| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 156/2020/00699/И |
| Дугаар | 156/шш2020/00767 |
| Огноо | 2020-10-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 156/шш2020/00767
2020 оны 10 сарын 16 156/ШШ2020/00767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00699/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багт оршин суух, С.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг,Т.Э-д холбогдох,
3 240 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.Э нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн зүүн талын Нараагийн бойн дээрээс 212 тооны бог малыг нядалгаанд оруулж байхад ирж уулзан, Улаанбаатар хотод аймгийн ханшнаас дээгүүр өндөр үнээр борлуулж, өгье маргааш данс руу чинь мөнгө нь орчихно гэсэн. Тухайн өдөр хонины махны дээд ханш 7 200 төгрөг, доод ханш 6 500 төгрөг байсан. Ингээд махаа жинлэж 4 тн 204 кг махыг хот руу ачуулсан. 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагт миний дансанд 23 290 000 төгрөг орсон. Тухайн өдрийн аймгийн ханшаар бодоход нийт 27 633 300 төгрөг үүнээс бойны зардал 1 102 400 төгрөг, гарт 26 530 900 төгрөг болох байсан боловч Улаанбаатар хотод нийт 25 689 300 төгрөг болсон ба үүнээс бойны зардал 1 102 400 төгрөг, унааны зардал 604 000 төгрөг, Т.Э нь борлуулж өгсний хөлс гэж 800 000 төгрөг, мөн өөрийн 2 хонины мөнгө болох 240 000 төгрөгийг хасч 22 942 900 төгрөг болсон. Арьс нэхийний үнэ 347 100 төгрөг нэмж 23 290 000 төгрөг дансанд шилжүүлсэн юм. Т.Э нь аймгийн ханшнаас өндөр үнээр борлуулна гэж авч явчихаад аймгийн ханшнаас бага үнээр борлуулж намайг 3 240 900 төгрөгөөр хохироож байна. Иймд Т.Эгаас 3 240 900 төгрөгийг гаргуулж гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц гуай надад 20 хэдэн бог өгсөн юм. Би ханш гайгүй байна гэж өөр лүү нь 2, 3 удаа залгасан нь үнэн. Гэвч өөрийнх нь утас холбогдохгүй байсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа Ц гуай руу залгахад ах нь 200 хонь туугаад гараад явж байна гэж өөрөө над руу хэлсэн. Намайг хөдөө Норовлин сум руу очоод 2 хоноод ирэхэд Ц гуай хонио оруулчихсан байсан. Тэгээд бид хоёр ярилцаад таны бүх хонины дундаж нь 23 кг болбол би 6800 төгрөгт бодож авъя гэсэн юм. Тэгэхэд хонь нь 19 кг дундажтай гарсан. Ямааны махыг нь би 5500 төгрөгт авах байсан ч тэр өдрийн ханш нь /аймагт/ 5700 төгрөг байсан. Харин ч би 6100 төгрөгөөр Улаанбаатар хот руу явуулж борлуулж өгсөн. Энэ бүхнийг Ц ах өөрөө мэдэж байгаа. Тухайн малыг би өөрөө зараагүй. Би малыг нь ачиж Улаанбаатар хот руу яваагүй. Улаанбаатар хотод надад мах зарж өгдөг Эрдэнэцэцэг гэдэг хүн байдаг. Тэр хүнээр би махыг нь заруулж өгсөн юм. Махыг нь заруулаад маргааш өглөө тооцоог нь хийгээд мөнгийг нь хүүд нь өгсөн. Хэрэв Ц гуай 6100 төгрөгт махаа зараад болоогүй байсан бол тухайн үед яах гэж тооцоо нийлсэн юм бэ? Өөрөө болчихсон гэж очоод мөнгөө авсан. Ямааны мах зарсан тал дээр юм яриагүй гэж байна. Учир нь ямааны мах энд 5700 төгрөгийн ханштай байхад Улаанбаатар хотод 6100 төгрөгөөр зарсан. Харин ч би махыг нь сайн зарж өгсөн гэж бодож байна. Хонь нь тухайн үед 6800 төгрөгийн ханштай байсан /Хэнтий аймагт/. Энэ талаар манай аймгийн бүх ченж нар мэдэж байгаа. Би энэ хүнээс махыг нь борлуулж өгсөн гээд 800,000 төгрөг авсан нь үнэн. Миний хувьд хохиролтой байна. Энэ хүний малыг би сэтгэлээрээ борлуулж өгсөн. Тухайн үед тооцоог нь бодоод мөнгийг нь хүүгийнх нь дансанд хийсэн. Маргааш нь энд хонины мах авахад ханш нь 6000 төгрөг болчихсон байсан. Тэгэхэд Ц гуайн 50 гаран хонь Улаанбаатар хотод 6500 төгрөгт орсон. Би гомдолтой байна. Хүний мах борлуулж өгснөөрөө одоо өөрөө ингээд хэрэгт ороод зогсож байна. Өөр хэлэх зүйлгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Т.Эгаас махны худалдан борлуулсны үнийн зөрүү болох 3,240,900 төгрөг гаргуулахыг хүссэн байна.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч С.Ц нь өөрийнхөө нотариатаар гэрчлүүлсэн Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбарыг, Хэнтий аймгийн Батноров сумын Эхэнбүрд багийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101 тоот албан бичиг, хонь, ямааг харуулсан гэрэл зураг, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Батноров сумын Эхэнбүрд 2 дугаар багийн малчин Сандаг овогтой Цгийн хонь, ямааны орон нутгийн үнэлгээг тогтоосон эд хөрөнгийн үнэлгээ зэргийг тус тус гаргаж өгчээ.
Хариуцагч Т.Э нь ... 2020 оны 07 дугаар сарын 29-нд нийт 28 ямаа, 183 хонины 4 тн 164 кг махыг Улаанбаатар хот руу ачуулж, Эрдэнцэцэг гэж хүн борлуулсан, махны үнэ өдөр өдөртөө хэлбэлзэж байдгийг малчин, ченж бүгд мэддэг. Надад залилах, завших санаа зорилго байхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. С.Ц бид 2 Улаанбаатар хотод хонь, ямааны махны 1 кг-ийг хэдэн төгрөгөөр худалдаж борлуулна гэж тохиролцсон ямар нэгэн зүйл байхгүй, махны үнэ, ханш муу байна гэдгийг утсаар мэдэгдэхэд за гэж хэлсэн тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргана.
Нэхэмжлэгч С.Цд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан эрх үүргийг нь танилцуулж, баримтад гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлага нотолж чадаагүй болно.
Нэхэмжлэгч С.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Тухайн өдөр хонины мах дээд ханш 7200 төгрөг, доод ханш 6500 төгрөг байсан ба Т.Эд 4 тн 204 кг махыг өгч, хот руу ачуулсан. Тухайн өдрийн аймгийн ханшаар бодоход,
| Хонь | 132 | 2594 | 6500 | 16,861,000 |
| Хонь | 51 | 1057 | 7000 | 7,399,000 |
| Ямаа | 28 | 553 | 6100 | 3,373300 |
|
| 211 | 4204 |
| 27,633,300 |
нийт 27,633,300 төгрөг, үүнээс бойны зардал 1,102,400, гарт 26,530,900 төгрөг болох байсан. Гэвч Т.Э нь аймгийн ханшнаас өндөр үнээр борлуулна гэж авч яваад аймгийн ханшнаас багаар борлуулж намайг 3,240,000 төгрөгөөр хохироосон... гэж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Батноров сумын Эхэнбүрд 2 дугаар багийн малчин Сандаг овогтой Цгийн хонь, ямааны орон нутгийн үнэлгээг тогтоосон эд хөрөнгийн үнэлгээ бүхий баримтад: ...170 толгой эр хонь 25,500,000 төгрөг, 13 толгой төлөг 1,040,000 төгрөг, 26 эр ямаа 3 640 000 төгрөг, 3 эм ямаа 300,000 төгрөг... гэж бичсэн байх ба энэ нь маргаан бүхий үйл явдлын бодит байдлыг тодорхойлж чадаагүй, энэхүү эд хөрөнгийн үнэлгээгээр бодит нөхцөл байдлыг нотлоогүй буюу 2020 оны 07 дугаар сарын 29, 30-ны өдрийн Улаанбаатар хот болон Хэнтий аймгийн хонь, ямааны махны үнийг тогтоосон үнэлгээ биш байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Т.Эд хонь, ямааны мах тус бүрийг жинлэж нэг бүрчлэн тоолж, хүлээлгэж өгөөгүй, 1 кг махыг хэдэн төгрөгөөр худалдан борлуулах талаар талууд тохиролцоогүй болох нь зохигч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбараар нотлогдох боловч зохигч нар үйл баримтыг нотлох, нотлох баримтыг аль алин гаргаж өгөөгүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, ...бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ... гэж заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд хонь, ямааны махны үнийг хэдэн төгрөгөөр худалдах, худалдан авах талаар тохиролцоогүй, хэдэн кг мах хүлээн авч, хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талуудын хоорондох худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон хэлцлийн дагуу нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Т.Эгаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч С.Ц нь шаардах эрхээ тодорхойлж, энэ талаар нотолж чадаагүй бөгөөд хариуцагч Т.Эгийн буруутай үйлдлийн улмаас хонь, ямааны махыг аймгийн ханшнаас доод үнээр худалдан борлуулсан болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Т.Эгаас 3,240,900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,804 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зохицуулсныг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Цгийн Т.Эгаас 3 240 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,804 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН