| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0063/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/285 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/285
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Д.Рэгзэдмаа,
хохирогч ***************,
шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч Л.Ононбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *************** овогт ***************гийн ***************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2408033901513 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 09 сарын 13-ны өдөр ************* төрсөн, 37 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, албан хэрэг хөтлөлтийн нарийн бичиг мэргэжилтэй, ***************, ам бүл 6, өөрийн 3 хүүхэд, ахын 2 хүүхэд нарын хамт амьдардаг, *********** дүүргийн ************ дугаар хороо, ************** гудамж ************ тоот хаягт бүртгэлтэй боловч одоо *************** дүүргийн ************ дугаар хороо, **************** тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял оногдуулсныг, 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 573 дугаар магадлалаар 6 жил 8 сар хоногийн хорих ял болгон өөрчилж эдлүүлсэн ба Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаартай “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжаар 01 жил 10 сар 08 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, *************** овогт ***************гийн *************** /РД:****************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *************** нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хохирогч И.***************д “газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугар байрны 163 тоотод байхдаа хохирогч ***************ийн 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 3,750,000 төгрөгийг Н.***************эзэмшигчтэй Хаан банкны ***************тоот, М.*************** эзэмшигчтэй ***************тоот, Ц.***************эзэмшигчтэй ***************тоот дансаар тус тус авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. 2024онд таньдаг найзаасаа асуугаад болчих юм байна гэж бодоод ийм асуудалд хүргэсэн. *************** нь сүүлд найзалсан найз. ***************нь 1 гудамны найзын дүү байгаа юм. Би тухайн үед газрын албанд ажиллаж байгаагүй. Миний дансыг тухайн үед битүүмжилсэн байсан тул өөрийн дансаар мөнгө авч болохгүй байсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Хохирогч *************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 5 сараас 4 удаагийн гүйлгээгээр хохирсон. Өндөр хүчдлийн доорх газрын нэрийг шилжүүлэх гэж мөнгө өгсөн. Одоо хохирлоо бүрэн авсан, гомдолгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогч ***************: “хохирлоо авсан, гомдолгүй байна” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр нь “...гэм буруу дээрээ маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байгаа” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***************т холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:
Шүүгдэгч *************** нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хохирогч И.***************д “газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч *************** нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны 163 тоотод байхдаа 4 удаагийн гүйлгээгээр 3,750,000 төгрөг шилжүүлснийг өөрийн найз Н.***************эзэмшигчтэй Хаан банкны ***************тоот, М.*************** эзэмшигчтэй ***************тоот данс, нөхөр болох Ц.***************эзэмшигчтэй ***************тоот дансаар тус тус шилжүүлэн авсан үйл баримт нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...2024 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд бусдад 3 удаагийн гүйлгээгээр 3.500.000 төгрөг шилжүүлж залилуулсан” гэх (хавтаст хэргийн 3 дахь тал),
2. Хохирогч ***************ийн: “...Миний бие Баруун салаанд 0,4 га газартай бөгөөд тухайн газар миний нэр дээр эзэмших гэрээгээр байдаг. Би тухайн газрын эрхээ өөр бусдад шилжүүлэх гээд, мөн Баянбүрдийн ойролцоо байдаг өмчлөлийн газрын нэг хэсгийг эзэмших хэлбэрээр гэрчилгээ авах гээд хүний, өөрийн нийт 2 газрын гэрчилгээг хурдан гаргуулах зорилгоор тухайн чиглэлээр ажилладаг, хурдан шилжүүлж бүтээн өгч чадах хүнийг хайсан. Манай танил *************** гэх эмэгтэй надад нэг эмэгтэйн ***************, ***************дугаарыг олж өгсөн. Би тухайн дугаараар үл таних эмэгтэйтэй холбогдоод өөрийн хүсэл зоригоо илэрхийлэхэд "Баруун салааны газрыг чинь одоохон бүтээгээд өгье” гэх утгатай зүйл надад хэлсэн. Тэгээд миний газрын асуудал бүтсэн зүйл байхгүй бөгөөд мөнгөө авъя гэж хэлэхэд өөдөөс үл ялиг шалтаг тоочсоор өдийг хүрсэн. Би тэр эмэгтэйг төдийлөн сайн таньдаггүй бөгөөд газрын албан дээр бичиг баримт хөөцөлдөж байхдаа таараад хөөцөлдөж буй асуудлаа хэлэхэд намайг холбож өгсөн. Тэрнээс ***************г сайн таньдаггүй. Би тухайн 3 гүйлгээгээ өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны 163 тоотод байхдаа би өөрийн дансаар 2.000.000 төгрөг шилжүүлсэн, мөн Д.******************************г гуйгаад ***************ийн нөхөр гэх Ц.***************ы данс руу 750.000 төгрөг хийлгүүлсэн. Миний танил *************** гэх эрэгтэйгээс 1.000.000 төгрөг гуйж ***************ийн өгсөн данс руу шилжүүлүүлсэн, одоо ***************тай холбогдож чадахгүй байгаа болохоор хэний данс руу шилжүүлсныг мэдэхгүй байна, яаралтай ***************тай холбогдож дансны хуулгыг нь хэрэгт хавсаргах болно. Би ***************ийг бол таньдаггүй байсан. Д.******************************гээр дамжуулж утсаар яриад мөнгө шилжүүлсэн, Д.***************надад ***************ийг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хуучин ажиллаж байсан гэж хэлсэн юм, тэгээд би ***************тэй утсаар ярихад Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ажиллаж байсан, чиний ажлыг бутээж өгнө гээд 4 удаагийн үйлдлээр 3.7500.000 төгрөг авсан юм. М.***************, Н.***************нарыг би бол танихгүй *************** л тухайн хүмүүсийн дансыг нь надад өгч би тэр данс руу нь шилжүүлсэн. Тэгээд үүнээс татварт өгсөн 500,000 төгрөгийг буцааж өгсөн ба 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр миний Голомт банкны ***********дансанд 1,250,000 төгрөг шилжүүлсэн байсан. Үлдсэн 2.000.000 төгрөгийг шүүхийн шатанд авсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 19-20, 22-23 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
3. Гэрч М.***************гийн: “...Би хаан банкны ***************дугаартай дансыг эзэмшдэг. Тэр 1,500,000 төгрөг бол тухайн үед танилцаад удаагүй байсан *************** буюу *************** миний данс руу хийлгэсэн мөнгө байгаа юм. Ямар учраас миний данс руу хийлгэсэн гэхээр *************** нь тухайн үед “карт байхгүй байна, та дансаа өгөөч хүнээс мөнгө авах гэсэн юм” гэхээр нь дансаа өгсөн юм. Тэгээд миний данс руу латинаар “сүх 9 дүгээр хороо” гэсэн утга бичиж 1,500,000 төгрөгийг хийж байсан. Тэгээд тухайн мөнгийг тэр өдрөө буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ний орой 20 цаг 07 минутад өөрийнхөө дугаар болох *************** гэсэн утасны дугаарыг утга дээр нь бичүүлж Хаан банкны ***************дугаартай Б*****а *************** гэсэн хүний данс руу 1,000,000 төгрөгийг хийлгүүлсэн. Маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 08 цаг 13 минутад Хаан банкны ***************дугаартай н******в ***************гэх хүний данс руу 300,000 төгрөг хийлгүүлсэн. 11 цаг 19 минутад мөн ***************ийн данс руу 50.000 төгрөг хийлгэсэн, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 13 цаг 12 минутад Голомт банкны ***************дугаартай *************** *************** гэх хүний данс руу ***************ийн өөрийнхөө Suwd Amuka гэсэн фэйсбүүк хаягийг нь утга дээр бичиж 20.000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 6 дугаар сарын 10-ны орой 21 цаг 35 минутад Төрийн банкны ***************дугаартай ***************ы *************** гэх хүний данс руу 30.000 төгрөг гүйлгээний утга дээр Badam гэх утга бичиж шилжүүлсэн, мөн тэр өдрийнхөө 23 цаг 05 минутад Хаан банкны ***************дугаарын Б.*************** гэх хүний данс руу 70.000 төгрөг Badam гэх утга бичиж шилжүүлсэн, ингээд би ***************ийн над руу шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг ***************ийн өгсөн данс руу нь бүгдийг нь шилжүүлсэн байдаг юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
4. Гэрч Н.***************ийн: “...Би ***************дугаарын Хаан банкны дансыг эзэмшдэг. Тухайн 500,000 төгрөгийг миний танил *************** гэх эмэгтэй миний данс руу хийлгүүлсэн юм. Тухайн үед *************** нь “хүнээс мөнгө авах гэсэн юм, дансаа өгөөч” гэхээр би өөрийн дансыг өгсөн юм. Тэгээд миний Хаан банкны картыг гуйж авсан. Би тэр үед чи данс, картаа яасан юм гэхэд “би дансаа баримт хийлгүүлсэн, нөхөртэй картыг булаацалдаад баймааргүй байна” гэхээр нь нэг их юм бодолгүй картаа өгөөд явуулсан юм. *************** миний Хаан банкны картыг бараг сар ашигласан, би өөрийн дансыг гар утасны интернэт банкаараа хянадаг байсан учраас ***************ийн хийж байгаа гүйлгээний мэдээлэл шууд харагддаг байсан юм. ***************т орж ирж байгаа мөнгө бол тухайн өдрөө тухайн цаг хугацаанд шууд гардаг байсан. Жижиг сажиг бензин, cu гэх мэт газруудаар гүйлгээ хийсэн байдаг. 2024 оны 6 дугаар сарын сүүлээр санагдаж байна, *************** манай гадаа ирээд намайг дагуулаад гэрлүүгээ явсан юм, яг тэр үед ***************ийн гэрийн гадаа машин байхыг хараад *************** замаа буруулж өөр тийшээ яваад нөхөр ***************руугаа залгаад гэрийн гадаа машин ирсэн байна, хэн ирсэн юм гэж асуухад нөхөр нь чамтай уулзахаар хүн ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи хэнээс яагаад зугтаад байгаа юм” гээд нөгөө хүн рүү дагуулж очоод уулзахад *************** гэх эмэгтэй нь “луйварчин минь мөнгөө авъя” гээд уурлахад *************** өөдөөс нь юм хэлж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
5. Гэрч Д.******************************гийн: “...Манай төрсөн эгч ***************гийн найз *************** гэх эмэгтэй манай эгч ***************гийнд газрын гэрчилгээг нь янзалж өгнө гээд ирчихсэн байсан. Тэгэхээр нь би “манай нэг эгчийн газрын гэрчилгээг янзалж өгч чадах юм уу” гэхэд “чадна” гэсэн юм. Өмнө нь *************** эгч надад газрын гэрчилгээгээ янзлуулмаар байна гэж ярьж байсан юм. Тэгээд би *************** эгчид “манай эгчийнд газрын гэрчилгээ янзалдаг хүн байна” гэж хэлсэн юм. Тэгээд тэр ***************ээс хэдэн төгрөг болох уу гэхэд 1,000,000 төгрөг болох байхаа гэж байсан юм. Тэгээд нэг амралтын өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байх *************** над руу залгаад нөгөө хүн чинь газрын гэрчилгээгээ янзлуулахаар болсон уу, үгүй юу, янзлуулахаар бол энэ данс руу 750,000 төгрөг шилжүүлчих гээд дансны дугаар өгсөн юм. Тэгэхээр нь би *************** эгчид хэлэхэд намайг боломжтой бол өгчих гэхээр нь би ***************ийн өгсөн данс руу нь 750,000 төгрөг шилжүүлсэн юм. Сүүлд би *************** эгчээс 750,000 төгрөгөө авсан. Манай эгчийнд байхдаа Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ажиллаж байсан гэлүү, ажилладаг гэлүү, сайн санахгүй байна, ямар ч байсан олон танилтай, газрын гэрчилгээний эрхийг асуудалгүй нээж өгч чадна гээд байсан. Би дансны хуулгаа *************** эгчид өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
6. Н.***************ийн эзэмшлийн ХААН банкны ***************дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 72-76 дахь тал),
7.Д.******************************гийн эзэмшлийн ХААН банкны ***************дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга: 750,000 төгрөг шилуүүлсэн тухай (хавтаст хэргийн 05 дахь тал),
8.Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл: “…иргэн ***************эс 2024-05-22-ны өдөр 1.500.000 төгрөгийг М.***************гийн данс руу, 2024-05-22-ны өдөр Н.***************ийн данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн тухай” (хавтаст хэргийн 06-07 дахь тал),
9. Шүүгдэгч ***************ийн: “…Би 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр би найз ***************гийнд газрын талаар ярьж байхад хажуунаас ***************гийн дүү ***************гэдэг хүүхэн “та газрын албанд ажилладаг юм уу, манай хадам эгчийн газрын эрхийг зарж болохооргүй гэрчилгээ гарсан байгаа юм тэрийг нь зарж болдогоор эрхийг нь шилжүүлээд өгөөч” гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би ямар зөрчилтэй юм бэ гэж асуухад тэрийг нь би мэдэхгүй байна гээд над руу газрын байршил локешн явуулсан юм. Тэгээд би тухайн газрыг нь газрын программаар шалгахад 338 м2 тайбайгаас илүү буюу байх ёстой хэмжээнээсээ гадуур нь хашаа барьсан байсан учраас зөрчлийг нь энэ гэж ойлгосон юм. Би газрын албаны таньдаг хүндээ материалыг нь өгөхөд дээрх зөрчил биш байсан ба олгож болохгүй газрыг олгосон байна, зарж үрэхгүй гэж хэлээд гуйж гувшиж байж авсан газар юм байна гэж хэлээд энэ газар бол яагаад ч эрх шилжүүлэх боломжгүй газар гэж хэлсэн юм.. Тэгээд би материалыг нь буцаагаад Соёл-Эрдэнийн газар зарсан хүнд нь өгсөн, *************** нь зарах боломжгүй газрыг 20 сая төгрөгөөр зарсан байдаг юм. Би ***************эс М.***************, Н.***************э, ***************нарын дансаар 3.750.000 төгрөг авсан, Соёл-Эрдэнийн ажлыг бүтээхийн тулд. Миний өөрийн дансны банкнаас зээл төлөөгүй гээд барилттай байгаа учраас тухайн хүмүүсийн дансаар авсан. Би М.***************, Н.***************нарын картыг нь тухайн үед гуйж аваад түр хэрэглэж байсан юм. ***************бол манай нөхөр учраас би тусдаа амьдарч байсан ба чиний данс руу 1 сая төгрөг орсон, чи бэлнээр нь аваад өгчих гэж хэлээд авсан, би тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Энэ хэрэгт М.***************, Н.***************э, ***************нар нь ямар ч оролцоо байхгүй. Би бол Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харъяа Нийтлэг үйлчилгээний албаны ажилтан. Одоо декриттэй байгаа, одоогоор хувийн Геодизийн компаниудад зураг гаргаж өгдөг, сарын 1 сая гаран төгрөгийн цалинг бэлнээр авдаг. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд ажиллаж байгаагүй. 3.750.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Би өөрийн хүүхэд болон ээжийн дүү архины хамааралтай Баатарчулууны 15-18 насны хүү, охин хоёртой нийлээд 5 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр ***************аас гэр бүлийн хүчирхийллийн улмаас салсан, одоо тусдаа амьдардаг, гэр бүлийн баталгаагүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж өгсөн байна.
Залилах гэмт хэргийн объект нь өмчлөх эрх байна. Харин халдлагын зүйл нь мөнгө, бараа, материаллаг үнэт зүйлс ... байна.
“Өмчлөх эрх” гэдэг нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” байхыг ойлгоно.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд аливаа арга хэрэгслээр буюу худал үг яриа болон үйлдлээрээ хуурах, мөн цахим хэрэгсэл ашиглах, өөр бусад байдлаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгүүлэх зэрэг үйлдлийг итгэл үнэмшилтэй хийснээр хохирогч нь залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгснөөр хэргийн бүрдэл төгсдөг онцлогтой юм.
Энэхүү хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч *************** нь газрын албан ажиллаж байгаагүй, ажилладаггүй байж бусдад итгэл үнэмшил төрүүлэх үүднээс “газрын гэрчилгээг нь янзалж өгч чадна, хурдан нэр дээр нь шилжүүлээд өгье” хэмээн худал хэлж хохирогч ***************эс удаа дараагийн үйлдлээр 3,750,000 төгрөгийг авч, өөртөө захиран зарцуулсан байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь тухайн байгууллагад ажилладаггүй атлаа ажилладаг мэтээр хохирогчид худал мэдээлэл өгч хохироход хүргэсэн, мөн нөгөө талаас энэ хэргийн хохирогч нь тухайн газрыг бусдын нэр дээр шилжүүлэх боломжгүйг мэдсээр байж бусдад зарах, бусдын нэр дэр шилүүлэх гэж оролдсон нь шүүгдэгчийн гэмт үйлдлээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн байна.
Шүүгдэгч ***************ийн гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн дээрх нөхцөл байдлыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.
Иймээс шүүгдэгч ***************ийн дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***************д 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *************** нь 1.750.000 төгрөгийг, шүүхийн шатанд 2000,0000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан нь хохирогч, шүүгдэгч хэн алины мэдүүлгээр тогтоогдсон. (хавтаст хэргийн 23,48 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)
Хохирогч *************** нь сэтгэцэд учирсан гэм хорын зардлыг нэхэмжлэхээс татгалзсан байхыг дурдах нь зүйтэй. (хавтаст хэргийн 34 дэх тал)
Иймээс шүүгдэгч ***************ийг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************т 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогч ***************: “ хэлэх зүйл байхгүй” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр нь “...Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруу дээр маргадаггүй. Тэрээр өөрийн 3, ахын 2 гээд нийт 1,8 сартайгаас 18 хүртэл насны 5 хүүхдийг зөөдөг тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүйгээр 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ***************ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амар хялбар байдлаар мөнгө олох гэсэн түүний үйлдлийн арга, сэдэлт, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны буюу 1,8 сартайгаас 18 насны 5 хүүхдийг асардаг/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч ***************т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн сард олдог орлогын байдлыг нь харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Тодруулбал, шүүгдэгч нь насанд хүрээгүй 5 хүүхдийг өсгөж хүмүүжүүлдэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хохирлоо төлсөн байдал, гэмшиж буй байдал, мөн хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулаагүй болохыг, түүнчлэн шүүгдэгчид торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн шинж, хувийн байдалд тохирохгүй гэж үзэн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *************** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, шүүгдэгч ***************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************** овогт ***************гийн ***************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************т 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************т оногдуулсан торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ