| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 156/2020/00530/И |
| Дугаар | 156/ШШ2020/00588 |
| Огноо | 2020-07-27 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 156/ШШ2020/00588
156/ШШ2020/00588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00530/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ......................тоотод оршин суух, А.Т/РД:................/-ын хүсэлттэй
Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч А.Т,
прокурор Г.Мөнхболд,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу Л.Л хууль ёсны өв залгамжлагч учраас, нөгөө талаар Л.Л эцэг Ш.П 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн хэргийг хянаад дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 131 дүгээр магадлалаар цагаатгасан. Энэ талаар 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Зууны мэдээ” сонинд зарлагдсан.
Миний бие нэхэмжлэл гаргаж байгаа Лтой гэр бүл болж амьдраад 68 жил болсон. Нөхөр маань нас барсан учраас би түүний эцгийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөх олговрыг авах өв залгамжлах эрх авсан юм. Мөн Л нь 1933 оны тооллогоор аав Ш.П 40 настай, ээж Л нь 36 настай, өөрөө 6 настай гэж тоологдсон байдаг. Иймд хуульд заасны дагуу нөхөх олговрын 80,000,000 төгрөгийг өв залгамжлах эрхийн дагуу нэхэмжилж байгаа юм. Нөхөр маань олон жилийн өмнө энэ нэхэмжлэлийг гаргаж байсан гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлмэгдэгч Ш.П нь 1938 онд баривчлагдаж хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлааагаар тогтоогддог. Мөн хэлмэгдэгч Л.Л нь А. Ттай эхнэр нөхрийн харилцаатай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд нөхөх олговрын олгох нь зүйтэй гэсэн санал гаргаж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Тнь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 80 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар А.Тнь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байх ба энэ талаар Зууны мэдээ сонины тайлбар хэсэгт “...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ш. Пийн нөхөх олговрын нэхэмжлэгч Лгийн Л нь нөхөх олговрын нэхэмжлэлийн бүрдүүлбэр баримтуудаа бүрдүүлж байх хугацаандаа буюу 2018 оны 12 дугаар сарын 31-нд нас барсан нь нас барсны бүртгэлийн .........-рт бүртгэгдсэн байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтын дагуу Л.Лхууль ёсны өв залгамжлагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн А. Тыг нэхэмжлэгчээр зарлав...” гэж тусгагдсан болохыг дурдав. /Зууны мэдээ сонины 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 91/6316/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.
Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч М.С нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А. Тд төрөөс олгох цагаатгалын нөхөн олговрын 80 000 000 төгрөгний хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгож, баталгаажуулсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 515, 518 дугаар зүйлд заасантай бүрэн нийцсэн байна.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шинуугийн П нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Ш.П нь хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгөтэй байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт орон сууц олгож байгаагүй, Л.Л нь Ш.Пийн төрсөн хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна
Үүнд:
- БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шүүх хуралдааны 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 131 дүгээр магадлал,
- Улсын дээд шүүхээс 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон цагаатгалын үнэмлэх,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ....... тоот лавлагаа,
- Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 547 дугаар шийдвэр,
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 54 тоот албан бичиг,
- Архивын ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ........ дугаартай 1933 оны хүн амын тооллогын бүртгэл, архивын лавлагаа.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ш.П нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хөрөнгө хурааж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Л.Лын хууль ёсны өв залгамжлагч А.Тд 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.2.1 дахь хэсэгт заасныг баримтлан 80 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан А. Тд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН