Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/145

 

 

 

 

 

 

 

 

2025       04        09                                           2025/ШЦТ/145

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

улсын яллагч Ж.Мөнхзул,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Лд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Л нь Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1415 дугаартай шийтгэврээр жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багийн нутагт согтуугаар “Тоёота приүс” маркийн ТӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Б.Л:

...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.ЛТөв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1415 дугаартай шийтгэврээр жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багийн нутагт согтуугаар “Тоёота приүс” маркийн ТӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

Эрх бүхий албан тушаалтан хуулиа хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/,

Гэрч Б.Л“...Би 2025 оны 2 дугаар сарын 21-ний орой ажлаа тараад гэртээ байхад Золбоо ах залгаад ахындаа яваад ирээ гэхээр нь Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багт Золбоо гэрт очоод 1 шил 0.5 граммын хараа нэртэй архи Золбоо ахтай  хувааж уугаад шөнийн 1 орчим гэр рүүгээ явж байгаад гэрийнхээ Тоёота приүс-20 маркийн ТӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад хашааныхаа гадаа цагдаа зогсоож архи согтууруулах ундааны зүйл хэмжигч драгер багаж үлээхэд 1.32 хувьтай гарч саатуулагдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1415 дугаартай шийтгэвэр /хх-ийн 17-21 тал/,

Шүүгдэгч Б.Ляллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Лувсандагвыг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Ж.Мөнхзул:

...Шүүгдэгч Б.Л нь Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1415 дугаартай шийтгэврээр жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт согтуугаар Тоёота Приус маркийн ТӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг:

...Б.Лувсандагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүнээс ял тохиролцоход 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг санал болгоход хүлээн зөвшөөрсөн. Өмгөөлөгчтэйгөө хамт байлцаж, яллах дүгнэлтийг гардан авч, хэрэг шүүхэд шилжсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, мэтгэлцэж маргалдсан зүйл байхгүй.... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Л:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.Л болон түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,  гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Л болон түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг хэдий ч дээрх дөрвөн нөхцөлүүдийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрдөггүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  нь ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн... нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг хэлбэрийн шинжтэй байхыг шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Лд урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Лд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Л нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Л энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Ж.Мөнхзул:

...Шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Төв аймгийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоож өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг:

...Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газарт хог ачигч ажилтай. Хот тохижуулах газрын дарга ямар хэрэгт холбогдсон талаар асууж, лавласан. Зорчих эрхийг хязгаарлах ял авбал энэ хүн ажил хийх боломж байна уу, ачигчийн орон тоо хүнд хэцүү байдаг. Хүн олддоггүй тул ажил хийх боломжтой ялаар шийтгэж өгнө үү гэж уламжилж өмгөөлөгчөөс хүссэн. Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэр дотор хог ачих ажлаа хийгээд явахад саадгүй болгож өгнө үү гэж хүссэн. Ял тохирсны дагуу 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрсөн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Л:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Шүүх шүүгдэгч Б.Лд хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцож үзэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Лд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу, Улаанбаатар хот болон бусад орон нутаг, аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Төв аймаг, Зуунмод сум доторх чиглэлээ зорчих, эрх бүхий байгууллагын. Зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Б.Лд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Л энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

               36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар

                      зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

                                                   болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Лувсандагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Лувсандагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж,  1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лувсандагвыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу тоотод оршин суух газраас явахыг, Улаанбаатар хот болон бусад орон нутаг, аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Төв аймаг, Зуунмод сум доторх чиглэлээ зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж хязгаарласугай..

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Лд шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Лд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.

7. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Л энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН