| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/0900/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1035 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1035
2025 04 14 2025ШЦТ/1035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
Улсын яллагч: Ж.Цээрүүгүндүү /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, томилолтоор/,
Шүүгдэгч: Ц.Б**, У.**, тэдгээрийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг /ҮД:3298/
Хохирогч: Ү.Н** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн яллагдагч ** овогт ** Б**, ** овогт ** О** нарт холбогдох эрүүгийн 2508006920256 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймаг **суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй
** овогт Ц**-ийн Б** (РД:**********)
Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг Баацагаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, ам бүл 1, ганцаараа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар баг 6-5-1305 хаягт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй
**овогт У**-ын О** (РД:**************)
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Б, У.О нар нь “... бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо ** тоотод үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ү.Н-гийн нүүрэн тус газарт хөлөөр өшиглөж эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний алим, баруун, зүүн нүдний зовхи, баруун зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээж, нуруу, баруун бугалга, баруун, зүүн шуу, зүүн тохой, баруун алга, зүүн сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Б, У.О нар нь бүлэглэн “...2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо ** ** тоотод үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ү.Н**-ийн нүүрэн тус газарт хөлөөр өшиглөж эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний алим, баруун, зүүн нүдний зовхи, баруун зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээж, нуруу, баруун бугалга, баруун, зүүн шуу, зүүн тохой, баруун алга, зүүн сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-ын “... маргахгүй, гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.О-ын “...маргахгүй, гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ү.Н-ийн “...гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2508006920256 дугаартай хэргээс:
Хохирогч Ү.Н**-ийн дахин мэдүүлсэн “...надад нэхэмжлэх төлбөрийн баримт байхгүй...Ц.Б, У.О нар намайг ажил дээр суганы үс хийлээ гэж хоёулаа нийлж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2081 дугаартай “...Ү.Н-ийн биед баруун, зүүн нүдний алим, баруун, зүүн нүдний зовхи, баруун зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээж, нуруу, баруун бугалга, баруун, зүүн шуу, зүүн тохой, баруун алга, зүүн сарвуунд зулгаралт...” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....” гэх дүгнэлт /хх-ийн 37-39-р хуудас/,
Шинжээч эмч Б.Долгормаагийн “...Ү.Н-гийн биед баруун зүүн нүдний алим зовхинд цус хуралт гэмтэл нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/
Цагдаагийн байгууллагад авагдсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б, У.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар, шүүгдэгч нарын өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг хамтран санаатайгаар, мэдэж ухамсарлаж хүсч учруулсан байхыг шаардана.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Ц.Б, У.О нар нь бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо ** тоотод үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ү.Н**-ийн нүүрэн тус газарт хөлөөр өшиглөж эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний алим, баруун, зүүн нүдний зовхи, баруун зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээж, нуруу, баруун бугалга, баруун, зүүн шуу, зүүн тохой, баруун алга, зүүн сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ү.Н**-ийн мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/, хохирогч Ү.Н**-ийн дахин мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0725/2081 дугаартай дүгнэлт/хх-ийн 37-39-р хуудас/, шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлэг/ хх-ийн 33-34-р хуудас/, цагдаагийн байгууллагад авагдсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2081 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч нарыг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар баталсан А/225/А/153/А/85 дугаартай “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 2081 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Ц.Б, У.О нар нь бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоо 48-20 тоотод үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ү.Н**-ийн нүүрэн тус газарт хөлөөр өшиглөж эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний алим, баруун, зүүн нүдний зовхи, баруун зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээж, нуруу, баруун бугалга, баруун, зүүн шуу, зүүн тохой, баруун алга, зүүн сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу “бүлэглэж” үйлдсэн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Б, У.О нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б, У.О нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл хохирогчид учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Б, У.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 / найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б, У.О нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч нар нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Б, У.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Ц**-ийн Б**-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэгдэж үйлдсэн гэм буруутайд,
** овогт **ын О**-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга / төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч У.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга / төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулсугай.
3. Шүүгдэгч Ц.Б, У.О нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд тайлбарласугай.
6. Шүүгдэгч Ц.Б, У.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Б, У.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ