МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******,*******,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,, холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Тунгалаг, түүний өмгөөлөгч Э.Нэмэхбаяр /ӨҮ-2104/, хариуцагч Ж.Энхтулга, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр /ӨҮ-1269/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Тунгалаг нь хариуцагч Ж.Энхтулгад холбогдуулан 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдөр батлуулсан гэрлэлтийн баталгааг цуцлуулах, 2005 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, хүү Энхнаран, 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, хүү Цанбилэг нарыг өөрийн асрамжид авч, тэдгээрт тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөр өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлон тайлбарласан. Үүнд:
Би Ж.Энхтулгатай 2002 онд танилцаж, улмаар 2007-03-12-нд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Э.Цанбилэг 2007-11-21-ний өдөр, хүү Э.Энхнаран 2005-01-22-ны өдөр төрсөн.
Хамт амьдрах хугацаанд гэр бүл доторх таарамжгүй харилцаа, хандлагатай, энэ хүний зан харилцаа тааруу, намайг байнга хардаж, надад гар хүрч байсан. Тиймээс Ж.Энхтулгыг энхийг сахиулах ажиллагаанд 2018 онд Судан улс руу явсан үеэс хойш бид тусдаа амьдарч байна. Цаашид миний бие Энхтулгатай гэр бүл байх бодит нөхцөл байхгүй тул гэрлэлт цуцлуулах хүсэлттэй байна.
Тусдаа амьдарсан хугацаанд хүүхдүүд миний асрамжид байсан тул цаашид хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна.
Бид гэр бүлээр амьдарч байх хугацаанд бий болсон дундын хөрөнгө нь Ж.Энхтулгын нэр дээр бүртгэлтэй байдаг тул Баянзүрх дүүрэг,*******, Алтан өлгийн 30-р гудамжны 518 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох өмчлөлийн газар, байшингаас өөрт болон хүү Цанбилэг, Энхнаран нарт ногдох хэсэгт 45.000.000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. Энэхүү газарт зэргэлдээ газар болон түүн дээр баригдсан байгаа байшин зэрэгт өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, 196 м.кв газар нь Ж.Энхтулгын нэр дээр эзэмших эрхээр гарсан байдаг. Тиймээс дундын эд хөрөнгийн маргаанаа хуулийн дагуу шийдвэрүүлэх хүсэлттэй байна. Тиймээс шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тооцож ногдох хэсэг гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа бид 2007 онд гэрлэлтээ батлуулсан, 2018 онд би энхийг сахиулах ажиллагаанд явсан хойгуур нэхэмжлэгч Тунгалаг өөр хүнтэй болсноор асуудал үүссэн тул гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөч байна. Тиймээс би хатуу байр суурьтай байгаа, хоёр хүүхдээсээ юу ч харамлахгүй, яриад байгаа гүний худаг нь 161 газарт байдаггүй, УИХ-н гишүүн Ариун гэдэг хүн нийтийн халуун ус ажилуул гэснээр түүний заасан газар дээр барьж өгсөн. Энэ хөрөнгө нь миний өмч хөрөнгө биш, тиймээс шинжээчийн тогтоосон 32 сая төгрөг бол бодит үнэлгээ.
Баянзүрх дүүрэг,*******, Алтан өлгийн 30-р гудамж 518 тоотод байрлах хувийн сууцны бодит хэмжээ бол 70 м.кв талбайтай, бид энэ газар, байшинг 2013 онд худалдаж авахад улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 147 м.кв талбай гээд өндөр талбайгаар бичигдсэн байгаа. Шинжээч үнэлгээ хийхдээ талбайн хэмжилт хийсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтэд сууцны бодит хэмжээ бичигдсэн байгаа.
Хүүхдүүдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Миний бодол бол хүүхдүүдээ туслаж дэмжинэ гэж бодож байхад ээж нь ийм байдал гаргаад байгааг зөвшөөрөхгүй. Тунгалаг нь одоо цайз 16-д өөр хүнтэй хамт амьдарч байгаа, хүүхдүүд утсаар ярьж талх, боовны мөнгө шилжүүлээч гээд би шилжүүлдэг, ээжийг нь асуухаар корона туссан гээд гэртээ ирэхгүй байгаа гэж хэлсэн. Бодит амьдрал ийм л байна. Тиймээс Тунгалаг нь хүүхдүүдээ асрамжилж чадахгүй гэж үзэж байна. Би хоёр хүүхдээ өөрийн асрамжид авахад бэлэн, энэ хүн хоёр хүүхдийг хажуудаа байлгадггүй, би хүүхдүүдээ авахад бэлэн байна.
Би Судан руу явахаас өмнө цалингийн зээл авч автомашин худалдан авсан байгаад Тунгалаг машиныг авч үлдсэн боловч зарж мөнгийг нь идсэн байгаа. Тиймээс шинжээчийн үнэлгээгээр тогтоосон төлбөрийг 50, 50 хувиар хуваах саналтай байна. Би одоо ч цалингийн зээлийн мөнгийг төлж байгаа тул нэхээд байгаа мөнгөнөөс нь машины мөнгийг хасуулах хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэгчээс тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2021-01-28-ны өдрийн 32 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2005-01-22-ны өдөр төрсөн, хүү Э.Энхнаран, 2007-11-21-ний өдөр төрсөн, хүү Э.Цанбилэг нарын төрсний гэрчилгээний хуулбар, Эрүүл оршихуй өрхийн эрүүл мэндийн төвийн Э.Энхнаран, Э.Цанбилэг нарын эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, Баянзүрх дүүргийн*******ны засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 97 дугаар бүрэн дунд сургуулийн Э.Энхнаран 10г ангид суралцдаг тухай, Э.Цанбилэг 8ж ангид суралцдаг тухай тодорхойлолт, Ж.Энхтулга, Ч.Тунгалаг нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг /хх-10-16/,
хариуцагчаас Баянзүрх дүүрэг,*******, Алтан өлгий 30-р гудамны 518 тоотод байршилтай, гараж, хувийн сууцны зориулалттай 147 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүрэг,*******, Алтан өлгийн 30-р гудамж 518 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 161 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, Баянзүрх дүүрэг,*******, Баруун алтан өлгий 30-518 тоот хаягт байршилтай 196 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн /хх-38-40/.
Шүүх гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Э.Энхнаран, Э.Цанбилэг нарын хүүхдийн санал асуусан тэмдэглэл /хх-63-66/, гэрлэгчдийн дундын эд хөрөнгийн маргаан болох Баянзүрх дүүрэг,*******, Алтан өлгий 30-р гудамны 518 тоотод байршилтай, гараж, хувийн сууцны зориулалттай 147 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 161 м.кв өмчлөх эрхтэй газрын зах зээлийн үнэлгээний тайлан /хх-97-118/ зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Тунгалагийн нэхэмжлэлээс гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 24,313,611 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, 20,686,389 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч Ч.Тунгалаг, хариуцагч Ж.Энхтулга нар гэрлэсний бүртгэлийг 2007 оны 3-р сарын 12-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2005 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, хүү Энхнаран, 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, хүү Цанбилэг нар төрсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон 0103825 Г313, 0131146 Г4936 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Э.Энхнаран, Э.Цанбилэг нар эрүүл өсөн бойжиж байгаа болохыг Эрүүл оршихуй өрхийн эрүүл мэндийн төв 2021-01-18-ны өдөр тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэл болон хариуцагчаас гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээ хариуцагч Ж.Энхтулга 2018 оны 09-р сарын 15-ны өдөр Өмнөд Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор явснаар нэхэмжлэгч Ч.Тунгалаг өөр хүнтэй болж хамт амьдарсан талаар хариуцагч, Ж.Энхтулга зан харьцааны хувьд таарамжгүй, гар хүрч байсан, байнга харддаг талаар нэхэмжлэгч тус тус тайлбарласан.
Гэрлэгчдийн хамтын амьдрал 2002 оноос эхэлсэн талаар зохигчид тайлбарлаж, өөр хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, харилцаа хандлага, бие биенээ хүндэлдэггүй, ойлголцохгүй байдал зэргээр тодорхой хугацаанд тусдаа амьдарч, гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх, эвлэрэх хүсэл сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Ч.Тунгалаг, Ж.Энхтулга нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Ж.Энхтулга 2020-10-15-нд эх орондоо ирснээр гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох хүү Э.Энхнаран, хүү Э.Цанбилэг нар аавынхаа асрамжид байгаад 2021 оны 02-р сараас ээжийнхээ асрамжид очсон үйл баримтад талууд маргаагүй ба хариуцагч Ж.Энхтулга эдгээр хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох 2005-01-22-ны өдөр төрсөн, 16 нас, 11 сартай Э.Энхнаран, 2007-11-21-ний өдөр төрсөн, 14 нас 1 сартай Э.Цанбилэг нарыг эх Ч.Тунгалагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Ж.Энхтулгаас нь тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах болно.
Мөн хүүхдийн эцэг эх тусдаа амьдарсан ч үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг хэн алинд нь хэвээр үлддэг бөгөөд эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг болохыг нэхэмжлэгч Ч.Тунгалаг, хариуцагч Ж.Энхтулга нарт мэдэгдэх нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эцэг, эх байх үүргээ биелүүлж, хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ч.Тунгалаг, хариуцагч Ж.Энхтулга нарт даалгах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Тунгалагт даалгаж, хариуцагч Ж.Энхтулга нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулуулахаар, 38.7-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэх, хүүхдүүдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 45,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Зохигчид гэр бүлээр амьдрах зорилгоор Баянзүрх дүүрэг,*******, Алтан өлгий 30-р гудамны 518 тоотод байршилтай, гараж, хувийн сууцны зориулалттай 147 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 161 м.кв өмчлөх эрхтэй газрын хамт 2006 онд худалдан авсан болохыг тайлбарлаж, хэн аль нь маргаагүй бөгөөд тухайн гараж, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхтэй газрын улсын бүртгэлийн Ү-2204025615, Г-2204010587 дугаартай гэрчилгээ нь хариуцагч Ж.Энхтулгын нэг хүний өмчөөр 2013 оны 4-р сарын 26-ны өдөр гарсан байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бий болгосноор улсын бүртгэлд хариуцагч өмчлөгчөөр бүртгүүлэх цаг хугацаанд гэрлэгчид хамт амьдарч байсан тул гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэж нэхэмжлэгч шаардах эрхээ тодорхойлсон.
Тиймээс нэхэмжлэгч дээрх гараж, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон өмчлөх эрхтэй газрын үнэлгээг өөрөө тогтоож түүнээс өөрт болон гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Э.Энхнаран, Э.Цанбилэг нарт ногдох хэсэгт 45,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаснаар шүүхээс тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон.
Шүүхээс томилогдсон шинжээч болох Хөрөнгө эстимэйт ХХК нь Баянзүрх дүүрэг,*******, Алтан өлгий 30-р гудамны 518 тоотод байршилтай, гараж, хувийн сууцны зориулалттай 147 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204025615 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг хэмжилтээр хувийн сууц нь 49 м.кв, гараж нь 40,5 м.кв гэж тодорхойлж, газрыг 161 м.кв гэж тодорхойлсон бөгөөд зохигчид шинжээчийн үнэлгээ болон талбайн хэмжээнд маргаагүй.
Мөн дээрх хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бодит хэмжээ 147 м.кв биш болохыг 7х7 хэмжээтэй болохыг зохигчид тайлбарлаж маргаагүй бөгөөд хариуцагч Ж.Энхтулгын нэр дээрх 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй 196 м.кв газрын талаар үнэлгээ тогтоогдоогүй байх боловч нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй, зохигчид маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэрлэгчид батлуулсан гэрлэлтийн баталгааг цуцлуулахаар шүүхэд хандснаар гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргасан тул гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэж Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан тул шүүх Иргэний хуулийн гуравдугаар дэд бүлэг буюу гэр бүлийн хөрөнгийн эрхийн зохицуулалтаар тухайн маргааны шийдвэрлэх журамтай.
Тиймээс Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ гэж, хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж, 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж тус тус зохицуулсан байна.
Мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэж заажээ.
Зохигчийн маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг,*******, Алтан өлгий 30-р гудамны 518 тоотод байршилтай, гараж, хувийн сууцны зориулалттай 147 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 161 м.кв өмчлөх эрхтэй газар зэрэг нь 2013 оны 4-р сарын 26-ны өдөр хариуцагч Ж.Энхтулгын нэр дээр бүртгэгдсэн байх тул дээрх хуулийн зохицуулалтаар эдгээр үл хөдлөх хөрөнгө болон өмчлөх эрхтэй газар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарч байна.
Харин гэр бүлийн гишүүд гэдэгт гэрлэгчид буюу эхнэр, нөхөр тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн болон дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг ойлгоно гэж Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зохицуулсан байх бөгөөд гэрлэгчид гэдэгт эхнэр, нөхөрийг ойлгоно гэж мөн хуулийн 3.1.3-т заасан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн эд хөрөнгийг 50, 50 хувиар буюу эхнэр, нөхөрт хуваах хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно гэж, маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэж хуулийн 130.3-т тус тус зохицуулсан.
Иймд дээрх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч Ч.Тунгалаг өөрт болон гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох хүү Э.Энхнаран, хүү Э.Цанбилэг нарт ногдох хэсэгт 45,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүхээс томилогдсон шинжээчийн үнэлсэн 32,418,150 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч, шинжээчийн тогтоосон үнэлгээнээс гэр бүлийн 3 гишүүнд ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулна гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
Харин хариуцагч нь шинжээчийн үнэлгээний талаар маргахгүй гэсэн тул шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 32,418,150 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж /32,418,150:4/ 1 хүнд ногдох нь 8,104,537 төгрөг байх тул гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд хүү Э.Энхнаран, хүү Э.Цанбилэг болон нэхэмжлэгч Ч.Тунгалаг нарт ногдох 24,313,611 төгрөгийг хариуцагчаас мөнгөн хэлбэрээр гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчид дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөх эрх үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2021-02-25-ны өдөр 4 баримтаар төлсөн 574,710 төгрөг /70,200+60,780+60,780+382,950/- ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох хураамжид 471,278 төгрөг /70,200+60,780+60,780+279,518/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан Дэмбэрэл овогт Чинбат Тунгалаг /ЕП83102605/, Олнууд овогт Жигжиджав Энхтулга /ЛЮ81112917/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, хүү Э.Энхнаран, 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, хүү Э.Цанбилэг нарыг эх Ч.Тунгалагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2005 оны 01-р сарын 22-ны өдөр төрсөн, 16 нас, 11 сартай Э.Энхнаран, 2007 оны 11-р сарын 21-ний өдөр төрсөн, 14 нас 1 сартай Э.Цанбилэг нарыг 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Энхтулга-с нь тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Ч.Тунгалагт даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулуулахаар, хуулийн 38.7-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэх болон хүүхдүүдийн асрамжийн талаар хариуцагч Ж.Энхтулга шүүхэд нэхэмжлэл гаргах нь нээлттэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ч.Тунгалаг, хариуцагч Ж.Энхтулга нарт үүрэг болгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Ж.Энхтулга, Ч.Тунгалаг нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.4, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг тус тус баримтлан гэр бүлийн дунд эд хөрөнгөөс ногдох хэсэгт мөнгөн хэлбэрээр 24,313,611 /хорин дөрвөн сая гурван зуун арван гурван мянга зургаан зуун арван нэгэн/ төгрөгийг хариуцагч Ж.Энхтулга-с гаргуулж нэхэмжлэгч Ч.Тунгалаг-т олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 574,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Энхтулга-с 471,278 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тунгалаг-т олгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ