд би 6 дугаар курсдээ буюу сургуулиа төгсөх жилдээ дахин жирэмсэн болж хүү З.Билгүүндалайг 2015 оны 02-р сарын 10-нд төрүүлсэн.

Харин С.Зоригтхүү нь 2015 оны 11 сард Энэтхэг улс руу суралцахаар явж 5 жилийн дараа буюу 2021 оны 1 сард ковид гарснаар Монголд ирсэн. Ирснээс хойших цаг хугацаанд нийлье, хамт амьдаръя, хүүхдүүдээ өсгөе гэсэн ямар ч зүйл хэлээгүй, яриагүй. Сая салах өргөдөл өгөх гээд эвлэрүүлэн зуулчлалаар орохдоо салмааргүй байна гэж эвлэрүүлэн зуучлагчид хэлсэн гэсэн боловч надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би ганцаараа хоёр хүүхдээ өсгөөд хүмүүжүүлээд явж байна.

Энэ хүн надтай хамт амьдарч байхдаа ажил хийдэг байсан ч олсон мөнгөө өөртөө л зарцуулдаг байсан, энэ хүнд гэр бүлийн төлөвлөгөө, хамтын амьдрал гэсэн зүйл байдаггүй байсан. Тиймээс цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй байгаа тул гэрлэлтийн баталгааг цуцлуулах, хоёр хүүхдэд тэтгэмж тогтоолгох хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч хариу тайлбартаа танилцсан цаг хугацаа, хүүхдүүд төрсөн цаг хугацаанд маргахгүй. Бид эхэндээ гэр бүл шиг байсан, би хичээлийн хажуугаар ажил хийдэг байснаас болж гэр бүлдээ зарцуулах цаг болон нөхцөл бүрдээгүй. Олсон орлогоо зөвхөн өөртөө хэрэглэдэг байсан гэдэг бол худлаа. Би Энэтхэгээс 2020 оны 8 сарын эхээр ирсний дараа бидний харилцаа бүүр байхгүй болсон байсан. Хүүхдүүдээ эргэх гээд очиход гэртээ байхгүй байсан, намайг хүлээж авах, харилцаа үүсгэх сонирхолгүй байсан. Тэгээд бидний харилцаа дахиж сэргэхгүй юм байна гэсэн байдлыг ирснээсээ хойш жил гаруйн хугацаанд харж байна.

Би Гүн ухааны чиглэлээр Энэтхэг улсад суралцдаг, цаашид ч сургуульдаа үргэлжлүүлэн суралцана, сургалтын програм нь олон жилийн хугацаатай байдаг болохоор нэгэнт гэр бүл асуудалтай байгаа учраас гэрлэлтээ цуцлуулаад явсан дээр гэж бодож байна. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэгчээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 он 10-р сарын 18-ны өдрийн 525 дугаартай тэмдэглэл, З.Билгүүнзул, З.Билгүүндалай нарын төрсний гэрчилгээний хуулбар, С.Зоригтхүү, Н.Бадамгарав нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн 7-р хорооны Сувилахуй өрхийн эмнэлгийн З.Билгүүндалай, З.Билгүүнзул нарын эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, З.Билгүүнзул нь Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн 6А ангид, З.Билгүүндалай нь 1Ж ангид суралцдаг тухай тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Н.Бадамгарав нь хариуцагч С.Зоригтхүүд холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах болон охин З.Билгүүнзул, хүү З.Билгүүндалай нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, энэхүү шаардлагын үндэслэлээ хоёр дахь охин З.Билгүүндомми 2012 оны 07-р сарын 10-нд төрсөн боловч 4 сартайдаа зүрхэний гажиг онош тогтоогдож эмчилгээ хийлгэж байгаад нас барснаас хойш бидний харилцаа хөндийрч, хүү З.Билгүүндалайг 2015 оны 02-р сарын 10-нд төрүүлснээр хариуцагч С.Зоригтхүү нь 2015 оны 11 сард Энэтхэг улс руу суралцахаар явж 5 жилийн дараа буюу 2021 оны 1 сард ковид гарснаар Монголд ирсэн. Энэ хүн надтай хамт амьдарч байхдаа ажил хийдэг байсан ч олсон мөнгөө өөртөө л зарцуулдаг байсан, энэ хүнд гэр бүлийн төлөвлөгөө, хамтын амьдрал гэсэн зүйл байдаггүй гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Н.Бадамгарав, хариуцагч С.Зоригтхүү нар 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2009-12-24-ний өдөр бүртгүүлсэн /хх-10/ байх бөгөөд тэдний дундаас 2010 оны 7-р сарын 03-нд охин З.Билгүүнзул, 2015 оны 2-р сарын 10-нд хүү З.Билгүүндалай нар төрсөн болох нь 0436536 Г-4388, 1110001644 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-10-11/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэрлэгчдийн хамтын амьдрал 2008 оноос эхэлсэн талаар зохигчид тайлбарлаж, гэрлэгчдийн зан харьцааны таарамжгүй байдал, ойлголцохгүй байдал зэрэг шалтгаан нөхцөл болон хариуцагч С.Зоригтхүү 2015 оны 11 сард Энэтхэг улс руу суралцахаар явснаар гэрлэгчид тусдаа амьдарсан байна.

 

Гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх, эвлэрэх хүсэл сонирхолгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Н.Бадамгарав, С.Зоригтхүү нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох З.Билгүүнзул, З.Билгүүндалай нар эхийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, маргаагүй бөгөөд хариуцагч С.Зоригтхүү нь тухайн хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох З.Билгүүнзул, З.Билгүүндалай нарыг эх Н.Бадамгаравын асрамжид үлдээж мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг С.Зоригтхүү-с нь тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Учир нь, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах учиртай.

 

Мөн хүүхдийн эцэг, эх тусдаа амьдарсан ч үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг хэн алинд нь хэвээр үлддэг бөгөөд эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг болохыг нэхэмжлэгч Н.Бадамгарав, хариуцагч С.Зоригтхүү нарт тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эцэг, эх байх үүргээ биелүүлж, хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Н.Бадамгарав, хариуцагч С.Зоригтхүү нарт даалгах нь зүйтэй.

 

Зохигчид дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Бадамгаравт даалгаж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хүүхдүүдэд онцгой нөхцөл байдал тохиолдсон үед тэдгээрт нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг, хариуцагч С.Зоригтхүү нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулах, 38.7-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2021-11-09-ний өдөр 3 баримтаар төлсөн 168,845 /70,200+60,780+37,865/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 168,845 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Бэсүд овогт Нарантуяа Бадамгарав /УШ91050129/, Сахлагууд овогт Сүхбаатар Зоригтхүү /УГ85052938/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны 7-р сарын 03-ны өдөр төрсөн охин З.Билгүүнзул, 2015 оны 2-р сарын 10-ны өдөр төрсөн, хүү З.Билгүүндалай нарыг эх Н.Бадамгаравын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 7-р сарын 03-ны өдөр төрсөн, охин З.Билгүүнзулыг 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,

2015 оны 2-р сарын 10-ны өдөр төрсөн, хүү З.Билгүүндалайг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Зоригтхүүгээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг баримтлан тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Н.Бадамгаравт даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцаалуулахаар, хуулийн 38.7-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэхээр хариуцагч С.Зоригтхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг,

мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Бадамгарав нь хүүхдүүдэд нэмэлт тэтгэлэг тогтоолгох, гарсан зардлыг хариуцуулахаар хариуцагч С.Зоригтхүүд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Н.Бадамгарав, хариуцагч С.Зоригтхүү нарт үүрэг болгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Н.Бадамгарав, С.Зоригтхүү нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 168,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Зоригтхүүгээс 168,845 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бадамгаравт олгосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ