2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/899

 

 

 

 

 

 

 

     2024           11           12                                       2024/ШЦТ/899

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хүралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,

Улсын яллагч: Т.Баянмөнх,

Иргэдийн төлөөлөгч: Ө.Мөнх-Очир,

Шүүгдэгч: К.П түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, Д.Дэлгэрцэцэг,

Орчуулагч: Б.Орхон  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.П-д холбогдох эрүүгийн 2405000001133 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Оросын Холбооны Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** улсын Амур мужийн ** дүүрэгт төрсөн ** настай эрэгтэй, дээд боловсролтой, холын зайны бариа засалч, усан онгоцны жолоодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг гэх, ** улсын Амур мужийн ** тосгоны ** дүүрэгт оршин суух үндсэн хаягтай боловч, Монгол Улсад оршин суух тодорхой хаяггүй, түр оршин суудаг гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

К.П*********.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын  яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч К.П нь “...2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Вилла" нэртэй хотхонд үйл ажиллагаа явуулдаг "Вилла Март' нэртэй дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийн худалдагч, иргэн Г.У-г зэвсэг буюу хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай "Хараа" нэртэй 1 шил архийг авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гранд Вилла" нэртэй хотхонд үйл ажиллагаа явуулдаг "Вилла Март" нэртэй дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийн худалдагч, иргэн Б.Б-г зэвсэг буюу хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай "Хараа" нэртэй 1 шил архийг авсан,

2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гранд Вилла" нэртэй хотхонд үйл ажиллагаа явуулдаг "Вилла Март" нэртэй дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийг хариуцан ажиллуулж байсан иргэн Н.Б-г зэвсэг буюу хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай "Хараа" нэртэй 1 шил архийг тус тус авсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч К.П нь “...2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ** дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Вилла" нэртэй хотхонд үйл ажиллагаа явуулдаг "Вилла Март' нэртэй дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийн худалдагч, иргэн Г.У-г зэвсэг буюу хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай "Хараа" нэртэй 1 шил архийг авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гранд Вилла" нэртэй хотхонд үйл ажиллагаа явуулдаг "Вилла Март" нэртэй дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийн худалдагч, иргэн Б.Б-г зэвсэг буюу хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай "Хараа" нэртэй 1 шил архийг авсан, 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гранд Вилла" нэртэй хотхонд үйл ажиллагаа явуулдаг "Вилла Март" нэртэй дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийг хариуцан ажиллуулж байсан иргэн Н.Б-г зэвсэг буюу хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай "Хараа" нэртэй 1 шил архийг тус тус авсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.Пийн өгсөн “...гэм буруугүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2405000001133 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Батбаярын хохирогчоор өгсөн “...Би Баянгол дүүргийн З дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вилла март" дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд дэлгүүртээ 2 ээлжийн худалдагч ажиллуулдаг юм. Манай дэлгүүр 1 дүгээр ээлжийн худалдагчийг У*, 2 дугаар ээлжийн худалдагчийг Б* гэдэг Эдгээр худалдагчийг хүнсний дэлгүүрт ажлаа хийж байхад нь удаа дараа ОХУ-ын иргэн хутга барьж орж ирээд айлган сүрдүүлж архи аваад гарсан гэж 3 удаа хэлсэн бөгөөд тухайн үед нь би очиж чадаагүй байсан ба "Гранд Вилла" хотхоны иргэд мөн адил тухайн гадаад улсын иргэн хутгатай айлган сүрдүүлж байгаа талаар сонссон би 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүнсний дэлгүүртээ өөрөө суух болсон бөгөөд манай дэлгүүрт худалдагч хийж 2 эмэгтэй тухайн хутгатай гадаад улсын иргэнээс айгаад дэлгүүрт суухаа больсон тул би тус өдөр дэлгүүртээ сууж байтал 21 цагийн орчимд ОХУ-ын иргэн хар өнгийн хутгатай орж ирсэн ба надад хутга барьснаа харуулаад шууд архины лангуу очиж архи аваад хойд талын хаалга руу гарсан бөгөөд би араас нь гарахад гадаа гараад миний урдаас хутгаараа сүрдүүлэх маягийн өргөлт авч хутгаараа хэд хэдэн удаа далайсан. Би тухайн үйлдлээс нь сандарч балмагдаж дэлгүүр рүүгээ орсон бөгөөд тухайн иргэн цааш яваад өгсөн тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн гадаад улсын иргэн гэх залуу Хараа нэртэй архи 0,5 болон 100 граммын архийг 1 удаагийн үйлдлээр дараагийн 3 үйлдэл нь 0.75 граммын хараа архи авч гарсан байдаг нийт 80,000 төгрөг орчим хохирол учруулсан байна Тухайн гадаад улсын иргэн хутга зэвсгийн чанартай зүйлээр айлган сүрдүүлж эд хөрөнгөд халдаж мөн эрүүл мэндэд халдахыг заналхийлсэн цаашид хутгаар хэн нэгний биед халдаж гэмтэл учруулахыг үгүйсгэхгүй байна. Манай дэлгүүр буюу Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Гранд Вилла хотхоны 1 дүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулдаг Вилла март нэртэй хүнсний дэлгүүрт 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр худалдагч Ундрааг байх үед, 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр худалдагч Б*-г байх үед, 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр намайг байх үед тус тус тухайн орос хүн согтуурсан гартаа хутга барьсан байдалтай орж ирээд манай дэлгүүрийн архины лангуу дээрээс 3 удаа Хapаа нэртэй архи авч гарсан. Би 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр болон 26-ны өдөр тухайн Орос хүнийг хэдэн цагт орж ирсэн болохыг хараагүй. Намайг 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дэлгүүр дээр гарч байхад 21-23 цагийн хооронд тухайн орос хүн орж ирсэн. Одоо цагийг яг сайн санахгүй байна. Тухайн орос хүн манай дэлгүүрээс архи авч гарахдаа ямар нэгэн зүйл хэлээгүй, мөнгийг нь төлөөгүй зөвшөөрөл аваагүй..„ ..Тэр орос хүн дэлгүүрийн хойд талын хаалгаар гарсны дараа би араас нь гараад очиход миний санаж байгаагаар тэрээр баруун гартаа хутга барьчихсан урдаас бэлэн байдалд шилжсэн мэт болоод над руу 2-3 алхам явж хоёр хөлдөө тодорхой тэнцвэртэй зогсож, гартаа барьсан байсан хутгаараа хэд хэдэн удаа над руу чичилж сүрдүүлэх мэт болсон. Би тухайн үед түүнийг хутгатай байхаар нь айгаад дэлгүүр рүүгээ буцаад орсон. Би их сандарч, айн, амь насанд аюул учирч болзошгүй юм байна, архиа булааж авахаар очвол хутгалуулж үхэx юм байна гэж бодсон. Хэрвээ тухайн орос хүн манай дэлгүүрээс гартаа хутгагүйгээр орж ирээд согтууруулах ундааны зүйл зөвшөөрөлгүй авах юм бол түүний үйлдлийг таслан зогсоож, дэлгүүрээс хөөж гаргана. Тэрээр хутгагүй бол аюул занал учруулах магадлал бага...” гэх мэдүүлэг /хх 63-68 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.У*н хохирогчоор өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын эхээр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Villa Mart (Вилла март) нэртэй дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Тус дэлгүүрийг Б* гэх хүн ажиллуулдаг. Намайг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Vila mart дэлгүүр дээр худалдагчаар сууж байх үед өмнө нь манай дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан орос хүн согтуу, гартаа хутга барьчихсан орж ирсэн. Тухайн үед цаг 10 цаг 00 минут болж байсан байх, одоо сайн санахгүй байна. Тэр орос хүн дэлгүүрт орж ирээд шууд дэлгүүрийн архины лангуу руу очоод 0.75 литрийн "Хараа" нэртэй архи авсан. Би тэр хүнийг халамцуу согтуу байхаар нь тооцоо хийхгүй байх гэж бодоод худалдагчийн касс дээрээс түүний хажууд буюу архины лангуу руу очоод түүнд хандаж архи өгөхгүй гэж хэлээд гараараа татгалзаж бүй үйлдэл үзүүлсэн. Тэгтэл тухайн орос хүн над руу хараад гартаа байсан хутгаа надад харуулаад дараа нь над руу чичилж буй мэт үйлдэл үзүүлсэн. Би хутга гаргаад над руу чичлэх үед айж сандраад эсэргүүцэл үзүүлж чадалгүй архиа өгөөд явуулсан. Над дээр хутгатай орж ирснээс хойш дахин 2 хоногийн хугацаанд орж ирэн хутга барьж хүн айлгаж архи авсан гэж захирал Батбаяр надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 72-73/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-н хохирогчоор өгсөн “...Би Гранд Вилла хотхоны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Вилла март дэлгүүрт худалдагчаар 2024 оны 01 дүгээр сараас хойш ажиллаж байна. Манай дэлгүүрээр 2024 оны 07 дугаар сарын сүүлээр орос хүн орж ирэн үйлчлүүлдэг болсон. Тэрээр архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг байсан. Намайг дэлгүүрт 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дэлгүүрт ажиллаж байхад үдээс хойш тухайн орос хүн орж ирээд дэлгүүрийн лангуунаас архи авсан. Тэрээр тооцоогоо хийлгүй гараад явах гэж байсан тул би түүний араас очиж барьсан байсан архийг нь авсан ба тухайн орос хүнийг ажиглахад тэрээр согтуу, архи ханхлуулсан байдалтай байсан. Дараа нь намайг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орой 21-22 цагийн үед дэлгүүр дээр ажиллаж байх үед манайхаар үйлчлүүлдэг орос хүн ахин ирсэн. Тэрээр тухайн үед гартаа хутга барьчихсан, согтуу дэлгүүрт орж ирсэн. Би түүний барьсан хутгыг  хараад тэрээр өргөн, иртэй хэсгийнхээ эсрэг талд нүхтэй байсан. Дэлгүүрт тэр орос хүн хутгатай орж ирээд шууд архины лангуу руу яваад тэндээс 0.75 литрийн “Хараа" нэртэй архи аваад эргээд дэлгүүрээр тооцоо хийлгүй гарах гэж оролдсон. Би тухайн үед орос хүний араас "..тооцоогоо өгөөч гэж хэлэхэд тэрээр надад 2,300 төгрөг өгсөн тул ахин түүнд хандан "..дутуу мөнгө өгчихлөө.." гэж хэлэхэд дэлгүүрийн лангуу дээр байсан архийг түүнээс авах гэхэд тэрээр урдаас гартаа барьсан байсан хутгаа харуулж намайг сүрдүүлэх мэт болсон. Тухайн үед би хутга хараад хутгалуулчхаж магадгүй гэж айгаад архиа булааж авч чадаагүй тухайн орос хүнийг явуулсан. Би тухайн үед дэлгүүрийн эзэн болох Батбаярт энэ тухай хэлсэн..,.. Тухайн орос хүн намайг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гарахаас өмнө 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай өмнөх ээлжийн худалдагч Ундрааг дэлгүүрт ажиллаж байх үед хутга барьж орж ирэн айлган сүрдүүлж архи авсан гэсэн. Мөн дэлгүүрийн эзэн Батбаярыг 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дэлгүүртээ өөрөө худалдагчаар гарч байхад тухайн орос хүн хутга барьж орж ирэн сүрдүүлж архи авсан гэсэн. Өөрөөр надад мэдэх зүйл байхгүй байна. Тухайн хүн архины төлбөрөө огт хийгээгүй, төлбөр төлөх зорилго байгаагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 77-78/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Цэвээнсүрэнгийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Би Цагдаагийн ерөнхий  газрын Мөрдөн байцаах албаны ахлах нягтлан бодогчоор ажилладаг. Мөрдөн байцаалтын 2405000001133 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны зардлаар орчуулагч, хэлмэрч оролцуулахаар болсон. Үүний дагуу орчуулагч хэлмэрчээр томилох мөрдөгчийн тогтоолын дагуу Монголын Орчуулагчдын Хөгжлийн холбооны орчуулагч Ү.Эрдэнэчимэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч ОХУ-ын иргэн К.П-ийн орчуулагч хэлмэрчээр оролцож байна. Ү.Эрдэнэчимэгийн цалин, ажлын хөлсийг мөрдөн байцаах албанаас мөрдөн байцаалтын 2405000001133 дугаартай хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах үед олгох учир би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр оролцож байна...” гэх мэдүүлэг /хх-н 83-84/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Нарантуяагийн гэрчээр өгсөн “...Би ** дүүргийн 26 дугаар хороонд байрлах GRAND VILLA 1045 байрны 6 давхрын 53 тоот 2 өрөө байрыг UNEGUI.MN-д байр түрээслүүлэхээр 2024 оны 06 дугаар сарын 25-ны хойш зар тавьсан ба уг зард миний охины дугаар болон би өөрийнхөө утасны дугаарыг үлдээсэн байсан. 2024 оны 07 дугаар сарын 02-нд 99******* утасны дугаараас миний охины дугаар руу холбогдоод "байр түрээслэх гэсэн юм гадаадын хүн түрээсэлж суух юм, уг хүн бол хүн эмчилдэг үзмэрч хүн, би орчуулагчаар нь ажиллаж байгаа юм" гэж хэлээд байрны үнийг нь тохиролцоод байрандаа оруулсан. Байранд орсны дараа 3+1 буюу З сарын байрны мөнгийг аваад 1 сарын барьцаа мөнгийг авч оруулсан. Эхний хэдэн хоногтоо архи уухгүй, томоотой хүн шиг харагдсан боловч, байрны оршин суугчид над руу "энэ орос иргэн өдөр болгон лифтэнд шээсэн байна" гэх зэрэг гомдлуудыг гаргахаар нь би хорооны цагдаад гомдол гаргасан. Мөн 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр **Б байрны дэлгүүрийн худалдагч над руу "таны байрыг түрээсэлж сууж байгаа Орос иргэн орж ирж хутга бариад айлган сүрдүүлж дэлгүүрээс бараа аваад явчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 87-88/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Дарьжавын гэрчээр өгсөн “...** дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах GRAND VILLА хотxоны сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгчээр ажилладаг. ОХУ-ын иргэн К.П гэх хүнийг мэднэ. Миний ажилладаг ** дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Вилла хотхоны *** блок байрны ** тоот орон сууцыг 2024 оны 07 дугаар сарын эхээр түрээсэлж амьдарсан. Тэрээр манай байранд оршин суух үедээ дандаа согтуу байдалтай харагддаг байсан. Сүүлдээ архи уудгаасаа болоод асуудал үүсгэж эхэлсэн. Манай Гранд Вилла хотхоны **а байрны давхарт үйл ажиллагаа явуулдаг Вилла Март дэлгүүрээс хутгатай архи авсан тухай тус дэлгүүрийн худалдагч Б.Б гэх хүн надад хэлсэн. Нэг өдөр түүнийг цагдаа нар ирээд аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 100-101/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Уянгагийн гэрчээр өгсөн “...Орос хүн манай 07 сард түрээс амьдарч байсан. Тэрээр амьдрах хугацаандаа дандаа согтуу байдаг байсан. Түүний гуйлга гуйж байгаа байдал нь жаахан түрэмгий мэт, явж байгаа хүмүүсээс зуурч татаж, чангааж, замыг нь хаах зэрэг ёс бус үйлдэл гаргадаг байсан тул хүмүүс их дургүйцээд цагдаад мэдэгдсэн. ***а байрны хамгийн сүүлд 1 давхрын Вилла Март дэлгүүр pүү хутгатай орж архи айлган сүрдүүлж авсан тухай  дэлгүүрийн эзэн нь байрны оршин суугчдад  мэдэгдсэн мөн тэрээр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн орос хүний үйлдэл даамжирсаар дийлдэхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-н 108-109/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Тэнгисийн гэрчээр өгсөн “...намайг 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орой гэрээсээ гараад гадагшаа хүнтэй уулзахаар явж байтал манай байранд 2024 оны 07 дугаар сард түрээсээр амьдарсан орос хүн даалин мэт зүйлээр ороосон хутга барьчихсан  надтай зөрсөн. Тэрээр хутга барьсан байсан тул би түүнээс айгаад зайгаа барьж харилцсан. Нөгөө орос хүн хутга барьчихсан хүмүүсээс мөнгө гуйгаад айлгаад байсан учир би цагдаагийн 102 дугаар утсанд өөрийнхөө 95******** дугаараас хутгатай орос хүн хүмүүсээс мөнгө нэхээд байна" гэх дуудлага, мэдээлэл өгсөн. Тэр цагаас хойш нөгөө орос **а байрны Вилла Март нэртэй дэлгүүрээс хутга барьж орон архи авсан байсан. Энэ талаар би тэр үед дэлгүүрт ажиллаж байсан ахаас асуусан юм..” гэх мэдүүлэг /хх-н 112-113/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Баянмөнхийн гэрчээр өгсөн “...ингээд тухайн орос хүнийг ирж авах хүн олдоогүй ба тухайн орос хүнийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шалгахаар өрөө рүү нь ороход тэрээр өөрийнхөө гарыг зүсчихсэн, бага зэрэг согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-н 115-116/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Баянмөнхийн гэрчээр өгсөн “...ОХУ-ын иргэн К.П архины хордлогод орсон гэх урьдчилсан оноштой ирсэн тул түүнд эмнэлгийн  анхан шатны тусламж үзүүлж, шинжилгээ хийж, онош тодруулахад тэрээр хүнд архины хордлогод орсон, зүүн гарын шуу хэсэгт зүсэгдсэн мэт шархтай болох нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг /хх-н 118-119/,

 

“Дамно” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №24-303 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 136-137/,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 356 дугаар захирамж “...К.П /РД:RUS736515093/-г 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай...” /хх-ийн 185-186/,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 356 дугаар захирамж “...К.П /РД:**************/-г 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай...” /хх-ийн 188-189/,

 

К.П-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 175/,

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 24-30, 36-38, 39-42/,

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 45-50/,

К.П-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 159-167/ зэрэг нотлох баримтууд болон

Шүүгдэгч К.П-ийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар тэмдэглүүлсэн  нотлох баримт зэргийг  шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх түл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй түл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Оросын Холбооны Улсын иргэн К.П-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т  заасан гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар авсан, өөрөөр хэлбэл шүүгдэгч хууль бус үйлдэлдээ зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн, энэ нь  хохирогчийн сэтгэл зүйд айдас үүсгэсэн байх тул эд зүйлээ гэмт этгээдийг үйлдэлд хариу эсэргүүцэл үзүүлэхгүйгээр шилжүүлсэн гэмт этгээд тэр даруйдаа хохирогчоос холдон явсан шинжтэй үйлдэл байдаг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч К.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчийг цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар тус тус шүүхийн хэлэлцүүлэгт  оролцсон болно.

 

Шүүгдэгч К.П-д холбогдох хэргийн үйл баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч нь хохирогч байгууллага болох "Вилла Март' нэртэй дэлгүүрийн лангуун дээрээс гурван удаагийн үйлдлээр 0,75 литрийн савлагаатай нийт 3 шил "Хараа" нэртэй архийг өөрийн биед авч явсан хутгийг үзүүлэн эд зүйлийн үнэ төлбөрийг  төлөхгүйгээр авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Үүнд: "Вилла Март' нэртэй дэлгүүрийн эзэн болох хохирогч Н.Б-н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би араас нь гарахад гадаа гараад миний урдаас хутгаараа сүрдүүлэх маягийн өрөлт авч хутгаараа хэд хэдэн удаа далайсан...” гэх мэдүүлэг /1 хх-64 тал/, “…тэрээр баруун гартаа хутга барьчихсан урдаас бэлэн байдалд шилжсэн мэт болоод над руу 2-3 алхам явж хоёр хөлдөө тодорхой тэнцвэртэй зогсож, гартаа барьсан байсан хутгаараа хэд хэдэн удаа над руу чичилж сүрдүүлэх мэт болсон. Би тухайн үед түүнийг хутгатай байхаар нь айгаад дэлгүүр рүүгээ буцаад орсон. Би их сандарч, айн, амь насанд аюул учирч болзошгүй юм байна, архиа булааж авахаар очвол хутгалуулж үхэx юм байна гэж бодсон…” гэх мэдүүлэг /1хх-68 тал/,  тус дэлгүүрийн худалдагч хохирогч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...архины лангуу орчим очоод түүнд хандаж архи өгөхгүй гэж хэлээд гараараа татгалзаж буй үйлдэл үзүүлсэн...гартаа байсан хутгаа надад харуулаад дараа нь над руу чичилж буй мэт үйлдэл үзүүлсэн. Би хутга гаргаад над руу чичилж буй мэт үйлдэл гаргахаар нь айж сандраад эсэргүүцэл үзүүлж чадахгүй архиа өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /1хх-72 ар тал/, тус дэлгүүрийн худалдагч хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...архийг түүнээс авах гэхэд тэрээр урдаас гартаа барьсан хутгаа харуулж намайг сүрдүүлэх мэт болсон...” гэх мэдүүлэг /1хх-78 тал/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-15/,  “Дамно” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №24-303 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 136/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 24-30/, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /36-42/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /45-50/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 45-50/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “...хутга өөртөө авч явсан...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар  шүүгдэгч К.П нь “...2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ** дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Вилла" нэртэй хотхонд үйл ажиллагаа явуулдаг "Вилла Март' нэртэй дэлгүүрээс 0,75 литрийн савлагаатай "Хараа" нэртэй 1 шил архийг  тус дэлгүүрийн худалдагч, иргэн Г.Ундраад хутга үзүүлэн айлган сүрдүүлж  хууль бусаар авсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ** дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Вилла" нэртэй хотхонд үйл ажиллагаа явуулдаг "Вилла Март' нэртэй дэлгүүрээс 0,75 литрийн савлагаатай "Хараа" нэртэй 1 шил архийг тус дэлгүүрийн худалдагч, иргэн Б.Б-д хутга үзүүлэн айлган сүрдүүлж хууль бусаар авсан,

 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ** дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гранд Вилла" нэртэй хотхонд үйл ажиллагаа явуулдаг "Вилла Март" нэртэй дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийг хариуцан ажиллуулж байсан иргэн Н.Б-т өөрийн биед авч явсан хутгаар хэд хэдэн удаа чичилж айлган сүрдүүлж 0,75 литрийн савлагаатай "Хараа" нэртэй 1 шил архийг тус тус авсан...” үйл баримт нотлогдсон гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч нь дэлгүүрийн лангуу дээрх архийг авсныхаа дараа хохирогч нарт хутга  харуулах, “мөнгөө төл” гэсэн хохирогчийн зүй ёсны шаардлагын хариуд хохирогч нар руу хутгаар чичлэх үйлдэл гаргаж төлбөр төлөхгүйгээр эд зүйлийг авч гарсан байна. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь хохирогч нарын сэтгэл зүйд айдас төрүүлэхүйц, эсэргүүцэл үзүүлэхгүйгээр эд зүйлийг шүүгдэгчид шилжүүлэн өгөх, хохирогч хариу үйлдэл үзүүлсэн тохиолдолд шүүгдэгч хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжтэй байх тул  дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэх нь хэргийн бодит байдалд нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн дээрх үйлдэлд бусдын эд зүйлийг авах зорилгоор хохирогч руу чиглэн довтолсон идэвхтэй үйлдэл харагдахгүй ч эд зүйлийг авсныхаа дараа хутга үзүүлж айлган сүрдүүлсэн нь  “эд зүйлээ өгөхгүй бол хүч хэрэглэнэ” гэж заналхийлсэн   сэтгэхүйн довтолгоо байсан гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т  заасан гэмт хэргийн зүйлчлэл агуулгын хувьд гэмт этгээдийн  зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан,  авахаар чиглэсэн довтолгоо нь  хүч хэрэглэх байдлаар мөн түүнчлэн хүч хэрэглэхээр заналхийлж буюу айлган сүрдүүлэх байдлаар илрэн гарч болох тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн  “...шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй.... худалдагч нар луу хутга барьж айлган сүрдүүлж буй үйлдэл харагдахгүй байгаа учраас нотлогдохгүй байна. Нэг камерын бичлэг дээр шүүгдэгч тухайн хутгыг уутнаасаа гаргаад харуулж байгаа үйл баримт харагдаж байна. Тэгэхдээ довтлоод хутгаараа далайлгаж, хүнийг айлган сүрдүүлсэн үйл баримт харагдахгүй байна...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч нь өөрийн үнэ бүхий эд зүйлийг дэлгүүрийн эзэн болох  хохирогч Н.Б-т худалдсан байсан ба дэлгүүрээс авч гарсан архийг өөрийн худалдсан эд зүйлийн хариу төлбөрт авч байсан гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байх ба энэ талаарх үйл баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдэх боломжтой байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  

Иймд, шүүгдэгч К.П-ийн бусдын эд зүйлийг хууль бусаар илээр хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж авсан гэмт үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч К.П-ийг “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй, харилцааны үл ойлголцол гарсан энэ нь гэмт хэргийн шинжгүй”  гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь яллах дүгнэлт орчуулгын алдаатай байх тул хэргийг прокурорт буцаах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан  үндэслэлээ  2024/ШТ/133 дугаартай шүүхийн тогтоолд тайлбарласан болно.

 

Түүнчлэн,шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн К.П-ийн орчуулагчаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд орчуулагчаар томилогдсон Б.Орхон орчуулга хийж яллах дүгнэлт дэх агуулгын хувьд зөрүүгүй техникийн алдааны шинжтэй зарим үг, өгүүлбэрийг  монгол хэл дээр бичигдсэн яллах дүгнэлтээс орчуулан тайлбарлан шүүгдэгчид танилцуулсан болохыг тэмдэглэж байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-т 71,452 /далан нэгэн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийн хохирол учирсан /1хх-135 тал/ бөгөөд шүүгдэгч нь хохирогч Н.Б-т хохирол төлж барагдуулсан талаарх баримтыг  хохирогч Н.Б-с шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч К.П-ийг бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн, 1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар талд 118.000 /нэг зуун арван найман мянга/ төгрөгийн нэхэмжлэх авагдсан байх ба энэ талаар улсын яллагчаас тайлбар хэлж чадаагүй, энэ баримтын агуулга тодорхой биш байх тул шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч К.П нь шунахай сэдэлтэйгээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг болох хутгаар айлган сүрдүүлж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч К.П-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлийг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул санахгүй байна гэж тайлбарлах ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”  гэж хуульчилсан болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч К.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 / тав/ жилийн  хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийж К.Пид оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч К.П-ийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 88 /наян найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн болохыг дурдаж  байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.П-ийн орчуулагчийн зардал 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж орчуулагч У.Эрдэнэчимэгт олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардлыг гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг хэргийн оролцогчдод нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргаж, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг болохыг дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч К.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн  22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйл, 11.6 дугаар зүйл,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч К.П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл  хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заалтад зааснаар шүүгдэгч К.П-ийг 5 /тав/ жил хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч К.П-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.П-ийн цагдан хоригдсон нийт 88 /наян найм/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч К.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.П-ийн орчуулагчийн зардал 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж орчуулагч У.Эрдэнэчимэгт олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардлыг гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг хэргийн оролцогчдод нээлттэй үлдээсүгэй.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж,  шүүгдэгч К.П нь гэмт хэргийн хохиролд 71.452 төгрөг /далан нэгэн мянга дөрвөн зуун тавин хоёр/-г хохирогч Н.Б-т төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч нь шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол К.П-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                                          ШҮҮГЧ                                О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

                                                                                       Л. ОДОНЧИМЭГ