2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/161

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Э.Ууганзаяа,

хохирогч ***************, түүний өмгөөлөгч Г.Ууганбаатар,

шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *************** овогт ***************ийн ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001788 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ************ аймгийн *********** суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, одоо *************** жолооч ажилтай, ам бүл 6, ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт ************* дүүргийн *************** дүгээр хороо, **************** тоотод оршин суудаг, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 3 хоногийн  хорих ялаас хугацааны өмнө сулласан, *************** овогт ***************ийн *************** (РД: *****************),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ***************гийн *************** тоотод оршин суух ***************ний гэрт байхдаа тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч ***************тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ухархайн дотор ханын хугарал, духны гол хэсэг, зулайн зүүн урд зах, баруун ар хэсэг, баруун чамархайн ар дээд хэсэгт шарх, духны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны ард цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *************** шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Хохирогч *************** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тэр өдөр шүүгдэгчийн төрсөн ах болох хуурай ах дээрээ сүү, тараг, 1 шил архитай очсон юм. Би шүүгдэгчийг танихгүй, өмнө харж байгаагүй. Тэгээд нөгөө юмаа хуурай ахтайгаа хувааж уучхаад унтаад өгсөн. Гэтэл унтаж байхад нэг хүн чанга чанга яриад байсан тул би сэрсэн ба босох үедээ би “айлд байж юундаа чанга чанга яриад байгаа  юм” гэж хэлээд шүүгдэгчийн хажууд очоод дөнгөж суутал энэ шүүгдэгч *************** нь үгийн  зөрүүгүй хайруулын таваг аваад миний толгой руу цохиод эхэлсэн. Би боль гэхэд болихгүй байсан ба маш их цус тухайн үед гарсан. Тэгээд би  түргэн дуудаарай гэж хэлээд муужраад унасан. Тэр үед намайг хайруулын төмөр тавгаар цохиж гэмтэл учруулсан атлаа  яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө талхны пивор саваар цохисон гэж худал хэлж эд мөрийн баримтаар  пивор сав хураалгасан байна лээ. Би шүүгдэгчийн араас цохиогүй, тийм завдал болоогүй, шүүгдэгч бас худал хэлсэн байсан. Би гагнуурчин ба сард ойролцоогоор 3 сая орчим төгрөгийн орлого олдог тул ажилгүй байсан хугацааны буюу 3 сараар тооцож 9 сая төгрөгийг, манай эхнэр ***************нь ажлаас чөлөө авч намайг сахисан ба сард 2,500,000 төгрөгийн цалин авдаг тул уг мөнгийг, мөн сэтгэл санааны хохиролд 15 сая төгрөгийг, шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж миний нүүр толгойд маш их сорви тогтсон тул сорви арилгах хагалгааны зардал болох 4.148.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ***************гийн *************** тоотод оршин суух ***************ний гэрт байхдаа тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч ***************тай маргалдаж улмаар түүний толгой, нүүр хэсэг рүү хайруулын тавгаар цохиж зодсоноос үүдэн эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ухархайн дотор ханын хугарал, духны гол хэсэг, зулайн зүүн урд зах, баруун ар хэсэг, баруун чамархайн ар дээд хэсэгт шарх, духны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны ард цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...иргэн ***************ид зодуулсан” гэх мэдээлэл авагдсан. (хавтаст хэргийн 1 дэх тал),

 

2.Хохирогч ***************ын: “...Би 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн орчим Төмөр замын тэнд байх дэлгүүрээс Тайж нэртэй 0,5 грамм архи, сүү, тараг зэрэг аваад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *************** *************** тоотод байх хуурай ах ***************н ах дээрээ очоод авч очсон архиа талд нь ортол хувааж уучхаад унтсан юм. Тэгээд унтаж байтал нэг хүн чанга дуугаар яриад байхаар нь чи хэн бэ? гээд бид хоёр маргалдсан, тухайн залуу уурлаад ширээн дээр байсан хайруулын таваг аваад миний толгой хэсэг рүү 5-6 удаа цохисон. Би одоо болно түргэн дуудаад өг гэж хэлтэл гараад яваад өгсөн. Удалгүй 103-н эмч ирээд намайг аваад явсан. Миний толгой хэсэгт гэмтсэн. Өөр гэмтэл байхгүй. Би тухайн хүнийг харвал танихгүй, манай хуурай ахын төрсөн дүү *************** гэдэг нэртэй залуу гэсэн. Тэр үед намайг хайруулын төмөр тавгаар цохиж гэмтэл учруулсан атлаа яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө талхны пивор саваар цохисон гэж худал хэлж эд мөрийн баримтаар  пивор сав хураалгасан байна лээ. Би шүүгдэгчийн араас цохиогүй, тийм завдал болоогүй, шүүгдэгч бас худал хэлсэн байсан. Би гагнуурчин ба сард ойролцоогоор 3 сая орчим төгрөгийн орлого олдог тул ажилгүй байсан хугацааны буюу 3 сараар тооцож 9 сая төгрөгийг, манай эхнэр ***************нь ажлаас чөлөө авч намайг сахисан ба сард 2,500,000 төгрөгийн цалин авдаг тул уг мөнгийг, мөн сэтгэл санааны хохиролд 15 сая төгрөгийг, шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж миний нүүр толгойд маш их сорви тогтсон тул сорви арилгах хагалгааны зардал болох 4.148.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал, шүүх хуралданы тэмдэглэл)

 

3.Гэрч ***************нгийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр *************** *************** тоот оршин суудаг. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өглөө эрт манай хуурай дүү *************** манайд 09 цаг орчимд нэг шил архи, нэг тараг, нэг сав, сүүтэй орж ирсэн. Бид хоёр нэг шил архины талыг нь уучхаад унтаад өгсөн. Унтаад удаагүй байж байтал төрсөн дүү ***************оос дуудлага ирээд аваад ярьтал би танай гадаа ирчихлээ та хаана байгаа юм би яваад орлоо гэхээр нь гэртээ оруулсан. *************** орж ирээд бид хоёр ойр зуурын юм ярьж байтал ***************ийн утсанд дуудлага ирээд найзтайгаа ярьж байхдаа хараал хэлээд чанга чанга яриад байсан. Тэр үед *************** сэрээд дүү *************** руу “чи одоо манай ахынд орж ирчхээд яагаад томроод байгаа юм, манай ахад томроод байгаа юм уу” гээд босоод ирсэн. Тэгээд тэр хоёр чи би дээрээ тулаад маргалдаж байгаад  манай дүү *************** нь ***************ын толгой хэсэг рүү нь 5-6 удаа жижиг хайруулын тавгаар цохиход *************** ухаан самуурч унаад өгсөн. *************** ухаан алдахаас өмнө “одоо болно хөгшөөн, зөндөө цус гараад байна, чи тийм сүрхий юм бол эмнэлэг дуудаад өгчих” гэж хэлээд ухаан алдсан. Би сандраад эмнэлэгт дуудлага өгөөд ***************ыг аваад явсан, дүү *************** надад загнуулаад шууд манайхаас гараад явсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал)

 

4.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14077 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлийн шинжилгээ:

2024.10.23-ны КТГ хариу болон дүрс оношилгооны хариунд: “...зүүн талын нүдний ухархайн дотор хана 1.8см өргөн, 0.5см гүн самалдагийн хөндий рүү цөмөрсөн шинэ хугаралтай.хамар ясны баруун хажуу хананд деформацлагдсан хуучин хугаралтай, хамрын таславч S хэлбэрийн хуучин мурийлттай ...зүүн дух, зулай,  нүд орчмын зөөлөн эдэд хаван хавдартай” гэж,

Дүгнэлт хэсэгт “...***************ын зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ухархайн дотор ханын хугарал, духны гол хэсэг, зулайн зүүн урд зах, баруун ар хэсэг, баруун чамархайн ар дээд хэсэгт шарх, духны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны ард цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэж, (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

5. Шүүгдэгч ***************ийн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгтэй дэлгэрэнгүй ярьсан. Өмнө өгсөн сэжигтний мэдүүлэгтэй ижил мэдүүлэг өгөх тул нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний санаж байгаагаар пивар талхны сав байсан санагдаад байна. Надад ямар нэгэн санал байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн *************** нь иргэн ***************ний гэрт очин архи согтууруулах ундааны зүйлийг хамтдаа хэрэглэсний дараа тухайн айлд унтсан, түүнийг унтаж байх хооронд  ***************ний дүү *************** нь ирж улмаар хүнтэй утсаар ярихдаа хараалын үг хэллэг хэрэглэн чанга ярьснаас үүдэн *************** сэрж хоорондоо энэ асуудлаас шалтгаалан маргалдсан байна.

Хэдийгээр шүүгдэгч *************** нь “ хохирогч *************** эхлээд салаавч гаргаж намайг хэл амаар доромжилсон, миний толгой хэсэг рүү мөргөөд хөмсөг сэтэлсэн” гэж мэдүүлсэн боловч хохирогч *************** нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “миний зүгээс шүүгдэгч ***************ийн биед халдах завдал болоогүй, хажууд нь очиж дөнгөж суутал хайруулын төмөр таваг аваад намайг цохиж зодсон” гэж мэдүүлсэн түүний мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, мөн гэрч  ***************ний өгсөн “Тэр үед *************** сэрээд дүү *************** руу “чи одоо манай ахынд орж ирчхээд яагаад томроод байгаа юм, манай ахад томроод байгаа юм уу” гээд босож ирээд  тэр хоёр чи би дээрээ тулаад маргалдаж байгаад  манай дүү *************** нь ***************ын толгой хэсэг рүү нь 5-6 удаа жижиг хайруулын тавгаар цохиход *************** ухаан самуурч унаад өгсөн” гэсэн мэдүүлгээр хохирогч ***************ын мэдүүлэг давхар нотлогдсон буюу тухайн цаг хугацаанд хохирогч нь шүүгдэгч рүү халдсан зүйл болоогүй, харин эсрэгээрээ шүүгдэгч нь хохирогч ***************тай маргалдсан даруй хайруулын тавгаар нүүр толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж зодсон үйл баримт тогтоогдсон байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч ***************ын биед нь зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ухархайн дотор ханын хугарал, духны гол хэсэг, зулайн зүүн урд зах, баруун ар хэсэг, баруун чамархайн ар дээд хэсэгт шарх, духны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны ард цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан, уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болох нь тогтоогдсон, энэхүү гэмтлийг шүүгдэгч *************** учруулсан талаар хохирогч, гэрчийн мэдүүлэг авагдсан тул шүүгдэгч ***************ийг энэ хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болов.

Шүүгдэгч *************** нь хохирогч ***************ын биед халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүхээс шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн  нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс  үйлдэхүйгээр  гэмт хор учруулсан этгээд  уг гэмт  хорыг хариуцан  арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар  алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм  хор учруулсантай холбогдон  гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар  сувилуулах  зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид  төлөх үүрэгтэй” гэж, 230 дугаар зүйлийн 230.1-д “ эдийн бус гэмт хорыг арилгуулахаар хохирогч шаарах эрхтэй”, 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус  гэмт хорыг  мөнгөөр нөхөн төлнө”,  511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэмт хорыг  мөнгөн хэлбэрээр  арилгах  үүргийг  гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж тус тус зааж зохицуулсан.

 

Хохирогч ***************, түүний өмгөөлөгч нараас “...сард ойролцоогоор 3 сая орчим төгрөгийн орлого олдог тул ажилгүй байсан хугацааны буюу 3 сараар тооцож 9 сая төгрөгийг нэхэмжилнэ гэж хаан банкны депозит дансны хуулгыг,

- эхнэр ***************нь ажлаас чөлөө авч намайг 1 сар гаран хугацаанд сахисан, түүний ажилгүй байсан хугацааны  цалин 2,500,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж  “************* ХХК-ны тодорхойлолтыг,

-DA VINCI plastic surgery clinic-ийн “*************** нь манай эмнэлэгт үзүүлсэн ба  бодит үзлэг, багажийн шинжилгээгээр дух, зүүн хөмсөг, дагз, хуйхны гэмтлийн гаралтай сорви оношлогдсон. Хэсгийн мэдээ алдуулалтын сорви засах мэс засал хийлгэх заалттай. Мэс заслын төлбөр 4000,000 төгрөг, шинжилгээ 148,000 төгрөг болно” гэсэн тодорхойлолтыг тус тус  гаргаж өгсөн.

-Мөн хохирогч нь сэтгэцэд учирсан гэм хор гэж 15,000,000 төгрөг нэхэмжилсэн.

1. Шүүхээс  хохирогч ***************ын нэхэмжилсэн дээрх нэхэмжлэлээс “DA VINCI plastic surgery clinic-ийн эмнэлгээс хохирогч ***************ын нүүрэнд үүссэн сорвинуудыг арилгах мэс засал, шинжилгээ хийхэд шаардагдах зардалд 4.148.00.000 төгрөгийн зардал гарна гэсэн эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн уг төлбөрийг шүүгдэгч ***************оос гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. Учир нь шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хохирогчийн нүүр, толгой хэсэгт сорвинууд үүсэж, улайсан, арилаагүй, нүүрний гоо сайханд тодорхой хэмжээгээр нөлөөлж буй талаар хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

“Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж, “…Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж Иргэний хуулийн 228 дугар зүйлийн 228.1, 228.4 дэх хэсэгт тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч ***************оос дээрх зардлыг гаргуулж, хохирогч ***************ад олгохоор шийдвэрлэсэн. 

 

2.Мөн хохирогчоос сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь,

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “сэтгэцийн эмгэг” гэж өвчний олон улсын ангиллын “сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг хамааруулахаар заасан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д  зааснаар Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэцэд учирсан хохирлыг тооцох, арилгуулахтай холбоотой зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийг дагалдуулан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***************ад хөнгөн гэмтэл учирсан байх ба “Нөхөн төлбөр тооцох жижиг аргачлал”-ын хоёрдугаар зэрэглэлд “хөнгөн хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хувь хэмжээгээр тооцохоор заасан байх тул хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдлыг харгалзан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 660.000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлж 4.620.000 төгрөгийг шүүгдэгч ***************оос гаргуулахаар шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 20-22 дахь тал)

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***************оос нийт 8.768.000 төгрөгийг  гаргуулж, хохирогч ***************ад олгохоор шийдвэрлэсэн болно.

 

3.Харин хохирогч ***************ын нэхэмжилсэн зардлаас түүний олох байсан орлого, эхнэр ***************ий дутуу авсан цалин хөлс зэргийг нэхэмжилж, гаргаж өгсөн дансны хуулга, байгууллагын тодорхойлолт  зэрэг баримтууд нь тэдгээрийн орлогыг бүрэн нотлохгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  дахин гаргах эрхтэйг дурдав.

 

4.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтод тусгаснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч *************** нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс  2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл  хугацаанд нийт 312.740 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчээс уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан байх тул тэрээр тухайн санд төлөх төлбөргүй болно. (хавтаст хэргийн 39 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч ***************ын өмгөөлөгч Г.Ууганбаатар “...тусгайлан гаргах саналгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ***************ийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, М.Алтанчимэг нар нь “...үйлчлүүлэгч ***************ийн үйлдсэн хэрэг нь хөнгөн хэрэг бөгөөд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хэрэв хохирогч нь өмнө энэ хохирлын баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн бол төлөөд ирэх байсан байх. Гэтэл өнөөдөр хурал дээр гаргаж өгсөн тул шууд төлөх боломжгүй байгаа тул нөхөн төлөхөө илэрхийлж байгаа юм. *************** нь өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн  ч уг ялтай байдал арилсан, энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Иймээс ***************ийн автобус 3-р баазад жолоочоор ажилладаг, сард 2500,000 төгрөгийн цалин авдаг, ам бүл олуулаа, өндөр настай ээж, эхнэр, хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг нь тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Иймээс шүүгдэгч ***************ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, нөгөө талаас түүний хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг орлоготойг илэрхийлэх баримттай/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн сард олдог орлогын байдлыг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч *************** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, шүүгдэгч ***************ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг пивар савыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *************** овогт ***************ийн ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ид 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ид оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 4.148.000 (дөрвөн сая, нэг зуун дөчин найман мянган) төгрөгийг,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 4.620.000 (дөрвөн сая зургаан зуун хорин мянган) төгрөгийг буюу нийт 8.768.000 (найман сая, долоон зуун жаран найман мянган) төгрөгийг шүүгдэгч ***************оос гаргуулж, хохирогч ***************ад олгож, хохирогч *************** нь дутуу авсан цалин хөлс, олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***************оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг пивар савыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ