| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/02681/И |
| Дугаар | 101/ШШ2021/03440 |
| Огноо | 2021-10-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2021/03440
| 2021 10 29 | 101/ШШ2021/03440 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг, 2 хэсэг гудамж 2-р байрны 6 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо мөн сумын 1-р баг, 34-р байрны 01 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэндоржийн Сайханбаяр /ХБ69102019/-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч 2021-06-23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, түүний шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагын дагуу шүүхийн шийдвэр бүхий төлбөрийг төлөх үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлэн өр төлбөрийг боломж бүхнээ дайчлан төлж барагдуулах арга хэмжээг авсаар байгаа бөгөөд энэ хүрээнд шүүхийн шийдвэрийн төлбөрийн дүн болох 56.629.650 төгрөгөөс одоогоор 10 сая орчим төгрөгийн төлбөрийг төлөөд байгаа ба шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс дуудсан тухай бүрт, мөн түүний зүгээс амаар болон бичгээр тавьсан шаардлагыг биелүүлэхээр хичээж байгаа, энэ дагуу төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийн саналаа өгөх түүний шаардлагын тухайд удаа дараа буюу 2 удаа бичгээр үнийн саналыг хүргүүлж, өгсөн байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа 2021-6-08-ны өдөр 4-227/10349 тоот албан бичгээр үнийн саналыг 2021-6-10-ны дотор ирүүлэхийг бичгээр мэдэгдсэн. Энэ дагуу тухайн хураагдсан гэх үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг өмнө ч хүргүүлж байсан ба 2021-6-10-ны өдөр бичгээр, имэйлээр түүнд хүргүүлсэн байхад дээрх албан бичигт дурьдсанчлан үнэлгээг хүргүүлсээр байхад үнэлгээг төлбөр авагчид мэдэгдэж танилцуулан талуудыг үнэлгээ тохиролцуулах арга хэмжээ аваагүйгээр үнэлгээ хийлгэх болсон нь энэ талаар буюу шинжээч томилж байгаа тухайгаа, түүнчлэн шинжээч томилох болсон үндэслэл, шалтгаан, шинжээч томилсон тогтоолдоо тус тус төлбөр төлөгч талд мэдэгдэж, танилцуулаагүйгээр шинжээч томилж, төлбөр төлөгч мэдээгүй байхад шууд хөндлөнгийн үнэлгээг хийлгэсэн байх бөгөөд ийнхүү хууль бусаар үндэслэлгүйгээр тогтоосон энэхүү хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үнэлгээний тайлан гэх баримтад үнэлсэн хөрөнгө гэж 3 өрөө орон сууц гэсэн атлаа үнэлгээний ажлын зорилго нь 1 өрөө орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлох зорилгоор үнэлсэн байх зэргээр илт үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Улмаар хөрөнгийн үнэлгээчин үнэлгээ тогтоосон тухайн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-6-17-ны өдрийн 4-227/11171 тоот бичгээр надад танилцуулж, ирүүлснээр үнэлгээ хийлгэсэн болох тухайг мэдсэн ба үүгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл заалтуудыг илт зөрчсөн байх тул уг үнэлгээ нь үндэслэлгүй бөгөөд төлбөр төлөгч иргэн миний эрх үүгээр зөрчигдөж байна.
Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд тус тус үнэлгээ хийлгэх үндэслэл нь хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр гэсэн байх ба төлбөр төлөгч иргэн надад ийнхүү үнэлгээ хийлгэх тухай тогтоол буюу эрх бүхий этгээдийн шийдвэрийг үзүүлж танилцуулаагүй, ийм шийдвэр гарч үнэлгээ хийгдсэн эсэх нь эргэлзээтэй дээр ийнхүү үнэлгээг хийлгэх үндэслэл шалтгаан байх ёстой бөгөөд энэ үндэслэл шалтгааныг танилцуулаагүйгээр хийгдсэнээрээ үндэслэлгүй үнэлгээ хийгдсэн гэж үзэх үндэслэл нь болсон болно. Иймээс хууль зөрчсөн, үндэслэлгүйгээр хийгдсэн, үнэлгээ нь үнэн зөв бодитойгоор зах зээлийн үнэ ханшаар бус хийгдсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, түүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчиж, үндэслэлгүйгээр бодитой биш үнэлгээ хийлгэснийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу үнэлгээ тогтоосонд гомдол гаргасан. Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 10 сая төгрөгийн төлөлөлтэй байсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хөрөнгө битүүмжилж, хурааж, үнэлэх ажиллагаа хийгдсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн тул гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 6-р сарын 4-ний өдөр 3 өрөө орон сууцыг хураасан акт үйлдсэн бөгөөд 2021 оны 6-р сарын 7-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч талаас үнийн санал авалгүйгээр шинжээч томилуулах ажиллагаа хийгдсэн байгаа. Үнийн санал 2 хоногийн дотор ирүүлэхийг даалгасан байдаг. Нэхэмжлэгч Сайханбаярын тухайд мэдэгдлийн дагуу хоёр хоногийн дотор имэйлээр үнийн саналаа хүргүүлсэн. Гэтэл төлбөр авагч талаас үнийн саналыг 2021 оны 6-р сарын 7-ны өдөр авсан байдаг. Мөн шинжээч томилуулах хүсэлт бичгээр гаргасан байгаа боловч хүсэлтэд огноо байдаггүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилох ажиллагааг хууль бусаар явагдсан байна гэж үзэж гомдол гаргасан. Иймд хуульд заасан журмыг зөрчиж шинжээч томилсон тогтоолын дагуу гарсан шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4-р сарын 23-ны өдрийн 1386 дугаар захирамжаар Ц.Сайханбаяраас 52.629.650 төгрөгийг гаргуулж БСБ финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020-8-10-ны өдрийн 20260781 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Ц.Сайханбаярт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд төлбөр бүрэн төлөгдөөгүй тул түүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009762 дугаарт бүртэглтэй Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, 25-р байрны 16 тоот 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 9-р сарын 8-ны өдөр битүүмжилж, 2021 оны 6-р сарын 4-нд хураан авч, тухайн өдрөө үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч Сайханбаяраас үнийн саналыг имэйлээр ирүүлж, үл хөдлөх хөрөнгөө 200 сая төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч БСБ финанс ББСБ-д танилцуулахад хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах хүсэлтийг бичгээр гаргасан тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 6-р сарын 11-ний өдрийн 6/91 дугаартай шинжээч томилох тогтоолоор Итгэлт эстимэйт компанийг томилоход орон сууцыг 93.910.400 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээг талуудад 2021 оны 6-р сарын 17-ны өдөр мэдэгдсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Сайханбаяр нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009762 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 16 тоотод байрлах, 39 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар үзэхэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/01386 дугаар захирамжаар хариуцагч Ц.Сайханбаяр нь 56,629,650.11 төгрөгийг нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож /хх-53-55/ шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 06-р сарын 02-ны өдөр олгосон 10987 дугаартай /хх-52/ гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 20260781 дугаар тогтоолоор /хх-59/ үүсгэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож нэхэмжлэгч маргаагүй.
Нэхэмжлэгч Ц.Сайханбаяр нь БСБ финанс ББСБ ХХК-д төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан тул шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа дурдаж, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Төлбөр төлөгч Ц.Сайханбаяр нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009762 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 16 тоотод байрлах, 39 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 09-р сарын 8-ны өдрийн 20260781/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 06-р сарын 04-ний өдрийн 20260781/05 дугаартай тогтоолоор дээрх эд хөрөнгийг хураасан хураасан байх бөгөөд нэхэмжлэгч эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд маргаагүй харин үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, үнэлгээ хийлгэх болсон үндэслэн шалтгааныг танилцуулалгүйгээр зах зээлийн үнэ ханшаар бус хийгдсэн гэх гомдлын үндэслэлээ тодорхойлсон.
Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зохицуулсан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06-р сарын 08-ны өдрийн 4-227/10349 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Ц.Сайханбаярт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох тухай мэдэгдэл хүргүүлснээр нэхэмжлэгчээс 2021 оны 06-р сарын 10-ны өдөр 200.000.000 төгрөгийн, төлбөр авагч БСБ финанс ББСБ ХХК нь 70.000.000 төгрөгийн үнийн санал тус тус гаргаснаар төлбөр авагчаас шинжээч томилуулах тухай хүсэлтийн огноо 2021.6. гэж бичигдсэн байна.
Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2021 оны 06-р сарын 11-ний өдрийн 6/91 дугаар тогтоолоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч болох Итгэлт эстимэйт ХХК нь дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 93.919.400 төгрөг болохыг тодорхойлсон байна.
Шинжээч орон сууцны зах зээлийн үнийг 93,919,400 төгрөгөөр үнэлсэн, төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр өөрийн хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй талаар хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч Ц.Сайханбаярт 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн болох нь 4-227/11171 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч тал дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зөрчсөн, үндэслэлгүйгээр хийгдсэн, зах зээлийн үнэ ханшаар бус хийгдсэн, хуульд заасан журмыг зөрчиж шинжээч томилсон тогтоол гарсан гэх тайлбар үндэслэлээ бодит зах зээлийн үнэ ямар байх талаар огт үнэлгээ тооцоолол хийгээгүй, үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй, шинжээч томилсон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын талаар гомдол гаргасан эсэх, тухайн тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоосон зэрэг шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмын дагуу нотлоогүй, нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилсон тогтоол нь яагаад хуулийн зөрчсөн болон хүчин төгөлдөр бус болохыг үнэлгээ нь зах зээлийн үнэ ханшаар хийгдээгүй гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Төлбөр төлөгч Ц.Сайханбаяр нь шүүхийн шийдвэрээр баталгаажсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэн хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоосон 2021 оны 06-р сарын 16-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 06-р сарын 17-ны өдөр төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид 4-227/11171 дугаартай албан бичгээр мэдэгдснийг нэхэмжлэгч тухайн өдөр нь гардан авснаар дээрх үнэлгээний талаарх гомдлыг тус шүүхэд 2021 оны 06-р сарын 23-ны өдөр гаргасан байх тул хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Сайхбанбаярын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Сайханбаярын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 16 тоотод байрлах, 39 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Сайханбаярын урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2021/10843 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ