Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 170

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0185/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч ***т холбогдох эрүүгийн 201709000258 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, 1984 оны 01 дүгээр сарын    24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэн, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ***нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн *** өрөөнд ***ын Samsung-J7, Sony маркийн 2 ширхэг гар утас, Cucci брендийн эмэгтэй бугуйн цаг, бэлэн 110 000 төгрөг зэргийг хулгайлж 670 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч ***ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 
    
    Би 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дархан сумын 5 дугаар  багийн нутагт *** кофенд ганцаараа орж хоёр шил архи уугаад сууж байгаад *** гээд хүүхэнтэй танилцсан. Тухайн үед *** нэг хүүхэнтэй хамт явж байсан. Тэгээд би найз *** гэрээс нь дуудсан. Манай найз ирээд бид 2 хамт тухайн 2 хүүхэнтэй бааранд орохоор болж *** гэх нэртэй бааранд орсон. Бааранд нэг шил 0.75 литрийн Сархад архи, 5 шил пиво, нэг ус, нэг ундаа авч сууцгаасан. Тэгээд бүжиглэж байсан чинь хүмүүс өдөөд байхаар нь за за энд удаан суувал зодоон болох юм байна гээд буудлын өрөөнд орсон. Буудлын өрөөнд орохдоо тал архиа бариад орсон. Тухайн үед нь *** бид 2 буудлын өрөөнд унтчихсан. *** ***ын дүү гээд байсан эмэгтэйтэй хамт 2 ширхэг 2.5 литрийн пивонд явсан. Тэгээд ирэхээр нь би тухайн пивноос нь уугаад тасраад унтаад өгсөн. Шөнө сэрсэн чинь пиво дуусчихсан. Тэгээд би гарч таксинд бариад нэг том пиво авчираад ууж байгаад тасраад унтчихсан. Тэгээд өглөө босоод  мөнгөө тоолсон чинь 80 000 төгрөг болсон байсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ айгаад Samsung-j7 маркийн гар утас, Sony маркийн гар утас, бугуйн цаг, 110 000 төгрөг байхаар нь аваад гар утсыг нь ломбарданд 220 000 төгрөгөөр тавьж эхнэр дээрээ очоод Шарын гол явсан. Цагийг нь хаячихсан, хаана хаясанаа сайн мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж, хохирогчтой эвлэрсэн гэх мэдүүлэг, 

    Хохирогч  ***ын хэрэг бүртгэлтэд өгсөн:
    Би 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад дүү ***г дуудаад гэртээ нэг том 2.5 литрийн Боргио пиво хувааж уугаад бид хоёр хамт Дархан сумын 5 дугаар багийн *** гэх нэртэй караокед орж 4 шил 0.5 литрийн пиво авч уугаад сууж байсан. Тэгээд хамт явж байсан дүүгийн маань ээж нь мөнгө явуулна гээд ирэхгүй болохоор нь баарны зөөгчид төмөр замын 15 дугаар байранд очоод мөнгө аваад ирье гээд очоод байж байсан чинь *** гэх залуу над руу залгаад *** бааранд *** гээд цахим үнэмлэх тавьчихсан байна ирж авахгүй юм уу гэсэн. Тэгээд үнэмлэхээ авах гээд очсон чинь тухайн баарны зөөгч *** бас найз нь гэх залуутай хамт сууж байсан. Тэгэхээр нь би дүүтэйгээ хамт бичиг баримтаа авья гэсэн чинь энэ ах мөнгийг нь өгчихсөн гээд тухайн залууд бичиг баримтыг маань өгсөн. Тэгээд тухайн залуучууд бид 2-ыг хамт жаахан сууя гэхээр нь тэгье гээд танилцаад хамт *** бааранд орж ***, ***, *** бид 4 хамт  сууцгаасан. Тэгээд тухайн бааранд нэг шил архи хувааж уугаад хэсэг хамт суусан. Тэгсэн *** баарны зөөгч над руу утасдаад *** буудал руу очиж байна таксины мөнгө аваад очоорой гэж хэлсэн. Тэгээд ирэхээр нь хамт сууж байсан чинь *** буудалд нь өрөө авчихсан байгаа цүнх куртикийг чинь дээш нь өрөөнд оруулчихья гээд ***т өгсөн. Тухайн үед нь би утас, түрийвчээ авч үлдсэн. Тэгээд баар тарахаас нь өмнө тус буудалд ороод хоёр том пиво уугаад ***найз нь гээд нэг залуу байсан. Тэгээд хамт ууж байгаад манай дүү *** 2-3 цагийн орчим явсан би тухайн үед нь явахгүй манайд хүн ирчихсэн байгаа гээд ***, ***, найз нь гээд нэг залуугийн хамт үлдсэн. Тэгээд *** согтоод унтаад өгсөн. Тэгээд 8 цагийн орчим сэрсэн чинь найз нь гэх залуу ***, *** нар эхнэрүүддээ эрүүлжүүлэхэд хоносон гэж хэлнэ гэж байсан тухайн үед хэвтэж байгаад би унтаад өгчихсөн байсан. Тэгээд сэрсэн чинь миний гар утас, цүнхэн дотор байсан гар утас, цаг болон түрийвчинд байсан бэлэн 110 000 төгрөг алга болсон байсан. Намайг сэрэхэд миний түрийвчийг гаргаад тавьсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Б.***хэрэг бүртгэлтэд өгсөн:

Тус өдөр манай найз *** охинтой боллоо гээд 19 цагийн орчим *** бааранд дуудахаар нь яваад очиход ***аас гадна 4 хүн байсан. *** бид 2 гадаа гарч утсаар ярьчихаад буцаад ороод ирсэн чинь тус бааранд сууж байсан хоёр хүүхэн гараад явчихсан байсан. Тэгээд тус баарны барменаас дугаарыг нь мэдэх үү өгчих гэсэн чинь өгөхгүй байсан. Тэгтэл тухайн бармен саяны хоёр эмэгтэй иргэний үнэмлэхээ үлдээсэн удахгүй ирнэ гэсэн. *** тухайн баарны ресепшинд 10 000 төгрөг өгөөд тухайн хоёр хүүхний утасны дугаарыг нь иргэний үнэмлэхтэй нь аваад утас руу нь залгаж *** бааранд дуудахад удалгүй тэр хоёр ирсэн. Тэгээд тэр хоёр хүүхнийг ирэхээс өмнө *** 4 шил 0.5 литрийн пиво уусан. Тэр 2 хүүхэн ирээд дахиад 8 шил Сэнгүр гэх 0.5 литрийн пиво уусан. Ууж дуусаад бид 4 Оcean гэх нэртэй бааранд ороод 0.75 литрийн Сархад архи аваад бүжиглэж байтал удалгүй араас *** баарны бармен ирсэн. Архиа ууж байгаад архи дуусаад *** баарны бармен явсан. *** тухайн үед буудлын 201 дугаарын өрөө авсан байсан. Баар хаахаас өмнө тус өрөөнд ороод 5 шилтэй 0.5 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво аваад ууж дуусаад би 23 цагийн орчим S маркет орж 2.5 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво 3 ширхэгийг аваад буудал руу орсон. ... тэгээд хамт пиво ууж байтал тухайн хоёр хүүхэн хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгтэл 20 гаран насны хүүхэн шөнийн 3 цагийн орчим яваад өгчихсөн. Тэгээд бид 3 пиво уучихаад унтаад өгсөн. Тэгээд өглөө 7 цагийн үед сэрээд би босоод дэлгүүр явж нэг том пиво авч ирээд хувааж уугаад ***ын эхнэр нь эмнэлгээс гарна гээд *** бид 2 гараад нөгөө хамт явж байсан хүүхэн унтаад үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23/, 

Гэрч Д.***гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 

Би тухайн өдөр найз *** эгчтэй хамт уулзаад гэрт нь очоод нэг том лааз пиво хувааж уугаад гэрээс нь гарсан. Гараад *** нэртэй караокед ороод хоёр хоёр пиво хувааж уугаад надад хөдөөнөөс мөнгө ирэх байсан ирэхгүй болохоор нь *** эгч Чингис гэдэг найзаасаа 110 000 төгрөг байрныхаа түрээсийн мөнгөтэй хамт авсан гэж ярьж байсан. Тэгээд тухайн айлд хоол идээд сууж байгаад үнэмлэхээ авах гээд гарсан. Тухайн үед *** эгч рүү *** бааранд *** гэсэн үнэмлэх үлдээсэн байна ирж ав гэсэн тэгээд яваад очсон. Танихгүй 2 залуу миний  үнэмлэхийг авчихсан байсан. Тэгээд тухайн 2 залуу буюу ***, *** нарын хамт *** гэх нэртэй бааранд очоод нэг шил архи 2 ундаатай аваад хамт ууж бүжиглэсэн.Тэгээд удалгүй араас *** караокений зөөгч ирээд тавуулаа хамт сууж байсан. Тэгсэн *** дээд давхарт нь буудал авсан гээд дээшээ өрөөнд орохоор болсон. Тэгсэн тухайн *** баарны бармен нь яваад өгсөн. Тэгээд *** гэх залуугийн хамт би пивонд явсан. Тэгсэн удалгүй өндөр цагаан залуу нь ***найз нь гээд орж ирсэн. Тэгээд тухайн пиво уучихаад гэр рүүгээ яваад өгсөн. Намайг явахад ***, ***, *** тэгээд найз нь гээд нэрийг нь мэдэхгүй залуу 4 үлдсэн. Тэгээд өглөө 9 цагийн үед *** эгч рүү залгасан чинь нэг эрэгтэй хүн аваад чи ирнэ гэсэн яасан гэсэн тэгэхээр нь би буцаагаад *** буюу *** эгчтэй ярья гэсэн чинь унтаж байна гээд салгасан тэгээд дахиж холбогдоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
    
***ын хэрэг бүртгэлтэд өгсөн:

Тус өдөр нэг эмэгтэй хоёр залуутай манай буудалд 201 дугаарын өрөөнд 23 цагийн орчим ороод нэг эмэгтэй нэмэгдэж ирээд байж байгаад сүүлд ирсэн эмэгтэй нь буцаж гарч яваад тэр эмэгтэй 2 залутуай хамт хоносон. Тэд нар шөнө гаднаас пиво авчирч уугаад байсан. Өглөө 7 цаг хүртэл унтаагүй. Өглөө 8 цагийн өнгөрч байхад хоёр залуу нь буудлаас гараад явчихсан. Эмэгтэй нь унтсан бололтой чимээгүй болсон. Тэгээд би тэр өдөр 11:30 цагт хаалгыг нь тогшоод сэрээгээд гарах цаг чинь боллоо шүү гэж хэлчихээд буцаад өрөөндөө ороод сууж байтал тэр эмэгтэй араас орж ирээд миний гар утас алга болсон байна, түрийвчинд байсан мөнгө байхгүй байна гээд миний утсаар цагдаад дуудлага өгчихөөд өөрөө гараад явчихсан. Надаас хамт явсан хүмүүсээ асуухаар нь би мэдэхгүй хамт хоносон хоёр залуу чинь өглөө гараад явсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23/ 

эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-10/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-38/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-59/, эвлэрлийн гэрээ зэрэг болно.  

Шүүгдэгч ***нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Өүшин буудлын 201 тоот өрөөнд ***ын Samsung-J7, Sony маркийн 2 ширхэг гар утас, Cucci брендийн эмэгтэй бугуйн цаг, бэлэн 110 000 төгрөгийг хулгайлж 670 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

Гэсэн хэдий ч хохирогч *** нь шүүгдэгч ***тай шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд энэ нь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч ***нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.   
  
    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ***нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болно.

     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч ***  ***ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш шүүгдэгч болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ