| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/02831/И |
| Дугаар | 101/ШШ2021/03049 |
| Огноо | 2021-10-07 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2021/03049
| 2021 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 101/ШШ2021/03049 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******,*******,*******,*******, 203-р байрны 7/3 тоотод оршин суух,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,,,,*******,*******,,,,
гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны төлбөрт төлсөн 10.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очир, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон /ӨҮ-0509/, хариуцагч Л.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч А.Цэндзаяа /ӨҮ-2774/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2017 онд үнэгүй.мн зарын дагуу хариуцагч Л.Оюунгэрэлтэй холбогдож Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, 46А байрны 48 тоотын 3 өрөө орон сууцыг түрээслэх болсон. Бид 2017-06-01-ний өдөр байгуулснаар 2018 оны 6-р сард дахин гэрээ байгуулж хугацааг сунгасан, 2019 оны 5-р сард гэрээг дахин 1 жилээр сунгасан. Бид гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож байгуулж байсан өгөөд ингэхдээ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт огт бүртгүүлж байгаагүй.
2020 оны 6-р сарын 01-нд гэрээний хугацаа дуусах үед Л.Оюунгэрэл нь цаашид түрээслэхгүй байрыг зарах гэж байгаа талаараа хэлсэн тул бид байрыг худалан авах хүсэлттэй байсан тул дахин 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн түрээслэж, түрээсийн хугацаа дууссанаар байрыг худалдан авах болсноор 2020-8-09-ний өдөр орон сууц түрээслүүлэх, түрээслэх гэрээний нэмэлт барьцааны гэрээ гэж байгуулж, байраа сар бүр 500.000 төгрөгөөр түрээслэж, барьцаа болгож 10.000.000 төгрөгийг Л.Оюунгэрэлд шилжүүлсэн.
Бидний хувьд байр ашиглалтын зардлыг тогтмол төлж байсан бөгөөд түрээслэгчид ямар ч асуудал гаргаж байгаагүй. Миний эхнэр М.Анар нь Монгол Кампус крусейд фор краст ШБ олон улсын байгууллагад ажилладаг бөгөөд түрээсийн төлбөрийг тухайн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу тус байгууллагаас Л.Оюунгэрэлийн дансанд тухай бүр төлж байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ажлын газраас туслалцаа үзүүлэх боломжгүй болж, манай гэр бүл байрыг худалдан авах боломжгүй болсноор эхнэрийн эгч М.Болор байрыг авахаар болж гэрээний хугацаа дуусаж байрыг худалдан авахаар болоход Л.Оюунгэрэл эгч анх тохиролцсон болох 145.000.000 төгрөгийг 160.000.000 төгрөг болгож, 0,6 хувьд хамруулан банкны зээлээр худалдан авах хүсэлт гаргахад та нарт байрыг зарахгүй гэснээр тухайн байрыг авахаа больж, байр чөлөөлөх талаар утсаар мэдэгдэхэд нь байрыг 2021-06-30-ны өдөр суллаж өгөхөд барьцаанд шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг өгөхгүй, шүүхээр шийдүүлээд аваарай гэж хэлсэн. Би өөрөө байрыг авахгүй гэж хэлээгүй, хариуцагч өөрөө надад зарахгүй гэсэн байгаа, утсаар хэлэхдээ 10.000.000 төгрөгийг өгнө гэсэн боловч байрыг хүлээж аваад 10 сая төгрөгийг өгөхгүй гэж хэлсэн.
Иймд 2020-8-09-ний өдрийн орон сууц түрээслүүлэх, түрээслэх гэрээний нэмэлт барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцааны төлбөрт төлсөн 10.000.000 төгрөгийг Л.Оюунгэрэлээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэ-Очиртой анх 2017-6-29-ний өдөр байр түрээслүүлэх гэрээ байгуулсан. Эдгээр хүүхдүүдийг амьдралд хөл тавьж байгаа залуучууд, хоёр ихэр нялх хүүхэдтэй, ээж нь миний насны эмэгтэй байсан тул өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороололын 46А байрны 48 тоотод байрлах орон сууцыг зах зээлийн үнээс маш доогуур ханш болох 450.000-500.000 төгрөгөөр амьдран суух зориулалтаар хөлслүүлж эхэлснээс хойш бүтэн 4 жилийн хугацаа өнгөрч байна.
Эхний гэрээний хугацаа дуусахад дахин үргэлжлүүлэн хөлслөх хүсэлтийг удаа дараа тавьж, Б.Эрдэнэ-Очир нь эхнэрийн хамт олон улсын байгууллагад ажилладаг, байгууллагаас байрны тусламж тэтгэлэг авах гэж байгаа тул байрыг худалдан авах санал гаргасан. 2020 оны 6 дугаар сарын 01 болоход миний зүгээс байр маань зарагдах болж байгаа тул гэрээгээ дуусгаж, байр чөлөөлж өгөхийг хүсэхэд Б.Эрдэнэ-Очир бидэнд дахин нэг боломж олгооч гэсний дагуу хугацаа өнгөрсөөр байр худалдан авах дэмжлэг нь бүтээгүй гэсэн тул заавал байрыг худалдан авах баталгаа гаргаснаар байрыг үргэлжлүүлэн хөлслүүлнэ гэсэн санал гаргаж 2020-8-9-нд барьцааны гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг дансанд байршуулснаар түрээсийн гэрээ 2021 оны 7-р сар хүртэл үргэлжилсэн. Энэ гэрээг байгуулахад эдгээр хүмүүс манай байрыг худалдан авах хүсэл сонирхолтой байсан.
Энэ байранд хүн орж суугаагүй шинэ байранд эдгээр хүмүүс орсон. Б.Эрдэнэ-Очир нь банкны зээлийн шаардлага хангаагүй нөхцөл байдал үүссэн байх. Гэтэл эхнэрийн нь эгч гээд нэг эмэгтэй гарч ирсэн тухайн хүнтэй байр түрээслэх ажиллагаа хийгдээгүй тул би итгээгүй. Нэхэмжлэгч нар барьцаа хөрөнгийн хувьд ийм үйлдэл гаргаж байна гэж ойлгоод гэрээг дахин сунгахгүй байрыг чөлөөлж өг гэсэн шаардлага гаргаснаар байрыг суллаж авсан. Барьцааны гэрээний талаар Б.Эрдэнэ-Очирт амаар хэлж надад байгаа барьцааны гэрээний эх хувийг үзүүлэхэд танд энэ гэрээ байдаг юм байна гэж хэлсэн. Би амьдралд хөл тавьж байгаа залуучуудад шинэ байрыг боломжийн үнээр түрээслэсэн. Б.Эрдэнэ-Очир худал ярьж байгаад нь харамсаж байна. Гэрээнд зааснаар байрыг авахгүй бол гэж барьцаа байршуулсан. Түрээсийн төлбөрийн талаар маргаан байхгүй, төлбөрөө бүрэн төлсөн. Би энэ байраа 2020 онд худалдах боломжтой байхад эдгээр хүмүүсээс болж 2021 онд байрыг худалдахад хөрөнгийн үнэгүйдэл үүссэн. Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очир нь хариуцагчаар Л.Оюунгэрэлийг тодорхойлон татаж, түүнд холбогдуулан 2020-8-09-ний өдрийн орон сууц түрээслүүлэх, түрээслэх гэрээний нэмэлт барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцааны төлбөрт төлсөн 10.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зохигч талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 450.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-19-20, 33-34/, 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 12 сарын хугацаатай, сарын 500.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-16-17, 35-36/, 2019 оны 05 дугаар 24-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 500.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-13-14, 37-38/, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 12 сарын хугацаатай, сарын 500.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-39-40/, 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 12 сарын хугацаатай, орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт барьцааны гэрээ /хх-41/ гэх нэртэй гэрээнүүд тус тус байгуулагджээ.
Дээрх гэрээгээр хариуцагч Л.Оюунгэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, С.Лхагвасүрэнгийн гудамж 46А байрны 48 тоотод байрлах, 77.98 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч түрээслэн суухаар /хх-43/ гэрээний талууд тохиролцож, 2019-06-07-ны өдөр 6.000.000 төгрөг, 2018-12-06-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020-07-03-ны өдөр 6.000.000 төгрөгийг тус тус хариуцагчийн дансанд Монгол Кампус крусейд фор крайст гэж шилжүүлсэн /хх-8/, 2018-06-09-ний өдөр 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн тухай бэлэн мөнгөний орлогын баримт /хх-18/ хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд зохигчид дээрх гэрээний төлбөрийн талаар маргаан байхгүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
2020-8-09-ний өдрийн орон сууц түрээслүүлэх, түрээслэх гэрээний нэмэлт барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд
Талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт барьцааны гэрээний 1.3-т түрээслэгч талын тавьсан саналын дагуу дээрх орон сууцыг тус гэрээний хугацаа дуусахад худалдан авах нөхцөлтэйгээр барьцаа болгон 10.000.000 төгрөгийг байршуулан түрээсийн хугацааг сунгахаар тохиролцсон гэж, 3.1-д гэрээний хүчинтэй хугацаанд барьцааны төлбөр болох 10.000.000 төгрөгийг талууд өөрчлөхгүй байхаар тохиролцсон ба гэрээний хугацаа дуусч орон сууцыг худалдан авах тохиолдолд үнийн дүнгээс суутган тооцох болно гэж, 3.2-т түрээслэгч гэрээний 1.3 заалтыг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд барьцаа төлбөрийг түрээслүүлэгч талд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна /хх-41/.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр эсэхийг дүгнэхийн тулд гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь эрхийн бүртгэлд хэрхэн бүртгэгдсэн, тухайн эд хөрөнгийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь түрээслэсэн аль нь болохыг тодруулах шаардлагатай бөгөөд хэргийн оролцогчийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргасан баримтаар гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, С.Лхагвасүрэнгийн гудамж 46А байрны 48 тоотод байрлах, 77.98 мкв талбайтай, үл хөдлөх хөрөнгө нь орон сууцны зориулалттай, өмчлөгч нь Л.Оюунгэрэл болох нь улсын бүртгэлийн Ү-2204052942 дугаартай гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар нотлогдож байна /хх-43/.
Харин Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ нь өөрийн тодорхой зорилготой байдгаараа эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгагддаг бөгөөд түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж тодорхой хөрөнгийг шилжүүлэх түрээслэгч нь гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргийг хүлээдэг учир түрээсийн гэрээний харилцаа үүссэн бол хэн аль нь нөгөө талаасаа гэрээний үүргийг шаардах, гэрээнээс татгалзах эрхтэй оролцдог.
Тиймээс гэрээний харилцааг гэрээнд оролцогч талууд өөрсдөө тодорхойлдог бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт барьцааны гэрээний агуулга, зорилго, талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэн үзэхэд зохигчид хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээ байгуулсан субъект, гэрээний агуулга, гэрээний хэлбэр болон гэрээ байгуулах зорилго түүний илэрхийлэл буюу субъектив шинжийн хувьд хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.
Учир нь, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан үндэслэлд хамаарахгүй.
Иймд талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
10.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт барьцааны гэрээний 1.3-т түрээслэгч талын тавьсан саналын дагуу дээрх орон сууцыг тус гэрээний хугацаа дуусахад худалдан авах нөхцөлтэйгээр барьцаа болгон 10.000.000 төгрөгийг байршуулан түрээсийн хугацааг сунгахаар тохиролцсон гэж, 3.1-д гэрээний хүчинтэй хугацаанд барьцааны төлбөр болох 10.000.000 төгрөгийг талууд өөрчлөхгүй байхаар тохиролцсон ба гэрээний хугацаа дуусч орон сууцыг худалдан авах тохиолдолд үнийн дүнгээс суутган тооцох болно гэж, 3.2-т түрээслэгч гэрээний 1.3 заалтыг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд барьцаа төлбөрийг түрээслүүлэгч талд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна /хх-41/.
Нэхэмжлэгч тал 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул шилжүүлсэн мөнгөө гаргуулна гэх агуулгаар тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч орон сууцыг худалдан авах үүргээ зөрчсөн тохиолдолд барьцаа төлбөрийг түрээслүүлэгчид шилжүүлэхээр тохиролцсон гэж маргасан.
Хэрэгт авагдсан 2020-8-17-ны өдрийн Голомт банкны мемориалын баримтаар нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очироос хариуцагч Л.Оюунгэрэлийн дансанд 10.000.000 төгрөгийг байр урьдчилгаа гэх утгаар шилжүүлсэн /хх-9/ байх бөгөөд тухайн мөнгийг хүлээн авсан эсэх талаар хариуцагч тал маргаагүй.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх нь хөлслөгчийн үүрэг гэж тус тус заасан.
Зохигчдын хэн алиных нь тайлбараар талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 12 сарын хугацаатай орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний хугацаа дуусгавар болсноор хөлслөгч эд хөрөнгийг хөлслүүлэгчид хүлээлгэн өгсөн, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хариуцагчийн орон сууцыг худалдан авах боломжгүй болсноо илэрхийлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж няцаагаагүй.
Түүнчлэн нэмэлт барьцааны гэрээний 1.3-т хөлслөгч нь хөлслөн суусан орон сууцны гэрээний хугацаа дуусгавар болоход тухайн орон сууцыг худалдан авах нөхцөлөөр хөлслүүлэгчид барьцаа төлбөр байршуулсан байх бөгөөд нэхэмжлэгч орон сууцыг худалдан авах боломжгүй болж өөрийн хамаатны хүн худалдан авах хүсэлттэй байгааг илэрхийлснээр хариуцагч татгалзсан гэж үзэхээр байна.
Тиймээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан тул уг гэрээгээр гэрээ цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан тохиролцоо хүчин төгөлдөр бус байхаар мөн хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.2-т заасан.
Иймд нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очироос хариуцагч Л.Оюунгэрэлд 10.000.000 төгрөгийг байр урьдчилгаа гэх утгаар шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон, зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 10.000.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.
Учир нь, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссанаар уг гэрээ дуусгавар болсон байх тул хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй тул дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн 10.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Зохигчдын хооронд тодорхой эрх, үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлсон, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй харилцаа нь маргаантай эрх зүйн харилцаа гэж үзэх бөгөөд аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг ба энэхүү үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлох учиртай. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэргийн оролцогчид нь хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн 10.000.000 төгрөгийн дүн бүхий нэмэлт барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагад ногдох хураамж 174.950 төгрөг, 10.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагад ногдох хураамж 174.950 төгрөг, нийт 349.900 төгрөг төлөхөөс нэхэмжлэгч 237.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 111.950 төгрөгийн нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод, хариуцагчаас хангагдсан шаардлагад ногдох хураамж 174.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн хариуцагч Л.Оюунгэрэл шүүх хуралдаанд өөрийн оршин суугаа хаягийг Хан-Уул дүүрэг,*******,, 201-р байрны 13 тоот гэж тодорхойлсон бөгөөд зохигчийн хэн аль нь хэргийн харьяаллын талаар маргахгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Оюунгэрэлээс 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очирт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оюунгэрэлээс 174.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очирт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очироос дутуу төлөгдсөн хураамжид 111.950 төгрөгийн гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ