| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0181/э |
| Дугаар | 00182 |
| Огноо | 2017-07-05 |
| Зүйл хэсэг | 150.1., |
| Улсын яллагч | Ч.Сэлэнгэ |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 00182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр, улсын яллагч Ч.Сэлэнгэ, шүүгдэгч Ч.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1.д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ч.Э-д холбогдох 201714000311 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Булган аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдахын өмнө Оюу хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан, ам бүл 6, аав, ээж, дүү, 2 хүүхдийн хамт Булган аймаг ** сум ** дугаар баг **** оршин суух хаягтай боловч Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т овгийн Ч-ын Э- /хх*******/.
Холбогдсон гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Ч.Э- нь Уртбулаг багийн 5 дугаар микрийн 19 дүгээр байрны урд байрлалтай “Оюу” 8 нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 10-ны хооронд 2 671 400 /хоёр сая зургаан зуун далан нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :
1. Шүүгдэгч Ч.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. 2 671 400 төгрөгийг нэгээс хоёр сарын дотор төлнө. Би энэ мөнгөөр өөртөө гоо сайханы зүйл авсан, мөн гэртээ цагаан сараар тавгийн идээ, ээждээ тавгийн идээ авч өгсөн гэв.
2. Хохирогч Б.О- хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: Миний бие Грийн мани ХХК-ны захирлаар ажилладаг бөгөөд манай компани хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Оюу нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажилуулдаг бөгөөд би давхар бизнес эрхэлдэг учраас өөрөө дэлгүүр дээрээ суух боломжгүй байдаг. Иймээс худалдагч хөлсөөр цалинжуулж суулгадаг юм. 2016 оны 11 дүгээр сард ээлжийн худалдагч авах зар Мэдээллийн бирж зарын сувгаар явуулсны дагуу Ч.Э-, Б- гэж 2 хүн ирж уулзсан. Ингээд гуравуулаа ярилцаад ажиллахаар болж манайд 2016 оны 11 дүгээр сарын 06-наас эхлэн ажилласан. Ч.Э-тай 2016 оны 11 дүгээр сарын 06-наас 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түр ажилчнаар ажиллах гэрээ байгуулсан. Ингээд сардаа 15 хоног ажиллаад 300 000 төгрөгийн цалин авахаар тохирсон. Ингээд ямар нэгэн зөрчил гаргахгүй ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нөгөө ээлжийн худалдагч Б-тай солигдож гарсан. Энэ үедээ Б-, Э- хоёр хоорондоо бараа материалаа тоолж хүлээлцсэн байсан. Энэ үед худалдагч Б- Ч.Э-д 19 199 200 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хүлээлгэн өгөөд улмаар ажиллаж байхдаа 24 607 100 төгрөгийг бараа материал нэмж худалдан авалт хийж 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б-д хүлээлгэн өгөхдөө 22 279 100 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгч 89 200 төгрөгийн бараа материалын зарлага гаргаж, бэлнээр орлого 16 766 500 төгрөг өгсөн байсан. Ингээд тооллогын үеэр нийтдээ 2 671 400 төгрөгийн бараа материал болон бэлэн мөнгийг хувьдаа авч ашигласан дутагдал гарсан байсан. Э- тайлбарлахдаа миний буруу 300 000 төгрөгөөр гоо сайханы бараа бүтээгдэхүүн авсан, 800 000 төгрөг бэлнээр авсан, ээжийнхээ цагаан сарын баярт зориулж бараа бүтээгдэхүүн авсан гэж хэлээд би төлнө та түр хугацаагаар хүлээгээч гэхээр нь итгээд хүлээсэн чинь төлөхгүй алга болсон. Бас ийм их хэмжээний мөнгө аваагүй, ашиглаагүй гээд байхаар нь аргагүйн эрхэнд цагдаад хандсан гэжээ. /хх-ийн 83-84 тал/,
3. Гэрч П.М-ийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн ...Ч.Э- эгчийг танина. Өмнө нь Оюу дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад мөнгө дутаагаад ажлаасаа гарсан юм билээ. Мөнгө дутаасан талаараа О-, Б- эгч нарт ярьж байхыг нь сонссон чинь эхлээд аваагүй яагаад дутсан талаар мэдэхгүй гэж байснаа, сүүлдээ цагаан сараар бэлэн 800 000 төгрөг авч хэрэглэсэн, ээждээ бараа явуулсан, өөрөө архи авч хэрэглэсэн гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг.... /хх-ийн 23 талд/,
4. Гэрч Б.Б-ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн ... Ч.Э-г Оюу дэлгүүрт анх худалдагчаар ажилд ороод тэр цагаас хойш таньдаг болсон. Манай нөгөө ээлжийн худалдагч бөгөөд бид хоёр бие, биенээсээ бараагаа хүлээн авдаг байсан. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр надаас ээлж хүлээж авахдаа 17 199 200 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг надаас тоолж аваад 20 хоног ажиллаад 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр надад хүлээлгэж өгөхөд ажиллаж байхдаа 54 607 100 төгрөгийн бараа материал нэмж худалдан авалт хийсэн байсан. Харин надад тоолж хүлээлгэж өгөхдөө нийт 22 279 100 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн. 89 200 төгрөгийн бараа материал акталсан буюу элэгдэл хорогдол гаргасан байсан. Бэлнээр орлого 16 766 500 төгрөгийг эзэн О-т өгсөн, тооллогын үеэр 2 671 400 төгрөгийн дутагдал гарсан байсан. Өөрөө буруугаа хүлээгээд найз залуугийнхаа байрыг барьцаанд тавиад төлнө гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 талд/
5. Гэрч Ж.Б-н хэрэг бүртгэлийн шатанд өгсөн .... Би Э-тай 2015 онд танилцаад одоог хүртэл хамтран амьдарч байгаа. 2016 оны 11 дүгээр сард ажилд орсон бөгөөд 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарын хугацаанд ажиллахдаа мөнгөний өрөнд орсон байсан. Надад хэлэхдээ өөрийнхөө ээжид цагаан сарын юм гээд 200 000 гаруй төгрөгийн юм дэлгүүрээс аваад өгчихсөн дараа нь цалин дээрээс нөхөөд өгнө гэж байсан. Гэртээ бол ямар нэг эд хөрөнгө аваагүй. Миний нэр дээр орон сууц байхгүй. Орон сууц барьцаалж зээл авах талаар огт ярьж байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 тал/
6. Санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээчийн Ч.Э- 2 671 400 төгрөгийг дутуу тушааж зөрүү үүсгэсэн байна гэх дүгнэлт /хх-ийн 28-30 талд/
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Э- нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5 дугаар микрийн 19 дүгээр байрны урд байрлалтай “Оюу” 8 нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 10-ны хооронд 2 671 400 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч П.М, Б.Б- нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтууд зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Дээрхи шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул шүүх үнэн зөв, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.
Хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан түр ажилчнаар ажиллах гэрээ, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр Ч.Э- нь байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд мөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Э-д Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1.д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлснийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож нийтэд тустай ажил хийлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг тус тус дурьдаж, шүүгдэгч Ч.Э-гаас 2 671 400 төгрөг гаргуулан хохирогч Б.О-т олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10.д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т овгийн Ч-ын Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ч.Э-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Иргэний хуулийн 491 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Ч.Э-гаас 2 671 400 төгрөг гаргуулан хохирогч Б.О-т олгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д зааснаар шүүгдэгч Ч.Э-гийн хохирол төлөх хугацааг 2 сараар тогтоосугай.
5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.