Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 134

 

  Т ББСБ-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Ц, Б.Б нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00904 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т ББСБ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Ц, Б.Б- нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2.001.321 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагч Д.Ц, Б.Б-, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т ББСБ ХХК, Д.Ц, Б.Б- нартай 2015 оны 07 сарын 07-ний өдөр 121507070702 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2 000 000 /Хоёр сая /төгрөгийг сарын 2,9% хүүтэй 18 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч Д.Ц, Б.Б- нар нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг төлөх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн болно. Бидний зүгээс Д.Ц, Б.Б- нараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээлийн гэрээний хавсралтанд заасан зээл төлөх графикийг зөрчиж байсан болно. Д.Ц, Б.Б- нар нь 2018 оны 08 сарын 10-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1 508 680 төгрөг, хүү 404 284 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80 857 төгрөг, авлага нотариат 6 500 төгрөг нийт 2 001 321 төгрөгийн төлбөртэй байгаа болно. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24,3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл тооцогдож нэмэгдэж байдгийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний заалтыг баримтлан Д.Ц, Б.Б- нараас зээлийн гэрээний төлбөр 2 001 321 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ц, Б.Б- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Д.Ц нь Т ББСБ-аас 2015 оны 07 дугаар сард 2 000 000 төгрөг 2.9 хувь хүүтэй зээлж авсан нь үнэн. Үүнийгээ цувуулж өгсөөр хамгийн сүүлд 2017 оны 07 сарын 24-нд төлсөн. Нийтдээ 2 300 000 төгрөг зээлд өгсөн. Ингээд 2018 оны 05 сарын 23-нд уг байгууллагаас 2 015 200 төгрөг төл гэсэн мэдэгдэл ирсэн. Үүнийг би зөвшөөрч төлж чадахгүй. Учир нь би энэ байгуулагатай тооцоо дууссан гэж үзэж байгаа гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00904 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц, Б.Б- нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 806 906 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 194 415 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц, Б.Б- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд нэрлэн заасан /гэр, хөлдөөгч, угаалгын машин, эргэлтийн хөрөнгө / бараа/ хөрөнгийг хуульд нийцүүлэн дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46.971 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 23.916 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.Э давж заалдсан гомдолдоо:

Т ББСБ ХХК-иас иргэн Д.Ц, Б.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.001.321 төгрөг гаргуулахаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх уг маргааныг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хянан шийдвэрлэж 904 дугаар шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх хариуцагч Д.Ц. Б.Б- нараас 806.906 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.194.415 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу үнэлж дүгнэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “... 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна” гэх дүгнэлт хийсэн атлаа "... 2016 оны 09 дугээр сарын 26-наас 2016 оны 07 дугаар сарын 10-ны хооронд хариуцагч нар цувуулж нийт 110.000 төгрөг төлсөн учраас нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ... нийт 2.216.906 төгрөгийг төлөх мэдэгдлийг хариуцагч нарт хүргүүлсэн ..." хэмээн логик зөрчилтэй дүгнэлт хийсэн байна. Шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид 2016.07.30-ны өдөр мэдэгдэл өгснөөс хойш хариуцагч нар нь 1.410.000 төгрөг төлсөн ба ийнхүү мэдэгдэл хүргүүлснээр нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзах буюу гэрээг цуцалж байгаагаа хариуцагч нарт мэдэгдсэн гэж дүгнэжээ.

Гэтэл нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч “Т ББСБ" ХХК-аас хүргүүлсэн мэдэгдэл нь огт гэрээ цуцлах агуулгагүй бөгөөд зээл төлөх хугацаа хэтэрсний улмаас хуримтлагдсан зээлийн хүүг төлж хэвийн хуваарьт оруулах эсхүл зээлийг бүрэн төлж гэрээг дуусгавар болгохыг шаардсан мэдэгдэл юм. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд гэрээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан болно.

Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй тул энэ хугацаанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон хариуцагч нараас шаардах эрхтэй болно. Зээлдэгч нь зээл буцаан төлөх хуваарийг удаан хугацаагаар зөрчсөн буюу огт төлөлт хийгээгүй тохиолдолд сар бүрийн хүү хуримтлагдаж, тухайн хуримтлагдсан хүүг төлөх үүрэг үүссэн. Хариуцагч нарын төлсөн төлбөрөөс хүү болон үндсэн төлбөрийг төлүүлсээр нэхэмжлэл гаргах үед үндсэн зээл 1.508.680 төгрөг, хүү 404.284 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80.857 төгрөг болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүн дээр 1.194.415 төгрөгийг нэмж ихэсгэсэн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.001.321 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Т ББСБ, хариуцагч Д.Ц, Б.Б- нар 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авч улмаар зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн хүү 616.753 төгрөг төлөхөөс эхний 3 сарын төлбөр 432.000 төгрөг, мэдэгдэл авснаас хойш 1.410.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч нарын төлсөн 1.410.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч нарт хүргүүлсэн мэдэгдлийн дагуу төлөх ёстой 2.2216.906 төгрөгнөөс хасч тооцсон нь зөв байна.

Хэрэг авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.Ц, Б.Б- нар зээлийн төлбөр төлөх хувиарийг удаа дараа зөрчсөн байхад нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д “Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болгоно” зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах заалтыг хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, хариуцагч зээлийн төлбөрт 2.300.000 төгрөг төлсөн болохоо гүйцэт нотолж чадаагүй тул шүүх нотлох чиг үүргийг хэн хэнд нь хариуцуулж нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн төлбөр 1.194.415 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын гаргасан “...зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлснээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00904 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БТӨР

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ