Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00180

 

 

 

    2017          07              05                                                 180    

     

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч Б.Төмөрхуяг,

Шүүгдэгч П.Уран-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвсүрэнгийн Уран-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201722000255 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шарнууд Пүрэвсүрэнгийн Уран-Эрдэнэ, 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 38-18 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РБ84072309 дугаартай,

Шүүгдэгч П.Уран-Эрдэнэ нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-38-18 тоотод Соната-2 маркийн 43-15 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6, 21 дүгээр зүйлийн 21.2-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас 1 нас 4 сартай хүү Т.Энхбаярыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Уран-Эрдэнэ нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-38-18 тоотод Соната-2 маркийн 43-15 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6, 21 дүгээр зүйлийн 21.2-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас 1 нас 4 сартай хүү Т.Энхбаярыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Уран-Эрдэний мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…2017 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 2 том хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр хашаанаас гараад зогсож байсан. Хүү Энхбаярын сууж байсан талын хаалгыг онгойлгосон байсныг анзаараагүй. Сандраад буугаад иртэл хүү Энхбаяр хойд талын дугуйны урд толгойгоороо тулсан байсан. Эмнэлэг ороод удалгүй хүү маань нас барсан. Надад маш их харамсалтай байна..." гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-6 дугаар хуудас/,

Осол гарсан газар дээр хэмжилт хийсэн бүдүүвч зураг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 30, 33-34 дүгээр хуудас/,

      Хохирогч Б.Төмөрхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Би Улаанбаатар хотод ажлаар явж байсан. Аав надад хүү Энхбаярыг аваарт орчлоо гэж хэлсэн. Нэгэнт болсон зүйл болохоор би гэр бүлийнхээ сайн сайханыг бодож байна. Надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,

        Гэрч Б.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Намайг очиход бэр Уран-Эрдэнэ бага хүү Энхбаярыгаа тэврээд орилж чарласан байдалтай байхаар нь хартал Энхбаярын толгой хэсэг нь гэмтсэн байдалтай байсан. Эмнэлэг дээр ирээд удаагүй өөд болсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,

        Гэрч Б.Норовсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2017 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 103-ын жижүүр дээр ээлж хүлээлцэж байтал 13-р багт хүүхэд дайрчихлаа гэсэн дуудлага ирсэн. Тэгээд удалгүй хүүхдээ тэвэрсэн эмэгтэй орж ирсэн. Зохих тусламж үзүүлсэн боловч амьсгал хураасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26 дугаар хуудас/,

        Гэрч Б.Бямбагэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Гудамжаар явж байтал Соната-2 маркийн машинаас нэг эмэгтэй хүн бууж ирээд машиныхаа баруун хойд талын дугуй орчмоос нэг зүйл авсан дөхөөд очтол хүүхдээ тэвэрчихсэн түргэн дуудаад өгөөч гэж хашгираад байсан. Тэгээд би дуудлага өгөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/,

  Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч  Р.Ням-Осорын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтэд:

         1. Т.Энхбаярын биед гэмтэл тогтоогдлоо.

         2. Т.Энхбаярын биед гавал ясны олон хэлтэрхийт хугарал, их, бага тархины няцрал, хуйханд шарх, дух баруун зулай, дагз, баруун шанаанд тасархайтсан зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

        3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

        4. Уг гэмтлүүд нь машинд дайрагдах үед шууд үхэлд хүргэсэн болно.

        5. Талийгаач нь нас бараад ойролцоогоор 30 орчим цаг өнгөрсөн байна.

        6. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Т.Энхбаярын биед үхэлд нөлөөлөх эмгэг архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

       7. Т.Энхбаяр нь гавал тархины хавсарсан ил гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан байна.

       8.  Дээрх шалтгаанаар нас барсан гэх нь “онош” хэсгээр батлагдаж байна.

       9. Цогцосыг зөөвөрлөсөн эсэхийг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/,

       Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах дэслэгч Г.Мягмарсүрэнгийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт /ХХ-ийн 38 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн 201722000255 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заажээ. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэргийг 2017 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг 3 жилээс 1 жил болгон багасгасан байх тул эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

       Иймд шүүгдэгч П.Уран-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч П.Уран-Эрдэнэ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, нөхөр, 2, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201722000255 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд Пүрэвсүрэнгийн Уран-Эрдэнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Уран-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Уран-Эрдэнэд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч П.Уран-Эрдэнэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн 201722000255 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Уран-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР