| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/03012/И |
| Дугаар | 101/ШШ2021/03065 |
| Огноо | 2021-10-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2021/03065
| 2021 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 101/ШШ2021/03065 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,
дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 824.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, хариуцагч М.Оюунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өргөө СӨХ нь Баянзүрх дүүрэг,*******, 15-р хорооллын 15, 202, 203, 205 дугаар байруудын сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, тухайн ороно сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хамгаалах зорилгоор байгуулагдсан. Тус СӨХ-нд харьяалагдах 205-р байрны 03 тоотод оршин суугч М.Оюунбаяр нь бүх гишүүдийн хурлаас хэлэлцэн баталсан дүрмээр тогтоосон сар бүр тогтмол төлөх СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүйгээс үүдэн авлага үүсээд байна. Төлбөрийн үлдэгдэлийг яаралтай төлөхийг түүнд удаа дараа сануулж, шаардсан боловч тэрбээр өдийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Одоогоор 2016 оны 3-12 дугаар сар, 2017 оны 01-12 дугаар сар, 2018 оны 01-12 дугаар сар, 2019 оны 01-12 дугаар сар, 2020 оны 01-12 дугаар сар, 2021 оны 01-05 дугаар саруудын төлбөр болох 824.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Өргөө СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ СӨХолбоо нь 1998 онд байгуулагдсан бөгөөд*******ны 205-р байр хамаардаг. СӨХолбоо байгуулагдсан цагаас эхлэн байрны оршин суугчдийн эрхийг хамгаалан оролцож байгаа, энэ СӨХ-д харьяалагдах 205-р байрны 3 тоотын оршин суугч сар бүрийн төлбөрийг 2016 оны 03-р сараас 2021 оны 5-р сар хүртэлх хугацаанд төлөөгүй, нийт 824.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Сарын төлбөр нь хуримтлагдаад ийм хэмжээний төлбөр үүссэн. СӨХ-ны дарга хөнгөлөлт үзүүлэх боломж байгаа эсэхийг тодруулахад өөрөө мэд гэсэн тул нэхэмжлэгч татгалзах эрхийн хүрээнд 500.000 төгрөгт эвлэрэх хүсэлттэй байна. Харицагчийн тайлбарлаж буйгаар эдгээр хүмүүст хоорондын харьцааны асуудал байгаа юм шиг байна. Сууц өмчлөгчийн хувьд хуульд зааснаар үүргээ биелүүлэх үүрэгтэй. СӨХолбоо дундын өмчлөлийн зүйлийг хариуцаж, удирдах зөвлөлөөс тогтоосон жишиг байгаа. Эвлэрэх боломж байгаа тул асуудлаа ойлгоод эвлэрвэл боломж байгаа. Үүргийн тухайд СӨХолбоо оршин суугчидтай маргаан үүсгэж явахгүй гэсэн байр сууринаас хандаж хүлээлтийн байдалтай байгаад хуримтлал үүссэн. Шүүхээр хандсан зүйл байхгүй гэж мэдээлэл өгсөн гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн амьдарч байгаа сууцны босоо шугамыг өөрийн зардлаар сольсон. Би өрх толгойлж яваа, надад маш их дарамт ирдэг. 2017 онд бас шүүхэд өгөхөд 48.000 төгрөг дарга хасаж өгсөн боловч банк үлдэгдэл төлбөрийг хасаж өгөөгүй. Өөрийн амьдарч байгаа сууцны блоконы хэсгийг өрөө болгох гэтэл байнга дарамт ирсэн. Миний сарын 540.000 төгрөгийн цалин хүрэлцэхгүй байна. Мөн сууц өмчлөгчдийн холбооны цэвэрлэгээ үйлчилгээ маш муу, жижүүр байхгүй, шөнө орой гарч хог хаяхад байрны ойр орчим харанхуй, гэрэлтүүлэг байдаггүй. Байрны орчин нөхцөл бохир заваан байдаг, дарамт ихтэй, засвар хийсэн хүнийг байрны лифтчин Нарантуяа ирж загнаж байсан. Манайх нэгдүгээр давхарт учраас шөнө орой цонхны доор архичин хүмүүс ирж бөөгнөрөх шөнө унтуулахгүй хашгирах зэрэг байдлаар амар тайван байдлыг алдагдуулдаг. Блоконыг өрөө болгохоор бэлдэж байхад СӨХолбооны дарга газрын албанд мэдэгдсэн байсан. Тэгээд газрын албанаас сууц өмчлөгчдийн холбооны даргатайгаа учраа ол гэж хэлсэн. Надад сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөх боломж байхгүй, надад эрүүл мэндийн асуудал байгаа. Энэ төлбөрийг цаг тухайд нь төлөх ёстой гэдгийг мэдэж байгаа боловч сууц өмчлөгчд йн холбооноос дарамт байгаа, нэхэмжлэлийн хүрээнд эвлэрэхгүй. Энэ сууц өмчлөгчдийн холбоонд хууль үйлчилж, надад яагаад хууль үйлчилж байгаа юм гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баян-Өргөө сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.Оюунбаярт холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон 2016 оны 03 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны зардалд 824.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын зардалд 6000 төгрөг, нийт 830.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
М.Оюунбаяр нь Баянзүрх дүүргийн*******,*******, 205 дугаар байрны 03 тоотын өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар тэрээр тухайн орон сууцны сууц өмчлөгч байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т тогтоосон хэмжээгээр зардлыг төлөх үүргийг зохицуулжээ. Өөрөөр хэлбэл орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй болохыг хуулиар үүрэгжүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөрийн задаргааг 2016 оны 03-р сараас 2020 оны 01-р сарыг дуусталх хугацаанд сар бүр 12.000 төгрөгөөр тооцож, засвар, үйлчилгээний хөлс 3600 төгрөг, цэвэрлэгээ 1000 төгрөг, жижүүр 5500 төгрөг, баримтны үнэ 150 төгрөг, банкны шимтгэл 300 төгрөг, даатгал 1000 төгрөг, гэрэл 450 төгрөг буюу 2016 оны 3-р сараас 2020 оны 01-р сарыг дуусталх хугацааны,
2020 оны 02-р сараас хойш сар бүр 16.000 төгрөгөөр тооцож, засвар, үйлчилгээний тхөлс 3600 төгрөг, цэвэрлэгээ 1500 төгрөг, жижүүр 8000 төгрөг, баримтны үнэ 450 төгрөг, банкны үйлчилгээний шимтгэл 1000 төгрөг, гэрэл 1450 төгрөг буюу 2020 оны 02-р сараас 2021 оны 5-р сарыг дуусталх хугацааны төлбөр гэж тодорхойлсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.
Өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаатай байхаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан бөгөөд тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасан.
Нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн болохыг 2016 оны 03 дугаар сараас мэдсэн байх тул хариуцагчид холбогдуулан шаардлагаа гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 2016 оны 3-р сараас 12-р сарыг дуусталх хугацааны хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 12-р сард, 2017 оны 01-р сараас 12-р сарыг дуусталх хугацааны хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 12-р сард өнгөрсөн буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан шаардах эрхийн хугацаа өнгөрсөн байх энэ хугацааны шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-д ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...үеэс үүснэ гэж зааснаар байх тул тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно гэж заасан нь улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор бус зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар сууц өмчлөгдчийн холбоог байгуулагдсанд тооцохоор, сууц өмчлөгчдийн санаачилгаар холбоог зохион байгуулах хурлыг хуралдуулж, тэргүүлэгчдээ томилсон, тэргүүлэгчид үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох зэргээр үйл ажиллагаа явуулж буй үйл баримтад талууд маргаагүй.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан Баян-Өргөө сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 12-р сарын 02-ны өдрийн 7 тоот тогтоолоор баталсан өрх бүрээс авах зардлыг 2020 оны 02-р сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон, тооцоолол гэх баримтад 2016 оны 3-р сараас 2020 оны 1-р сарыг дуусталх хугацааны сар бүрийн төлбөрийг 12.000 төгрөг гэж, 2020 оны 02-р сараас хойших сар бүрийн төлбөрийг 16.000 төгрөг гэж гаргасан баримтын талаар хариуцагч маргаагүй тул 2018 оны 01-р сараас 2020 оны 1-р сарыг дуусталх хугацаа буюу 25 сарын төлбөрийг сар бүрийн 12.000 төгрөгөөр тооцоход 300.000 төгрөг, 2020 оны 2-р сарын 01-ний өдрөөс 2021 оны 5-р сарыг дуусталх хугацаа буюу 16 сарын төлбөрийг сар бүрийн 16.000 төгрөгөөр тооцоход 256.000 төгрөг, нийт 556.000 төгрөгийн төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Хариуцагч М.Оюунбаярт нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхгүй гэх татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй буюу шүүхэд нотлох баримт гаргаагүй.
Нэхэмжлэгч нотариатын үйлчилгээний зардалд 6000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ гэж, хуулийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлсэнтэй холбогдон гарсан зардлыг сууц өмчлөгч буюу хариуцагч хариуцах үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон 2018 оны 01-р сараас 2020 оны 1-р сарыг дуусталх хугацааны зардалд 300.000 төгрөг, 2020 оны 2-р сарын 01-ний өдрөөс 2021 оны 5-р сарыг дуусталх хугацааны зардалд 256.000 төгрөг, нийт 556.000 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 24.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17.330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан хариуцагч М.Оюунбаяраас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 556.000 /таван зуун тавин зургаан мянган/ төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч Баян-Өргөө СӨХолбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 274.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Оюунбаяраас 17.330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Баян-Өргөө СӨХолбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ