| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/03094/И |
| Дугаар | 101/ШШ2021/03784 |
| Огноо | 2021-11-18 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2021/03784
2021 11 18 101/ШШ2021/03784
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,
хариуцагч- Сүхбаатар дүүрэг,,,,
эд хөрөнгө битүүмжлэн, хураасан тогтоол болон эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-6-23-ны өдрийн 2300 дугаар шийдвэрээр Ж.Ганчимэгээс 210,263,229 төгрөгийг гаргуулж С.Билэгтэд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020-8-13-ны өдөр 20380713 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгч Ж.Ганчимэгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Хүрхрээ-1 гудамж, 24/2 тоот хаягт байршилтай, 290,38 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд Баянзүрх дүүргийн 167-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь дараах ажиллагаануудыг хийхдээ төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн байна. Үүнд
1. 2020-9-22-ны өдрийн 20380713/3 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор ажиллагаа хийхдээ төлбөр төлөгчид мэдэгдээгүй, тогтоолд гарын үсэг зуруулаагүй ажиллагаа хийгдсэн,
2. 2021-3-11-ний өдрийн 20380713/05 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөд төлбөр төлөгчийг байлцуулаагүй, мэдэгдээгүй, тус тогтоолд гарын үсэг зуруулаагүй ажиллагаануудыг тус тус хийж гүйцэтгэсэн байна.
3. төлбөр төлөгчийн зээлийн барьцаа хөрөнгөд үнэ тогтоох ажиллагаа хийхдээ битүүмжлэх, хураах ажиллагаа хийснээс хойш хуулийн хугацаанд үнэ тогтоох ажиллагааг хийж гүйцэтгээгүй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа, албадлагын арга хэмжээний үйл явц, үр дүнг дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг хийж, бэхжүүлж болно заасанчлан төлбөр төлөгчийг тус ажиллагаануудад оролцсон эхэ талаар бэхжүүлэх ажиллагаа хийгдээгүй байна. Иймд дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэн, хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, хураагдсан эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Ж.Ганчимэгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Хүрхрээ-1 гудамж, 24/2 тоот хаягт байршилтай, 290,38 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолд төлбөр төлөгчөөр гарын үсэг зуруулаагүй. Мөн тухай үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг гүйцэтгэхдээ төлбөр төлөгчийг байлцуулаагүй, мэдэгдээгүй, тогтоолд мөн гарын үсэг зуруулаагүй байгаа. Төлбөр төлөгчийн хураан авсан үл хөдлөх эд хөрөнгөд үнэ тогтоох ажиллагааг хуулийн хугацаанд гүйцэтгээгүй гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т зааснаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэн хураах ажиллагаа хийхдээ шийдвэр гүйцэтгэгч нь дуу, дүрсний бичлэг хийж, бэхжүүлэх ажиллагаа хийж гүйцэтгээгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцээгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-6-23-ны өдрийн 2300 дугаар шийдвэрээр Ж.Ганчимэгээс 209,563,229 төгрөгийг гаргуулж, С.Билэгтэд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020-8-13-ны өдөр үүсгэсэн.
Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул гүйцэтгэх баримт бичигт дурдагдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Хүрхрээ-1 гудамж, 24/2 тоот хаягт байршилтай, 290,38 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020-9-22-ны өдөр битүүмжлэн, 2021-3-11-ний өдөр хураан авсан байгаа. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгчөөс үнийн санал авахад 725,000,000 үнэлсэнийг төлбөр авагч С.Билэгт хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2021 оны 3-р сарын 22-ны өдрийн 3/34-р хөрөнгө үнэлгээний Файн эстимэйт компанийг томилоход дээрх амины орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 509,500,000 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээг 2021 оны 3-р сарын 29-ний өдринй 4-164/5573 дугаар албан бичгээр төлбөр төлөгч болон төлбөр авагчид мэдэгдэхэд төлбөр төлөгч 2021-4-01-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62-т зааснаар бие даан борлуулах хүсэлт ирүүлсэн.
Анхны албадан дуудлага худалдаанд 2021-5-21-ний өдөр үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 356,650,000 төгрөгөөр оруулах тухай тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хоёр дахь дуудлага худалдаанд 2021-6-11-ний өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 254,750,000 төгрөгөөр оруулах тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгчид 2021-5-28-ны өдөр гардуулан өгсөн.
Нэхэмжлэгчийн төлбөрт хураагдсан хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд 256,750,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаарх мэдэгдлийг төлбөр төлөгчид 2021-6-16-ны өдөр гардуулан өгч, худалдан борлогдсон хөрөнгийн үнийг төлбөр авагчид төлбөрийн дүнгээр шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид 2021-7-7-ны өдрийн 1-164/12574 тоот албан бичгээр шилжүүлэг өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021-8-19-ний өдрийн 21/08/554 дугаар тогтоолоор дуусгавар болгосон.
Нэхэмжлэгч нь эд хөрөнгө битүүмжлэн, хураасан тогтоолыг хүчингүй болгох талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4-т зааснаар гомдол гаргаагүй буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн, хөрөнгө үнэлсэн үнэлгээний талаар гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ганчимэг нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201066474 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хүрхрээ 1-р гудамж, 21/2 тоотод байрлах, 290,38 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх тухай 2020-9-22-ны өдрийн 20380713/3 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 20380713/05 тоот тогтоол, дээрх хөрөнгийг үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгох тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар үзэхэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06-р сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02300 дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Ганчимэгээс 208,333,412 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Билэгтэд олгох, үүргийн гүйцэтгэлийг Ж.Ганччимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201066474 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хүрхрээ 1-р гудамж, 21/2 тоотод байрлах, 290,38 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 08-р сарын 10-ны өдөр олгосон 01179 дугаартай гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 20380713 дугаар тогтоолоор үүсгэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 21/08/554 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож нэхэмжлэгч маргаагүй.
Нэхэмжлэгч Ж.Ганчимэг нь С.Билэгтэд төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа дурдаж, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Төлбөр төлөгч Ж.Ганчимэг нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201066474 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хүрхрээ 1-р гудамж, 21/2 тоотод байрлах, 290,38 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 09-р сарын 22-ны өдрийн 20380713/3 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 03-р сарын 11-ний өдрийн 20380713/05 дугаартай тогтоолоор дээрх эд хөрөнгийг хураасан байх бөгөөд нэхэмжлэгч эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар маргаан гаргаагүй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно гэж заасан бөгөөд энэхүү арга хэмжээнд төлбөр төлөгчийн хөрөнгө хураан авах, худалдан борлуулах, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах үйл ажиллагаа хамаарна гэж мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан.
Тиймээс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргах бөгөөр тухайн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан нь нэхэмжлэгч буюу төлбөр төлөгчийн гомдол гаргах эрхийг зохицуулсан.
Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлсэн 2020-9-22-ны өдрийн 20380713/3 дугаартай тогтоол болон тухайн хөрөнгийг хураах тухай 2021-3-11-ний өдрийн 2038073/05 дугаар тогтоолуудад нэхэмжлэгч Ж.Ганчимэг нь дээрх хуулиар тогтоосон хугацааны дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан гэх байдал хэргийн баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Хариуцагч талын нотлох баримтаар гаргасан эд хөрөнгө хураах тухай 201380713/05 дугаартай тогтоолын эхний нүүрэнд бичигдсэн он харагдахгүй байх боловч арын нүүрэнд ...төлбөр төлөгч Ж.Ганчимэгт шүүхийн шийдвэр заасан үүргийг 2021-03-18 өдрийг биелүүлэх хугацаа тогтоож... гэж бичигдсэн, төлбөр төлөгч Ж.Ганчимэг нь 2021-3-12-ны өдөр үнийн санал гаргасан байх тул төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хураасан тухайн тогтоол нь 2021-03-11-ний өдөр гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн эд хөрөнгө битүүмжлэх 20380713/3 дугаартай тогтоолд төлбөр төлөгчийн нөхөр Р.Чинбат байлцаж гарын үсэг зурсан, эд хөрөнгө хураах тухай 20380713/05 дугаартай тогтоолд хүү Ч.Асралт байлцаж гарын үсэг зурсан байх тул төлбөр төлөгчийг байлцуулаагүй, мэдэгдээгүй, гарын үсэг зуруулаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэхээр зохицуулсан 49 дүгээр зүйл, төлбөр төлөгчийн хөрөнгийг хураахаар зохицуулсан 54 дүгээр зүйлийг зөрчсөн гэх байдал мөн нотлогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч талын шаардлагын нэг үндэслэл болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлийн талаар зохицуулсан бөгөөд хуулийн 13.4-т шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа, албадлагын арга хэмжээний үйл явц, үр дүнг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж, бэхжүүлж болно гэж заасан нь тодорхой ажиллагааны явцыг бэхжүүлэх талаар, хуулийн 54.4-т хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэж заасан нь эд зүйлсэд үзлэг хийх явцад хийгдэх ажиллагааны талаарх зохицуулалтууд бөгөөд нэхэмжлэгчийн маргааны зүйл нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаарх гомдлыг шаардлага байх тул дуу дүрсний бичлэг хийж бэхжүүлэх үндэслэлд хамаарахгүй.
Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураах ажиллагаа хийснээс хойш хуулийн хугацаанд үнэ тогтоох ажиллагаа хийгээгүй үндэслэлээр шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгоно гэж гомдлын нэг үндэслэлээ тодорхойлсон.
Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зохицуулсан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Ганчимэгээс 2021 оны 03-р сарын 12-ны өдөр 725,000,000 төгрөгийн үнийн санал гаргасныг төлбөр авагчаас зөвшөөрөхгүй гэж шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2021 оны 03-р сарын 22-ны өдөр гаргасан байна.
Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2021 оны 03-р сарын 22-ны өдрийн 3/34 дугаар тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч нь нэхэмжлэгч Ж.Ганчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201066474 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хүрхрээ 1-р гудамж, 21/2 тоотод байрлах, 290,38 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 509,500,000 төгрөг болохыг тодорхойлсон байна.
Шинжээч амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 509,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгчид 2021-03-29-ний өдөр мэдэгдэж, гардуулсан байх бөгөөд төлбөр төлөгч Ж.Ганчимэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр өөрийн хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй талаар хариуцагч байгууллагаас 2021-3-29-ний өдөр мэдэгдснээр 2021-4-01-ний өдөр Ж.Ганчимэг өөрөө борлуулах тухай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичгээр гаргасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж зааснаар 2021-3-11-ний өдөр хураасан хөрөнгийн талаар төлбөр төлөгчөөё 2021-3-12, төлбөр авагчаас 2021-3-22-ны өдөр тус тус үнийн санал авснаар 2021-3-22-ны өдөр шинжээч томилсон байх тул нэхэмжлэгчийн хуулийн хугацаанд үнэ тогтоох ажиллагаа хийгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал эд хөрөнгийг битүүмжлэн, хураахад төлбөр төлөгчийг байлцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, мэдэгдээгүй, уг ажиллагааг гүйцэтгэхдээ дуу дүрсний бичлэг хийж бэхжүүлээгүй, хураасан хөрөнгөд үнэ тогтоох ажиллагааг хуулийн хугацаанд хийгээгүй гэх тайлбар үндэслэлээ нотлоогүй, шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх ажиллагааны талаар болон шинжээч томилсон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын талаар гомдол гаргасан эсэх, тухайн тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоосон зэрэг шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмын дагуу нотлоогүй, нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Төлбөр төлөгч Ж.Ганчимэг нь шүүхийн шийдвэрээр баталгаажсан үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэн хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоосон 2021 оны 03-р сарын 29-ний өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг тухайн өдөрт нь төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид 4-164/5573 дугаартай албан бичгээр мэдэгдэж, нэхэмжлэгч тухайн өдөр нь гардан авснаар дээрх үнэлгээний талаарх гомдлыг тус шүүхэд 2021 оны 07-р сарын 30-ны өдөр гаргасан байх тул хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд ийнхүү хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаантай байдал тогтоогдохгүй байна.
Мөн төлбөр төлөгч Ж.Ганчимэгт холбогдох 20380713 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 21/08/554 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол 2021 оны 8-р сарын 19-ний өдөр гарсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ганчимэгийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201066474 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хүрхрээ 1-р гудамж, 21/2 тоотод байрлах, 290,38 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хураасан шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол болон үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Ганчимэгийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ