Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/011

 

Д.Ч, Б.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Ц.Мөнхтуул

Яллагдагч Д.Ч , Б.Т

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1266 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлээр Д.Ч , Б.Т нарт холбогдох эрүүгийн 2014000000395 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт Б.Т , 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, овогт Д.Ч , 1984 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.22-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сараар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2-жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,

Б.Т , Д.Ч  нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408.924 /дөрвөн зуун найман мянга есөн зуун хорин дөрвөн/төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Т , Д.Ч  нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт гэрчээр Ц.Азбаясгалан мэдүүлэхдээ “.....би бичил уурхайгаар ажилладаг хүн байна уу гэж Чүлтэм ахаас асуухад манай нэг найзын нөхөрлөл байгаа ах нь гэрээ байгуулаад ажиллая гэсэн...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн гэх мэдүүлгээс дүгнэхэд уг хэрэгт Ц.Азбаясгалан үйлдлээрээ нэгдэж орсон гэх нотолгоо байна гэж шүүх үзсэн бөгөөд Ц.Азбаясгаланг уг хэрэгт хамтран оролцсон гэм буруутай эсэхэд шалгаж зохих зүйл хэсэгт буруутай талаар холбогдох ажиллагааг хийж ирүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хэрэгт Ц.Азбаясгалангийн найз гэх “Жагаа” гэх хүнийг олж холбогдуулан шалгах нь зүйтэй бөгөөд уг этгээд энэ хэрэгт ямар хэлбэрээр хамтран оролцсоныг шалгах нь зүйтэй байна.

Заг сумын засаг дарга байсан Д.Мөнхнасан гэгчийг хэрэгт огт асуугаагүй мэдүүлэг аваагүй бөгөөд түүнээс Б.Т нартай “Түүхий хөндий” гэх газар гэрээ байгуулахад хэн зуучилж өгсөн, хаана нөхөрлөлийг ажиллахаар гэрээ байгуулсан цэг солбилцлыг хаана зааж өгсөн сумд хэдэн төгрөг өгсөн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг авах хэрэгтэй байна.

Иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогдсон Т.Золжаргалаас яагаад гэрээнд зааснаас өөр газар цэг солбилцлыг тавьж өгсөн талаар асуух, буруу газар буусныг мэдсээр байж яагаад үйл ажиллагааг эхлүүлэх талаар зөвшөөрсөн болох, мөн “ЭкоТиЭсБи” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд 408.924 төгрөгийн, үүнийг 2-5 дахин нэмэгдүүлж 1 сая 61 мянга 586 төгрөгийн, нөхөн сэргээлтэд 891.679 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэлт гарсан байтал “нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлсэн ямар учиртай талаар тодруулж асуух,

Мөн уг хэрэгт “Энхнахиа” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 477 дугаартай шинжээчийн дүгнэлтэд зарим техникийг үнэлэхдээ өөр маркийн техник үнэлсэн мэтээр харагдаж байна.

Тухайлбал иргэний нэхэмжлэгч Я.Гантулга 65-12 УБТ улсын дугаартай “Синотрок” гэх авто машин түрээсэлсэн талаар мэдүүлсэн байхад үнэлгээ дээр “Хово” авто машиныг үнэлсэн мөн иргэний нэхэмжлэгч Г:.Баярсайхан мэдүүлэхдээ ..манай найз Л.Нягтбаяр 60-93 УНУ улсын дугаартай “Хюндай” маркийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос Баянхонгор луу хөдөлгөсөн..” гэж мэдүүлсэн байтал үнэлгээний шинжээч мөн “Хово” авто машин гэж үнэлж дүгнэлт гаргасан бөгөөд энэ нь техникүүдийг нүд үзэлгүй буруу техник үнэлсэн гэж харагдахаар байгаа тул гэмт хэрэгт ашигласан гэх техникийн дүгнэлтийг дахин нүд үзэж гаргуулах зэрэг ажиллагааг хийлгэх нь зүйтэй байна.

Уг ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцэлдээ: Хэргийг буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь гэрч Ц.Азбаясгаланг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвзрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч мэдүүлэг авсан ба тус мэдүүлэгт "... би бичил уурхайгаар ажилладаг хүн байна уу гэж Чүлтэм ахаас асуухад манай нэг найзын нөхөрлөл байгаа, ах нь гэрээ байгуулаад ажиллая гэсэн .. ” гэж мэдүүлсэн бөгөөд яллагдагч Б.Т , Д.Ч  нарт хууль ёсны дагуу гэрээ байгуулан, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох санал, санаачилга гарган оролцож, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга Д.Мөнхнасантай гэрээ байгуулахад зуучилсан боловч Б.Т , Д.Ч  нар нь хууль ёсны дагуу байгуулсан гэрээнд заасан газраас өөр газар хууль бусаар үйл ажиллагаа явуулсан, уг хууль бус ажиллагааг гэрч Ц.Азбаясгалан гэгч нь мэдээгүй байдаг

Өөрөөр хэлбэл гэрч Ц.Азбаясгалан гэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, шинжээч, мэргзжилтэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно” гэж заасныг анхаарч хэргийг тал бүрээс нь бүрэн бодиттой хянаагүй гэж үзэхээр байна.

Мөн дээрх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн гэж дүгнэхээр байх тул шүүхээс гэрч Ц.Азбаясгаланг гэмт хамтран оролцсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин Ц.Азбаясгаланг гэм буруугийн шүүх хуралдаанд гэрчийн хувьд биечлэн оролцуулан холбогдох асуудлыг тодруулах боломжтой.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Азбаясгалангийн найз Жагаа гэгчийн талаар гэрч, яллагдагч нарын аль алин ч ямар нэгэн байдлаар мэдүүлээгүй бөгөөд Жагаа гэгч нь гэрээ байгуулахад болон гэрээнд заасан газар хүлээн авахад оролцсон оролцоо байхгүй болно.

- Хэрэгт Баянхонгор аймгийн Заг сумын засаг дарга Д.Мөнхнасанг гэрчээр асуусан бөгөөд яллагдагч нарын зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Засаг дарга Д.Мөнхнасантай өөрсдөө уулзаж, гэрээг байгуулж, харилцан гарын үсэг зурсан талаар мэдүүлсэн тул түүнийг дахин гэрчээр асуух шаардлагагүй болно.

Иргэний нэхэмжлэгч, хохирогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиплагаанд төлөөлөн оролцсон Т.Золжаргал нь тухайн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан газар нь урьд эвдэгдсэн газар учраас ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн бөгөөд тэрээр шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн байдлаар мэдүүлэг өгөөгүй бөгөөд үүнийг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх болон бусад асуудлын талаар тодруулах бүрэн боломжтой.

Хэрэгт битүүмжилсэн иргэний нэхэмжлэгч Я.Гантулгын эзэмшлийн 65-12 УБТ sinotrok /синотрок/ маркийн тээврийн хэрэгсэл, иргэний нэхэмжлэгч Баярсайханы эзэмшлийн 60-93 УНУ hyundai /хьюндай/ маркийн тээврийн хэрэгсэл зэргийг үнэлүүлэхдээ шинжээчээс үнэлгээг нүд үзэлгүй гаргасан гэж шүүх үзэж байгаа бол шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан өөрийнх нь гаргасан дүгнэлтийг тайлбарлуулах боломжтой байна.

Учир нь дээрх нэр бүхий тээврийн хэрэгслүүдийн хувьд өөр өөрийн гэсэн үйлдвэрийн нэрээр нэрлэгдэж хэрэгт битүүмжилсэн хэдий ч ерөнхий нэршлийн хувьд “хово" гэж нэрлэдэг тул шинжээчийн дүгнэлтийг уг үндэслэлээр буруутгасан нь үндэслэлгүй байна. Мөн тээврийн хэрэгслүүдийг үнэлэхдээ нэр төрлөөс гадна, иргэний нэхэмжлэгч Я.Гантулга, Г.Баярсайхан нарын үнэлгээ, зах зээлийн үнэлгээ зэргийг судалж дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхээс хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг оролцвол зохих оролцогч нарыг оролцуулан шийдвэрлэх боломжтой тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1266 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ бүрэн дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэмт хэргийг үйлдсэн этгээд тодорхой биш, ямар санаа зорилгоор гэмт хэрэг үйлдснийг тогтоогоогүй байна. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Мөнхнасанг гэрчээр асуулгахаар заасан нь үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ хэрэгт Азбаясгалан хамтран оролцсон эсэхийг шалган тогтоох хэрэгтэй. Мөн н.Очироо,  н.Баярсайхан нарыг гэрчээр асуулгах хүсэлтэй байх тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Т , Д.Ч  нарыг бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408.924 /дөрвөн зуун найман мянга есөн зуун хорин дөрвөн/төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад мөрдөн шалгах ажиллагаагаар дутуу шалгасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Тухайлбал Д.Ч , Б.Т нарт холбогдох хэрэгт Заг сумын засаг дарга Мөнхнасанг гэрчээр асууж, Б.Т , Д.Ч  нартай хэрхэн гэрээ байгуулсан, тус нөхөрлөлийн ажиллах газрын цэг, солбилцлыг гэрээнд тусгасан эсэх, ажиллах газрыг тодорхой зааж өгсөн эсэхийг шалгаж тодруулах, гэрч Ц.Азбаясгалангийн тухайн хэрэгт оролцсон үйлдэл оролцоог дахин шалгаж тогтоох, гэрч Т.Золжаргалаас дахин мэдүүлэг авах зэрэг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлт нь нотлох баримт болохын хувьд бүрэн гүйцэт, эргэлзээгүй байх ёстой бөгөөд тус хэрэгт “Энхнахиа” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 477 дугаартай шинжээчийн дүгнэлт нь бодит байдлаас зөрүүтэй, техник хэрэгслүүдийн нэр нэршлийг хольж солин дүгнэлт гаргасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1266 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1266 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар яллагдагч Д.Ч , Б.Т нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хугацаагаар  үргэлжлүүлсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ