Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/300

 

 

 

 

 

 

 

    2025         04        30                                    2025/ШЦТ/300

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

Улсын яллагч Ж.Цээрүүгүндүү /цахимаар/,

Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Тад холбогдох 2408 04703 0520 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19....... оны 06 дугаар сарын 09-ний өдөр ........аймгийн ......... суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, “.............” ХХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 2, охины хамт .........дүүргийн 2 дугаар хороо, ........дүгээр гудамжны ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ХТ /РД: ............/.

Хэргийн товч агуулга:

Ц.Т нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Болор тааз караокед хохирогч Б.Йүл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, Б.Мөнх-Эрдэнийн самсунг эс 22 ултра маркийн гар утсыг газар шидсэн үйлдэл буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол буюу 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Т нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Болор тааз караокед хохирогч Б.Мүл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, Б.Мөнх-Эрдэнийн Самсунг эс-22 ултра маркийн гар утсыг газар шидсэн үйлдэл буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол буюу 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.06/,

“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.12-16/,

Таньж олуулар ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх.19-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор тааз” нэртэй караокед ганцаараа үйлчлүүлээд сууж байсан. Уг караокены зөөгч эмэгтэй ирээд намайг” ганцаараа сууж байгаа юм чинь таны ширээн дээр нэмээд хүмүүс суулгачих уу? Манайх үйлчлүүлэгч ихтэй, ширээ хүрэхгүй байна” гэж асуухаар нь “за за, тэгдээ” гэж хэлсэн. Зөөгч 2 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 4 хүн миний сууж байсан ширээн дээр суусан. Тэр үед тэр 4 нэлээн уусан байдалтай согтуу байсан... Ширээн дээр байсан туранхай, бор царайтай эмэгтэй хүн гэнэт босч ирээд “өвгөөн, чи өөр хойд талын ширээн дээр суу” гэж агсарч байснаа миний гартаа барьж байсан Самсунг эс-21 ультра маркийн гар утсыг шал руу шидсэн. Би очоод гар утсаа аваад асаах гэхэд асахгүй, утасны дэлгэц бүхэлдээ хагарч дахин ашиглах боломжгүй болсон байсан... Тэр туранхай эмэгтэй миний гар утсыг дахин ашиглаж болохгүйгээр устгасан. Би нэгэнт ашиглаж болохгүйгээс хойш гээд хаячихсан...” гэх мэдүүлэг /хх.31-35/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.42-44/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Тын яллагдагчаар өгсөн: “... Би хохиролоо төлж барагдуулна... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.47/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.53-71/,

Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн хэргийн материалтай танилцаж, санал, хүсэлт байхгүй, шүүх хуралд суухгүй тухай бичгээр гаргасан баримт /хх.75/,

Шүүгдэгч Ц.Тын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн тухай бичгээр гаргасан хүсэлт /хх.79/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.81/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Шүүгдэгч Ц.Таас 1.100.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мд олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Тад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ц.Тын хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ХТыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ц.Тад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ц.Таас 1.100.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мд олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР