Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 138

 

Х.У, Х.Э, Х.Ч

нарын нэхэмжлэлтэй хариуцагч

ОШГА-д холбогдох иргэний

хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/00969 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х.У, Х.Э, Х.Ч нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОШГА-д холбогдох,

“Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс гишүүнд ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Б.Э, нарийн бичгийн дарга У.С нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Ч, Х.У, Х.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-р бичил хороололын орон сууц 1987 онд ашиглалтанд орсоноор уг орон сууцанд бид амьдарч эхэлсэн бөгөөд 1998 оны 04 сарын 13-нд хуульд заасан журмын дагуу орон сууцаа хувьчилж авснаар өнөөдрийг хүртэл бид өмчлөгч хэвээрээ байцгааж байна. Гэтэл бид нарын төрсөн эцэг Л.Х, төрсөн эх Ц.М, хамтран өмчлөгч Х.Э нарын зээлийн төлбөрт Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 1097 дугаартай шийдвэрээр 51 258 712 төгрөг гаргуулан ХААН банкны Орхон аймгийн салбарт олгуулахаар шийдвэрлэсний дагуу Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 07 сарын 31-ний өдрийн 07/03 дугаартай тогтоолоор 2018 оны 08 сарын 17-ны өглөө 10 цагт 55 125 000 төгрөгөөс эхлэн дуудаж худалдан борлуулахаар болжээ. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба орон сууцыг маань 2018 онд 78 500 000 төгрөгөөр үнэлүүлсэн бөгөөд /78 500 000:6 ам бүл=13 125 000 төгрөг ногдож байгаа бөгөөд бид гуравт оногдох хэсэг нийт 39 375 000 төгрөг болох юм. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх орон сууцны хамтран өмчлөгчид бид нараас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байж тэд нарын өрөөнд орон байрыг маань хураах гэж байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 129-р зүйлийн 129.1.3-т: гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлуулахаар заажээ. Мөн хуулийн 129-р зүйлийн 129.6-д Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ гэжээ. Бид гэр дотроо маргаагүй ч бид нарын өмчлөх эрхэд Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба халдаж байгаа учир бид шүүхээр өөрт ногдох хэсгээ тодорхойлуулна. Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18-35 тоот 3 өрөө орон сууцны үнээс Х.Ч, Х.Э, Х.У бид ногдох хэсгийг тодорхойлон тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1097 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Ц М, Л Х, Хын Э нараас 50 846 529 төгрөг гаргуулж Хаан банк-ны Орхон салбарт олгох, 2-т Хаан банкны Ц.М, Л.Х, X Э нартай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн БЗГ 14/236 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 3-т Хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх 50.846.529 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 -д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 18 дугаар байрны 35 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101001133 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах, 4-т Хариуцагч нараас 412.183 төгрөг гаргуулж тус тус олгохоор шийдвэрлэсэн. Шүүхээс гүйцэтгэх баримт бичгийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 1714428 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.М. Л.Х, Х.Э нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 18 дугаар байрны 35 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101001133 дугаарт бүртгэгдсэн 38 м талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 17/57/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 17/57/05 дугаартай тогтоолоор хураан авсан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйл, 177.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу "Л ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шинжээч томилоход уг орон сууц нь 75.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Дээрх үнэлгээнд төлбөр төлөгч Ц.М нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 150 дугаар шийдвэрээр Л ХХКомпаний үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 18 дугаар байрны 35 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101001133 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг Найдвар Од ХХК-д 2018 оны 03 дугаар сарын 06-ний өдөр шинжээч томилоход уг орон сууц нь 78.750.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3/384 тоот албан бичгээр үнэлгээг төлбөр төлөгч нарт мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Х.Ч, Х.Э, Х.У нарт 2018 оны 03 дугаар сарын 3/387 тоот албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ц.М, Л.Х, Х.Э нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 18 дугаар байрны 35 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101001133 дугаарт бүртгэгдсэн 38 м" талбай бүхий 3 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлгээ болох 78.750.000 төгрөгийн 70 хувь 55.125.000 төгрөгөөр Анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 04 дүгээр 16-ны өдрийн 4/02 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагт оруулах байсан боловч төлбөр авагч Хаан банк 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаар албан бичгээр анхны албадан дуудлага худалдааг 1 сараар хойшлуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан тул анхны албадан дуудлага худалдааг 1 сараар хойшлуулсан. Төлбөр авагч Хаан банк нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан хугацаандаа төлбөр төлөгч нь төлбөрөө төлөөгүй тул албадан дуудлага худалдаанд оруулж ажиллагаа хийж өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 78.750.000 /далан найман сая долоон зуун тавиг мянга/ төгрөгийн 70 хувиар тооцон 55.125.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр оруулах байсан боловч нэхэмжлэгч X Ч, Х.У, Х.Э нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Иймд тус газраас Хүчин төгөлдөр Шүүхийн шийдвэр, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 18 дугаар байрны 35 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101001133 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орог сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар ажиллаж байгаа тул нэхэмжлэгч Х.Ч Х.У, Х.Э нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/00969 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 129 дүгээр зүйлийн 129.1.3, 129.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ч, Х.У, Х.Э нарын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Ч, Х.У нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Х.Э улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэрзүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 3520 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Х.Эыг хамтран зээлдэгч гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Хаан банкны Орхон салбараас Л.Х, Ц.М нарыг татаж улмаар Орхон аймаг дахь сум дундын иргэиий хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.12-ны одрийн 1097 дугаартай шийдвэрээр дээрх 3 хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэрэв Х.Э хамтран зээлдэгч байсан бол банк дөрвүүлэнгээс нь зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэх байсан байх. Иргэний хуулийн 129-р зүйлийн 129.1.3-т заасан шаардах эрх Х.Эд байгаа бөгөөд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөөс өөрт ногдох хэсгээ тодорхойлуулах эрхтэй байхад хамтран зээлдэгч байсан байна гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийж түүний шаардлагыг хэрэгсэхгүй болгосон явдал нь үндэслэлгүй болжээ.

Х.Э эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.2-т заасан: "Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн гэж Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийи асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхий гишүүнийг нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай гишүүн юм. Хэрэв тухайн оро сууцнаас өөрт ногдох хэсгээ тодорхойлуулаад авбал өөрт нь ашигтай юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг тал бүрээс нь нарийн хянан үзэж нэхэмжлэгч Х.Эы нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х.Ч, Х.У, Х.Э нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийн дагуу хураагдаж битүүмжлэгдсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5 дугаар хороолол, 18 дугаар байр 35 тоот 3 өрөө байрыг бусад өмчлөгч нараас зөвшөөрөл аваагүйгээр зээлийн өрөнд орон байрыг хурааж байгаа тул гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлон тогтоолгоно гэсэн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нарын гэр бүлийн гишүүд болох Ц.М, Л.Х, Х.Э нар нь Хаан банкны Орхон аймаг дахь салбараас 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 70.000.000 сая төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авахдаа барьцааны гэрээгээр Баян-Өндөр сум, 5 дугаар баг Уртбулаг баг 5-18-35 тоот 3 өрөө байрыг барьцаалсан байх ба зээлийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүйн улмаас Хаан банк гэрээ цуцалж зээл гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1097 дугаар шийдвэрээр Ц.М, Л.Х, Х.Э нараас 50.846.529 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр шүүх хангуулахаар шийдвэрлэгдэж шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Энэ шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж барьцааны гэрээгээр барьцаалагдсан Орхон аймаг, Баян-Өндөр сум 5-18-35 тоот 3 өрөө байрыг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр битүүмжилж хураан авсан байна.

Албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авч, талууд тохиролцоонд хүрээгүй учраас шинжээчийн дүгнэлт гаргуулахаар “Найдвар Од” ХХК-иар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэж 78.750.000 төгрөгөөр үнэлсэн зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Ч, Х.Э, Х.У нар нь Баян-Өндөр сум, Уртбулаг багийн байрны өмчлөгч мөн тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3-т зааснаар гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгээ тодорхойлуулахаар шаардах эрхтэй боловч Х.У нь 2014 оны 03 дугаар сарын 29, 04 дүгээр сарын 02-ны өдөр, Х.Ч нь 2014 оны 03 дугаар сарын 29, 04 дүгээр сарын 03-ны өдөр тус тус Ц.Мад тухайн байрыг барьцаанд тавих, гэрээнд гарын үсэг зурах, барьцаалбарт төлөөлөх, үүргийн гүйцэтгэлд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг Ц.Мад 1, 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр өгсөн, нэхэмжлэгч Х.Э нь Хаан банкнаас Ц.М, Л.Х, Х.Э нарын зээлийн болон барьцааны гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан зэрэг нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалж зээл авахыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ тодорхойлуулах эрхээ алдсан гэсэн үндэслэлээр дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 128, 129 дугаар зүйлийн зохицуулалтанд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.Э-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны 142/ШШ2018/00969 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

         ШҮҮГЧИД                                                   Б.БАТТӨР

                                                                             С.УРАНЧИМЭГ