| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/00446/И |
| Дугаар | 101/ШШ2022/00701 |
| Огноо | 2022-02-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2022/00701
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а байрны 203 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 51-р байрны 97 тоотод оршин суух, Олгон овогт Галсандорж Далаймаа /ХД69022868/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а байр, 203 тоотод оршин суух, Гарьд овогт Рэндоо Тамир /ХК65082719/-т холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Далаймаа, хариуцагч Р.Тамир, түүний өмгөөлөгч Г.Чинбат /ӨҮ- 2119/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Далаймаа нь хариуцагч Р.Тамирт холбогдуулан 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн баталгааг цуцлуулах, 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, охин Т.Сийлэн-г өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-2/.
Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлон тайлбарласан. Үүнд:
Бид 2009 оноос хамт амьдарч, 2011-1-13-нд охин Сийлэн төрснөөр 10 жилийн хугацаанд сайхан амьдарсан боловч 2 жилийн өмнөөс Р.Тамир намайг байнга хардаж, ажил дээр ирж, гэрт очиход хардаж, байж суухын аргагүй болгож байсан. Мөн надад гар хүрч зодсоноор би гэмтлийн эмнэлэгт ухаангүй очиж эмчлүүлж байсан учраас цаашид энэ хүнтэй хамт амьдрахгүй.
Р.Тамирын яриад байгаа зүйл худал, би 40 нас гарсан хойно хүүхэд төрүүлсэн тул өөр бусад хүнтэй гадуур явсан зүйл байхгүй. Р.Тамир надад хэлэхдээ лам чамайг ингэж хэлж байна гээд дорормжилж, хардаж, энэ хүнтэй хамт амьдрах аргагүй болгосон.
Охин Т.Сийлэнг өөрийн асрамжид авах хүсэлттэй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан. Би өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг тул охиноо өөрөө тэжээн тэтгээд аваад явах боломжтой.
Дундын эд хөрөнгийн талаар маргаан байсан боловч зарим эд зүйлсийг авсан талаар эвлэрлийн гэрээнд тусгасан тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэж тайлбарласан.
Хариуцагч хариу тайлбартаа Далаймаагийн ярьсан гэр бүл болсон, хүүхэд төрсөн, хамт амьдарсан цаг хугацааны хувьд маргах зүйл байхгүй. Харин 2019 оны 12-р сараас Далаймаагийн ааш зан гэнэт өөрчлөгдөж, ажлаасаа оройтож ирдэг болсон. Би хүүхдийнхээ хичээлийг хийлгэдэг байсан тул судлаад үзэхэд эхнэр нь нас барсан хүнтэй явалдаж байгаа талаар олж мэдснээр гэр бүлийн маргаан гарсан. Далаймаа өөрөө гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж өргөдөл өгсөн учраас зөвшөөрч байна. Хүүхдийг өөрийн асрамжид авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хүүхэдтэй уулзуулахгүй, хүүхэд ээжтэйгээ хамт амьдарна гэсэн тул ээжтэйгээ амьдрахыг зөвшөөрч байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй. Нэхэмжлэгч Далаймаа болон охин Сийлэн нарын амьдарч байгаа ороны сууцны өмчлөх эрхээс нэрээ хасуулсан байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгчээс 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр охин Т.Сийлэн төрсөн тухай 0000129411 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, 0612948 дугаартай Г.Далаймаагийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-5-6/, Т.Сийлэн эрүүл бойжиж байгаа талаарх Амгалан өрх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-7/, Т.Сийлэн 5-р ангид суралцдаг тухай тодорхойлолт /хх-8/, Г.Далаймаа нь Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн нүүр амны эмчилгээний тасагт сувилагчаар ажилладаг тухай тодорхойлолт /хх-9/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020-9-25-ны өдрийн 1706 дугаартай шийтгэх тогтоол /хх-10-13/, Р.Тамир, Г.Далаймаа нарын гэрлэлтийг бүртгэлийн лавлагаа /хх-15/, зохигчид 2021-11-29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-123-124/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хүүхдийн санал асуусан тэмдэглэл /хх-80-81/-г шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Далаймаа, хариуцагч Р.Тамир нар гэрлэсний бүртгэлийг 2012 оны 2-р сарын 02-ны өдөр бүртгүүлсэн болох нь 2021-01-20-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний дундаас 2011 оны 01-р сарын 13-ны өдөр охин Т.Сийлэн төрсөн болох нь 0000129411 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Т.Сийлэн эрүүл өсөн бойжиж байгаа болохыг Амгалан өрх өрхийн эрүүл мэндийн төв тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хардалт, бие эрх чөлөөнд халдсан шалтгаан нөхцөл гэж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч тайлбарласан үндэслэлээ нэхэмжлэгч гэр бүлээс гадуур өөр бусадтай харилцаа тогтоосныг мэдснээр хоорондын харилцаа таарамжгүй болж, маргаан, үйл ойлголцол гарснаар 2020 оны 3-р сараас тусдаа амьдарч байгаа талаар тайлбарласан.
Гэрлэгчдийн хамтын амьдрал 2008 оноос эхэлсэн талаар зохигчид тайлбарлаж, өөр хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, харилцаа хандлага, бие биенээ хүндэлдэггүй, ойлголцохгүй байдал, хариуцагч Р.Тамир нь нэхэмжлэгч Г.Далаймаагийн эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020-9-25-ны өдрийн 1706 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Мөн гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх, эвлэрэх хүсэл сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Далаймаа, хариуцагч Р.Тамир нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох охин Т.Сийлэн ээжийнхээ асрамжид байсан үйл баримтад талууд маргаагүй ба хариуцагч Р.Тамир нь хүүхдийн асрамжийн талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, охин Т.Сийлэнг эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох 2011 оны 01-р сарын 13-ны өдөр төрсөн охин Т.Сийлэн-г эх Г.Далаймаагийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах болно.
Мөн хүүхдийн эцэг эх тусдаа амьдарсан ч үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг хэн алинд нь хэвээр үлддэг бөгөөд эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг болохыг нэхэмжлэгч Г.Далаймаа, хариуцагч Р.Тамир нарт тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эцэг, эх байх үүргээ биелүүлж, хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Г.Далаймаа, хариуцагч Р.Тамир нарт даалгав.
Зохигчид шүүхэд ирүүлсэн 2021 оны 11-р сарын 29-ний өдрийн огноотой эвлэрлийн гэрээнд охин Т.Сийлэнг асран хамгаалагчаар нэхэмжлэгчийг тогтоож, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндсэн шаардлагаас татгалзаж, уг асуудлаар дахин маргахгүй байх, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан аливаа гэр бүлийн хөрөнгийн маргаан дахин үүсгэхгүй байхаар тохиролцожээ /хх-123/.
Тиймээс зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэснийг, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаас, хариуцагч нь охин Сийлэнг өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан талаараа шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Гэвч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир мөн хуулийн 26.2.2-т зааснаар хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг тул энэхүү үүргийн хүрээнд хэн аль нь бие биедээ холбогдуулан шаардлага гаргах эрх нь нээлттэй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2021-01-22-ны өдөр төлсөн 107,230 төгрөг /хх-14/, хариуцагчаас 2021-10-21-ний өдөр төлсөн 70,200 /хх-102/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Олгон овогт Галсандорж Далаймаа /ХД69022868/, Гарьд овогт Рэндоо Тамир /ХК65082719/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 01-р сарын 13-ны өдөр төрсөн, охин Т.Сийлэн-г эх Г.Далаймаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Г.Далаймаа, хариуцагч Р.Тамир нарт үүрэг болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг тул энэхүү үүргийн хүрээнд хэн аль нь бие биедээ холбогдуулан шаардлага гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Г.Далаймаа, Р.Тамир нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Далаймаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаас, хариуцагч Р.Тамир нь хүүхдийг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсан болохыг дурдсугай.
7. Зохигчид дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 107,230 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Тамираас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Далаймаад олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ