| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/00958/И |
| Дугаар | 101/ШШ2022/00273 |
| Огноо | 2022-01-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2022/00273
2021 11 11 101/ШШ2022/00273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Н.Сарангүн, шүүгч Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
*******,*******,*******,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,
гэм хорын хохиролд 2,050,400 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч З.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, иргэдийн төлөөлөгч П.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Мөнхзаяа нь З.Сэлэнгэд холбогдуулан гэм хорын хохиролд 2,050,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд
Миний 7 настай хүү Ц.Тэмүүжинг маань 2016-9-6-ны өдөр ялтан З.Сэлэнгэ нь өөрийн үеэл дүү ялтан П.Барсболддоо захиалга өгч амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаад шүүхээс гэм буруутайд тооцож, 3 шатны эрүүгийн шүүхээр эцэслэн хэлэлцэж одоо эдгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ялаа эдэлж байгаа. Энэ эрүүгийн хэрэг миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож оролцсон бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолоор зарим нэг хохиролыг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсэн. Тухайн цаг хугацаанд нотлон баримтаа бүрдүүлж амжаагүй. Иймд дүүгээ хүнд хорлогдсоны дараа дүүгийнхээ ажил төрөлд оролцохоор Тайваньд суралцаж байсан том охин Ц.Хулан онгоцоор ирж буцсан зардал болох 1,844,000 төгрөг, Улаанбаатар хотод Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралд нөхөр Цэдэвдоржийн хамт оролцохоор ирсэн, буцсан автобусны зардал 126,400 төгрөг, ийнхүү Улсын дээд шүүхийн хуралд оролцохоор ирээд Улаанбаатар хотод Улз зочид буудалд байрласан төлбөрт 80,000 төгрөгийг тус тус гаргуулна гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа Эйрзоны компаниас ирсэн баримтын хугацаа тохирохгүй, бүрэн гүйцэт биш, эрүүгийн хэргээс авч өгсөн хуулбар 1 хуудас баримтын үг үсэг тоо нь харагдахгүй байгаа. Нэг дэх өдөр нисэх нислэгтэй хүн дөрөв дэх өдөр гэж зөрүүтэй авсан бол билетээ солиулах ёстой байсан. Мөрдөн байцаалтын явцад Ц.Хулан гэдэг охин нь мэдүүлэг өгөөгүй. Хэрвээ үнэхээр дүүгийнхээ ажил явдалд ирсэн бол мөрдөн байцаагчид гомдол гаргаад тодорхой хэмжээнд мэдүүлэг өгөөд явах байсан гэж бодож байна. Улсын дээд шүүхийн шийдвэр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр орсон байхад надаас 2018 оны 04 дүгээр сарын 23-24-нд орсон буудлын мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Би өөрөө эх хүн учраас бусдын гэм зэмгүй хүүхдийг хохироох муу санаа надад байхгүй. Би өөрийн гэм буруугүй болохыг нотлохын тулд 4 дэх өмгөөлөгчөө аваад явж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Иргэдийн төлөөлөгч Дорнод аймгаас ажил явдал гараад ирсэн зардлыг хохирогч талд гаргах нь тодорхой, онгоцны хувьд он, сар нь зөрүүтэй тул хохирогч тал гаргах шаардлаггүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Нэхэмжлэгчээс Ц.Цэдэвдорж, Л.Мөнхзаяа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-3/, тэдгээрийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4, 2/, Ц.Хулангийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11-р сарын 24-ний өдрийн 283 дугаартай тогтоол /хх-5-18, 77-90/, Эйрзоне ХХК-ийн 1,844,000 төгрөгийн төлбөрийн баримт /хх-19/, Улз зочид буудлын 2017 оны 11-р сарын 24, 2018 оны 4-р сарын 24-ний өдрийн санхүүгийн баримт /хх-20, 21/, 2017 оны 11-р сарын 22-ны өдрийн 3974160, 3974158 дугаартай хот хоорондын зорчих тасалбар /хх-22, 25/, 2017 оны 11-р сарын 24-ний өдрийн 4163173, 4163172 дугаартай хот хоорондын зорчих тасалбар /хх-23, 24/, AIRLINE TICKET NUMBER 28 9926 5351 176 дугаартай англи хэл дээрх баримт /хх-27/, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6-р сарын 22-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоол /хх-44-62/, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7-р сарын 26-ны өдрийн 39 дугаартай магадлал /хх-63-76/, Ц.Хулангийн бакалаврын дипломны хуулбар /хх-122/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын хүсэлтээр 2016-11-03-ны өдрийн огноотой хохирлын мөнгө нэхэмжлэх тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхзаяагийн хүсэлт /хх-131/, AIRMARKET гэсэн англи хэлээр бичигдсэн онгоцны тасалбар /хх-132/, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6-р сарын 22-ны өдрийн 88 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-133-155/, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид эрх, үүргийг тайлбарлаж өгсөн тухай баримтуудыг /хх-156/ шүүх бүрдүүлсэн байна.
Харин шүүх МИАТ ХК-иас Цэдэвдоржийн Хулан нь 289-9265351176 дугаартай билетийг 2017 оны 6-р сарын 6-ны өдөр билетийн гэрээт борлуулагч Мон-Аэр тур компаниас бэлэн мөнгөний төлбөрийн хэлбэрээр 1,803,600 төгрөгөөр худалдан авч, 2017 оны 6-р сарын 30-ны өдөр тус билетээр Тайвань Хонгконг Улаанбаатар чиглэлд, 2017 оны 8-р сарын 24-ний өдөр Улаанбаатар Хонгконг Тайвань чиглэлд тус тус зорчсон, тус зорчигч нь 2016 оны 9-р сарын 07-ны өдрөөс 8-ны өдөр Улаанбаатар Хонгконг чиглэлийн нислэгээр зорчсон талаар бүртгэгдээгүй болохыг 2021-12-24-ний өдрийн 01/1884 дугаар албан бичгээр тодорхойлсон тодорхойлолтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Мөнхзаяагийн нэхэмжлэлээс 108,200 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 1,942,200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний 7 настай хүү Ц.Тэмүүжинг маань 2016-9-6-ны өдөр ялтан З.Сэлэнгэ нь өөрийн үеэл дүү ялтан П.Барсболддоо захиалга өгч амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн бөгөөд эдгээр хүмүүсийг шүүхээс гэм буруутайд тооцсон. Тухайн үед Тайваньд суралцаж байсан том охин Ц.Хулан онгоцоор ирж буцсан зардал, Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирж Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралд нөхөр Цэдэвдоржийн хамт оролцохоор ирж, буцсан автобусны зардал, ийнхүү Улсын дээд шүүхийн хуралд оролцохоор ирээд Улаанбаатар хотод Улз зочид буудалд байрласан зочид буудлын төлбөр зэргийг нэхэмжилж байгаа гэж тодорхойлсон.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн Ц.Хулан гэх хүүхдийн онгоцны тасалбар болох Эйрзоны компаниас ирсэн баримтын хугацаа тохирохгүй, бүрэн гүйцэт биш, эрүүгийн хэргээс авч өгсөн хуулбар 1 хуудас баримтын үг үсэг тоо нь харагдахгүй байгаа. Мөрдөн байцаалтын явцад Ц.Хулан гэдэг охин нь мэдүүлэг өгөөгүй. Улсын дээд шүүхийн шийдвэр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарсан байхад 2018 оны 04 дүгээр сарын 23-24-нд орсон буудлын мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэж, маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6-р сарын 22-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч З.Сэлэнгийг хүнийг өс хонзонгоор, захиалгаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан, насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 23 жилийн хорих ялаар, ялтан П.Барсболдыг хүнийг захиалгаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан, бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жилийн хорих ял оногдуулсан байна /хх-44-62/.
Дээрх шийтгэх тогтоолд Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 39 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулсан байх боловч /хх-63-76/ Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 283 дугаар тогтоолоор 39 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6-р сарын 22-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагч З.Сэлэнгийг 20 жилийн хорих ялаар, ялтан П.Барсболдыг 14 жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн байна /хх-77-90/.
Харин Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6-р сарын 22-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолд хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд ялтан З.Сэлэнгээс 5,113,079 төгрөгийг, ялтан П.Барсболдоос 5,113,079 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхзаяад олгох, нотлох баримтгүй нэхэмжилсэн 3,066,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна /хх-61/.
Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон нэхэмжлэгч Л.Мөнхзаяа нь хүү Ц.Тэмүүжин нь 2016-9-6-ны өдөр бусдын гарт амь насаа алдснаар Тайваньд суралцаж байсан том охин Ц.Хулан онгоцоор ирж, буцсан зардалд 1,844,000 төгрөг, Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирж Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралд оролцохоор ирж, буцсан автобусны зардалд 126,400 төгрөг, Улаанбаатар хотод шүүх хуралдаанд ирж оролцохдоо байрласан Улз зочид буудлын төлбөрт 80,000 төгрөг, нийт 2,050,400 төгрөгийг хариуцагч З.Сэлэнгээс гаргуулахаар нэхэмжилсэн.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нэхэмжлэгчийн хүүгийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгт З.Сэлэнгэ, П.Барсболд гэх хоёр иргэнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулсан байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчаар З.Сэлэнгийг тодорхойлон татсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох тул нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага, үндэслэлийн хүрээнд хариуцагч З.Сэлэнгэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн болно.
Харин нэхэмжлэгч нь тодорхойлон гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлохоор гаргасан Эйрзоне ХХК-ийн 1,844,000 төгрөгийн төлбөрийн баримтад мөнгө төлөгчөөр Ц.Хулан гэж гарын үсэг зурсныг хариуцагч үгүйсгэж, Тайванд байгаа хүн энэхүү төлбөрийн баримтад гарын үсэг зурах боломжгүй гэж маргаснаар нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан AIRLINE TICKET NUMBER 2899265351176 дугаартай англи хэл дээрх баримтад он сар бичигдээгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас гаргуулсан AIRMARKET гэсэн англи хэлээр бичигдсэн баримтын бичвэр уншигдахгүй, бүдэг байсны улмаас нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан 2899265351176 дугаартай тасалбарыг хэн, хэзээ захиалсан талаарх лавлагааг МИАТ ХК-иас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн.
Ийнхүү МИАТ ТӨХК нь 2021 оны 12-р сарын 24-ний өдрийн 01/1884 дугаар албан бичигт Ц.Хулан нь 289-9265351176 дугаартай билетийг 2017 оны 6-р сарын 6-ны өдөр билетийн гэрээт борлуулагч Мон-Аэр тур компаниас бэлэн мөнгөний төлбөрийн хэлбэрээр 1,803,600 төгрөгөөр худалдан авч, 2017 оны 6-р сарын 30-ны өдөр тус билетээр Тайвань Хонгконг Улаанбаатар чиглэлд, 2017 оны 8-р сарын 24-ний өдөр Улаанбаатар Хонгконг Тайвань чиглэлд тус тус зорчсон, тус зорчигч нь 2016 оны 9-р сарын 07-ны өдрөөс 8-ны өдөр Улаанбаатар Хонгконг чиглэлийн нислэгээр зорчсон талаар бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон байна /хх-215-216/.
Тиймээс нэхэмжлэгчийн охин Ц.Хулан 2016 оны 9-р сарын 8-ны өдөр Тайвань Хонгконг Улаанбаатар чиглэлд, 2016 оны 9-р сарын 19-ний өдөр Улаанбаатар Хонгконг Тайвань чиглэлд тус тус зорчсон гэх байдал хэргийн баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхзаяа, өмгөөлөгч Д.Урансувд, Б.Тэнгис нарын хамт оролцсон болохыг хуралдааныг 283 дугаар тогтоолд дурдсан байх тул 2017 оны 11-р сарын 22-ны өдөр Дорнод аймаг*******аас Улаанбаатар хот руу зорчсон замын зардал 31,600 төгрөг, 2017 оны 11-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймаг******* руу зорчсон замын зардал 31,600 төгрөгийг тус тус нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болсон байх тул энэ өдрийн огноотой Улз зочид буудлын 45,000 төгрөгийн баримтад нэхэмжлэгчийн нэр, регистрийн дугаар бичигдсэн байх тул нэхэмжлэгч энэхүү зардлыг шаардах эрхтэй байна.
Харин 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өдрийн Улз зочид буудлын санхүүгийн баримтад нэхэмжлэгчийн нэр, регистрийн дугаар бичигдсэн, 2017 оны 11-р сарын 22-ны өдөр Дорнод аймаг*******аас Улаанбаатар хот руу, 2017 оны 11-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймаг******* руу зорчсон хот хоорондын зорчих тасалбарт нэхэмжлэгчийн нөхөр Ц.Цэдэвдоржийн нэр бичигдсэн байх боловч тэрээр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон гэх байдал нотлогдохгүй буюу түүний нэр хяналтын шатны тогтоолд дурдагдаагүй байх тул тухайн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зохицуулсан.
Хохирлын гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой байх явдал бөгөөд эд хөрөнгийн гэм хор нь үнэлгээний хэлбэр бүхий эрх зүйн зөрчлийн материаллаг, эдийн засгийн үр дагаврыг ойлгох хэдий ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах нийтлэг үүргийг, харин мөн хуулийн 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хор, хохирлыг хэрхэн арилгах ерөнхий арга замыг тус тус тодорхойлон заасан.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас хэргийн баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч Л.Мөнхзаяагийн 2017 оны 11-р сарын 22-ны өдөр Дорнод аймаг*******аас Улаанбаатар хот руу, 2017 оны 11-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймаг******* руу зорчсон замын зардалд 63,200 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдөр Улз зочид буудалд байрласан зочид буудлын төлбөр 45,000 төгрөг, нийт 108,200 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин хариуцагч З.Сэлэнгийн дээр дурдсан гэмт үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн охин Ц.Хулан 2016 оны 9-р сард Тайванаас Улаанбаатар хотод ирж, буцсан болох нь Хонгконг Тайвань чиглэлд тус тус зорчсон гэх байдал, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өдрийн Улз зочид буудлын санхүүгийн баримт, 2017 оны 11-р сарын 22, 24-ний өдрийн нэхэмжлэгчийн нөхөр Ц.Цэдэвдоржийн нэр бичигдсэн хот хоорондын зорчих тасалбар зэрэг баримтаар нэхэмжлэгчид 1,942,200 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэдийн төлөөлөгчийн Дорнод аймгаас Улаанбаатар хотод Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохоор ирсэн зардлыг хохирогчид гаргах нь зүйтэй бөгөөд Ц.Хулан гэх хүүхдийн онгоцны зардлын талаарх баримтын он, сар нь зөрүүтэй тул уг зардлыг гаргах шаардлаггүй гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж, шүүх дээр дурдсан үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн хангасан шаардлагад ногдох 4550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ламтан овогт Зоригийн Сэлэнгэ /ЖМ92091424/-с 108,200 /нэг зуун найман мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Иөшөөбү овогт Лхагваагийн Мөнхзаяа /ЖЯ75031825/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,942,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч З.Сэлэнгээс 4550 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ
ШҮҮГЧИД Н.САРАНГҮН
Л.ЭНХЖАРГАЛ