| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/02882/И |
| Дугаар | 101/ШШ2021/03453 |
| Огноо | 2021-10-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2021/03453
2021 10 29 101/ШШ2021/03453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг,*******,*******,*******,*******, 12-р хороо,*******,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,,,,,
ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одончимэг, Д.Дашдондог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020.05.17-ны өдөр тус байгууллагатай 022114 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж хуульчийн ажилд ажиллах болсон. 2021.06.21-ний өдөр хүний нөөцийн менежер П.Одончимэг дуудаж уулзаад хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тул ажлаа хүлээлгэж өгөхийг шаардахад цаашид ажиллах саналаа илэрхийлсэн боловч хүлээж аваагүй учир тухайн өдөр нь ажлаа хүлээлгэж өгсөн.
Ингээд 2021.06.21-ний өдөр тойрох хуудсанд гарын үсэг зуруулахаар очиход надад мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдэл ажлын гүйцэтгэл хангалтгүй, харилцаа хандлагын хувьд хуульчийн орон тоонд тэнцэхгүй гэж дүгнэсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлахыг бид мэдэгдэж байна гэсэн агуулгатай байсан. Хөдөлмөрийн гэрээний 6.2.2-т ажилтан мэргэжлийн ажилдаа тэнцэхгүй болсноор ажлын гүйцэтгэлийн үнэлгээ тайланг үндэслэн захирлуудын хурлын шийдвэрээр тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар заасан байгаа.
Гэвч тус компани миний ажлын гүйцэтгэлийн тайланг бичгээр аваагүй. Би ажил хүлээлцэхдээ санхүү эрхэлсэн захиралд нь өөрөө гүйцэтгэлийн тайлангаа өгсөн тул ажлын гүйцэтгэл хангалтгүй биелүүлсэн гэж үзэх боломжгүй. Миний ажлын гүйцэтгэлийн тайланг үндэслэн захирлуудын зөвлөлийн хурлаас шийдвэр гараагүй. Хэрэгт хавсаргасан баримтаас үзэхэд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гарсан удирдлагын хорооны хурлын шийдвэрийг надад 06 дугаар сарын 21-ний өдөр танилцуулж болох байсан боловч танилцуулаагүй тул энэхүү шийдвэрийг сүүлд нь нөхөж гаргасан баримт юм болов уу гэж харж байгаа.
Би ажиллах хугацаандаа өгсөн үүрэг даалгаварыг тогтоосон хугацаанд сайн гүйцэтгэж ажилласан бөгөөд бусад ажилчидтай эвтэй ажиллаж байсан тул харилцаа, хандлага хангалтгүй гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөхөөр талаар хөдөлмөрийн гэрээнд байхгүй учир надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалыг удаа дараа шаардсан боловч надад гардуулж өгөөгүй тул хуулиар тогтоосон 30 хоногийг тооцож шүүхэд гомдол гаргасан.
Иймд намайг Медиаболовсрол суваг ХХК-ийн хуульчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг үндэслэлгүй болохыг тогтоож, тус компанийн хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Ц.Цэрэнхандын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1-д ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно. Тус зүйлийн 2 дах хэсэгт хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна гэж заасны дагуу бид Ц.Цэрэнхандыг хуульчийн орон тооны ажил гүйцэтгэхэд тэнцэх эсэхийг шалгах зорилгоор 2021-5-17-ны өдөр 02/21/14 дугаартай туршилтын гэрээг 3 сарын хугацаагаар байгуулсан. Ц.Цэрэнхандын хөдөлмөрийн гэрээний 1.2 болон 1.7-д туршилтаар гэрээ байгуулсан болохыг тодорхой заасан.
Туршилтын хугацаа гэдэг нь ажилтан тухайн ажлын байранд мэргэжил, ур чадвар, ажлын дадлага туршлага нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирсон эсэхийг тодорхой хугацааны туршид шалгах зорилготой хугацаа юм. Ц.Цэрэнхандын хувьд энэ нэг сарын хугацаанд хуульчийн ажлын байранд тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул бид туршилтын гэрээг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно. Монгол Масс медиа ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.6.1-д ажилтан нь туршилтын хугацаанд үүрэгт ажлаа мэргэжлийн түвшинд хангалттай гүйцэтгэж чадахгүй нь нотлогдож, харьяалах шууд удирдлага нь түүнийг цаашид ажиллуулах боломжгүй тухай санал өгсөн тохиолдолд түүнийг жинхлэх тайлангийн хуралд оролцуулах шаардлагагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас чөлөөлнө гэж заасан. Туршилтын хугацаанд Цэрэнхандын ажлын гүйцэтгэл хангалтгүй зан харилцааны хувьд доголдолтой болох нь комиссын дүгнэлт болон шууд харьяалах захирлын саналаар тогтоогдсон тул удирдлагын зөвлөлийн хурлаар түүнтэй байгуулсан туршилтын гэрээг цаашид сунгах боломжгүй гэж дүгнэж, ажлаа хүлээлгэн өгөх мэдэгдлийг гардуулж, ажил хүлээлцсэн болно. Дүгнэж хэлбэл хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Цэрэнхандыг хуульчийн орон тооны ажилд туршилтаар ажилуулсан боловч тэрээр уг ажилд тавигдах шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон тул бид тухайн ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж дүгнэж гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдондог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ буюу туршилтын хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Туршилтын хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулна гэдэг нь ажилтныг тухайн албан тушаалд тэнцэх эсэх ур чадвар, мэргэшил зэргийг харгалзан үзэх асуудал байдаг гэж ойлгодог. Монгол масс ХХК гээд манай толгой компанийн баталсан хөдөлмөрийн дотоод журмыг манай компани дагаж мөрддөг. Энэхүү хөдөлмөрийн дотоод журмын 4.6.1-т ажилтан туршилтын хугацаанд үүрэгт ажлаа мэргэжлийн түвшинд хангалттай гүйцэтгэх чадахгүй нь тогтоогдож харъяалах алба нь түүнийг ажиллуулж чадахгүй тухай санал өгсөн тохиолдолд түүнийг жинхлэх тайлангийн хуралд оролцуулах шаардлагагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлнө гэж заасан байдаг. Уг хөдөлмөрийн дотоод журамтайгаа нэхэмжлэгч уншиж танилцаж байсан.
Туршилтын хугацаанд Ц.Цэрэнханд ажлын гүйцэтгэл хангалтгүй, зан харилцааны хувьд доголдолтой байдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс харилцаа хандлагын асуудалгүй байсан, хөдөлмөрийн гэрээн дээр тийм зохицуулалт байдаггүй гэж тайлбарлаж байгаагаар өөрөө харилцаа хандлагын асуудалтай байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж харагдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хууль, компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд туршилтаар ажиллуулсан боловч уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй нь тогтоогдсон тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд Ц.Цэрэнхандын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх тухайн ажилтныг албан тушаалд томилоод шинэ ажилтны сургалтад сургаж, байгууллагын бүтэц, хөдөлмөрийн дотоор журмыг нэг бүрчлэн тайлбарлаж өгдөг. Ц.Цэрэнханд сургалтад суугаад гарын үсгээ зурсан. Пэнтхаус 3-р бүлгийн киноны талаар ярихдаа байгууллагын бүтцийг ойлгохгүй Хүлэгү пикчерстэй гэрээ хийсэн байхад Боловсрол телевиз гээд тухайн компаниудтай холбогдсон. Энэ алдаагаа ч өрөө хүлээн зөвшөөрдөг. Би боловсрол телевиз гээд ярьчихсан гэж хэлдэг. Боловсрол телевиз гээд ярьсан учраас тухайн фэйж нь олон хандалд авсан, Боловсрол телевиз дээр гарах үнэгүй үзэх киног гаргаж чадахгүй болсон гээд мэдээллийг нийтэд тараасан. Үүнээс болоод манай фэйж рүү маш олон сөрөг хандлага гаргасан.
Сургалтад заасан байгууллагын бүтцээ ойлгоод Хүлэгү пикчерс гээд ярьсан бол 10,000 хүний сөрөг сэтгэгдэл авахгүй байсан. Хүмүүс үнэгүй кино үзэх сонирхолтой, үүнийг боловсрол телевиз хаачихлаа гээд тайлбарласан. Энэ бүх алдаагаа Ц.Цэрэнханд хүлээн зөвшөөрсөн. Ямар салбарт ажиллаж байгаагаа ойлгох хэрэгтэй. Энэ алдааныхаа талаар тухайн хүмүүс рүү гялс холбогдож асуудлыг шийдсэн бол асуудал ингэж даамжрахгүй байсан. Гэтэл мэдээ гарснаас хойш алдаагаа засахгүй удсан, ажлын цаг 8 цаг 30 минутад эхэлдэг. 11 цаг болоход ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсан тул би аргаа бараад хуучин хуульчаасаа тусламж хүссэн. Тэр хүн байгууллагынхаа бүх процессоо мэдэж байгаа учраас тухайн компани руу ярьж асуудлыг зохицуулсан. Тухайн компани нь тайлбар гаргасан боловч манай компанийн нэр хүнд унасан чигээрээ л байгаа.
Ц.Цэрэнханд өдөр бүр нөхөртэйгөө утсаар ярьдаг нь үнэн, энэ талаар ч гэсэн бид хоёр ярилцаж байсан. Би удирдлагаар нь хангаж, танилцуулах үүрэг хүлээсэн. Хуульч бол гүйцэтгэх удирдлагын шууд удирдлагын дор ажилладаг. Гэхдээ би чиглүүлэх үүрэгтэй байсан учраас надаас сайн асуугаарай гэж хэлсэн. Гэтэл өөрөө дур мэдэж ажил хийдэг. Туршилтаар ажиллах хугацаандаа маш сайн асуусан бол хугацаагүй гэрээ байгуулж, жинхлэх байсан. Ц.Цэрэнхандтай хамт ажиллахад өдөр тутамдаа маргаантай болж, сүүлдээ өрөөндөө ч байж болохооргүй хэцүү нөхцөл байдалтай болсон тул хугацаанаас нь өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай саналыг захирал руу хүргүүлсэн.
Бас албан бичгийн дугаарлалтыг энгийн мэт тайлбарлаж байна. Гэтэл тийм биш тухайн үед Ц.Цэрэнханд бид хоёрын хооронд ноцтой зөрчил үүссэн. Би шууд удирдлага байсаар байтал миний үгийг хүлээн авдаггүй. Өөрийнхөө албан тушаалыг удирдах албан тушаал, хэн ч надад үг хэлэх эрхгүй гэсэн үзэл бодлоос болж нэлээд маргаан үүссэн. Уг нь цаашид тогтвортой, удаан хугацаанд ажиллах хүнийг би хайж таньдаг хүнээрээ дамжуулаад Ц.Цэрэнхандтай уулзаж авсан. Гэтэл хамтран ажиллах төвөгтэй, байнга эсрэг хариу өгдөг. Ямар нэгэн хуулийн мэдэхгүй зүйл дээр асуухаар ингэдэг, тэгдэг гээд өөрийнхөө байр сууринд бат зогсоод сөрөг хариу өгдөг. Ярилцах ямар ч боломжгүй, сүүлдээ бүүр харилцахаа болсон. Цэрэнханд нь өрөөндөө гадаад харилцаа, гэрээний мэргэжилтэн, хүний нөөцийн менежер гээд 4 хүнтэй хамт суудаг, эдгээр хүмүүстэй маргаан үүсгэж, хамт олонтойгоо ярилцаад асуудлыг шийдье гэсэн бодолгүй байдаг учраас би гэрээг дуусгавар болгох хүсэлт өгсөн байгаа гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэрэнханд нь хариуцагч Медиа боловсрол суваг ХХК-нд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчаар татагдсан Медиа боловсрол суваг ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б2/21/97 тоот тушаалдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, тус компаний хөдөлмөрийн дотоод журмын 4.6.1, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн хүний нөөцийн албаны хуульчийн албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллаж буй Ц.Цэрэнханд нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь удирдлагын хорооны дүгнэлтээр тогтоогдсон түүнийг 2021 оны 06-р сарын 21-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан байна.
Дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч Ц.Цэрэнханд нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.
Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ...ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш шүүхэд хандахаар хуульчилсан бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.
Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ажлаас халсан тушаалыг нэхэмжлэгчид гардуулаагүй, энэ талаарх баримтгүй гэж тайлбарласан тул ажил олгогч тухайн шийдвэрийг ажилтанд хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Цэрэнханд нь Медиа боловсрол суваг ХХК-нд хүний нөөцлийн албаны хуульчийн албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-7/, хөдөлмөрийн гэрээ /хх-3-5/, байгууллагын нууцыг хамгаалах тухай гэрээ /хх-48/ болон зохигчийн тайлбараар тус тус тогтоогдсон.
Маргааны зүйл нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан ажил олгогчийн 2021 оны Б2/21/97 тоот тушаал тул уг тушаалын үндэслэлийн талаар шүүх дүгнэх ба ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар уг тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх бөгөөд ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсхүл үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй хууль зүйн факт бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй.
Дээрх тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан ба ажил олгогчийн зүгээс Ц.Цэрэнхандыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь удирдлагын хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэх үндэслэлийг тушаалд дурдсан байна /хх-29/.
Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцаанд хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил үүсээгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарсан эсэх үйл баримт, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд хариуцагч талын гаргасан дээрх тайлбар үндэслэлийг ноцтой зөрчилд тооцохоор тусгагдсан эсэх нь ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлно.
Өөрөөр хэлбэл Ц.Цэрэнханд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болно.
Зохигчдын хооронд 2021 оны 05-р сарын 17-ны өдөр 02/21/14 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний 6.2-т ажил олгогч дор дурдсан зөрчлийн аль нэгийг гаргасан ажилтаныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 1.4 дэх заалтад заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гээд 6.2.1-ээс 6.2.13 хүртэл дугаарлаж, зөрчлийг нэрлэн заасан байх бөгөөд тушаалын үндэслэл болгосон 6.2.2-т ажилтан мэргэжил, ур чадвартаа тэнцэхгүй болсон нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, тайланг үндэслэсэн захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр тогтоогдсон гэх зөрчлийг дурдсан байх тул уг зөрчлийг нэхэмжлэгч гаргасан байх учиртай.
Ажил олгогчийн зүгээс гаргасан удирдлагын хорооны хурлын тэмдэглэл, шийдвэр нэртэй 2021-6-14-ний өдрийн тэмдэглэлд /хх-27-28/ туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж буй Ц.Цэрэнхандын ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгөх, хүний нөөцийн менежер П.Одончимэгийн гаргасан саналын дагуу тухайн хурлыг зохион байгуулсан талаар дурдсан байх боловч ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх туршилтаар ажиллаж буй ажилтан Ц.Цэрэнхандыг оролцуулаагүй, энэхүү ажилтаны мэргэжил, ур чадвартаа тэнцэхгүй болсон талаарх ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, тайлан гарсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх удирдлагын хорооны хуралд туршилтаар ажиллаж буй ажилтаныг оруулаагүй атлаа туршилтын 3 сарын хугацаагаар дагалдан ажиллаж буй ажилтанд ямар ажил үүрэг хариуцуулсан, даалгасан ажлыг гүйцэтгээгүй талаар хурлаар хэлэлцсэн байх боловч дагалдан буюу туршилтаар ажиллах хуульчийн гүйцэтгэх ажил үүргийг тодорхойлсон ажлын байрын тодорхойлолт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцох үндэслэл болгосон захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэр зөрчил тогтоогдсон байх гэж дурдсан байх боловч дээрх хурлын шийдвэрийн талаар ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд тусгаагүй байна.
Мөн тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн дотоод журмыг Монгол масс медиа ХХК-иас баталсан байх бөгөөд энэхүү дотоод журмыг хариуцагч байгууллага дагаж мөрдөхөөр журмын 1.3-т заасан ба ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалын үндэслэл болох журмын 4.6.1-д шинээр ажилд орж буй ажилтанд мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх, мөн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагад суралцах чадварыг сорих зорилгоор гурван сар хүртэл хугацаагаар дагалдан ажиллуулна. Дээрх хугацаанд дагалдан ажиллуулах бөгөөд тухайн ажлын байрны үндсэн цалингийн 80 хүртэл хувийг олгоно. Дагалдан хугацаагаар ажиллах ажилтны шууд удирдлага буюу дагалдан ажилтаны удирдагч нь дагалдан ажиллах хугацаанд суралцах болон хийж гүйцэтгэх ажлын зорилтот төлөвлөгөөг боловсруулан, ажлын туршлага, чиг баримжаа олгох зорилгоор удирдан чигүүлж ажилтантай хамтран ажиллана гэж тусгажээ /хх-30-38/.
Харин дээрх дотоод журмын 4.7-д туршилтын хугацаагаар ажиллуулах талаар тусгаж, 4.7.1-д дагалдан ажиллах хугацааг дуусгасан ажилтныг мэргэжлийн мэдлэг, ур чадвар ажлын гүйцэтгэл, дадлага зэрэг нь цаашид жинхлүүлэн ажиллуулах буюу тухайн ажлыг гүйцэтгэхэд хангалттай эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаагаар ажиллуулах бөгөөд энэ хугацаанд тухайн ажлын байрны үндсэн цалингийн 80 хүртэл хувийг олгоно гэж, 4.8.1-д туршилтын хугацаа дуусахаас ажлын 2 хоногийн өмнө тухайн алба, нэгжийн ахлах ажилтан нь туршилтын ажилтны удирдах ажилтны үнэлгээ, дүгнэлтийг гаргаж жинхлүүлэх эсэх тухайн саналын хамт ЗХНА-д ирүүлнэ гэж, 4.8.2-т туршилтын ажилтныг жинхлэх тайланг хэлэлцүүлэн байгууллагын үндсэн ажилтан болох эсэхийг шийдвэрлэнэ гэж тус тус тусгасан байх боловч туршилтын ажилтаны тайланг хэлэлцүүлсэн гэх байдал нотлогдохгүй байна.
Гэтэл хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын ноцтойд тооцогдох зөрчил болох ажилтан мэргэжил, ур чадвартаа тэнцэхгүй болсон нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, тайланг үндэслэсэн захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр тогтоогдсон гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон хөдөлмөрийн дотоод журмын 4.6.1 гэх зохицуулалт нь дадлагын хугацаагаар ажиллуулах чиглэгдсэн, хөдөлмөрийн гэрээний 6.2.2-т заасан ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, тайланг үндэслэн захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэр гарсан гэх байдал нотлогдохгүй байна.
Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр хариуцагч Медиа боловсрол суваг ХХК нь нэхэмжлэгч Ц.Цэрэнхандыг үндэслэлгүйгээр ажлаас халсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 6-д хэрэв ажилтан дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар /өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт/ бүрэн ажиллаагүй, эсхүл ажилтны ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлохоор заасан хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдөр/цаг/-ийн тоонд хувааж нэг өдөр /цаг/-ийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Ц.Цэрэнхандын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-7/-д бичигдсэн сүүлийн бичилт нь 2021 оны 5-р сард 550.000 төгрөг, 2021 оны 6-р сард 706.612 төгрөг гэж бичигдсэн байх тул уг хугацаанд авсан цалин хөлсийг нийт ажилласан хоногт хуваан нэг өдрийн цалин хөлсийг тодорхойлоно. Хөдөлмөрийн гэрээний 1.9-д ажлын горимыг даваа-баасан гарагт 8 цагаар ажиллана гэж тохирсон байна.
Иймд ажиллах хугацаанд авсан цалин 1,256,612 /550,000+706.612/ төгрөг байх бөгөөд ажилласан хугацааг ажилд томилсон 2021-05-17-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн 2021-06-21-ний өдрийг хүртэлх ажлын 25 хоног тул 1 өдрийн цалин 50.264 төгрөг /1,256,612:25/ төгрөг байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлсөн 2021 оны 6-р сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан энэ өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход ажлын 95 өдөр байх тул олговорт 4,775,080 /50,264х95 өдөр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч Ц.Цэрэнхандын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Медиа боловсрол суваг ХХК-д даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотолж, нотлох баримтаа гаргах үүрэгтэй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуульд зааснаар хураамжаас чөлөөлөгддөг тул хангагдсан шаардлагад ногдох хураамж буюу ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт ногдох хураамж 91.351 төгрөг, нийт 161.551 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Цэцэн сартуул овогт Цэрэндашийн Цэрэнханд /УЗ94123001/-г Медиа боловсрол суваг ХХК-ийн хүний нөөцийн албаны туршилтын хугацаагаар ажиллаж буй хуульчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Медиа боловсрол суваг ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 95 хоногийн олговорт 4,775,080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэрэнхандад олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цэрэнхандын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч Медиа боловсрол суваг ХХК-нд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,
мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 161.551 төгрөгийг хариуцагч Медиа боловсрол суваг ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ