| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/03095/И |
| Дугаар | 101/ШШ2022/01344 |
| Огноо | 2022-03-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2022/01344
022 03 24 101/ШШ2022/01344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,*******,
гэм хорын хохиролд 4,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ж.Мөнхцэцэг, нэхэмжлэгч Ж.Ариунтуяа, хариуцагч З.Ханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ариунтуяа нь хариуцагч З.Хандад холбогдуулан гэм хорын хохиролд 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хорооллын парадоксын явган хүний гарцан дээр 97-86 УНА улсын дугаартай автомашинд мөргүүлж, тухайн үед гэмтлийн эмнэлэг орж томограф хийлгэж, хүзүү хөл зэргээ үзүүлсэн боловч хэд хоногийн дараа гаж нөлөө гарч эхэлснээр нураандаа гэмтэл авснаа мэдсэн. Одоо 3 сар тутамд эмчид үзүүлдэг, тухайн үед жирэмсэн болсон байгаад хүүхдээ алдсанд гомдолтой байгаа тул эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэсэн 2021-07-01-ний өдрөөс 2021-8-15-ны өдрийг хүртэлх 45 хоногийн хугацааны аваагүй цалинд 2,250,000 төгрөгийг, эмчилгээний гарсан зардалд 648,500 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1,101,500 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч хариу тайлбартаа 2021 оны 7 дугаар сарын 1-ний оройн 8 цагийн үед хорооллын замд явж байгаад осол гаргасан тул нэхэмжлэгчид яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, Гэмтлийн эмнэлэг дээр авчирч үзүүлсэн. Цагдаад хандсан хохирогч тал шүүх шинжилгээгээр явж үзүүлсэн. Сэтгэл санааны хохирол гэж байгаа зүйлийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн баримтууд зөрж байна гэж үзэж байгаа. 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч эмнэлэгт хэвтсэн ч юм уу, акттай байсан гэдгийг нотлох зүйл байхгүй. Ээлжийн амралтаа авсан байж болно. Лабораторийн цаг байсан үзүүлсэн гэдгийг нь нотлох зүйл байхгүй байна. Анх тээврийн прокурор дээр хэрэг явж байхад нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. Би нийт 400 гаруй мянган төгрөгийн хохирол төлсөн. НӨАТ-тай дүн болох 347.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Иргэдийн төлөөлөгч иргэн хүний хувьд нотлох баримт хангалттай авагдсан эсэхийг шүүх шалгах байх, хохирлыг бүрэн барагдуулах ёстой гэсэн дүгнэлт гаргажээ.
Нэхэмжлэгчээс 2021-7-5-ны өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн 35,000 төгрөгийн баримт, Нил фарм маркет ХХК-ийн 2021-7-23-ны өдрийн 108,500 төгрөгийн баримт, Сайхан хан энерги ХХК-ийн Веst massage 12-р төв гэж бичигдсэн 2021-8-14-ний өдрийн 175,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2021-7-7-ны өдрийн 232,000 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ гэсэн НӨАТ баримт, 2021-7-10-ны өдрийн 13,000 төгрөгийн Түмэн сувд сүрэг ХХК-ийн зарлагын баримт, 2021-7-5-ны өдрийн Долмалин ХХК-ийн 25,000 төгрөгийн баримт, Ш.Болд мэдрэлийн мэс засалч гэсэн тэмдэг дарагдсан 2021-7-8-ны өдрийн 30,000 төгрөгийн, 2021-7-6-ны өдрийн 30,000 төгрөгийн кассын орлогын ордер, HAPPY FAMILY нэртэй канондсон баримт, тээврийн прокурорын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын гэрэл зургийн үзүүлэлт, Арина компьютерс ХХК-ийн 2021-7-8-ны өдрийн тодорхойлолт, Ж.Ариунтуяагийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2021-7-1-ний өдрийн огноотой эрүүл мэндийн үйлчилгээ 260,000 төгрөгийн баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021-7-7-ны өдрийн 5938 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 2021-7-19-ний өдрийн 418 дугаартай прокурорын тогтоол, 1680375 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, 1644951 дугаартай эмнэлгийн хуудас, 1622584 дугаартай эмнэлгийн хуудас, 1622656 дугаартай эмнэлгийн хуудас зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр 97-86 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаа, хариуцагчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс Ж.Ариунтуяагийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмчийн үзлэгийн хуудас зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ариунтуяа нь хариуцагч З.Хандад холбогдуулан аваагүй цалинд 2,250,000 төгрөг, эмчилгээний гарсан зардалд 648,500 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1,101,500 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс 2,729,318 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 1,270,682 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч З.Ханд нь өөрийн эзэмшлийн 97-86 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 20 цагийн орчимд замын хөдөлгөөнд оролцох үедээ Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Парадоксын автобусны буудлын явган хүний гарц нь дээр явган зорчигч Ж.Ариунтуяаг мөргөсөн гэх гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5938 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ж.Ариунтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан Тээврийн прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 418 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдож байна.
Дээрх ослын улмаас нэхэмжлэгч Ж.Ариунтуяагийн биед баруун бугуй, баруун тохой, баруун гарын 2.3.4-р хуруунд зулгаралт, баруун хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 5938 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хариуцагч З.Ханд дээрх ослын гэм буруутай байдлын талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,250,000 төгрөгийг 2021-07-01-ний өдрөөс 2021-8-15-ны өдрийг хүртэлх хугацаанд дутуу авсан цалин хөлс гэж, 648,500 төгрөгийг эмчилгээнд гарсан зардал гэж, 1,101,500 төгрөгийг сэтгэл санааны хохирол гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зааснаар эрх нь зөрчигдсөн нэхэмжлэгч гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.
1. Хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс гаргуулах шаардлагын тухайд
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.Ариунтуяад олгогдсон 1622656 дугаартай эмнэлгийн хуудсанд хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг 2021-7-2-ны өдрөөс 2021-7-15-ны өдөр гэж, Ж.Ариунтуяад олгогдсон 1622584 дугаартай эмнэлгийн хуудсанд хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг 2021-7-16-ны өдрөөс 2021-7-29-ний өдөр гэж, Ж.Ариунтуяад олгогдсон 1622656 дугаартай эмнэлгийн хуудсанд хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг 2021-7-2-ны өдрөөс 2021-7-15-ны өдөр гэж, Ж.Ариунтуяад олгогдсон 1644951 дугаартай эмнэлгийн хуудсанд хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг 2021-7-30-ны өдрөөс 2021-08-26-ны өдөр гэж, Ж.Ариунтуяад олгогдсон 1680375 дугаартай эмнэлгийн хуудсанд хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг 2021-9-3-ны өдрөөс 2021-9-13-ны өдөр гэж бичигдсэн байна.
Хариуцагчийн зүгээс дээрх баримтуудыг үгүйсгэж, няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийг эмнэлэгт хэвтсэн, акттай байсан, лабораторийн цаг байсан үзүүлсэн эсэх нь тодорхойгүй, ээлжийн амралт авсан байж болно гэх татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг эрүүл мэнд гэж тодорхойлсон байна. Тиймээс хүний сайн сайхан байх эрхэд нь халдсан, эсхүл амьдрах боломжийг нь алдагдуулсан этгээд учруулсан гэм хорыг эд хөрөнгийн байдлаар хариуцан арилгах нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн зөрчигдсөн эрхийг хамгаалах зохицуулалтын аргатай холбогдоно.
Тиймээс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй тул хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлоход хохигчийн эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас авч байсан цалин нь урьд эрүүл байхдаа авч байсан цалин орлогоос буурсан зөрүүг ойлгоно.
Нэхэмжлэгч өөрийгөө Арина компьютерс ХХК-нд борлуулагчаар ажилладаг болохыг тайлбарлаж, тухайн байгууллагын 2021-7-08-ны өдрийн тодорхойлолтод Ж.Ариунтуяагийн нэг сарын дундаж цалинг 1,500,000 төгрөг гэж тодорхойлсон байх боловч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч нь 2021 оны 5-р сард 1,814,853.29 төгрөг, 6-р сард 1,865,133 төгрөг, 7-р сард 296,781.54 төгрөг, 8-р сард 153,500 төгрөг, 9-р сард 264,638.70 төгрөг, 10-р сард 2,212,020.29 төгрөгийн цалин авсан болох нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.Ариунтуяа нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зам тээврийн осолд орсны улмаас 2021-7-20, 2021-7-30, 2021-8-27, 2021-9-30-ны өдрүүдэд эмнэлгийн хуудас олгогдсон байна.
Гэхдээ нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэж тодорхойлсон тул дурдсан хугацаанд түүний цалин хөлс буурсан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 2,250,000 төгрөгийг шаардсан ба Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж журамласан.
Тиймээс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн зам тээврийн осолд орохын өмнөх буюу 2021 оны 4, 5, 6 дугаар саруудаас тооцоход нэхэмжлэгчийн дундаж цалин 1,636,203 төгрөг байна.
2021 оны 4-р сард 1,228,624 төгрөг,
2021 оны 5-р сард 1,814,853.29 төгрөг,
2021 оны 6-р сард 1,865,133 төгрөг = 4,908,610:3 = 1,636,203 төгрөг байна.
Нэхэмжлэгчид 2021 оны 7-р сард 296,781.54 төгрөгийн цалин, 8-р сард 153,500 төгрөгийн цалин тус тус бодогдож, шимтгэл төлөгдсөн байх тул эдгээрийг дундаж цалингаас хасаж тооцоход 2021 оны 7-р сард 1,339,421.46 төгрөг /1,636,203-296,781.54/-ийн,
2021 оны 8-р сард 741,396,5 төгрөг /1,636,203 :2=818,101.5 төгрөг, тухайн сард олгогдсон цалин 153,500:2=76,750 төгрөгийг 818,101.5-76,750/-ийн, нийт 2,080,818 төгрөгийг хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд тооцох үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчид 2021 оны 7 дугаар сарын 30, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус тус олгогдсон 1622584, 1644951 дугаартай эмнэлгийн хуудаст хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийн тооцоо хийгдсэн байх боловч дээрх журмын 2-т зааснаар энэхүү тэтгэмж нь цалин хөлсний бүрдэлд орохгүй.
2. Эмчилгээний зардал гаргуулах шаардлагын тухайд
Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар үйлүүлэгчийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх, оношилгоо, эмчилгээний үйлдэл, ажилбар хийх, мэргэжлийн дүгнэлт гаргах, хянах, сэргээн засах, сэхээн амьдруулах тусламж үзүүлэх цогц үйл ажиллагааг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамаарна гэж заасан.
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн 2022-01-24-ний өдрийн 01/27 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Ж.Ариунтуяа нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл поликлиникийн гэмтлийн эмчийн хяналтад үзүүлж, биеийн олон хэсгийг хамарсан бусад тодорхой гэмтэл оноштой, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл поликлиникийн мэдрэлийн эмчийн хяналтад үзүүлж, ишиастай хавсарсан люмбаго оноштойгоор эмнэлгийн хуудас авч, тус төвийн поликлиникийн гэмтэл, мэдрэл, уламжлалтын үзлэг, физик эмчилгээний нийт 21 удаагийн тусламж үйлчилгээ авсан болохыг тодорхойлж, эмнэлгийн байгууллагын нэгдсэн системийн эмчилгээний цаг авсан талаарх баримтыг хавсаргаж ирүүлсэн.
Нэхэмжлэгч дээрх байгууллагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаар түүнд 648,500 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан Мөнгөн гүүр эмнэлгийн 2021-7-5-ны өдрийн гэмтэл согогийн зөвлөх эмчийн үзлэг, зөвлөгөө 35,000 төгрөгийн баримт, Нил фарм маркет ХХК-ийн 2021-7-23-ны өдрийн нейромидин, тариурын 108,500 төгрөгийн баримт, Сайхан хан энерги ХХК-ийн Веst massage 12-р төвийн 2021-8-14-ний өдрийн 175,000 төгрөгийн баримт, 2021-7-7-ны өдрийн эрүүл мэндийн үйлчилгээний 232,000 төгрөгийн НӨАТ-н баримт, 2021-7-10-ны өдрийн 200мл комдкор 13,000 төгрөгийн баримт, Долмалин ХХК-ийн 2021-7-5-ны өдрийн бариа заслын эмчилгээний 25,000 төгрөгийн баримт, Ш.Болд мэдрэлийн мэс засалч эмчид үзүүлсэн үзлэгийн 2021-7-6, 2021-7-8-ны өдрийн 60,000 төгрөгийн баримт зэргээр нотлогдож, цаг хугацааны хувьд эмчилгээ хийсэн хугацаанд хамаарч байна.
Хариуцагч З.Хандын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд тодорхой хэмжээний сөрөг үр дагавар учирсан буюу хохирсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан эмчилгээний зардал 648,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Харин Сайхан хан энерги ХХК-ийн Веst massage 12-р төв гэж бичигдсэн 175,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, 13,000 төгрөгийн Түмэн сувд сүрэг ХХК-ийн зарлагын баримт, Ш.Болд мэдрэлийн мэс засалч гэсэн тэмдэг дарагдсан 60,000 төгрөгийн кассын орлогын ордер зэрэг баримтыг нэмэгдсэн өртгийн албан татварын баримтгүй гэх үндэслэлээр хариуцагч 301,500 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж татгалзаж байх боловч төлбөрийн баримтуудыг хэргийн бусад баримт, зохигчийн тайлбартай харьцуулан үзэхэд тухайн эмчилгээг нэхэмжлэгч хийлгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгоогүй нь нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэсэн байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
3. Сэтгэл санааны хохирол 1,101,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Нэхэмжлэгч зам тээврийн осолд орох үед жирэмсэн байснаар үр зулбасан гэж тайлбарлаж, нотлох баримтаар гаргасан хавтаст хэргийн 10-р талд авагдсан HAPPY FAMILY нэртэй баримтад Ariuntuya, Jamsran гээд 2021-7-28-ны өдөр үзүүлсэн эхо ойлтын баримт байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021-7-07-ны өдрийн 5938 дугаартай шинжээчийн дүгнэлтэд энэ талаар тусгагдаагүй байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй гэж, хуулийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч Ж.Ариунтуяагийн үр зулбасан буюу сэтгэл санаагаар хохирсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул сэтгэл санааны хохиролд шаардсан 1,101,500 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. Иймд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 2,080,818 төгрөгийг, эмчилгээний зардалд 648,500 төгрөгийг, нийт 2,729,318 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 1,270,682 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн, шүүх дээр дурдсанаар хэргийг шийдвэрлэсэн болно.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,619 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Хандаас 2,729,318 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ариунтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,270,682 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Хандаас 58,619 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч Ж.Ариунтуяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ