| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэнгийн Алдар |
| Хэргийн индекс | 197/2025/0323/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/288 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/288
2025 04 28 2025/ШЦТ/288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч П.Итгэл /тээврийн прокурор/,
шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “.........” ХХК-д маркетингийн менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .......... овогт П.Э /РД:********/.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Э нь 2024 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийн 20 цаг 18 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” компанийн замд Toyota Crown маркийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9.Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө... 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, “...1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг тус тус зөрчиж Toyota Prius-30 маркийн **** УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч О.Д-ийн эрүүл мэндэд баруун дунд чөмгөний доод 1/3-н далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
- 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 6 дахь хуудас/,
- 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дэх хуудас/,
- Хохирогч О.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн орчим ажлаасаа тараад ажлын бичиг баримт бүрдүүлж Эрүүл мэндийн яаман дээр бичиг баримтаа өгчихөөд тухайн өдөр шинэ жил болж байсан болохоор гэрийн юмаа цуглуулж аваад гэртээ харих зорилготой “........” ББСБ-ын эзэмшлийн Тоёота Пруис 30 маркийн ....... УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаад Сонгинохайрхан дүүргийн ............ үндэсний замаар зүүнээс баруун чиглэлд буюу Тахилт чиглэлд зорчин явж байтал Их наран талаас Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэл зүүн эргэх үйлдэл хийх явцдаа давхар машинтай эргэж орж ирээд урдаас мөргөсөн. ...Би мөргөлдөх үед зайлуулж баруун дараад тэгээд зогссон... Миний бие Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ***** дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан ба уг дүгнэлтээр миний биед баруун дунд чөмгөний доод 1/3 далд хугарал гэмтэл тогтоогдсон байсан уг дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Зам тээврийн ослын улмаас миний унаж явсан тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бөгөөд хохирлыг үнэлгээ “...........” ХХК-аар хөрөнгийн үнэлгээ гаргуулсан хөрөнгийн үнэлгээний тайлан уншиж танилцахад 6,432,500 төгрөгийн хохирол гарсан ба буруутай жолооч өнөөдрийн байдлаар төлбөр мөнгийг барагдуулаагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дахь хуудас/,
- Иргэний хариуцагч, нэхэмжлэгч Ц.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өмчлөл эзэмшилд байдаг. Би 2024 онд хувь хүнээс 41,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тээврийн хэрэгсэлд бага зэргийг хохирол учирсан. Иргэний хариуцагчаар оролцоход надад татгалзах зүйл байхгүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дахь хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О-ийн Д нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 8,130,260 төгрөг гарсныг П.Э-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 дэх хуудас/,
- “............” ХХК-ийн Тоуоta Prius-30 маркийн **** УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 6,432,500 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 33-37 дахь хуудас/,
- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн */***** дугаартай шинжээчийн: “1. О.Д-ийн биед баруун дунд чөмгөний доод 1/3-н далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах, мушгих үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-27 дахь хуудас/,
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 99 дэх хуудас/,
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад О.Б-ын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай “А.Тоёота Приус 30 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Б.Тоёота Кровн маркийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Э нь нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9.Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө... 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, “...1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна..” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 84 дэх хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 дэх хуудас/,
- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 124-125 дахь хуудас/,
- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 126-127 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч П.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч О.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Прокурорын санал болгосон ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Иймд шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар П.Э-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, П.Э нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 3,500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч П.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....... овогт П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч П.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛДАР