| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00326/И |
| Дугаар | 156/ШШ2020/00584 |
| Огноо | 2020-07-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 156/ШШ2020/00584
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00560/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, шүүгч Б.Марина, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дүгээр багт байрлах, Хэнтий нийтлэг үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Т......., .......... оршин суух, Ө овогт Т С (РД: ........)-д холбогдох,
Гэм хорын хохирлын 13 120 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, түүний өмгөөлөгч Т.А, хариуцагч Т.С, түүний өмгөөлөгч Д.О, иргэдийн төлөөлөгч С.У, гэрч н.О, О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
Нэхэмжлэгч Хэнтий нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ-ын газрын захирал Т.Баяржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус байгууллагын захирлаар томилогдон ажилласан. Тэр үед Ө Т гэж хүн байгууллагын малчнаар ажиллаж байсан. Титов нь 2018 онд тэтгэвэрт гарахдаа байгууллагдаа цэргээс ирээд байгаа хүүдээ малаа шилжүүлэн үргэлжлүүлэн маллуулах хүсэлтийг тавьсан. Энэ дагуу гэр бүлд нь очиж эхнэр А болон хүү Содбилгүүн нартай ярилцаад 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр С малчнаар томилон ажиллуулсан. Тухайн үед манай байгууллагын зүгээс бүх малаа нэг бүрчлэн тоолж хүлээлгэж өгсөн. 2018 оны жилийн эцэст адуу 18, үхэр 8, хонь 502, ямаа 182 нийт 710 толгой мал бүртгэгдсэн тайлан бүртгэлүүд байгаа.
С малчнаар ажиллах хугацаанд албан хэрэгцээнд хэрэглэсэн мал болон үхсэн хорогдсон малыг өөрийнх нь малын эмчээр гаргуулж байсан акт бичгийг үндэслэн хасаж, стандартын дагуу бүртгэлд тусгасан. 2019 оны 8 дугаар сард С хүсэлтээр малыг тоолж бүртгэн өөр малчинд шилжүүлсэн. Тэр үед байвал зохих малнуудаас албан хэрэгцээнд өгсөн актаар үхсэн малнуудыг хасаад адуу 7, хонь 61, ямаа 23 нийт 91 толгой мал дутагдсан. Мал хүлээлцсэний дараа С тооцоо нийлүүлхээр дуудаад өөрийн хар дэвтэр, тооцоонуудыг сайтар үз бүртгэл судалгааг сайтар нягтал, мөн байгууллагын нярав нягтлангын тооллого тооцоог нягтла, тэгээд үнэхээр маргаан байхгүй бол байгууллагын хохирлыг барагдуулах арга хэмжээг ав гэж хэлж явуулсан юм.
Сүүлийн жилийн улиралд манай байгууллагын санхүүд Хэнтий аймгийн төрийн аудитын хяналт орсон. Тэр хяналтыг ороход С бидэнтэй ирж хохирол дутагдлыг барагдуулаагүй, мөн хохирол дутагдлын талаар уулзаж чадаагүй байгаа үед ирсэн учраас аудитын шалгалтаар мал дутуу байгаа нь илэрсэн. Бидний зүгээс нөхцөл байдал ийм хэмжээнд байгаа гэдгийг хэлсэн. Төрийн аудитын газраас шалгалтын дараа зөрчилтэй байгаа асуудлаа хуулийн байгууллагаар шийдвэрлэ, төрийн өмч хөрөнгийг нэг хүнд найр тавин хүлээж болохгүй гэсэн үүрэг чиглэлийг өгсөн учраас С мал дутагдлын талаар хуулийн байгууллагад хандсан. Манай байгууллагын хувьд мэргэжлийн нярав нягтлантай санхүүгийн харилцаа гүйлгээ, тайлан мэдээгээ стандартын дагуу ягштал мөрдөж ажилладаг. Мөн санхүүгийн тайлан баланс 0 төгрөгөөр ч зөрдөггүй таарч явдаг юм. Манай байгууллагын мал хүний толгой эргээд байхааргүй 700-аад мал байдаг. Ийм учраас би өөрийн нярав нягтлангийн санхүүгийн тооцоо судалгаанд бүрэн итгэлтэй байгаа. Иймд энэхүү хохирлын асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөч гэж хүсч байна.
С малчнаар ажиллаж байхад үхэл хорогдол гарсан тохиолдолд актынх нь дагуу үндсэн малаас хорогдуулаад явдаг. Мөн гэрээнд заасан үүргийнхээ дагуу намар хадлан бордооны үед хамтарч ажиллах, түлээ түлш бэлдэхэд элбэлцэх, хаврын улиралд хивэг тэжээлүүдийг авах өгөх зэргээр 8 сар ажилласан. Эхний 2,3 сард С аав хамт байсан юм. Сүүлд гэр бүлийн асуудлаас болж С бие дааж малаа дангаар малласан. Үүнээс болж ийм асуудал гарсан болов уу гэж бодож байна. 12 сард хүлээлгэж өгсөн малаа 3 сард ямаа самнахаар очоод нэг бүрчлэн чирч тоолоход 13 эр ямаа, 2 эм ямаа дутагдаж байсан. Энэ байдлаар дутагдал гарсан байна үүн дээрээ анхаараарай зөрчил гарах вий болгоомжтой байгаарай гэдэг зүйлийг С хэлсэн. Жилд манай байгууллага 2 удаа малаа нэг бүрчлэн хөлдөөд чирэх байдлаар бүртгэдэг. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр мөн тоолж бүртгэсэн. Энэ талаар өөрсдөд нь хэлсэн. Няравт байгаа өмнөх бүртгэл тайлангуудыг бүгдийг нь хувилж хүргүүлсэн. Мөн өөрийн гар дэвтэр хариуцаж байгаа бүртгэлээ сайн судал гэж хэлж байсан. Ийм л харилцаатай байсан гэдгээ хэлэхийг хүсч байна.
Иймд хариуцагч Т.Сдутагдсан малын төлбөр 13 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Т.С шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний аав Ө.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өвчнөөр нас барсан юм. Миний аавыг талийгаач болохын өмнөх 2018 оны 12 дугаар сард манайд Нийтлэг үйлчилгээний ажилчид ирж малыг тоолоод явсан. Тэр үед мал тоолж байхдаа ямар нэгэн албан бичиг баримт үйлдээгүй, зүгээр тоолоод явсан. Ингээд манай аав талийгаач болоход малууд нь ээж бид хоёрт үлдсэн.
Нийтлэг үйлчилгээний газраас намайг малчнаар томилж, нягтлан бодогч М гэрээ байгуулан ажиллаж байсан гэсэн байна. Нийтлэг үйлчилгээний газраас надтай малчны гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэргийг хийсэн зүйл байхгүй. Над дээр ирж малаа албан ёсоор хүлээлгэж өгөөд, мал тоолсон акт үйлдсэн зүйл байхгүй юм.
Намайг мал харж байх хугацаанд нийтлэг үйлчилгээний газраас дарга, нягтлан бодогч, ажилчид нийлсэн 10-аад хүн ирж 2 удаа мал тооллого хийсэн. Ингээд тоолчихоод малын тоо таарч байна л гэдэг байсан. Миний бие нийлэг үйлчилгээний газарт удаа дараа хүсэлт гаргаж байж 2019 оны 08 дугаар сард малыг хүлээлгэн өгсөн.
2019 оны 08 дугаар сард хонь 539, ямаа 169, адуу 7, үхэр 10, нийт 725 толгой мал нийтлэг үйлчилгээний газарт хүлээлгэж өгсөн. Ингэж хүлээлгэж өгөхөд урьд тооллого хийж байсан дарга, нягтлан бодогч, ажилчид гээд хүмүүс байж тоолж хүлээлгэж өгсөн. Тухайн үед мал тоолчихоод надад юу ч танилцаагүй явсан.
Тэгээд 3 хоногийн дараа намайг нийтлэг үйлчилгээний газраас дуудаж мал дутаасан байна гэсэн. Би тийм мал дутагдуулсан байх ёсгүй тооцоо, тооллогыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн. Тэгээд намайг нийтлэг үйлчилгээний газраас цагдаагийн газарт мал дутагдуулсан гэж өргөдөл өгсөн байсан. Тэгээд миний бие цагдаагийн цагдаагийн газарт очиж, мал дутагдуулаагүй талаараа тайлбар өгсөн. Тэгээд дахиж дуудаагүй, тооцоо тооллогын талаар нягталсан зүйл асууж байгаагүй юм.
Ингээд сая шүүх дээр нэхэмжлэл ирээд хэргийн материалтай танилцахад намайг нийтлэг үйлчилгээний газрын малыг маллаж байхдаа 91 толгой мал дутааж бусдын эд хөрөнгийг хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад 13 120 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаартай тогтоол хэрэгт нотлох баримтаар өгсөн байна. Үүнийг миний бие сая иргэний хэргийн баримттай танилцаж байхдаа мэдэж авсан. Надад бол энэ тогтоолыг албан ёсоор гардуулж өгөөгүй. Миний бие энэ тогтоолыг албан ёсоор гардаж аваад дараагийн шатанд гомдол гаргаж, мал дутагдуулсан тооцоо, тооллогын баримтыг дахиж нягталж шалгуулах хүсэлтэй байна.
Ингээд миний бие нийтлэг үйлчилгээний газрыг мал тоолсон тухай бүртээ тооллого дутуу талаар надад мэдэгдэж, нягталж шалгуулаагүй мөртлөө гэнэт 8 сарын дараа олон тооны мал дутагдуулсан гэж хандаж байгаад гомдолтой байна. Шүүхэд нотлох баримтаар өгсөн мал хүлээлцсэн бүртгэл нь зөвхөн нярав А.О нь хийсэн баримт байгаа бөгөөд энэ баримтыг надад тухай бүрт нь танилцуулж байгаагүй юм. Тухайн баримтуудыг гаргахдаа надаас асууж, тооцоо нийлж, хэрвээ дутаж байгаа бол яагаад дутаж байгаа, ямар мал дутаж байгааг надад хэлж, тайлбарыг маань сонсох учиртай байсан байх гэж би бодож байгаа.
Иймд миний бие ОНӨҮГ-ын шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:
Хэнтий нийтлэг үйлчилгээний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна... гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь хариуцагч Т.С холбогдуулан гэм хорын хохирол 13 120 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 121 дугаартай Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Т.Баяржаргалд танд гэх хариу мэдэгдэх хуудсаар Т.С нь тус газрын малыг маллаж байхдаа 91 толгой мал дутааж бусдын эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас байгууллагад 13 120 000 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдсон боловч энэхүү хохирол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.9 дүгээр зүйлд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье гэжээ.
Нэхэмжлэгч талаас уг прокурорын Хариу мэдэгдэх хуудас-ыг үндэслэж байгууллагад учруулсан хохирлыг хариуцагч Т.С Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцна хэмээн шаардах эрхээ тодорхойлсон байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д: Гэм хор учруулсны улмаас иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болгон заасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно.
Энэ тохиолдолд байгууллагад учирсан хохирол гэж үзэх боломжгүй буюу энэхүү маргаан нь гэм хор учруулснаас үүсэх үүрэг биш байна.
Мөн Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Т.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Т.С нь манай байгууллагад малчнаар ажиллаж байсан, байгууллагаас цалинждаг байсан... гэх тайлбар гаргасан, хавтаст хэрэгт Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон Т.С нарын хооронд байгуулагдсан малчинтай хийсэн мал маллагааны үр дүнгийн гэрээ авагдсан байх ба нэхэмжлэгч байгууллагаас малчин гэх Т.С хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд энэ нь хариуцагч Т.С шүүхэд гаргасан тайлбараар давхар нотлогдож байна. Зохигчдын хооронд байгуулсан малчинтай хийсэн мал маллагааны үр дүнгийн гэрээ-ээс үзэхэд, гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр бус Иргэний хуулийн гэрээнээс татгалзах гэрээ цуцлах нийтлэг үндэслэлийн дагуу цуцлагдахаар заасан байх тул талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас Т.С хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж, нийгмийн дааталын шимтгэл төлж байсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т ...Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна:..., 1/-д ...өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн... гэж заасантай нийцсэн байх ба нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч Т.С цалинжуулж, түүнийг ажиллуулах хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг буруутгах боломжгүй, хууль зүйн үндэслэлтэй болно.
Иймд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд эрх зүйн харилцааг тодорхойловол, нэхэмжлэгч Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, хариуцагч Т.С нарын хоорондоо харилцан тохиролцож Малчинтай хийсэн мал маллагааны үр дүнгийн гэрээ-г байгуулсан нь гэрээний үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасны дагуу үүссэн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Хариуцагч Т.С нь ...Нийтлэг үйлчилгээний газраас надтай малчны гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэргийг хийсэн зүйл байхгүй, надад албан ёсоор мал хүлээлгэн өгч, мал тоолсон акт үйлдээгүй, мал тоолчихоод надад юу ч танилцуулаагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
Нөгөө талаар хариуцагч Т.С нь шүүх хуралдааны үед ...Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Түүхий эд материалын тайланд малчин Т.С гэсэн... хэсэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн гэснийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт хариуцагч И.С малчнаар ажиллаж байх хугацаанд нийтдээ 13 120 000 төгрөгний мал дутагдуулж, үүргээ зөрчсөн болох нь зохигч нарын тайлбараар болон хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Малчинтай хийсэн мал маллагааны үр дүнгийн гэрээний Гурав: Малчны хүлээх үүрэг 3.1 дэх хэсэгт ...Хариуцсан малдаа тарга хүч сайн авахуулж, тоо чанарын хувьд бүрэн байлгаж, өсгөн үржүүлэх үүрэгтэй..., 3.4 дэх хэсэгт ...Малыг нэг бүрчлэн хамгаалж, хулгайд алдах, чоно нохойд идүүлэх болон бусад хэлбэрээр үрэгдүүлсэн нөхцөлд тухайн малыг зах зээлийн үнээр төлж барагдуулна... гэж тус тус нэрээ бичиж, талууд гарын үсэг зурж баталгаажуулах замаар хүсэл зоригоо илэрхийлсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсний дагуу харилцан тохиролцож гэрээг байгуулсан байна.
2. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.С нь Т.С 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэлд ...Би малыг хувьдаа ашигласан зүйл байхгүй, яагаад 91 толгой мал дутсан гэдгийг нь сайн ойлгохгүй байна, өөрсдийнх нь данс тооцооны зөрүү байх гэж бодож байна..., ...надад тоолж хүлээлгэж өгсөн, би өөрөө тоолж авсан..., ...7 адууг нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны үед цас шуурганд уруудуулсан. Төл дээр хүнгүй байсан учраас адууных нь араас шуурганд уруудсан даруйд нь эрж сурч явж чадаагүй. Сүүлд нь уруудснаас хойш 7-8 хоногийн дараа Биндэрийн наад биеэр эрж хайгаад олоогүй. Мэр сэр үхэж хорогдох зүйл болсон байх..., ...хувьдаа бол ашиглаж зарж үрсэн зүйл байхгүй, хонь, ямаа нь тасраад л алга болсон байх..., ...өөрийнхөө хэмжээнд явдаг л байсан, эзэнгүй хаяад явж байгаагүй... гэх мэдүүлэг,
3. Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Түүхий эд материалын тайланд малчин Т.С, эд хариуцагч А.О, нягтлан бодогч Б.М нарын гарын үсэгтэй баримт,
4. Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон Т.С нарын 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мал хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар
хариуцагч Т.С нь Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын малыг маллаж байхдаа дутагдуулсан болох нь тогтоогдож байна.
Иймд, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байх тул хариуцагч Т.С 13 120 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан бол тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч Т.С 223 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.С 13.120.000 /арван гурван сая нэг зуун хорин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.С 223.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хэнтий нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН
ШҮҮГЧИД Б.МАРИНА
Б.БОЛОР-ЭРДЭНЭ