Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/10

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Гантулга

Хохирогч Х.М , түүний өмгөөлөгч Г.Доржготов

Шүүгдэгч Т.Т , түүний өмгөөлөгч Л.Бор

          Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

                              

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т , түүний өмгөөлөгч Л.Бор нарын гаргасан давж заалдах гомдлоор Т.Т д холбогдох эрүүгийн 1914005140190 дугаар хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, овогт Т.Т , 1966 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 7, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

 

Шүүгдэгч Т.Т  нь Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр албан тушаалын байдлаа ашиглаж орон нутгийн төсвөөс хуурамч баримт бүрдүүлэн сэтгэлийн сонсголон 2 аяны хүрээнд 2.700.000 төгрөг гаргуулан авч хувьдаа завшсан,

Мөн Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газарт 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэр бүхий 45 иргэнийг Улаанбаатар хотод эмчлүүлнэ гэж хуурамч баримт үйлдэж хүргүүлсэн,

Мөн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо төрийн бус байгууллагын хүчингүй болсон тамга, тэмдгийг мэдсээр байж Баянхонгор аймгийн эрх бүхий байгууллагуудад албан бичиг хүргүүлж хуурамч баримт бичиг үйлдэж хүргүүлсэн,

Мөн Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа 2018 оны 8 дугаар сард Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.Нэргүйн эмнэлгийн групп тогтоолгосон хугацааг сунгуулж өгнө гэж итгүүлэн 400.000 төгрөг залилсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

          Баянхонгор аймгийн Прокурорын газраас Т.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

              Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт Туваандоржийн Тамжидмаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч овогт Т.Т  хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, эдийн баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч овогт Т.Т арван мянган /10.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая /10.000.000/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Т.Т таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар  оногдуулсан арван сая /10.000.000/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг арван сая таван зуун мянган /10.500.000/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Т д оногдуулсан арван сая таван зуун мянган /10.500.000/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн дотор хэсэглэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 510 дугаар  зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Т.Т гаас дөрвөн зуун мянган / 400.000 / төгрөг гаргуулж хохирогч Н.Нэргүйд олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Т.Т  нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар  ирсэн тамга нэг ширхэг, үнэмлэх нэг ширхэг,  СД зэргийг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож тамга, үнэмлэхийг хүчингүй болгож устгуулахаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Т.Т гийн зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг зурагтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Т.Т д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

              Шүүгдэгч Т.Т   тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:    

              Миний бие нь эрх олгосон үүргээс чөлөөлсөн баримт бичиг, эд баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн. Өөрөөр хэлбэл 2019 оны 10 сард “ Өнөөгийн Баянхонгор” сонинд Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагыг татан буугдсан гэсэн зар өгсөн, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн тамгыг ашиглан биеийн тамир спортын газар бичиг явуулсан. Баянхонгор аймгийн Засаг даргын хөгжлийн бодлогын хэлтэст хуурамч тайлан гаргаж өгсөн, 2018 оны 8 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв төрийн бус байгууллагын захирлаар ажиллаж байхдаа Н.Нэргүйн группийн хугацааг сунгаж өгнө гэж бусдыг төөрөгдөлд оруулж 400000 төгрөг, нэг хонины мах залилан авсан гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

              Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул 2011 онд бүх аймгуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлүүдийг хуулийн этгээдийн эрхтэй болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв нэртэй болгож өөрөө үүсгэн байгуулж, дүрмийг боловсруулж ,2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн мөрдөж үйл ажиллагаа эхэлсэн. Дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4-т зааснаар холбооны гишүүдийн 70-аас дээш хувийн саналаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дүрэмд өөрчлөлт оруулах мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т зааснаар эрх зүйн чадамжгүй болсон төрийн бус байгууллагыг нийт гишүүдийн дийлэнх олонх буюу 70-аас дээш гишүүдийн саналаар төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар татан буулгах асуудлыг удирдах зөвлөл шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл хууль дүрмийн заалтыг зөрчиж 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр удирдах зөвлөлийн Ч.Болд, Ц.Цэвэлмаа, Т.Т , д.Ариунаа, Б.Цэрэннадмид, Д.Амаржаргал, Ц.Цэдэнсодном, Ж.Төмөрбаатар, Э.Ерөөлт гэсэн 8 гишүүнээс зөвхөн 1 гишүүн буюу Ж.Төмөрбаатар, Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 3000 гаруй хүмүүсээс ирцэд хүрэхгүй 65 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг оролцуулж хурал хийж удирдах зөвлөлийн гишүүн биш хүмүүс буюу Х.М  хурлыг зохион байгуулж өмнөх 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар байгуулагдсан төрийн бус байгууллагын дүрмийг засаж, эх хувь нь байгаа/ татан буулгаж Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагыг байгуулж, удирдах зөвлөлийн гишүүдийг өөрчилж захирлаар нь Х.М ийг сонгосон байдаг. Үүнийг Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэж 2019 оны 7 дугаар сарын 25, 26-нд хуралдаж, Х.М ийн удирдсан 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааныг хууль бус гэж үзэж татан буулгахаар шийдвэрлэсэн. Дараа нь анх үүсгэн байгуулсан Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул Баянхонгор аймагт 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирж хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй иргэдтэй хуралдаж 2019 оны 12 сарын 05-ны өдрийн тогтоолоор /204/ 2019 оны 6 сарын 27-ны өдрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4-т зааснаар холбооны гишүүдийн 70-аас дээш хувийн саналаар дүрэмд өөрчлөлт оруулах, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасныг зөрчсөн гэж үзэж татан буулгасан. Энэ талаарх бичиг баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд өгөхөд хэрэгт холбогдолгүй гээд мөрдөн байцаагч Түмэннасан аваагүй надад хадгалагдаж байгаа болно. Дээрх 2 хурлуудын үндэслэлийн дагуу Улсын бүртгэлийн газар хандахад материалаа бүрдүүлээд ир гэсний дагуу “Өнөөгийн Баянхонгор” сонинд зар өгсөн. Тиймээс миний бие нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж өөрийгөө буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Биеийн тамир спортын газар албан бичгийг Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга дээрээсээ томилогддог. Д.Тогтох нь үйлдэж өгсөн тул энэ нь надад ямар ч хамааралгүй болно. Бусад байгууллагуудад миний бие нь албан бичиг, хэвлэмэл хуудсыг өгөөгүй буюу бөөрөнхий тамгыг би мэдэхгүй надад байхгүйг мөрдөн байцаалтын шатанд би хэлсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

              Прокурорын яллах дүгнэлтэд Т.Т  миний биеийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэр бүхий 45 иргэнийг эмчлүүлнэ гэж хуурамч баримт үйлдэж хүргүүлж санхүүгийн дэмжлэг авсан гэж ял шийтгэл оногдуулсан. Миний бие нь “Сэтгэлийн сонсголон-2” хөтөлбөрийн төслийг бичиж энэ үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Төслөөр авсан 2.700.000 төгрөгийг нэгдүгээр эмнэлгийн 9 эмчид зарцуулсан нь тогтоогдож шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин 2700000 төгрөг тухайн үед буцааж авах гэхэд нь эмч нарын үйлчилгээнд хэрэглэхийн тулд 2018 онд хэрэгжүүлсэн “сэтгэлийн сонсголон-1” тайлангаа өгчхөөд энэ мөнгийг эмч нарт зарцуулсан. Энэхүү тайланг өгөхдөө миний бие нь гаргаж өгөөгүй бичиг хэргийн ажилтан Г.Лхам-Осор нь гаргаж өгснийг өөрөө надад хэлж хүлээн зөвшөөрсөн. Тиймээс энэ бол залилан хийж албан тушаалаа ашигласан гэж үзэхгүй бичиг баримтын зөрчил гаргасан гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна.

 

              “сэтгэлийн сонсголон-2” хөтөлбөр нь тухайн үедээ хамтарч ажиллах байгууллагын удирдлагууд олон солигдож цаг хугацаа алдсан асуудал гарсан. Нэргүй гэдэг хүнийг группд оруулж өгнө гэж 400000 төгрөг, 1 хонины мах авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг гэж үзэж ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэргүйг би урьд өмнө нь таньдаггүй байсан. Хэдэн оны хэдэн сарын хэдэн болохоо би санахгүй байна. Хоролын Мөнхцэцэг гэх эмэгтэй аймгийн захиргааны 1 давхрын 126 номерын өрөөнд биднийг суудаг байхад дагуулж орж ирээд энэ хүн манай бэр байгаа юм группээс хасагдах гээд байна сунгуулах талаас нь эмч нартай яриад сунгуулаад өгөөч мөнгө төгрөг өгье гэсэн. Би тэгж болохгүй байхаа олон эмч нар суудаг хяналт ихтэй мөнгө төгрөг авахгүй. Харин би Бат-Очир эмчээс асууж өгье гэсэн. Нэг хэсэг чимээгүй байж байгаад Улаанбаатар хот руу явж шинжилгээ өг гэсэн та эмчтэй яриад миний группийг сунгуулаад өгөөч гээд утсаар ярьсан. Бат-Очир эмчтэй уулзаад асуусан, тийм юм байхгүй хот руу яваад шинжилгээ өгөөд ир гэсэн. Мөнхцэцэг удаа дараа манай дүүгийн юм болж байна уу гэж асуусан. Би болохгүй юм байна гэсэн. Гэтэл нэг өдөр Нэргүй та дансаа өгөөч гэсэн. Би нөхрийнхөө дансыг өгсөн. Эхлээд 300000 төгрөг дараа нь 100000 төгрөг хийсэн. Энэ хооронд Нэргүйн групп сунгагдсан.               Танд баярлалаа гээд миний утасны дугаарыг тавиад нэг хонь явуулсан байсан. Тиймээс би Нэргүйг залилан мэхэлж мөнгө төгрөг эд аваагүй гэж үзэж байна. Нэргүй өөрөө Мөнхцэцэг гэдэг эгчтэйгээ орж ирж өөрсдөө санал тавьж үйлдлийг гүйцэтгэсэн учир би залилан мэхлээгүй. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолыг хянан үзэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Т.Т гийн өмгөөлөгч Л.Бор тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолыг 2021 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Т.Т д хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож., хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, эрх олгосон үүргээс чөлөөлсөн баримт бичиг эд баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ,Т.Т г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Т д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдпэх ялыг 10.500.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх Т.Т г эрх олгосон үүргээс чөлөөлсөн баримт бичиг эд баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн өөрөөр хэлбэл 2019 оны 10 сард “Өнөөгийн Баянхонгор” сонинд “Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагыг татан буугдсан гэсэн зар өгсөн, 2019 оны 11 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Чөлөөт үйлдвэрчний эвлэлийн тамгыг ашиглан Биеийн тамир спортын газарт бичиг явуулсан, Баянхонгор аймгийн Засаг даргын хөгжлийн бодлогын хэлтэст хуурамч тайлан гаргаж өгсөн, 2018 оны 8 сард Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв  төрийн бус байгууллагын захирлаар ажиллаж байхдаа Н.Нэргүйн группийн хугацааг сунгаж өгнө гэж бусдыг төөрөгдөлд оруулж 400.000 төгрөг, нэг хонины мах залилан авсан гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул 2011 онд бүх аймгуудын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлүүдийг хуулийн этгээдийн эрхтэй болгож Баянхонгор аймгийн салбар зөвлөлийг  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв нэртэй болгож өөрөө үүсгэн байгуулж, дүрмийг боловсруулж 2011 оны 12 сарын 23 ны өдрөөс эхлэн мөрдөж үйл ажиллагаа эхэлсэн.

Дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4-т зааснаар : холбооны гишүүдийн 70-аас дээш хувийн саналаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дүрэмд өөрчлөлт оруулах, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т зааснаар эрх зүйн чадамжгүй болсон бол төрийн бус байгууллагын нийт гишүүдийн дийлэнх олонх буюу 70 дээш гишүүдийн саналаар, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар татан буулгах асуудлыг удирдах зөвлөл шийдвэрлэнэ гэж заасан.

Гэтэл хууль дүрмийн заалтыг зөрчиж 2019 оны 6 сарын 27 ны өдөр удирдах зөвлөлийн 9 гишүүнээс зөвхөн 1 гишүүн буюу Ж.Төмөрбаатар, ирцэд хүрэхгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулж хурал хийж удирдах зөвлөлийн гишүүн биш хүмүүс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв байгууллагыг татан буулгаж, дүрмийг өөрчлөн Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв  гэх төрийн бус байгууллагыг байгуулж захирлаар Х.М ийг сонгосон байдаг.

Үүнийг Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэж 2019 оны 07 сарын 25, 26 ны өдөр хуралдаж Х.М ийн удирдсан 2019 оны 6 сарын 27 ны өдрийн хуралдааныг хууль бус гэж үзэж татан буулгахаар шийдвэрлэсэн. Дараа нь Монголын Хөгжпийн бэрхшээлтэй иргэдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул Баянхонгор аймагт 2019 оны 11 сарын 12 ны өдөр ирж хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж 2019 оны 12 сарын 05 ны өдрийн 204 дүгээр тогтоолоор 2019 оны 06 сарын 27 ны өдрийн Хөгжпийн бэрхшээлтэй  иргэдийн Нэгдсэн төв төрийн бус байгууллагыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4-т зааснаар Холбооны гишүүүдийн 70 аас дээш хувийн саналаар дүрмэнд өөрчлөлт оруулах, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1,10.2-т заасныг зөрчсөн гэж үзэж татан буулгасан байдаг. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуралдаанаас гарсан тэмдэглэл, тогтоолыг Т.Т  мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар гаргаж өгөхөд нь аваагүй учир өөрт нь хадгалагдаж байгаа.

Ийм үйл явдал болсны дараа Т.Т  Өнөөгийн Баянхонгор сонинд 2019 оны 06 сарын 27 ны өдрийн Хөгжпийн иргэдийн Нэгдсэн төв төрийн бус байгууллагыг татан буулгах гэсэн зар, Биеийн тамир спортын хороонд зар өгсөн. Эндээс авч үзвэл Х.М  захиралтай Төрийн бус байгууллагыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2 удаагийн хуралдаанаас татан буулгахаар тогтоол гаргасан байхад Т.Т г дээрхи газруудад хуурамч бичиг явуулсан гэж үзэж буруутгах үндэслэлгүй байна.

Биеийн тамир спортын хороонд зар өгсөн бичгийг Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн дарга буюу тамга, тэмдэг түших эрх бүхий этгээд Р.Тогтох өөрөө гарын үсэг зурж тамга дарсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн дүрэм болон гэрчилгээг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Тийм учраас тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэгч өөрөө хариуцлагаа хүлээх ёстой.

Т.Т  2019 оны 06 сарын 27- ны өдрийн Х.М  захиралтай Төрийн бус байгууллагыг эрхийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд түүнийхээ хариуг хүлээж байна.

Прокурорын яллах дүгнэлтэд Т.Т г Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа 2019 оны 4 сарын 14-ний өдөр нэр бүхий 45 иргэнийг эмчлүүлнэ гэж хуурамч баримт үйлдэж хүргүүлсэн гэж бичигдсэн. Т.Т  сэтгэлийн сонсголон 2 төслийг бичиж энэ үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Төслөөр авсан 2700 000 төгрөгийг 9 эмчид зарцуулсан нь тогтоогдсон. Шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин 2700 000 төгрөгийг тухайн үед нь буцааж авах гэхэд нь эмч нарын үйлчилгээнд хэрэглэхийн тулд 2018 оны тайлангаа өгчхөөд энэ мөнгийг эмч нарт зарцуулсан. Энэ бол санхүүгийн зөрчил болохоос гэмт хэргийн төвшинд авч үзэх асуудал биш юмаа.

Сэтгэлийн сонсголон 2 төсөл тухайн үедээ хэрэгжилгүй цаг хугацаа алдсан асуудал бий. Энэ нь Улсын нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд солигдсонтой холбоотой гэдгийг Т.Т  тайлбарладаг төдийгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Т.Т  нь Н.Нэргүй гэдэг хүнийг группэд оруулж өгнө гэж 400 000 төгрөг, нэг хонины мах авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1- д заасан гэмт хэрэг гэж үзэж ял шийтгэл оногдуулсныг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Энэ хэргийн хохирогч Н.Нэргүйн өвчний нь байдал группд орох өвчний жагсаалтад хамаарахгүй болоод ирэнгүүт группэд орох ажлаа гүйцэтгүүлэх өөртөө ашигтай байдал бий болгохын тулд сайн дураараа мөнгө, эд зүйлийг хахууль болгож өгсөн. Түүнээс биш Н.Нэргүй нь Т.Т д хуурагдсан, мэхлэгдсэн юм ерөөсөө байхгүй. Энэ бол хэлбэрийн хувьд авлигын хэрэг мөн.

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Т гаас Би Н.Нэргүйг танихгүй. Анх Х.М  түүнийг дагуулж ирээд энэ хүнийг группэд оруулж өгөөч гэж гуйсан. Тэгэхэд нь би мэдэхгүй эмч нараас асууж тусалъя гэж хэлсэн. Дараа нь Н.Нэргүй утсаар яриад танд мөнгө өгье миний группийг сунгуулаад өгөөч гэхээр нь тэг тэг гээд 400 000 төгрөг, нэг хонины мах авсан гэж мэдүүлдэг.

Энэ хэргийг анх Авлигатай тэмцэх газар харьяаллын дагуу шалгаж гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг субъект нь хамаарахгүй байна гэж тус аймгийн Цагдаагийн газар буцаасан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар авилгын гэмт хэргийн субъектийг зөвхөн нийтийн албан тушаалтан байхаар заасан болохоор аж ахуй нэгж, төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнууд авлигын хэрэгт хамаарахгүй болж ирсэн. Тэгвэл энэ гэмт хэргийн субъект биш юм бол хэрэгсэхгүй л болгох ёстой байсан. Гэтэл Т.Т гийн энэ үйлдэлд бусдыг залилан мэхэлсэн гэж үзэж эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхэд хүрч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолыг хянан үзэж Т.Т д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ; Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн, хэвээр үлдээнэ үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Доржготов тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа;

Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн, хэвээр үлдээнэ үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бор  тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:         Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцсон болон мөн хуулийн  17.3 дугаар зүйлийн 2.1-т заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу албан тушаалын байдлаа ашиглаж гэдгийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэнэ үү гэв.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Т.Т , түүний өмгөөлөгч Л.Бор нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын  дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл:

 

 Т.Т  нь Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр албан тушаалын байдлаа ашиглаж орон нутгийн төсвөөс хуурамч баримт бүрдүүлэн сэтгэлийн сонсголон 2 аяны хүрээнд 2.700.000 төгрөг гаргуулан авч хувьдаа завшсан,

Мөн Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газарт 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэр бүхий 45 иргэнийг Улаанбаатар хотод эмчлүүлнэ гэж хуурамч баримт үйлдэж хүргүүлсэн,

Мөн Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо төрийн бус байгууллагын хүчингүй болсон тамга, тэмдгийг мэдсээр байж Баянхонгор аймгийн эрх бүхий байгууллагуудад албан бичиг хүргүүлж хуурамч баримт бичиг үйлдэж хүргүүлсэн,

              Мөн Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа 2018 оны 8 дугаар сард Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.Нэргүйн эмнэлгийн групп тогтоолгосон хугацааг сунгуулж өгнө гэж итгүүлэн 400.000 төгрөг залилсан гэж прокуророос Т.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

              Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв”   байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 20 дугаар тогтоолын дагуу  “аймгийнхаа нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдгээрийн нийтлэг хууль ёсны эрх ашгийг хамгаалж, тэднийг дэмжин туслах” үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр Баянхонгор аймагт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  үүсгэн байгуулах дүрмээ баталж, 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр  Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 0372001001 дугаарт  бүртгүүлж, 8071829 тоот регистрийн дугаар авч,  гүйцэтгэх захирлаар Хоролын Мөнхцэцэг, даргаар   Туваандоржийн Тамжидмаа нар ажиллахаар томилогдож байсан талаарх  дүрэм,  улсын бүртгэлийн  гэрчилгээ /РД 8071829/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа  зэрэг баримтууд хэрэгт авагджээ.  /2 дугаар хавтаст хэргийн 19-25/

 

 Харин Монголын Хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн холбоо төрийн бус байгууллага нь “ монголын   хөгжлийн  бэрхшээлтэй нийт иргэдийн  эрх ашгийг хамгаалах, дэмжлэг туслалцаа  үзүүлэх” үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр Улаанбаатар хотод байгуулагдаж, 2011 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр   Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн газрын 9072004014 дугаар бүртгүүлж, 1014129 тоот регистрийн дугаар авч,  Цэрэндаш овогтой Мөнхсаруулыг удирдах зөвлөлийн даргаар томилсныг  улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлтөд бүртгэсэн  Улсын бүртгэлийн 000060973 тоот гэрчилгээ  хэрэгт авагджээ./4 дүгээр хавтаст хэргийн 114 дүгээр тал/

 

Монголын Хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн холбооны удирдах зөвлөлийн дарга  Ц.Мөнхсаруул нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өргөтгөсөн хуралдаан хийж, хуралдаанаараа Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийг байгуулсан талаарх “Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийг үнэн зөв хүргэе” орон нутгийн зөвлөгөөний тэмдэглэл, Монголын Хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/114 тоот албан бичиг, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгчийн / он, сар, өдөргүй / 02 тоот тушаал зэрэг баримтууд хэрэгт авагджээ./ 4 дүгээр хавтаст  хэргийн 116,121,123-124 дүгээр тал/

 

Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өргөтгөсөн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар  тушаалаар “Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” төрийн бус байгууллагыг Монголын хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн холбооны  Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл болгон  Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 9072004014 дугаарт бүртгүүлж, Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны 1014129 тоот регистрийн дугаараар хуулийн этгээдийн салбарын 000003767 тоот гэрчилгээ авч, даргаар нь Л.Энхжаргалыг томилсныг улсын бүртгэгч 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн байна./4 дүгээр  хавтаст хэргийн 115-116 дугаар тал/.

 

Дээрх үйл баримтуудад үндэслэн,   хууль зүйн талаас  авч үзэхэд “Монголын Хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн холбоо” төрийн бус байгууллага  нь монголын нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, дэмжлэг туслалцаа үзүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг, ашгийн төлөө бус байгууллага байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлсон хүний эрхийг хэрэгжүүлэх, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулиудад зааснаар Монголын хөгжлийн  бэрхшээлтэй  нийт иргэдийн төв, дээд байгууллага нь байна.

 

 Төрийн бус байгууллагын тухай хуулийн  11 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “ гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагүй бол түүний эрх барих байгууллага нь энэ зүйлийн 1 дэх хэсэг заасан бүрэн эрх бүхий удирдах зөвлөл байна”,11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Удирдах зөвлөл нь  дүрэмд өөрчлөлт оруулах, төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах, байгууллагын жилийн төсөв батлах,гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх, төрийн бус байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох, төрийн бус байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах, дүрэмд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр”, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх... бүрэн эрхтэй” гэж тус тус  заасны дагуу  Монголын Хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн холбооны удирдах зөвлөлийн дарга  Ц.Мөнхсаруул нь дээр дурдсан үйл ажиллагааг   хуулийн дагуу  явуулжээ.

 

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 82-87 дугаар талд авагдсан Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурлын  2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол, тэмдэглэл гэх баримтуудаар “Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Т.Т г чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Х.М ийг томилсон” гэх баримтууд нь анх үүсгэн байгуулагдахдаа сонгогдсон гүйцэтгэх захирал Хоролын Мөнхцэцэгийг /гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн баримт хэрэгт авагдаагүй /дахин гүйцэтгэх захирлаар, тэргүүнээр сонгогдсон Т.Т г /тэргүүнээс чөлөөлсөн баримт хэрэгт авагдаагүй/ гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй, төрийн бус байгууллагын тамга, тэмдгээр баталгаажаагүй тогтоол гэх баримтыг нотлох баримтад авахгүй, хууль ёсны болоогүй байгааг анхааралгүйгээр прокуророос Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо төрийн бус байгууллагын хүчингүй болсон тэмдгийг ашигласан” гэх үйлдлээр Т.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар  хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Х.М ийг төрийн бус байгууллагыг төлөөлүүлж хохирогчоор тогтоон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д “төрийн бус байгууллагын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг төрийн бус байгууллага хүлээхгүй” гэж заасантай ч нийцэхгүй, Х.М ийг  хохирогчоор тогтоосон нь хуулийн үндэслэлгүй байна.

 

Прокурор яллах дүгнэлтдээ Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо төрийн бус байгууллагын хүчингүй болсон  тэмдгийг мэдсээр байж Баянхонгор аймгийн эрх бүхий байгууллагуудад албан бичиг хүргүүлж хуурамч баримт бичиг үйлдэж, хүргүүлсэн гэх үйлдлээр Т.Т г буруутгахдаа эрх бүхий ямар байгууллагад, хуурамч ямар баримтыг хэзээ үйлдэж, хүргүүлсэн үйл баримтыг тодорхой бичээгүй, ойлгомжгүй байхад анхан шатны шүүх “... хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” иргэддээ үйлчлэх төрийн бус байгууллага нь татан буугдаагүй хэвийн үйл ажиллагаа явуулж байхад шүүгдэгч Т.Т  нь уг байгууллагыг татан буугдсан мэтээр төрийн байгууллагууд болох Биеийн тамир спортын газарт “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэл” гэх байгууллагын тамга тэмдгийг ашиглан албан бичиг явуулсан, ... тус төвийг татан буугдсан мэтээр сонинд хуурамч зар тавиулсан...” үйл баримтыг тогтоож, Т.Т г эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, эдийн баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар ял оногдуулсан нь хэргийн болсон бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй буюу  Эрүүгийн  хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болоогүй, хохирол, хор уршиг учруулаагүй, гэмт хэрэгт тооцох боломжгүй  тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

              Мөн Прокуророос шүүгдэгч Т.Т г “Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр албан тушаалын байдлаа ашиглаж орон нутгийн төсвөөс хуурамч баримт бүрдүүлэн сэтгэлийн сонсголон 2 аяны хүрээнд 2.700.000 төгрөг гаргуулан авч хувьдаа завшсан” гэх үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ “...Т.Т  нь уг мөнгийг хувьдаа завшсан болох нь хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй, ... хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2019 оны 10 сард Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлгийн нийт 9 эмч Баянхонгор аймагт очиж нийт 5 хоног үзлэг, шинжилгээ хийж шаардлагатай хүмүүст хагалгаа хийж, 2019 оны 11 сард сэтгэлийн сонсголон-2 аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг, шинжилгээ хийсэн, ...уг мөнгийг нэр бүхий 9-н эмчид томилолтын мөнгө гэж өгсөн болох нь нотлогдсон байна. ...Т.Т г 2.7 сая төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэм буруутайд эргэлзээ гарсан...” гэх дүгнэлт  хийсэн нь зөв байх боловч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дөрөвдүгээр бүлэгт зохицуулсан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг мөн хуулийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

              Харин  Прокурор Т.Т г Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа 2018 оны 8 дугаар сард Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.Нэргүйн эмнэлгийн групп тогтоолгосон хугацааг сунгуулж өгнө гэж итгүүлэн 400.000 төгрөг залилсан гэх үйл баримтуудыг  тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилсний дагуу анхан шатны шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...Т.Т  нь группын хугацааг сунгах эрх бүхий этгээд биш бөгөөд харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд төлөөлж суудаг нөхцөл байдал, албан тушаалаа ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Н.Нэргүйн мөнгийг залилан авсан. ...2018 оны 8 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйцэтгэх захирлын хувиар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд суудаг байснаа ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Н.Нэргүйгээс группийн хугацааг сунгаж өгнө гэж 400 000 төгрөг, нэг хонины мах залилан авсан үйл баримт  болсон нь  тогтоогдсон” гэх дүгнэлт хийжээ.

Мөн Прокуророос Т.Т г Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа 2018 оны 8 дугаар сард Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.Нэргүйн эмнэлгийн групп тогтоолгосон хугацааг сунгуулж өгнө гэж итгүүлэн 400.000 төгрөг залилсан гэх үйл баримт тогтоосон байхад анхан  шатны шүүх  нэг хонины мах авсан үйл баримт нэмж  тогтоон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж   заасантай нийцээгүй, харин  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Т  нь Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа 2018 оны 8 дугаар сард Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.Нэргүйн эмнэлгийн групп тогтоолгосон хугацааг сунгуулж өгнө гэж итгүүлэн 400.000 төгрөг залилсан үйл баримт тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн  дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин  шүүгдэгч Т.Т  нь  тухайн цаг хугацаанд Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан   байх боловч    Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй  нийт иргэдийн нийтлэг хууль ёсны эрх ашгийг хамгаалж, тэднийг дэмжин туслах чиг үүрэгтэй, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллагыг төлөөлөх эрхтэйгээс бусдаар төрийн албан хаагчийн болон нийтийн албан тушаалтны адилаар  албаны чиг үүрэг хүлээгээгүй, эрх нөлөөгүйг анхааралгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т “албан тушаалын байдлаа ашиглаж” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Т.Т гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэм буруугийн хэм хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар болон 54 настай, 1 дүгээр хавтаст хэргийн 170 дугаар талд 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, хугацаа дуусаагүй талаарх хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0171871 дугаар акт буюу хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хоёр мянган нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу  2000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Харин “Т.Т гийн үйлдэл нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, авлигын гэмт хэргийн  субьект биш зэргийг харгалзан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн шүүгдэгч Т.Т , түүний өмгөөлөгч Л.Бор нарын гомдлыг дээрх үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.Т , түүний өмгөөлөгч Л.Бор нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

                                   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн 1.4-т  заасныг тус тус  удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

              1 дэх заалтад “Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт Т.Т  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

              “Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт Т.Т  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар  тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

              2 дахь заалтад “шүүгдэгч овогт Т.Т хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, эдийн баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснээс

              “шүүгдэгч овогт Т.Т  эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, эдийн баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг хасаж,

              3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч овогт Т.Т арван мянган /10.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая /10.000.000/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Т.Т таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг

              “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч овогт Т.Т  хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

              4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан арван сая /10.000.000/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг арван сая таван зуун мянган /10.500.000/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай” гэснийг хасаж,

              5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Т д оногдуулсан арван сая таван зуун мянган /10.500.000/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг

              “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Т д оногдуулсан хоёр мянган нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу  2000 000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

              9 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар   ирсэн тамга нэг ширхэг үнэмлэх нэг ширхэг,  СД зэргийг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тамга, үнэмлэхийг хүчингүй болгож устгуулахаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай” гэснийг

              “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тамга, үнэмлэх, СДхураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож тамга, үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэх, СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

              2. Шийтгэх тогтоолын дугаарлалтыг 4-12 болгож өөрчилсүгэй.

 

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.