| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/00614/И |
| Дугаар | 101/ШШ2021/03553 |
| Огноо | 2021-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2021/03553
2021 11 04 101/ШШ2021/03553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,,,,,
гэрээний үүрэгт 340.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсүрэн, хариуцагч Л.Лхаажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Лхаажав нь иргэн Ч.Ганхөлөгтэй 2017-06-30-ны өдөр 200.000.000 төгрөгийг 21 хоногийн хугацаатай, 21 хоногт 22.000.000 төгрөгийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр 2017 оны 07-р сарын 22-ны өдрийг хүртэл хугацаатай зээлж, зээлийн гэрээ байгуулсан.
Мөн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, Гурвансайхан уул ХХК-ийн 2015-03-11-ний өдрийн 143 дугаартай, 2888734 регистрийн дугаартай шатдаг хий импортлох тусгай зөвшөөрлийг барьцаалсан юм. Уг барьцаа хөрөнгө болох тусгай зөвшөөрлийн хугацаа 2018-03-11-ний өдөр дууссан бөгөөд нэмж сунгаагүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017-07-22-ны өдөр дуусгавар болоход Л.Лхаажав нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Тиймээс гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн төлбөрийг үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу мөнгөн төлбөрийн үүргийг үндсэн төлбөрийг төлөх хүртэлх хугацаанд хүү төлөхөөр тохирсон тул хүү, алдангид суутган авсан.
Талууд 2020-11-10-ны өдөр өр төлбөр барагдуулах хэлцэл нэртэй гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Л.Лхаажав нь 2021-01-02-ны өдөр 340.000.000 төгрөгийг төлж барагдуулах, төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд цэнгэлдэх хотхон дахь 180.000.000 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө орон сууцыг Ч.Ганхөлөгт шилжүүлэн өгч өр төлбөрөөсөө хасуулахаар харилцан тохиролцсон юм. Л.Лхаажав нь дээрх өр төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ хэлэлцэн тохирсон хугацаанд биелүүлээгүй тул төлбөр барагдуулах гэрээний дагуу 2017-6-30-ны өдрийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 180.000.000 төгрөг, хүү 70.000.000, алданги 90.000.000 төгрөг, нийт 340.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ганхөлөгтэй БНСУ-аас бараа авч зарах санал тавьж, 200.000.000 төгрөгийн үүнд Ганхөлөг 100.000.000 төгрөгийг ашиг авах, Лхаажав 100.000.000 төгрөг ашиг авахаар ярилцаж, би 2 контейнэр барааны төлбөр тооцоог хийх ёстой байсан. БНСУ-аас контейнэр 21 хоногоос 27 хоногт ирэх би бараагаа зарж төгрөгийг өгөх ёстой байсан. Тиймээс би анх 200,000,000 төгрөгийг хүүтэй зээлж аваагүй. Бид хоёр 100,000,000 төгрөг гаргаж контейнэр бараа авчирч зарж ашгаа хуваахаар тохирсон байсан тул нотариатаар гэрээ байгуулахыг зөвшөөрсөн. Төлөх мөнгөнөөс би 9-р сараас эхлэн 120,000,000 төгрөгийг Ганхөлөгт төлсөн тул үндсэн мөнгөнөөс 80,000,000 төгрөг үлдсэн байгаа.
БНСУ-аас бараагаа захиалж 200.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч одоо болтол захиалсан бараа ирээгүйн улмаас Ганхөлөгийн мөнгийг гаргаж чадаагүй байгаа үнэн. Энэ асуудлаар би цагдаагийн байгууллагад хандсан боловч одоо болтол шийд гараагүй байна. Өнгөрсөн хугацаанд өөрт байсан 100.900.000 төгрөгийг бараа ирэхээс өмнө Голомт банкаар дамжуулан Ганхөлөгт шилжүүлсэн. Үүнээс хойш хэлэлцэн ярилцаад төлбөр барагдуулах хэлцэл хийхэд Ганхөлөгийн тооцооллоор гаргасан тоог зөвшөөрч гарын үсэг зурсан. Би мөнгө авсанд маргах зүйл байхгүй, 340,000,000 төгрөгийг төлөхийн тулд хугацаа хэрэгтэй байгаа боловч надад хугацаа олгохгүй байх тул төлөхийг зөвшөөрөхгүй. Гэвч шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгэнэ, үүнээс төлсөн 100,009,000 төгрөгийг хасуулах хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ганхөлөг нь хариуцагчаар Л.Лхаажавыг тодорхойлон татаж, түүнд холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны нотариатч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн өр төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт 340,000,000 төгрөг гаргуулах, үүргийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/ боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан болно.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2020-11-10-ны өдрийн өр төлбөр барагдуулах хэлцэл нь талуудын хооронд 2017-6-30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 180.000.000 төгрөг, хүү 70.000.000, алданги 90.000.000 төгрөг гэж тодорхойлон тайлбарласныг хариуцагчаас бид БНСУ-аас хоёр контейнэр бараа авчирч зараад ашгаа хуваахаар тохирч, 200,000,000 төгрөгийг барааны төлбөрт шилжүүлсэн боловч захиалсан бараа ирээгүй тул өөрт байсан 100,009,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Ганхөлөгт төлсөн, түүний хүсэлтээр төлбөр барагдуулах хэлцэлд гарын үсэг зурсан, миний тооцоогоор үндсэн төлбөрийн үлдэгдэл 80,000,000 төгрөг, түүнд ногдох хүү төлөхийг зөвшөөрнө гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.
Зохигч талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний зүйл болох 200,000,000 төгрөгийг 21 хоногийн хугацаатай, сарын 11 хувийн хүүтэй зээлэхээр, гэрээний 2.3-т зээлийн барьцаанд Гурвансайхан уул ХХК-ийн шингэрүүлсэн шатдаг хий импортлох тусгай зөвшөөрлийг барьцаа болгон өгсөн талаар дурдсан /хх-6/ байх боловч нэхэмжлэгч Ч.Ганхөлөг нь 2017-6-30-ны өдөр 5,000,000 төгрөгөөр, 195,000,000 төгрөгөөр тус тус Гурван сайхан Уул ХХК-ийн дансанд нийт 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн /хх-4-5/-г хариуцагч дээрх зээлийн гэрээний мөнгийг компанийн дансаар шилжүүлж авсан гэж тайлбарлаж, маргаагүй.
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан өр төлбөр барагдуулах хэлцэл нэртэй гэрээнд Л.Лхаажав нь 340,000,000 төгрөгийн өр төлбөрийг 2021-01-02-ны өдөр Ч.Ганхөлөгт төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ /хх-3/.
Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байна. Тиймээс талуудын хооронд байгуулсан тус хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан, субьектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан.
Гэрээ, хэлцэлд оролцогч талууд гэрээнд тодорхой агуулга бүхий нэр өгөх нь тухайн хэлцлээр үүсгэхийг хүссэн үүргийг илэрхийлж байгаа хэрэг биш бөгөөд тухайн хэлцлийн агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл зэргээс Иргэний хуульд заасан ямар гэрээний үүргийг үүсгэхээр илэрхийлснийг шүүх тодорхойлж, тус гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй эсэхэд хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгөх шаардлагатай.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар талууд 2017-6-30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох 200,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь Хаан банкны гүйлгээний баримт, Голомт банкны төлбөрийн баримт /хх-4, 5/ зэргээр тогтоогдож, хариуцагч Л.Лхаажав нь 200,000,000 төгрөгийг авсан үйл баримтад маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үр дагаврыг үүсгэх агуулгаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан байх ба тус гэрээ нь хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Ганхөлөг нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, хариуцагч Л.Лхаажавт шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэг харилцан үүссэн байна.
Тиймээс иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэх бөгөөд иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж зааснаар талуудын хооронд 2017-06-30-нд байгуулагдсан 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд сарын хүүг 11 хувиар, зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцож авахаар тохиролцжээ.
Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх агуулгатай анз болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тодорхойлсон тул гэрээний хугацаа хэтэрсэн нь гэрээнд заасан алданги шаардах нэг нөхцөл болох учраас Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх тул хугацаатай гэрээнд зээлдэгч үүргээ биелүүлээгүй түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь анзын дээд хязгаар ба зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд үндсэн зээл, гэрээнд заасан бол хүү хоёрын нийлбэр дүн хамаарна.
Тиймээс Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Л.Лхаажав нь захиалсан бараа ирээгүйгээс нэхэмжлэгчтэй тохирсон хугацаанд мөнгөө бүрэн өгөх үүргээ биелүүлээгүй, өөрийн боломжоор төлбөр төлж, одоо үлдэгдэл 80,000,000 төгрөг байгаа болохыг тайлбарласан боловч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Хэрэгт авагдсан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 21 хоног буюу 2017 оны 7-р сарын 22-ны өдрөөр дууссан тул 22,000,000 /200,000,000х11 хувь/ төгрөг нь нэг сарын хүү, 733,333 /22,000,000:30 хоног/ төгрөг нь нэг өдрийн хүү байх тул гэрээний 21 хоногийн хугацаагаар тооцоход 15.399.993 төгрөг /733,333х21 хоног/ нь дээрх гэрээний хүүгийн төлбөрт тооцохоор байна.
Харин хариуцагчийн нотлох баримтаар гаргасан Голомт банкны төлбөрийн баримтаар нэхэмжлэгч Ч.Ганхөлөгт 2017-9-11-нд 18,000,000 төгрөг, 2017-8-5-нд 3,000,000 төгрөг, 2017-9-5-нд 7,900,000 төгрөг, 2017-7-24-нд 22,000,000 төгрөг, 2017-8-29-нд 5,000,000 төгрөг, 2017-8-12-нд 10,000,000 төгрөг, нийт 65.900.000 төгрөгийг төлсөн байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нийт 100,900,000 төгрөг төлсөн болохыг зөвшөөрч, уг төлбөрийг төлөгдөөгүй хүү, алдангийн төлбөрт хасаж тооцсон гэж тайлбарласан.
Гэвч зохигчид үүрэг гүйцэтгэх дарааллын талаар гэрээнд тохиролцоо хийгдээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан дарааллаар хариуцагчаас төлсөн төлбөрийг гүйцэтгээгүй үүргээс хасаж тооцох үндэслэлтэй байна.
Зээлийн гэрээний талууд өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулах нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцэх хэдий ч өр төлбөр барагдуулах хэлцэлд заасан мөнгөн үүрэг хариуцагчид үүссэн гэх нэхэмжлэлийн үндэслэл, тухайн гэрээгээр нэхэмжлэгчид шаардах эрх үүсэх эсэхийг шүүх дүгнэх шаардлагатай.
Зохигч талуудын хооронд 2020 оны 11-р сарын 10-ны өдөр өр төлбөр барагдуулах хэлцэл нэртэй гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч Л.Лхаажав нь нэхэмжлэгч Ч.Ганхөлөгт 340,000,000 төгрөгийн өр төлбөртэй, уг төлбөрийг 2021-01-02-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ /хх-3/.
Дээрх зээлийн гэрээнд хүүгийн талаар тусгаагүй, өмнөх 2017-6-30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр гарын үсэг зурсан болохыг хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгэж, няцаагаагүй. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасны дагуу зохигчийн хооронд 340,000,000 төгрөгийн дүн бүхий зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд дээрд дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлсөн 100,900,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцон, үндсэн зээлийн үлдэгдэл 99,100,000 төгрөг, төлөгдөөгүй хүү нь 15.399.993 төгрөг буюу хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 114,499,993 төгрөгнөөс алданги тооцоход 57.249.996,5 төгрөг байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 171.749.989 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 168.250.010 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс 2021-01-26-нд төлсөн 1,928,150 төгрөгийн 1,857,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,016,700 төгрөгийг, татгалзсан шаардлагад ногдох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Лхаажаваас 171.749.989 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ганхөлөгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 168.250.010 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,928,150 төгрөгийн 1,857,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Лхаажаваас 1,016,700 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Ганхөлөгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ