Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/02807

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Завхан аймаг, Тэс сум, 4-р баг, Зүр 4 хэсэг гудамж 45 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, к107 дугаар байрны 0 тоотод оршин суух, А******* овогт Н******* А******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, 7-р хороо, Жаргалантын эх 2 гудамжны 13 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Тамирчны 8 гудамж, 20 тоотод оршин суух, Г******* овогт Н******* А******* /*******/-т холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Алтанхуяаг, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү /ӨҮ-2139/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хэдэн компьютерийг урдаас захиалж аваад түрээсийн байранд байрлуулж байгаад ажиллуулах боломжгүй болсон. Учир нь манай хүн Солонгос улс руу явснаар эдгээр компьютерийг зарахаар зар тавьсны дагуу хариуцагч А*******, түүний эхнэр Б******* нар ирж уулзаад худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 5 сая төгрөг төлсөн. Тухайн үед үлдэгдэл төлбөрийг төлөхөөр хугацаа тохирч байсан. Мөн би түрээсийн байранд эдгээр компьютерийг байршуулсан байсан бөгөөд тухайн байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээг А*******т өгч, энэ байранд үргэлжлүүлэн ажиллуулж болно гэдгийг хэлсэн. Гэтэд эдгээр хүмүүс мөнгөө төлөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Тухайн үед хариуцагч А******* нь Намуун нэртэй паб ажилуулж байсан, түүний төлөөлөгч Б*******тэй утсаар холбогдож байхад төлбөрийг 2020 оны 4-р сард төлж дуусгана гэж тохиролцсон байсан. А*******т 51 ширхэг комьютерийг 31 сая төгрөгт зарснаас үлдэгдэл 22 сая төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч 2021-01-12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн А*******аас РС тоглоомын газар зөвшөөрөлтэй нь 50 компьютер зарна гэж анх ярилцаад компьютераа авсан, бүх компьютер нь хужаа сертэй, ажиллагаа муу, зөвшөөрөл байхгүй худал ярьж хууран мэхэлсэн РС ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иймд нийт өгсөн 18.000.000 төгрөгөө буцаан аваад компьютерийг нь буцааж өгөх хүсэлттэй байна. Тиймээс нэхэмжилж байгаа 22.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ /хх-30/.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6-р сард үнэгүй.мн гэсэн зараас компьютер зарна гэсэн зарын дагуу очиж уулзахад түрээслэж байгаа байр гэж байсан, компьютер тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гэж хэлснээр бид худалдан авахаар тохирч урьдчилгаанд нь 6 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөн интернэтийн төлбөрт нь 1.200.000 төгрөг төлж, түрээслэж байсан газарт нь үйл ажиллагаа явуулах гэтэл цагдаагийн байгууллагаас тусгай зөвшөөрөлгүй гэсэн тайлбар хэлж үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй тул өөр түрээсийн байр хайж өөр тийшээ нүүсэн. Энэ хугацаанд компьютер тоглоомын тусгай зөвшөөрөл нь олдохгүй, гарахгүй байсаар биднээс илүү зардал гарч, худалдан авсан компьютерүүдийг ашиглаж чадахгүй болсон.

Мөн компьютерыг хүчин чадал сайтай гэж танилцуулсан боловч бүх компьютер нь хятад карттай байсан. Эхлээд бидэнд 45 ширхэг компьютер өгсөн боловч 6 сарын дараа сэлбэгэнд авч болно гээд 6 ширхэг компьютерийг нэмж өгсөн. Бидийн худалдан авсан компьютерүүд тухайн үед 300.000-400.000 төгрөгийн үнэтэй байсан. Бид тухайн үед хууран мэхлэгдсэн, пи си тоглоомын газар ажиллуулах боломжгүй болсон. Бид залуу хүмүүсийн хувьд бизнестэй болье гэж бодсон ч боломжгүй болж нэхэмжлэгчид компьютераа буцааж ав гэсэн санал хэлэхэд төлсөн төлбөрийг ашигласан зардалд суутгаж авна гэснээр маргаан гарсан.

Гэхдээ бид анх зарын дагуу очихдоо Жи хайч гэх хятад хүнтэй уулзаж, ярилцаж гэрээ байгуулсан. Тэр үед нэхэмжлэгч А*******ийг түүний ажилтан гэж байсан. Бид түрээсийн байрнаас гарч дараагийн түрээсийн байранд компьютерүүдийг зөөж байршуулсан байхад хүртэл Жи хайч гэх хүн ирж компьютер тоглодог байсан. Энэ хятад иргэн рүү мөнгө шилжүүлж байсан. Бид худалдан авсан компьютерыг ашиглаж чадахгүй болсноор Архангай аймаг руу явуулсан боловч тэнд ч ашиглах боломжгүй, буцаая гэхээр өгөх боломжгүй болчихоод байгаа. Мөн бидний хүүхэд өвдөж эмнэлгээр явсаар байгаад энэ хэрэгт тууштай явж чадаагүй, А******* нь цагдаад өгсөн байхдаа сэтгэл санааны маш их дарамт үүсгэж байсан тул бэлэн мөнгө зээлсэн мэтээр гэрээнд гарын үсэг зуруулж байсан. Энэ мэтчилэн бидэнд хохирол их байгаа. Тиймээм компьютерийг нь буцааж өгөөд шилжүүлсэн мөнгөө буцаан авах саналтай байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь А******* гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй, энэ талаар мэдэх хүн нь Жи хайч гээд хятад хүн байгаа гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А******* нь хариуцагч Н.А*******т холбогдуулан худалдсан компьютерийн үнийн үлдэгдэл төлбөрт 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, худалдсан компьютер нь хятад серийн дугаартай, ажиллагаа муу, пи си тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй хууран мэхэлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Зохигчын хэн алиных нь тайлбараар талууд харилцан тохиролцож, иргэн Н.А******* 51 ширхэг компьютер зарсныг иргэн Н.А******* худалдан авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байх тул талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, агуулга, зорилгоос дүгнэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Н.А******* нь зарын дагуу хариуцагч Н.А******* нь эхнэр Б*******ийн хамт ирж уулзаад 51 ширхэг компьютерийг 31.000.000 төгрөгөөр худалдан авсан тул худалдсан компьютерийн үлдэгдэл төлбөрт 22.000.000 төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан гэж тайлбарлаж, нэхэмжлэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэл болгон 51 ширхэг компьютерийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлж, хариуцагчаас 10.200.000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй /хх-4, 50-52/ боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Бүгд найрамдах хятад улсын иргэн Жи хайч гэх хүнтэй бичгээр гэрээ байгуулсан, худалдан авсан 51 ширхэг компьютер нь хятад серийн дугаартай, пи си тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан гэх үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж, хуулийн 251.2-т хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заажээ.

 

Талууд компьютерийн серийн дугаар бүхий үйлдвэрлэсэн улс болон чанарын талаар тохиролцоогүй байх бөгөөд хариуцагч тал худалдах худалдан авах гэрээг БНХАУ-н иргэн Жи хайч гэх иргэнтэй байгуулсан болон, компьютер хятад серийн дугаартай, тухайн компьютерийг пи си тоглоомын газар ажиллуулах зорилгоор худалдан авсан боловч ашиглаж чадаагүй гэх татгалзсан тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй буюу татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч талын тайлбарт дурдсан үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн хэргийн 4-р талд авагдсан хариуцагч Н.А*******ын гарын үсэг бүхий бичвэртэй төлбөр төлөх тухай баримтыг хариуцагч талаас үгүйсгэж няцаагаагүй бөгөөд нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээний харилцаанд ороогүй гэх татгалзлаа нотлох баримтаар нотлоогүйн дээр нэхэмжлэгчийн дээрх баримтыг үгүйсгэсэн баримт шүүхэд гаргаагүй.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар байх бөгөөд хариуцагч худалдан авсан компьютерийн серийн дугаар болон пи си тоглоомын үйл ажиллагаа явуулах боломжтой эсэх талаарх эрхийн болон биет байдлын доголдлыг тухайн үед мэдэх боломжтой тул хариуцагчийн татгалзсан тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагчаас тухайн үед компьютерийн үнэ 300.000-400.000 төгрөгийн үнэтэй байсан тул хууран мэхлэгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар тайлбар гаргасан боловч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн тул худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна

 

Харин нэхэмжлэгч нь дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хариуцагч гэрчийн мэдүүлэг өгсөн болон тухайн хэрэг нь хаагдсан талаар зохигч тайлбарлаж, хэн аль нь маргаагүй бөгөөд 2019-10-01-ний өдрийн огноотой зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээнд дурдсан 22.000.000 төгрөгийг бодитоор зээлдүүлээгүй, хариуцагчийн хүсэлтээр худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэхээр зээлийн гэрээг бичгээр байгуулсан болохыг нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч тал мөн үгүйсгэж маргаагүй тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.

 

Иймд хариуцагч Н.А*******аас худалдан авсан 51 ширхэг компьютерийн үнийн үлдэгдэл төлбөрт 22.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэх журамтай.

 

Тиймээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй оролцдог тул зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах учир нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч нь өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г******* овогт Н******* А******* /*******/-аас 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А******* овогт Н******* А******* /*******/-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 267.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А*******аас 267.950 /хоёр зуун жаран долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор д******* заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн д******* заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь д******* заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ