| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/05581/И |
| Дугаар | 101/ШШ2022/01473 |
| Огноо | 2022-03-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2022/01473
2022 03 31 101/ШШ2022/01473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити центр 4 давхарт 403 тоотод байрлах, Дарь финанс ББСБ ХХК /6082726/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа 54-р гудамжны 755 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15-р хороолол, 2 байрны 66 тоотод оршин суух, Боржигон овогт Мягмар Отгонбаатар /МТ87113011/-д холбогдох,
гэрээний үүрэгт 4,440,441 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунжаргал, А.Сэлэнгэ
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунбулаг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК нь М.Отгонбаатарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,015,136.16 төгрөг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 425,304.84 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 4,440,441 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ЗГ2023783х дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдэгч М.Отгонбаатар нь Сайн интернэшнл ХХК-иас Samsung Q60t 4k smart 2020 загварын зурагт худалдан авснаар 3,219,900 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3.4 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалттай зээл олгосон. Зээл олгосноос хойш гэрээний үүрэгт 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 197,000 төгрөг, 08 дугаар сарын 20-ны өдөр 197,000 төгрөг, 09 дүгээр сарын 03-ны өдөр 196,350 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 197,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 10,000 төгрөгийг тус тус төлснийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хасаж тооцсноор одоо үндсэн зээлийн үлдэгдэл 2,790,296.07 төгрөг, төлөх ёстой хүү 1.546.940.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97.704.85 төгрөг, нотариатын зардалд 5.500 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тодорхойлсон.
3. Хариуцагч хариу тайлбартаа зээлийн гэрээ байгуулсан болон төлөлт хийсэн дүнгийн талаар маргахгүй. М.Отгонбаатар нь хэргийн учрыг олохгүй байснаар өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хойшилсон байхад нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн шаардлага гаргасан тул энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
4. Нэхэмжлэгчээс 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн зээлийн гэрээ, зээл хүсэгчийн мэдээллийн хуудас, М.Отгонбаатарын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн иргэний үнэмлэхний лавлагаа, Сайн интернэйшнл ХХК-д гаргасан М.Отгонбаатарын хүсэлт, Дарь финанс ББСБ ХХК-нд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр М.Отгонбаатарын гаргасан хүсэлт, Монголын нотариатын танхимын 00002358 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1400+4100 гэж бичигдсэн мөнгөний тасалбар, зээл төлөлтийн дансны хуулга,
хариуцагчаас Л.Дарамсэнгийн Хаан банкны 5007401806 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлээс 4,185,063.07 төгрөгийн шаардлагыг хангаж, 249,877.93 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ2023783х дугаартай зээлийн гэрээгээр хариуцагч М.Отгонбаатар нь 3,219,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна /хх-7-9/.
3. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлсэн 3,219,900 төгрөгийг хариуцагчийн зурагт худалдан авсан Сайн интернэйшнл ХХК-нд шилжүүлсэн буюу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн талаар зохигчид маргаагүй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
5. Энэхүү зээлийн гэрээгээр хариуцагч М.Отгонбаатар нь 3,219,900 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд ашиглаж, зээлийн хүүнд 1,398,213 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээсэн байна.
6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
7. Зээл төлөлтийн дансны хуулгаас үзэхэд хариуцагч М.Отгонбаатар 2020-07-20-ны өдрөөс 2020-10-20-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 429,603.93 төгрөгийг, зээлийн хүүнд 357,746.07 төгрөгийг, 2021-10-19-ний өдөр нэмэгдүүлсэн хүүд 10,000 төгрөгийг тус тус төлснөөр дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.
8. Хариуцагч М.Отгонбаатар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбар, зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК нь 2022 оны 03-р сарын 15-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 2,790,296.07 төгрөгийг, төлөх ёстой зээлийн хүүд 1,546,940.08 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 97,704.85 төгрөг нэхэмжилснийг хариуцагч анх нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаарх 4,015,136.16 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.
9. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж,
мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж,
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж тус тус зохицуулсан.
10. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дээрх хуульд заасан үндэслэлээр шаардах эрхтэй ч талуудын байгуулсан гэрээний 5.1.12-т зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээлийн төлбөрийг зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй хуваарийг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн үндсэн төлбөрийг гаргуулахаар шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах гэж, гэрээний 7.3-т энэхүү гэрээний 6.1.1-6.1.7-г зөрчсөн, 7.2.1-7.2.14-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан бол зээлдүүлэгч гэрээг хугцаанаас өмнө цуцлана гэж тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш 4 сарын дараагаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхад зээлдүүлэгч нь үүргээ гүйцэтгээгүй цаг хугацаанаас хойш 14 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь 2020 оны 11-р сарын 20-ны өдрөөс хойш төлөгдөөгүй байсан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх дүнг өсөхөд нөлөөлсөн, нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүйгээс төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэмэгдснээр зээлдэгчийн төлбөр төлөх үүрэг нэмэгдсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасантай нийцэхгүй байна.
11. Хариуцагч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан талаар маргаагүй боловч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагыг төлөх эсэх талаар зохигч маргасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж заасан.
12. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч нэгэнт байгуулагдсан гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд нөгөө талын хүсэл зоригийг харгалзах журамтай болохыг мөн хуульд зохицуулсан.
13. Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан зээлийн гэрээг 2021 оны 11-р сарын 17-ны өдрөөр тасалбар болгон цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул цуцалсан өдрөөр гэрээний үүргийг хангуулах тул хариуцагчийн төлбөл үндсэн зээлийн үлдэгдэл 2,790,296.07 төгрөг, төлөх ёстой хүүгийн төлбөр 1,346,984.3 төгрөг байна.
Үндсэн зээлийн дүн 3,219,900 төгрөг, 39,6 хувь /нэг жилийн хүү/ :12 сар=3,3 /нэг сарын хүү/, 3,219,900х3,3 %=106,256.7 төгрөг /нэг сард төлөгдөх хүү/ х12 сар=1,275,080.4 төгрөг /нэг жилд төлөгдөх хүү/ :365 хоног=3493,3 төгрөг /нэг өдрийн хүү/ х488 хоног /2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаа/ = 1,704,730.4 төгрөг /зээл ашигласан хугацааны хүү/ - 357,746.07 төгрөг /2020-10-20-ны өдрийг хүртэл төлөгдсөн хүү/=1,346,984.3 төгрөг /төлөгдөөгүй хүү/.
14. Харин нэмэгдүүлсэн хүүний хувьд зээлдэгч М.Отгонбаатар нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс гэрээний үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээг цуцалсан өдөр хүртэлх хугацаагаар тооцогдсон 57,728.73 төгрөгөөс төлөгдсөн 10,000 төгрөгийг хасаж тооцон 47,728.73 төгрөгийг хангах үндэслэлтэй байна.
15. Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 5500 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан Монголын нотариатын танхимын 00002358 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1400+4100 гэж бичигдсэн мөнгөний тасалбар бүхий баримтад тушаагчийн гарын үсэг зурагдаагүй, уг зардал нэхэмжлэгчээс бодитой гарсан болох нь эргэлзээгүйгээр нотлогдохгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохиролд тооцох үндэслэлгүй байна.
16. Иймд шүүх дурдсан нөхцөл байдлыг үндэслэн гэрээг цуцалсан өдрөөр хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож хариуцагч М.Отгонбаатараас үндсэн зээлийн үлдэгдэл 2,790,296.07 төгрөг, төлөх ёстой зээлийн хүү 1,346,984.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,728.7 төгрөг, нийт 4,185,063.07 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 255,377,9 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 92,603 /79,193+13,410/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох хураамж 81,911 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Отгонбаатараас 4,185,063.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 255,377.9 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Отгонбаатараас 81,911 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ