Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0550

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төвд холбогдох Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс зарлан явуулсан 1440 м.кв талбайтай, нийт 80 машины хүчин чадалтай гадна талбайн авто зогсоолын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн үнэлгээний дүнг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э******* нь тус шүүхэд хандан гаргасан хүсэлтдээ: ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч О******* ХХК нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э******* тус шүүхэд хандан 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс зарлан явуулсан 1440 м.кв талбайтай, нийт 80 машины хүчин чадалтай гадна талбайн авто зогсоолын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн үнэлгээний дүнг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э*******гаас 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төвд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төвд холбогдуулан гаргасан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс зарлан явуулсан 1440 м.кв талбайтай, нийт 80 машины хүчин чадалтай гадна талбайн авто зогсоолын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн үнэлгээний дүнг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч О******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ