Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 156/шш2020/00787

 

2020 оны 10 оны 22-ны өдөр 156/ШШ2020/00787 Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00499/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Адрага сумын баг, 4 дүгээр багт оршин суух, Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 4 дүгээр багт оршин суух, Б.М-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 онд Б.М-тай танилцаж, улмаар 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтийн 45 тоот баталгаагаар гэр бүл болсон юм. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүү М.Ч, 2013 оны 2 дугаар сарын 24-ний өдөр охин М.Д нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас миний биед гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, байсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр салж, тусдаа амьдрах болсон. Тэр цагаас хойш хүү, охин хоёр маань миний асрамжид өссөн. Төрөөс олгогддог хүүхдийн мөнгө Б.Мын гарын үсгээр олгогддог тул хүүхдийн мөнгийг Б.М хувьдаа хэрэглэж, хүүхдүүд хохирч байна. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүү М.Ч, охин М.Д нарыг миний асрамжид үлдээж, эцэг Б.Маас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.М нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2007-2017 онд хамт амьдарч М.Ч, М.Д нар төрсөн. Миний хувьд эхнэр Н.Бийг гэрээсээ яваад өгөхөөр нь авчрах гэж араас нь нилээн хөөцөлдсөн. Ийм асуудлаас болоод энэ амьдралаа нураахгүй гээд өчнөөн явсан. Түүнээс энэ хүнээс салъя гэсэн бодол байхгүй. Миний хувьд Н.Бийг зодсон асуудал байхгүй, хоорондоо маргалддаг л байсан. Энэ амьдралаа сүйрч байгааг нь мэдээд сүйрүүлэхгүйг хичээгээд хүүхдээ өнчрүүлэхгүйг маш их хичээсэн. Гэтэл энэ хүн өөрөө өөр хүнтэй суух гээд гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл өгсөн байна. Н.Б 3 жилийн өмнөөс нэг хүнийг дагаад Дорноговь аймаг руу явчихдаг байсан. Би тэр хүнээс нь бидний амьдралыг зүгээр орхиоч гэж зөндөө гуйсан. Гэтэл тэр хүн тийм ч хүнлэг хүн байгаагүй. Ирээд аваад явчихдаг. Би эхнэрийнхээ араас нь очиж Дорноговийн Замын-Үүдээс олж авчирч байсан. Буянчимэг нь нэг удаа л халамжаас зээл авч гэр орондоо зарцуулсан. Шүүхээс олгосон эвлэрлийн хугацаанд Буянчимэг надад эвлэрэх боломж олгоогүй. Буянчимэг нь өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болсон. Хоёр хүүхдээ эцэг, эх дээрээ орхиод явчихдаг. Буянчимэгийн сүүлд суусан хүн нь өөрийн гэсэн гэр оронгүй, ажил төрөлгүй. Би хүүхдүүдээ ийм хүмүүсийн асрамжид үлдээмээргүй байна. Эцэг хүний хувьд хоёр хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна. Би өнөөдрийн байдлаар 360,000 төгрөгийн цалинтай, өр зээлтэй учир хоёр хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Би хоёр хүүхдээ төрөнгүүт хадгаламж нээлгэсэн. Хүүхдийн мөнгө нь хадгаламжид нь ордог. Би хадгаламжийг нь барьцаалж зээл авсан. Гэхдээ цөөхөн хэдэн төгрөг авсан буцаагаад төлнө. Хадгаламж нь 18 нас хүртэл зарлага хийх эрхгүй байгаа, хүүхдүүдээ 18 нас хүрэхээр нь ирээдүйд нь зориулах хүсэлтэй байна. Буянчимэгийн нэр дээр хадгаламжийг нь шилжүүлэхээр өөр зүйлд зарцуулах байх гэж бодож байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Б.Мад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч  Н.Б нь хариуцагч Б.Мтай 2007 онд танилцаж, 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүү М.Ч, 2013 оны 2 дугаар сарын 24-ний өдөр охин М.Д нар төрсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байна.

Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, гэрлэгчид нь тус тусдаа хамтран амьдрагчтай болсон зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.М нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүү Чингүүн, охин Дөлгөөнтамир нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэсэн тайлбарыг гаргалаа.

Нэхэмжлэгч  Н.Б, хариуцагч Б.М нар нь Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд дээр дурдагдсан конвенци, хуулийн зохицуулалтаар эцэг эхийн хэн нэгэнд хүүхдүүдийн асрамж тогтоолгох асуудал дээр давуу эрх олгоогүй болно.

Зохигчдын мэтгэлцээний байр суурийн хувьд гэрлэгчдийн хэн аль нь хүү М.Ч, охин М.Д нарыг өөрийн асрамжид авна гэж маргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид тохиролцоогүй бол хүүхдүүдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэдэг. Хуулийн уг зохицуулалтад заасан эцэг, эхийн асрамжид хүүхдийг үлдээх урьдчилсан нөхцөл буюу эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдлын хувьд хэргийн оролцогчийн аль нэг талд давуу байдал олгох боломжгүй, талууд хүү М.Ч, охин М.Д нарыг цаашид асран хамгаалж, эрхийг нь хамгаалах дээр адил тэгш боломжтой.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар асрамжийн талаар өөрийн саналыг хэлсэн хүү М.Ч, охин М.Д нар нь эхийн хамт амьдрах хүсэлтэй болохоо илэрхийлсэн байна.

Иймд шүүхээс хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдүүдийн нас, эцэг эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн амьдрах, өсөж хүмүүжих орчин, хүүхдүүдийн шүүхэд өгсөн санал зэргийг харгалзан үзэж, мөн шүүхээс хүүхдүүдийг хамтдаа нэг газар өсөн торних нь зүйтэй гэж үзэж 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү М.Ч, 2013 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.Д нарыг эх Н.Бийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Маас хүүхдүүдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин М.Д, хүү М.Ч нарыг эх Н.Бийн асрамжид үлдээсэн нь эцэг Б.Маар Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан ч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйг мөн дурдах нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж, охин М.Д, хүү М.Ч нарт төрөөс олгодог хүүхдийн мөнгийг авах эрхийг тэдгээрийн асран хамгаалагч Н.Бт шилжүүлэхийг хариуцагч Б.Мад даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бт олгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,420,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,676 төгрөгийг хариуцагч Б.Маас гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Б СВ85070514 тоот регистрийн дугаартай, Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү М.Ч, 2013 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.Д нарыг эх Н.Бийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү М.Ч, 2013 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.Д нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Маар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Бт даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж, охин М.Д, хүү М.Ч нарт төрөөс олгодог хүүхдийн мөнгийг авах эрхийг тэдгээрийн асран хамгаалагч Н.Бт шилжүүлэхийг хариуцагч Б.Мад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, зааснаар нэхэмжлэгч Н.Бийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бт, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,676 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.МАРИНА