Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/67

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч З.Х*******, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.Х*******т холбогдох эрүүгийн 2515000000053 дугаартай, 304/2025/0067/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М******* овогт З******* Х*******, Булган аймгийн ******* суманд 1995 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт, Булган аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч З.Х******* нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчим Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б******* гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б******* үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар Б.Ба нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж зодсоны улмаас хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, нүдний салст, 2 зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

         1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч З.Х******* нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн н.Б******* гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдан түүний нүүр хэсэгт нь цохиж биед нь “хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, нүдний салст, 2 зовхинд цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/, хохирогч Б.Ба мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 10 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.А мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 19-20 дахь тал/, гэрч Б.Д мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/, гэрч Л.Наранцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний  өдрийн  96 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 33-35 дахь тал/, яллагдагч З.Х*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Х******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд өөрийн сонгон авсан  өмгөөлөгч Э.Цэнгүүний хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.3. Эрх зүйн дүгнэлт

З.Х*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Ба биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүгдэгч З.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.4. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөртэй холбоотой баримт ирүүлээгүй бөгөөд “...З.Х*******аас эмчилгээний зардалд 6,000,000 төгрөг авсан, гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...” талаар мэдүүлэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Ба эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд зарцуулсан 399,380 төгрөгийг шүүгдэгч З.Х******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн байх тул шүүгдэгч З.Х*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: “...Шүүгдэгч З.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг танилцуулахад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн. Иймд шүүгдэгч З.Х*******т прокуророос санал болгосон ялын хүрээнд баталж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...: Шүүгдэгч З.Х******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэлийн саналыг прокурортой тохиролцсон.

Ийм учир прокурортой тохиролцсон ял шийтгэлийг баталж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

2.1.Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч З.Х******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч З.Х*******ын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч З.Х*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Х*******т тусгайлан сануулав.

2.2.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч З.Х******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М******* овогт З******* Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х*******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Х*******т сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч З.Х******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Х*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ