Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 135

 

 

                               Б.О нэхэмжлэлтэй хариуцагч

                      Г.Г, Г.Ө нарт холбогдох

                        иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/00897 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.О нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Г, Г.Ө нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б нарын гаргасан гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Г.Г, Г.Ө, нарийн бичгийн дарга У.С нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Ө нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 2 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй надаас зээлсэн. Ийнхүү 2 000 000 төгрөг зээлснээс зээлийн гэрээний сарын хүү болох 200 000 төгрөг, үндсэн төлбөрт 1 000 000 төгрөг нийт 1 200 000 төгрөг төлсөн ба үндсэн зээлийн төлбөр болох 1 000 000 төгрөгийг хүүгийн хамт 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлөхөөр тохиролцсон боловч удахгүй төлнө гэж явсаар өнөөдрийг хүрээд байна. Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дахь заалтанд зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцохоор тохирсон. Иймд Г.Г, Г.Ө нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 1 000 000 төгрөг, алданги 500 000 төгрег нийт 1 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г, Г.Ө нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр Г.Ө би Б.О зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан болно. Гэрээнд заасан нэг сарын хүү 200 000 төгрөгийг 1 000 000 төгрөгийн хамтаар 2015 оны 12 дугаар сарын 20-ний үед төлсөн. 2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 2017 оны 10 дугаар сар хүртэл би сар бүр 100 000 төгрөгийг түүнд бэлнээр болон хүнсний бараа оролцуулж төлж байсан. Нийт 22 сарын турш 100 000 төгрөг төлсөн тул Б.О шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жич: Манай нөхөр Г.Г Б.О зээлийн гэрээ байгуулаагүй, түүнээс мөнгө зээлж аваагүй байхад түүнийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/00897 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232.4, 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч Г.Өээс 942 060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Гд холбогдох хэсгийг болон 557 940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ө-ээс 27 160 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б нар давж заалдсан гомдолдоо:

Б.О Г.Ө-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа ба Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 897 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Үүнд:

Нэхэмжпэгч Б.О нь хариуцагч Г.Ө-ийг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учир түүнээс бүхэлд нь зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөгийг нэхэмжилсэн ба Г.Г зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гээд түүнээс төлбөр нэхэхгүй гэдгээ итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараараа илэрхийлээд байхад Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 897 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “ нэхэмжпэлийн шаардлагаас Г.Гд холбогдох хэсгийг болон 557 940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” Мөн “...Г.Гтай байгуулсан гэрээ байхгүй бөгөөд нэхэмжлэгч Б.О өмнө Г.Г үүрэг хүлээхгүй" гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч талын тайлбар, мэдүүлгийг гуйвуулсан байна. Иймд Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 897 дугаар шийдвэрээс хариуцагч Г.Гд холбогдох хэсгийг болон 557 940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэдгийг өөрчилж, хариуцагч Г.Өээс зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжлэгч Б.От гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Г.Ө, Г.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Г.Ө, Б.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувь алданги төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба зээлийн гэрээнд заасан хугацаанд хариуцагч Г.Ө 1.000.000 төгрөгийг хүү 200.000 төгрөгийн хамт Б.От шилжүүлж өгсөн үлдэх 1.000.000 төгрөгийг сарын дараа өгөхөөр тохиролцсон зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар /зээлийн гэрээ, зохигчдын тайлбар/ тогтоогдож байна.

Хариуцагч Г.Ө нь төлөөгүй үлдсэн 1.000.000 төгрөгийг төлөхөөр сар бүр 100.000 төгрөг Б.Октярьт өгч байсан гэж тайлбарлаж мэтгэлцэж буй боловч өөрийн тайлбар, татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Харин шүүх түүний тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн 114.000 төгрөг /Б.О Г.Өээс зээлээр авсан хүнсний барааны үнэ/ дансаар шилжүүлсэн 100.000 төгрөг нийт 214.000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцсон, алдангийг хуульд заасан үндэслэлээр бууруулан нийт 942.060 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулинд нийцжээ.

Мөн нэхэмжлэгч Б.О нь хариуцагчаар Г татаж оролцуулсан бөгөөд Г зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй тул шүүх түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны 142/ШШ2018/00897 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б.О давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

         ШҮҮГЧИД                                                   Б.БАТТӨР

                                                                             С.УРАНЧИМЭГ