Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 156/ШШ2020/00590

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2020/00590

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                                                  156/2020/00541/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Дадал сум, ... дүгээр багт оршин суух, Х овогт Н Ж /РД:........../-ын хүсэлттэй

Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г

прокурор Ж.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэнтий аймгийн Дадал сумын ... дүгээр багт .......... тоотод оршин суух Х овогт Н Ж миний эцэг Д Н 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдөр улс төрийн хэрэт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд хэргийг хянаад дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор цагаатгагдсан юм гэжээ.

 

        Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ж нь өөрийн эцэг Д Н улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний 40,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Н нь 1938 оны 5 дугаар сарын 18-ны өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Үүнийг Улсын дээд шүүхийн 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн цэргийн коллегийн 25 дугаар хурлын тогтоолоор хянаад цагаатгасан байдаг. Цагаатгагдсан талаар нөхөх олговор авахаар заасан иргэдийн жагсаалт Зууны мэдээ сонины 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6307 дугаартай сонины жагсаалтын 23-т бүртгэгдсэн. Хэргийн материалд цагаатгалын үнэмлэх байхгүй. Цагаатгалын үнэмлэхийг Н Н гэдэг эгч нь анх 1,000,000 төгрөгийн нөхөх олговрыг авч байсан. Тэр үед цагаатгалын үнэмлэхийг олгосон. Тухайн үед эгчээсээ тусдаа амьдарч байсан учраас цагаатгалын үндсэн эх үнэмлэхийг олгох боломжгүй болсон гэдэг. Хэрэгт цугларсан Тагнуулын ерөнхий газрын лавлагаагаар Намсрай нь 1938 оны байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь нотлогддог. Хэнтий аймгийн Цагаатгалын комиссын албан бичгээр орон сууц аваагүй талаарх тодорхойлолт ирсэн байдаг. Мөн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр Н нь Б, Н гэж хоёр охинтой байхдаа А С ханилаад Ц, Ц нараас Ж өргөж авсан. 1956 оны тоогоор Ж эдний бүртгэлд байгаагүй. Сүүлд хэргийн материал Хэнтий аймгийн архиваас 1961 оны Дадал сумын хүн амын тоооллогын бүртгэлийг өгсөн. Уг бүртгэл дээр бага охин Ж 5 настай, Н 61 настай, Ц 58 настайгаар тоологдсон байдаг. Мөн Үндэсний архивын лавлагаа 4 хуудас лавлагаа, улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа зэрэг  хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн нөхөх олговрын 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлмэгдэгч Н нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж 10 жилийн хорих ял эдэлсэн. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар Ж нь хэлмэгдэгч Н охин болох нь тогтоогдсон. Ж гуайн хувьд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар үрчилж авсан охин нь мөн байх тул 40 000 000 төгрөгийг олгох нь зүйтэй гэсэн санал гаргаж байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Ж нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Н.Ж нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 82/6307/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Д Н нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44 дүгээр зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Д.Н нь хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгөтэй байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт орон сууц олгож байгаагүй, Н.Ж нь Д.Н үрчлэгдсэн хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

 

- БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шүүх хуралдааны 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлал,

- Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5/1271 дугаартай албан бичиг,

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05/67167 тоот лавлагаа,

- Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгдчдийн Хурлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 132 дугаартай албан бичиг,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр олгосон Үрчилсний бүртгэлийн лавлагаа,

Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Д.Н нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хөрөнгө хурааж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний охин Н.Ж 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан Х овогт Н Ж олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ТАСХЫН