Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/03680

 

2021 11 11 101/ШШ2021/03680

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 28 дугаар байрны 58 тоотод оршин суух, Зана овогт Доржсүрэнгийн Энхтүвшин /ВЗ82082503/,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 30-р гудамж, 0503 тоотод оршин суух, Боргочин овогт Бямбаахүү Жүгдэрбямба /ХЖ84112318/ нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 7-р гудамж 171 тоотод оршин суух, Боржигон овогт Оюунчулуун Бурам /РЭ93042342/-д холбогдох,

52,643,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энхтүвшин, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс /ӨҮ-0356/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхтүвшин нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч О.Бурамтай 2019 онд ажил хэргийн шугамаар танилцаж байсан. 2020 оны 11-р сараас хөл хорио эхлэх үед маскны наймаа хийвэл маш их ашигтай буюу БНХАУ-аас зардалтайгаа нийлээд 70 төгрөгөөр аваад 150-200 төгрөгөөр зарж борлуулна гээд надаас 2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс 2021 оны 3-р сарын 13-ны өдөр хүртэлх хугацааэнд 14 удаагийн гүйлгээгээр нийт 62,970,000 төгрөг шилжүүлж авснаас 9 удаагийн гүйлгээгээр 46,350,000 төгрөг шилжүүлж өгсөн тул үлдэгдэл 16,620,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Маск захиалах зорилгоор мөнгө шилжүүлсэн тул О.Бурамын хүсэлтээр гүйлгээний утгыг бичсэн байгаа гэв.

 

Нэхэмжлэгч өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Бурамын хүсэлтээр түүний данс руу мөнгө шилжүүлж байсан, хариуцагчаас буцааж тодорхой хэмжээний төлбөр шилжүүлсэн, О.Бурам дансны хуулгаа нотлох баримтаар гаргаснаар тулгаж эвлэрэх санал гаргасан боловч шүүх хуралдаанд ирээгүй. О.Бурам нь эхлээд төлбөр төлөх хугацаа авах хүсэлт гаргасан боловч одоо шүүх хуралдаанд ирээгүй байгаа тул нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэгч өөрийн зээлдүүлсэн буюу дансны хуулгаар шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж байгаа тул хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Жүгдэрбямба нь хариуцагч О.Бурамтай найз нөхдийн холбоотой байгаад О.Бурамд мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу түүнтэй 2021 оны 1-р сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 27,800,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлж, 2020-12-17-нд Б.Жүгдэрбямба нь эхнэр болох Д.Гантуулын Хаан банкны данснаас 17,800,000 төгрөгийг шилжүүлж, 2021-01-11-нд 10,300,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Ингэж шилжүүлэхдээ зээлийн гэрээгээр тохирсон дүнгээс илүү 300,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Зээлийн гэрээгээр хүү тохироогүй бөгөөд алданги төлөхөөр тохирсон боловч О.Бурам нь зээлийн гэрээний үүрэгт ямар нэгэн төлөлт хийгээгүй тул үндсэн мөнгө 28,100,000 төгрөг, алданги 7,923,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны 57 хоногийн алданги тооцсон байгаа. О.Бурам нь нэхэмжлэгч нарт зээлсэн мөнгөө төлсөн гэж байгаа боловч төлбөр төлсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байгаа. Иргэний хуулийн 281-р зүйлд зааснаар зээлдэгчид 27,800,000 төгрөг шилжүүлсэн, гэрээнд алданги төлөхөөр тохирсон тул алданги шаардах эрхтэй, хариуцагч зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй байгаа гэв.

 

Хариуцагч О.Бурам шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Энхтүвшинтэй 2020 оны 11-р сард анх танилцсан. Б.Жүгдэрбямбатай 2021 оны 1-р сарын 11-ний өдөр анх уулзсан өөр танихгүй. Д.Энхтүвшин болон Б.Жүгдэрбямба нараас авсан мөнгөө бүрэн өгч барагдуулсан гэж үзэж байгаа тул Д.Энхтүвшин, Б.Жүгдэрбямба нарын нэхэмжилж буй 52,643,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Энхтүвшин нь хариуцагчаар О.Бурамыг тодорхойлон татаж, түүнд холбогдуулан 2020 оны 11-р сараас 2021 оны 3-р сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 14 удаагийн гүйлгээгээр 62,970,000 төгрөг зээлдүүлсний үлдэгдэл 16,620,000 төгрөгийг,

нэхэмжлэгч Б.Жүгдэрбямба нь хариуцагчаар О.Бурамыг тодорхойлон татаж, түүнд холбогдуулан 2021 оны 01-р сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 28,100,000 төгрөг, алданги 7,923,000 төгрөгийг,

нийт 52,643,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч мөнгийг бүрэн төлсөн гэж эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Энхтүвшин нь Хаан банкны 5034678050 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж, тухайн баримт дээр ногоон өнгийн тодруулагчаар хариуцагчид шилжүүлсэн мөнгөн дүнг тодруулсан тэмдэглэгээг өөрөө хийсэн болохыг тайлбарласнаар түүний дансны хуулгаас үзэхэд Хаан банкны 5032607386 тоот данс руу 2020-11-11-нд 2,100,000 төгрөг, 2020-11-20-нд 6,300,000 төгрөг, 2020-11-26-нд 9,100,000 төгрөг, мөн Хаан банкны 5000828969 тоот данс руу 2020-11-26-нд 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2020-11-27-нд 7,000,000 төгрөг, 2020-11-30-нд 4,000,000 төгрөг, 2020-12-01-нд 6,300,000 төгрөг, 2020-12-4-нд 10,000,000 төгрөг, 4,500,000 төгрөг, 2021-3-02-нд 1,160,000 төгрөг, 2021-3-13-нд 10,000 төгрөг, нийт 58,470,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, гүйлгээний утга хэсэгт Энхтүвшингээс маск үнэ, хатгамалын машинд хамтрах Энхтүвшингээс гэж бичигдсэн байна /хх-9-11/.

 

Нэхэмжлэгч Д.Энхтүвшингээс мөнгө шилжүүлсэн Хаан банкны 5000828969, 5032607386 тоот дансны эзэмшигч нь хариуцагч О.Бурам болох нь хэрэгт авагдсан түүний дээрх депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх бөгөөд тухайн баримт дээр бор өнгөөр тэмдэглэгээ хийсэн дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч Д.Энхтүвшингийн Хаан банкны 5034678050 тоот данс руу хариуцагч О.Бурамаас 2020-12-03-нд 5,000,000 төгрөг, 2020-12-27-нд 250,000 төгрөг, 2020-11-20-нд 4,500,000 төгрөг, 2020-11-26-нд 13,500,000 төгрөг, 500,000 төгрөг, 2020-11-30-нд 15,000,000 төгрөг, 300,000 төгрөг, 2020-11-30-нд 4,500,000 төгрөг, нийт 43,550,000 төгрөгийг тус тус шилжүүлж, гүйлгээний утга хэсэгт tuvshee egch гэж бичигдсэн байна /хх-87-88, 91-94/.

 

Харин 2021 оны 01-р сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэгч Б.Жүгдэрбямба, хариуцагч О.Бурам нарын хооронд хийгдсэн байх бөгөөд зээлийн хэмжээг 27,800,000 төгрөг, зээлийг бэлэн бусаар Хаан банкны 5000828969 тоот дансанд 2021-01-11-нд шилжүүлнэ гэж тохирсон, Б.Жүгдэрбямбын Хаан банкны 5037021910 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга дээр ногоон өнгийн тодруулагчийн тэмдэглэгээг нэхэмжлэгч өөрөө хийсэн болохыг тайлбарлаж, 2021-01-11-нд 10,300,000 төгрөгийн зарлагын гүйлгээ 5000828969 тоот данс руу зээл гэсэн утгаар хийгдсэн байна /хх-6, 7/.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байх бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан.

 

Гэрээ, хэлцэлд оролцогч талууд гэрээнд тодорхой агуулга бүхий нэр өгөх нь тухайн хэлцлээр үүсгэхийг хүссэн үүргийг илэрхийлж байгаа хэрэг биш бөгөөд тухайн хэлцлийн агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл зэргээс Иргэний хуульд заасан ямар гэрээний үүргийг үүсгэхээр илэрхийлснийг шүүх тодорхойлж, тус гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй эсэхэд хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үр дагаварыг үүсгэх агуулгаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан, тус гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нар зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, хариуцагч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэг харилцан үүссэн байна.

 

Тодруулбал, зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох учиртай тул нэхэмжлэгч Д.Энхтүвшин нь 62,970,000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Жүгдэрбямба нь 28,100,000 төгрөгийг тус тус Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч О.Бурамд хүлээлгэн өгсөн байх ёстой.

 

Гэтэл хариуцагч О.Бурам нь нэхэмжлэгч Д.Энхтүвшин, Б.Жүгдэрбямба нараас авсан мөнгөө бүрэн өгч барагдуулсан гэж үзэж байгаа талаар тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тул зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Д.Энхтүвшингээс хариуцагч О.Бурамд нийт 58,470,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч О.Бурамаас түүнд буцаан нийт 43,550,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч Д.Энхтүвшин нь 14,920,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч Б.Жүгдэрбямбаас 10,300,000 төгрөгийг хариуцагч О.Бурамд шилжүүлсэн болох нь тэдгээрийн дансны хуулгаар нотлогдож, хариуцагчаас буцаан нэхэмжлэгчид мөнгийг төлсөн гэх тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгч Б.Жүгдэрбямба нь хариуцагчаас 10,300,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн Д.Гантуулын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2020-12-20-ны өдөр 17,800,000 төгрөгийг хариуцагч О.Бурамын Хаан банкны 5000828969 тоот данс руу шилжүүлсэн байх бөгөөд гүйлгээний утга нь enhtuvshin mask гэх утгаар шилжүүлсэн байх тул үүнийг нэхэмжлэгч Б.Жүгдэрбямба шаардах эрхтэй болох нь хариуцагчтай 2021-01-11-нд зээлийн гэрээ байгуулсан тул иргэн Д.Гантуулаас enhtuvshin mask гэх утгаар шилжүүлсэн 17,800,000 төгрөг нь дээрх зээлийн гэрээний зүйл болох нь нотлогдохгүй, зээлийн гэрээнд энэ талаар дурдаагүй байна.

 

Харин зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр гэрээний талууд тохирсон байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, хуулийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, мөн хуулийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Б.Жүгдэрбямба нь алдангид 5,150,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул дурдсан үндэслэлүүдээр хариуцагч О.Бурамаас 14,920,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхтүвшинд, 15,450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Жүгдэрбямбад тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,273,00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад 2021 оны 10-р сарын 22-ны өдөр гарын үсэг зурсан байх бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүгчийн туслахад эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтээ утсаар мэдэгдсэн байх тул нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч О.Бурамаас 14,920,000 /арван дөрвөн сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхтүвшинд, 15,450,000 /арван таван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Жүгдэрбямбад тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,273,00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бурамаас 232,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхтүвшинд, 235,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Жүгдэрбямба нарт тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ