Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 156/шш2020/00786

 

 

156/ШШ2020/00786

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2020/00738/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух, Х.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг, Содон хороолол 115-75 тоотод оршин суух, Э.П-д холбогдох хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч Х.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлт өгч, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 09:00 цагт шүүх хуралдаан боловч хариуцагч П шүүх хуралдаанд ирээгүй мөн хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар 156/ШШ2020/01897 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг маань хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч Пын хаяг тодорхой болгохын тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.П нь өөрийн биеэр шүүхэд ирж нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Миний бие С нь 2014 онд Э.Птой танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 2 дугаар сарын 26-ны хүү П.Г нь төрсөн. Бид тодорхой улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид өсөж торнисон. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Э.Поос хүү П.Гт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.П нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2014 онд Х.Стой танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр П.Г төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид 2017 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Хүү П.Гтээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Э.Пт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.П нь нэхэмжлэгч Х.Солонгын шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан.

Өөрөөр хэлбэл Х.С, Э.П нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг Э.П нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү П.Гийг эцэг Э.Поор хуульд заасан тэтгэлгийн хувь хэмжээгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хүү П.Гийг эх Х.Солонгын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч Э.П нь хүү П.Гийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.

Иймд  2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү П.Гийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Поор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.Сд даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Поос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Сд олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү П.Гийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Поор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.Сд даалгасугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Поос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Сд олгож, мөн хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.МАРИНА