| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/59 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
хохирогч ***************,
шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *************** овогт ***************гийн ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408027211427 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 04 ************** төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт *************** дүүргийн ************* дугаар хороо, ************** тоотод оршин суух хаягтай, урьд:
************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 689 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа бүрэн эдэлж дууссан, *************** овогт ***************гийн *************** /РД:****************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *************** нь 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч ***************ийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34-ийн гүүр ороод түр буух хооронд тухайн цэнэглүүлэхээр өгсөн байсан Samsung A33 маркийн гар утсыг бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************** шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлгээс өөрчлөгдөх зүйлгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Хохирогч *************** шүүхийн хэлэлцүүлэгт: “...тухайн өдөр 3 дугаар эмнэлгээс нэгдүгээр хороолол руу такси бариад явсан ба нэг найзтайгаа уулзахаар зочид буудал руу орчхоод ирье гээд жолоочид хэлээд буугаад 2 минут орчим болоод гараад ирэхэд такси явсан байсан. Утасны цэнэг дуусах гээд байсан тул таксинд цэнэглээд үлдээсэн байсан. Би буухдаа таксины төлбөрөө төлсөн юм, гэртээ хариад гүйлгээгээ харахад 12000 төгрөг шилжүүлэх гэж байгаад орон андуураад 120,000 төгрөг шилжүүлсэн байснаа мэдсэн. Би тухайн үед найзтайгаа нийлж 3 лааз пиво уусан байсан, согтоогүй, болсон бүх үйл явдлыг санаж байгаа. Өнөөдөр шүүгдэгч миний дансанд 98,000 төгрөг шилжүүлсэн, гомдолгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас: “...шүүгдэгч Х.***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогч *************** нь: “...гар утсаа буцаан авсан, өнөөдөр 98000 төгрөг над руу шилжүүлсэн тул гомдолгүй” гэсэн саналыг,
Шүүгдэгч *************** нь: “...гэм буруу дээр маргахгүй, гэмшиж байна” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч *************** нь 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ***************УНТ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон такси үйлчилгээнд явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн буудал дээрээс иргэн ***************ийг авч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Баянбалбар нэртэй зочид буудал хүртэл явсан байна. Энэ хооронд иргэн *************** нь түүний машины цэнэглэгчийг ашиглаж өөрийн Самсунг А33 загварын гар утсаа цэнэглэсэн ба улмаар тэрээр гар утсаа авалгүй цэнэглээтэй үлдээж, жолоочийг түр хүлээж байхыг гуйж Баянбалбар нэртэй зочид руу ороод ирэх хооронд шүүгдэгч *************** нь ***************ийн эзэмшлийн гар утсыг авч явсан үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд:
1.Гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: иргэн ***************аас гаргасан “Саппорогоос СХД 17 хороонд байрлах Баянбалбар буудлын үүдэнд очоод таксинаас буухдаа түр хүлээж байгаарай гэж хэлээд утсаа үлдээж тухайн буудал руу ороод 1 минут орчим болоод гараад ирэхэд явчихсан байсан” гэсэн гомдол мэдээлэл” (хавтаст хэргийн 5 дахь тал),
2.Хохирогч ***************ийн: “…Оройн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах Солонго гэх пабад ***************, *************** гэсэн 2 найзын хамт хүний 2 шил пиво уучхаад 22 цагийн орчимд тухайн газраас гарч 3 дугаар эмнэлэг орж найз ***************ийн гар утсыг ***************өд аваачиж өгөөд буцаад Саппоро хүртэл алхсан. Тэгээд тэндээсээ таксинд сууж Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд байрлах Баянбалбар зочид буудлын үүдэнд түр зогсоод хүлээж байгаарай гэж хэлчхээд тооцоо болох 12.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад нэг орон илүү хийж 120.000 төгрөг шилжүүлчихсэн байсан. Тэгээд бас утас унтрах гээд байсан тул утсаа цэнэглүүлээд машинд үлдээчхээд тухайн буудлын үүд рүү ороод гараад ирэхэд тухайн тээврийн хэрэгсэл явчихсан байсан. Илүү мөнгө шилжүүлснээ тухайн үед мэдээгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь цайвар өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан, улсын дугаарыг нь хараагүй. Миний гар утас нь цулгуй хар өнгийн кейстэй, цагаан саарал өнгөтэй, Самсунг А33 загварын гар утас байсан, шилэн наалт бага зэргийн цуурсан байгаа. Би гар утасныхаа имэй кодыг мэдэхгүй. 2022 онд Мобикомоос 1.700.000 төгрөгөөр авч байсан. Надад нийт ойролцоогоор үнийн дүн зөрүүтэй хийгдсэн, гүйлгээний 108.000 төгрөг, самбунг А33 загварын гар утас алдагдаж хохирол учирсан. Надад сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй, тогтоолгох шаардлагагүй гэж бодож байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
3. Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0692 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “... Самсунг А-33 маркийн гар утас хэрэглэж байсан 450.000 төгрөг” гэх (хавтаст хэргийн 19-22 дахь тал)
4. Шүүгдэгч Х.***************ийн: “... Би ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй ***************УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байгаад 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Энхбаярын замаас үл таних эрэгтэй хүнийг 19 цагийн орчимд суулгаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34 байрны гадна явж байтал тухайн үл таних согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй гар утсаа цэнэглүүлж үлдээчихээд буудал ороод өрөө аваадахая, тэгээд буцаад гараад ирье гэж хэлээд орсон бөгөөд орохоос өмнө гар утас нь унтрах гээд байна гээд над руу 12.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 120.000 төгрөг андуураад шилжүүлсэн байсныг дараа би мэдсэн. Гар утсыг нь 21 хороолол ломбарданд 200.000 төгрөгөнд тавиад, мөн андуурч шилжүүлсэн 120.000 төгрөгөөр гэртээ хүнс болон бусад зүйлсэд зарцуулаад дууссан. Надад мөнгө хэрэгтэй байсан учир явчихсан юм. Надад санал гомдол байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг ойрын хугацаанд барагдуулна…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд дээрх гэмт хэргүүдийн обьектив болон субьектив шинж, ижил төсөөтэй болон ялгаатай шинжийг авч үзэх шаардлага зүй ёсоор үүссэн тул дараах байдлаар харьцуулан судалж дүгнэлт хийсний үндсэн дээр шүүгдэгчийн үйлдэл нь аль гэмт хэргийн шинжийг агуулж буйг дүгнэх нь зөв юм.
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл “Хулгайлах” гэмт хэргийн тухайд:
Хулгайлах гэмт хэргийн объект нь өмчлөх эрх байна. Харин халдлагын зүйл нь хулгайлагдсан бусдын эд хөрөнгө байна.
Объектив шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь энэ гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үйлдсэн байна.
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас,эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно.
Нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.
Субъект нь 14 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай иргэн байна.
Субъектив шинж нь шунахай сэдэлттэй, шууд санаатай, гэмт этгээд нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл “Хөрөнгө завших гэмт хэргийн тухайд:
Хохирогч нь өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн эд хөрөнгөө түр хугацаагаар хадгалуулах буюу өөр бусдад дамжуулан өгүүлэх зорилгоор санаачилгаараа өгснийг далимдуулан ашиглахыг иргэдийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших гэнэ.
Өөрөөр хэлбэл, завших гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байгааг ойлгоно.
Энэ гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.
Объектив шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдэл байна. Энэ үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд завшсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Субъект нь 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай иргэн байна, тусгай субъект нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан албан тушаалтан байна.
Субъектив шинж нь шунахай сэдэлттэй, шууд санаатай, гэмт этгээд нь өмчлөгч, эзэмшигчээс эд зүйлс, өмч хөрөнгөнөөс үнэт зүйл, материаллаг ашиг олох гэсэн зорилготой байдаг.
Хулгайлах, хөрөнгө завших зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шууд санаа, шунахай сэдэлтээр, хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, өөртөө эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид хохирол учруулдаг байдлаараа ижил төсөөтэй хэдий боловч хөрөнгө завших гэмт хэрэгт хохирогч иргэн нь өөрийн санаачилгаар эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүргийг гэмт этгээдэд шилжүүлснийг хувьдаа авах, бусад руу шилжүүлж өгсөн байдгаараа “Хулгайлах” гэмт хэргээс ялгагдана.
Харин шүүгдэгч *************** нь хохирогчоос сайн дурын үндсэн дээр түр үлдээсэн эд хөрөнгийг хууль бусаар авсан үйл баримт нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *************** нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдсэн, тэрээр хохирогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд атлаа хохирогчийн түр хариуцуулан үлдээсэн эд зүйлийг завшсан энэ байдал нь “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Иймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***************д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Х.***************ийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***************т /орон андуурч илүү шилжүүлсэн мөнгө/ болох 108,000+450,000/= 558,000 төгрөгийн хохирол учирсан нь хохирогч ***************ийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдсон болно. (хавтаст хэргийн 9-10, 19-22 дахь тал)
Улмаар шүүгдэгч *************** нь самсунг А-33 маркийн гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн болохыг хохирогч, шүүгдэгчийн хэн аль нь мэдүүлсэн тул уг хохирлыг төлөгдсөнд тооцох нь зүйтэй.
Харин шүүгдэгч *************** нь хохирогч ***************ийн илүү төлсөн 108,000 төгрөгөөс 98000 төгрөг төлснийг хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул шүүгдэгч ***************эс үлдэгдэл 10,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***************т олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч *************** нь “...хөдөө аав дээр миний нэр дээр тоолуулсан хэдэн тооны мал байдаг тул надад торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Шүүгдэгч Х.***************ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “ хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлын тогтоогдоогүй болно.
Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлын хэмжээ, хохирлын тодорхой хэмжээг төлж барагдуулсан байдал, мөн шүүгдэгч Х.***************ийн хувийн байдал /өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн боловч засраагүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, оршин суугаа газраа өөрчлөх тохиолдолд эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч *************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***************д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч *************** овогт ***************гийн ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооц***************й.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, оршин суугаа газраа өөрчлөх тохиолдолд эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 6 (зургаа) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************эс 10,000 (арван мянган) төгрөгийг гаргуулж хохирогч ***************т олго***************й.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурд***************й.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ